- Нүүр
- Эрх зүйн акт
- РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн
88 тоот тогтоолын хавсралт
РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН
НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү нөхцөл, шаардлага нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцсэн байна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.3. Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “Үйлчилгээ эрхлэгч” гэх) нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, энэхүү нөхцөл, шаардлага болон радиогийн үйл ажиллагаанд хамаарах үндэсний стандартыг мөрдөж ажиллана.
1.4.Төлбөртэй радиогийн үйлчилгээнээс бусад радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу сонгон шалгаруулна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.5. Шаардлагатай тохиолдолд хөтөлбөрийн төрөлжсөн чиглэл, радиогийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нэмэлт нөхцөл, шаардлага зэргийг сонгон шалгаруулалтын баримт бичигт заана.
1.6. Олон нийтийн радиогийн үйлчилгээнд тавигдах нөхцөл, шаардлагатай холбоотой харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна.
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮРЭЭ
2.1. Радиогийн үйлчилгээг тодорхой бүс нутагт эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөлд хамрах хүрээг Улаанбаатар хот, тухайн аймгийн нутаг дэвсгэрт гэж заана.
2.2. Радиогийн үйлчилгээг хиймэл дагуулын сүлжээгээр дахин дамжуулахад энэ талаарх бодлогын чиглэл, холбогдох журмыг баримтлах ба тусгай зөвшөөрөлд хамрах хүрээг “хиймэл дагуулаар Монгол улсын нутаг дэвсгэрт” гэж заана.
ГУРАВ. РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НӨХЦӨЛ
3.1. Радиогийн үйлчилгээ эрхлэхэд дараах нөхцөлийг бүрдүүлнэ:
3.1.1. Үйлчилгээ эрхлэх дунд хугацааны буюу 5 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулж, баталсан байх;
3.1.2. Стратеги төлөвлөгөөнд хөтөлбөрийн бодлогыг тодорхойлж, салбарын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулахыг тусгасан байх ба төлөвлөгөө нь тооцоо судалгаанд суурилсан, бодитой, хэрэгжихүйц байна;
3.1.3. Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, бизнес төлөвлөгөө гаргасан байх;
3.1.4. Стратеги болон бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлсэн байх;
3.1.5. Радиогийн хөтөлбөр бэлтгэж, нэвтрүүлэх, дамжуулахад шаардлагатай сүлжээ, студи, техник тоног төхөөрөмжийг тооцож, төлөвлөсөн байх
3.1.6. Ашиглах техник төхөөрөмж нь холбогдох стандарт, техникийн зохицуулалт болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын тохирлын гэрчилгээтэй байх.
3.2. Үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, үүрэг, хариуцлагаа бусдад шилжүүлэх, үндсэн үйл ажиллагаа, эрх үүргийг өөрчилсөн аливаа хэлбэрийн гэрээ байгуулахгүй байна.
3.3. Үйлчилгээ эрхлэгчийн радиогийн студи нь тусгай зөвшөөрөлд заасан хамрах хүрээнд байрлана.
3.4. Олон талт хөтөлбөртэй, Улаанбаатар хотод радиогийн үйлчилгээ эрхлэгч нь аймаг, суманд радио давтамжийн тусгай зөвшөөрөл авч үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж болох ба тухайн нэмэгдсэн хамрах хүрээнд радиогийн хөтөлбөрт тавих шаардлагад заасан орон нутгийн бүтээл, нэвтрүүлгийн шаардлагыг хангаж ажиллана.
3.5. Аймагт үйлчилгээ эрхлэгч нь тухайн аймгийнхаа бусад сумдад үйлчилгээ үзүүлэхэд радио давтамжийн тусгай зөвшөөрөл нэмж авна. (тоон технологид шилжсэн үед энэ заалт хамаарахгүй.) Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
3.6. Аймагт үйлчилгээ эрхлэгч нь бусад аймаг, Улаанбаатар хотод болон хиймэл дагуулаар Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхгүй.
3.7. Радиогийн нэг хоногийн хөтөлбөр Улаанбаатарт 16 цаг, аймагт 6 цагаас доошгүй байна.
