A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 11 дүгээр сарын-27-ны өдрийн

77 тоот тогтоолын хавсралт

РАДИОГООР НЭВТРҮҮЛЭХ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журам нь радиогоор нэвтрүүлэх аливаа хэлбэрийн зар сурталчилгаа, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат[1] нэвтрүүлэгт тавих хязгаарлалт, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт, мониторинг хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Зар сурталчилгааны зохицуулалтын зорилго нь сонсогч, олон нийтийн нийтлэг эрх ашиг, хүүхдийн эрхийг хамгаалах, радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохистой хэмжээг тогтоох, зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, өргөн нэвтрүүлгийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. Энэхүү журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос тусгай зөвшөөрөлтэй радиогийн үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөнө.

1.4. Радио нь зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

1.5. Олон нийтийн радиогийн үндсэн болон бусад сувгаар нэвтрүүлэх зар сурталчилгааг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.

1.6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр радиогоор нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн сурталчилгааны төлбөрт, захиалгат нэвтрүүлэгтэй холбоотой харилцааг холбогдох хуулиудаар зохицуулна.

1.7. Радио нь зар сурталчилгаа, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлэх бөгөөд зар сурталчилгааны үнэлгээг тогтоохдоо секундийн алхамаар тооцно.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны төрөл

2.1. Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгаа нь дараах төрөлтэй байна.

2.1.1. Арилжааны зар сурталчилгаа;

2.1.2. Арилжаа, сурталчилгааны нэвтрүүлэг;

2.1.3. Нийгмийн зар сурталчилгаа.

2.2. Радиогоор нэвтрүүлэх дараах сурталчилгаа, мэдээлэл нь зар сурталчилгаанд хамаарахгүй.

2.2.1. Радиогийн өөрийн хөтөлбөр, нэвтрүүлгийн танилцуулга, сурталчилгаа;

2.2.2. Эрх бүхий байгууллагын гаргасан гамшгийн зарлан мэдээлэл[2], заавар, зөвлөмж[3].

2.3. Арилжааны зар сурталчилгаа гэдэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өөрийн бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах, ашиг олох зорилгоор төлбөртэй, эсвэл түүнтэй дүйцэхүйц нөхцлөөр нэвтрүүлж буй богино хэмжээний зар мэдээллийг ойлгоно.

2.4. Арилжаа, сурталчилгааны нэвтрүүлэг гэдэгт бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний сурталчилгааг мэдээллээр баяжуулж, онцлогийг тодотгож, ач холбогдол, зааврын талаар дэлгэрүүлж мэдээлэх хэлбэрээр бэлтгэсэн нэвтрүүлгийг ойлгоно.

2.5. Хөтөлбөрийн ивээн тэтгэлт гэж ивээн тэтгэгч нь өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлуулах зорилгоор радиогийн нэвтрүүлгийг бүтээх, нэвтрүүлэхэд санхүүгийн болон бусад хэлбэрээр хандив, тусламж, дэмжлэг үзүүлэхийг ойлгоно.

2.6. Төлбөрт нэвтрүүлэг гэж тухайн радиогийн редакцийн бодлогын хүрээнд бэлтгэгдээгүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөртэй нэвтрүүлэх нөхцөлтэй бэлтгэн нэвтрүүлсэн нэвтрүүлгийг ойлгоно.

2.7. Нийгмийн зар сурталчилгаанд нийтийн болон улс орны эрх ашгийн төлөө, нийтэд ашиг тустай үйлс, үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх, боловсрол олгох, дэмжих зорилгоор бүтээсэн арилжааны бус зар сурталчилгааг ойлгоно.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат нэвтрүүлгийн зохицуулалт

3.1. Радио нь аливаа хэлбэрийн зар сурталчилгаа, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ Зар сурталчилгааны тухай хууль, холбогдох бусад хууль[4] тогтоомжоор хориглосон, хууль бус болон зүй бус үг хэллэгтэй зар сурталчилгааг нэвтрүүлэхгүй.

3.2. Радиогийн нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны хугацаа 18 (арван найм) минутаас илүүгүй байна.

3.3. Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны нэг блокийн үргэлжлэх хугацаа гурван минутаас илүүгүй байна.

3.4. Нэг цаг гэдэгт тухайн цаг эхлэх минутын 00 секундээс дуусах сүүлийн минутын 59 секунд хуртэлх хугацааг ойлгоно.

3.5. Энэ журмын 3.2-т заасан нэг цагт нэвтрүүлэх зар сурталчилгааны хугацааны хязгаарлалтад тухайн зар сурталчилгааны давталт хамаарна.

3.6. Зар сурталчилгааг бусад нэвтрүүлэг, хөтөлбөрөөс ойлгомжтой байдлаар ялгасан байх ба зар сурталчилгааны эхлэл, төгсгөлийг тогтсон үг хэллэг, богино ая, дуу ашиглан сонсогчид ойлгомжтой байдлаар илэрхийлнэ[5].

3.7. Үгэн зарыг энэ журмын 3.2-т заасан зар сурталчилгааны хугацааны хязгаарлалтад оруулж тооцох ба үгэн зарыг Монгол хэлний хэм хэмжээ, зөв дуудах ёс, зүй тогтолд[6] нийцүүлэн урьдчилан бэлтгэж, хөтөлбөрийн хуваарьт оруулж нэвтрүүлнэ.

3.8. Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгаа нь Монголд бүтээсэн эсхүл Монгол хэлээр дуу оруулсан байна.

3.9. Радиогийн хоногт нэвтрүүлэх арилжаа, сурталчилгааны нэвтрүүлэг нь тухайн өдрийн нийт хөтөлбөрийн цагийн 10 хувиас илүүгүй байх ба нэвтрүүлгийг хөтөлбөрийн хуваарьт оруулсан байна.

3.10. Хөтөлбөрийн цаг гэдгийг тухайн радиогийн хоногийн эфир эхэлсэн цагаас эфир дууссан цаг хүртэлх хугацааг ойлгоно.

3.11. Мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.8-д заасныг баримталж нэвтрүүлэх ба мэдээний дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй.

3.12. Гамшгаас хамгаалах тухай хууль, журам, зааварт[7] тусгайлан заасан гамшгийн аюулын дуут дохиог гамшгийн зарлан мэдээллээс бусад зорилгоор зар сурталчилгаанд ашиглахгүй.

3.13. Нийгмийн зар сурталчилгааг энэ журмын 3.2-т заасан нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны хязгаарлалтад оруулж тооцохгүй.

3.14. Ивээн тэтгэгчтэй нэвтрүүлгийн ивээн тэтгэгчийг, мөн төлбөрт, захиалгат нэвтрүүлгийн “төлбөрт нэвтрүүлэг” эсхүл “захиалгат нэвтрүүлэг” гэдгийг тухайн нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд болон нэвтрүүлгийн явцад дурдаж, сонсогчдод ойлгомжтой байдлаар мэдээлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Зар сурталчилгаанд хүүхэд хамгаалах зорилгоор

тавих хязгаарлалт

4.1. Хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлэхэд Зар сурталчилгааны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

4.2. Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуурзөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлнэ.

4.3. Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гэдэгт “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага” MNS 6587:2016 стандартад заасан балчир болон бага насны буюу 3+, 6+ насны хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хамаарна.

4.4. Радио нь хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур холбогдох эрх бүхий байгууллагын гаргасан зөвлөмжийн[8] дагуу чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүн сурталчлахгүй[9] бөгөөд энэ журамд нийцүүлэн өөрийн редакцийн бодлогыг тодорхойлж, хяналт тавьж ажиллана.

4.5. Радио нь аливаа хэлбэрийн зар сурталчилгаа бэлтгэж нэвтрүүлэхдээ хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор редакцид хяналтын тогтолцоог бүрдүүлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7-д заасан хөтөлбөрийн дүрмийг мөрдөж ажиллана.

ТАВДУГААР ЗҮЙЛ

Зар сурталчилгаанд тавих хяналт

5.1. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 24.6 болон энэхүү журмын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийж ажиллана.

5.2. Радио нь энэхүү журамд заасан өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн зар сурталчилгаа, нэвтрүүлэг, тэдгээрийн хугацаа, хувь хэмжээтэй холбоотой тайлан, мэдээллийг Зохицуулах хороонд хагас жил тутамд ирүүлнэ.

5.3. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалттай холбоотой болон энэхүү журмыг зөрчсөн талаар гомдол ирсэн, хяналт мониторингийн дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээг авна.

5.4. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон энэхүү журмын хүрээнд хийсэн мониторингийн дүн мэдээ, хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлж ажиллана.

---ооОоо---

[1] Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.13.“захиалгат нэвтрүүлэг” гэж радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулахаар хандсан хүсэлтийн дагуу бэлтгэсэн нэвтрүүлгийг;

[2] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.9. “гамшгийн зарлан мэдээлэл” гэж олон нийтэд хүргэх дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг;

[3] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх; 10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна. 26.1.5.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх; 29.1.5.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон болон аюулын нөхцөл байдлын талаар хүн амд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, эсхүл шууд мэдээлэх, заавар, зөвлөмжөөр хангах;

[4] Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль гм.

[5] Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24.1 Зар сурталчилгааны эхлэл, төгсгөлийг үзэгч, сонсогчид ойлгомжтой байдлаар дуу, дүрсээр илэрхийлнэ.

[6] Монгол хэлний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.“монгол хэлний хэм хэмжээ” гэж орчин цагийн утга зохиолын монгол хэлний найруулан бичих, зөв дуудах ёс, зүй тогтол, зөв бичих дүрмийг; 19 дүгээр зүйлийн 19.1.1 монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээг чанд баримтлах;

[7] ОБЕГ-ын даргын 2019 оны А/68 тоот тушаалаар баталсан “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх заавар” http://nema.gov.mn/wp-content/uploads/2018/02/гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-заавар.pdf

[8] Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/215 тоот тушаал: Хүн амын эрүүл хооллолтын зөвлөмжийн 3-р хавсралт “1-6 насны хүүхдийн эрүүл хооллолтын зөвлөмж”, 4-р хавсралт “Өсвөр үеийнхний эрүүл хооллолтын зөвлөмж”. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/369 тоот тушаал: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт.

[9]а) Засгийн газрын 2015 оны 447 дугаар тогтоолын хавсралт: Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөрийн 4.4.1. хоол тэжээлийн талаарх сургалт, сурталчилгааны чанар, хүртээмжийг сайжруулах: Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй (илчлэг өндөртэй, ханасан тос, транс тос, чихэр, давс ихтэй) хоол хүнс, зарим ундааны үйлдвэрлэл, худалдаа, сурталчилгааны талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

б) Зар сурталчилгааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8.чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглох.

в) Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолын хавсралт: Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн 3.2. Хөтөлбөрийн “Хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, зохистой хэрэглээг дэмжих” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 3.2.8. сахар чихрийн зүйл, транс тос, давсны агууламж өндөртэй бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэглээг бууруулах арга хэмжээ авах;