3.8. Үйлчилгээ эрхлэгч нь хөтөлбөрийн төлөвлөлт, хуваарийг урьдчилан гаргаж, олон нийтэд мэдээлэх ба эфирийг хуваарийн дагуу нэвтрүүлнэ.
3.9. Радиогийн хөтөлбөрийн хуваарь, эфирийн метадатаг Монгол хэлний зөв бичих дүрэм, Зохицуулах хорооноос гаргасан зөвлөмж, форматын дагуу боловсруулна.
3.10. Радиогийн хөтөлбөрийн төлөвлөлт, хуваарь, эфирийн метадатаг (эсхүл лог) Зохицуулах хорооноос шаардсаны дагуу тухай бүр цахим хэлбэрээр ирүүлнэ.
3.11. Эфирийн метадата гэж радиогийн тухайн өдрийн эфирт цацагдсан дарааллын дагуу байх бүх нэвтрүүлэг, зар сурталчилгааны нэр, төрөл, секундын нарийвчлал бүхий эхэлсэн хугацаа зэргийг багтаасан мэдээллийг ойлгоно.
3.12. Үйлчилгээ эрхлэгч нь хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээх чиг үүрэгтэй өөрийн редакцитай байх ба баримтлах бодлого, зарчим, ёс зүйг редакцийн дүрмээр тодорхойлно.
3.13. Радиогийн үйлчилгээг найдвартай, тасралтгүй хүргэхэд дараах техникийн нөхцөлийг хангасан байна:
3.13.1. Радиогийн хөтөлбөрийг бэлтгэх, дамжуулахад “Радиогийн студи. Үндсэн шаардлага” MNS 5591-1 стандартыг хангасан студитэй байх;
3.13.2. “Радиогийн студи. Тоног төхөөрөмжид тавих үндсэн шаардлага” MNS 5591-2 стандартад заасан мэргэжлийн студийн тоног төхөөрөмжтэй байх;
3.13.3. Сүлжээ, техник төхөөрөмж болон цахилгаан тэжээлийн нөөцийг тооцож, нөөц горимд шилжин ажиллах боломжийг бүрдүүлэх;
3.13.4. Эфирийн бүрэн бичлэгийг хөтөлбөр дамжуулснаас хойш 60 хоног ба түүнээс дээш хугацаагаар архивлан хадгалах.
3.14. Үйлчилгээ эрхлэгч нь гамшгийн үед нэгдсэн удирдлага, дотоод зохион байгуулалтыг хангаж ажиллах ба байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг гамшгаас хамгаалах мэдээлэл, харилцаа холбооны улсын албанаас гаргасан төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, батална.
3.15. Эрх бүхий байгууллагаас тодорхойлсны дагуу гамшгийн шуурхай удирдлага- зарлан мэдээллийн төвд холбогдож, тавигдах шаардлагыг хэрэгжүүлнэ.
3.16. Үйлчилгээ эрхлэгчийн инженер эсхүл техник хариуцсан ажилтан нь радиогийн үйл ажиллагаанд баримтлах үндэсний стандартын сургалтад хамрагдсан байна.
ДӨРӨВ. РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИХ ШААРДЛАГА
4.1. Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн студи, техник төхөөрөмж, дууны түвшин нь стандарт хангаж байгаа болохыг тогтмол хэмжиж шалгах ба Зохицуулах хорооноос шаардсаны дагуу тухай бүр дүнг ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хорооноос шалгах, хэмжих боломжоор хангана.
4.2. Радиогийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ) сар бүр 99.8%-иас доошгүй байна.
тухай сард эфирийн тасралтгүй ажилласан цаг
|
ТАТ = X 100 %
|
тухай сард хөтөлбөрт заасан нийт ажиллах цаг
|
4.3. Тасралтгүй ажиллагааны түвшинг (ТАТ) тооцохдоо нэг сард радиогийн эфирийн тасралтгүй ажилласан хугацааг олон нийтэд мэдээлсэн тухайн сарын хөтөлбөрийн хуваарьт заасан нийт хугацаанд харьцуулж хувиар илэрхийлнэ.
4.4. Радиогийн эфир тасарсан тухай бүр Зохицуулах хороонд шалтгаан, тайлбарыг албан бичгээр эсхүл имэйлээр мэдэгдэх ба энэ талаар бүртгэл хөтөлж, мэдээллийг хагас жил тутамд статистик тайлангийн хүрээнд Зохицуулах хороонд ирүүлнэ.
4.5. Бусад студиэс нэвтрүүлэг, зар сурталчилгааны бичлэг хүлээн авахдаа дууны түвшний шаардлага хангасан эсэх, агуулгын талаар холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавина.
ТАВ. РАДИОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА
5.1. Радиогийн эфирийг дангаар нь өөрийн домэйн нэр бүхий цахим хуудас, программ (application), нийгмийн сүлжээгээр (social network) дамжуулж болно.
5.2. Радиогийн эфирийг тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр гэрээний үндсэн дээр дамжуулна.
5.3. Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сувгийн нэр, логог холбогдох (оюуны өмчийн талаарх) хууль, журмын дагуу баталгаажуулсан байх ба өөр ижил төстэй үйлчилгээний нэртэй давхцаагүй байна.
5.4. Сувгийн нэрийг хөтөлбөрийн дундуур сонсогчдод тодорхой мэдээлдэг байна.
5.5. Үйлчилгээ эрхлэгчийн сувгийн нэр, логог тусгай зөвшөөрөлд заах ба өөрчлөх тохиолдолд хүсэлтийг Зохицуулах хорооноос гаргасан маягтын дагуу ирүүлж, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна.
5.6. Сонсогчоос радиогийн үйл ажиллагаа, хөтөлбөртэй холбоотой өргөдөл, гомдол хүлээж авах, түүнийг шийдвэрлэх журамтай байх ба ирүүлсэн өргөдөл, гомдолд 48 цагаас илүүгүй хугацаанд хариу өгөх зохицуулалтыг журамд тусгасан байна.
5.7. Сонсогчийн өргөдөл, гомдол хүлээж авах хаяг, утас, цахим хуудас, и-мэйл зэрэг мэдээллийг хөтөлбөрийн дундуур болон өөрийн цахим хуудсаар олон нийтэд ил тод мэдээлнэ.
5.8. Сонсогчийн өргөдөл, гомдол түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бүртгэл хөтөлж, мэдээллийг хагас жил тутамд статистик тайлангийн хүрээнд Зохицуулах хороонд ирүүлнэ.
5.9. Өргөдөл, гомдол, үүссэн маргаантай холбоотойгоор радиогийн архивын бичлэгийг Зохицуулах хороо болон холбогдох эрх бүхий байгууллагад шаардсан хугацаанд гаргаж өгнө.
5.10. Холбогдох хууль, журам, зааврын дагуу гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл, гамшгийн зарлан мэдээллийг сонсогчид шуурхай хүргэнэ.
5.11. Үйлчилгээ эрхлэгч нь санхүүгийн тайланд радиогийн үйлчилгээний орлого, зардлыг бусад үйлчилгээ, борлуулалтын үйл ажиллагааны орлого, зардлаас тусад нь бүртгэнэ.
5.12. Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд нь төлнө.
5.13. Зохицуулах хороонд хагас жил тутамд статистик тайлан, мэдээллийг хугацаанд нь үнэн зөв бөглөж ирүүлнэ.
ЗУРГАА. ХЯНАЛТ
6.1. Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд дараах арга, зарчмаар хяналт тавьж ажиллана:
6.1.1. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх;
6.1.2. Мониторинг хийх;
6.1.3. Үйлчилгээ эрхлэгчийн хагас жил тутамд ирүүлсэн статистик тайлан мэдээллийг хянах, шалгах;
6.1.4. Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу мэдээлэл авах, мониторинг, хяналт, шалгалт хийх.
6.2. Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагыг зөрчсөн талаар гомдол ирсэн, хяналт, шалгалт, мониторингийн дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд эхний удаад сануулах арга хэмжээ авах ба зөрчил давтагдсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авна.
6.3. Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагын хэрэгжилтийн талаарх тайлан, хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл, шаардлагын зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд мэдээлж ажиллана.
------ oOo ------
Текст томруулах
A
A
A