- Нүүр
- Эрх зүйн акт
- РАДИОГИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн
87 тоот тогтоолын хавсралт
РАДИОГИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос тусгай зөвшөөрөлтэй радиогийн үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөнө.
1.2. Радио нь хөтөлбөр бэлтгэн олон нийтэд түгээхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Соёлын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
1.3. Олон нийтийн радиогийн үндсэн болон бусад сувгийн хөтөлбөрт тавигдах шаардлагатай холбоотой харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна.
Хоёр. Хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага
2.1. Радио нь хөтөлбөрөө бэлтгэж түгээхдээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилго болгон сонсогч, олон нийтийн эрх ашгийг дээдэлнэ.
2.2. Радио ньхөтөлбөрөө бэлтгэж, түгээхэд баримтлахредакцын бодлого, дүрэмтэй байхбөгөөд өөрийн нэвтрүүлсэн хөтөлбөрт хариуцлага хүлээнэ.
2.3. Радио нь хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэхдээ Монгол хэлний хэм хэмжээг баримтална.
2.4. Олон талт хөтөлбөр гэж улс орон, дэлхий дахины цаг үеийн мэдээ, мэдээлэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, хүүхэд, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан нэвтрүүлэг, бүтээлийн багцыг ойлгоно.
2.5. Радио нь тодорхой чиглэлээр дагнасан, төрөлжсөн хөтөлбөр дамжуулж болох бөгөөд төрөлжсөн чиглэлийн талаарх мэдээллийг сонсогчид ойлгомжтой илэрхийлнэ.
2.6. Радио нь зар сурталчилгаагаар дагнасан хөтөлбөр бэлтгэж дамжуулахгүй.
2.7. Радиогийн нэвтрүүлэгт тусгай дугаар ашиглах тохиолдолд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд болон нэвтрүүлгийн дундуур тусгай дугаарын үнэ тарифыг дурдаж сонсогчид ойлгомжтой мэдээлнэ.
Гурав. Нэвтрүүлэг, бүтээлийн хувь хэмжээ
3.1. Радиогийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь үндэсний бүтээл, нэвтрүүлэг байна.
3.2. Радиогийн 7 хоногийн хөтөлбөрт эзлэх нийт дууны 25 хувиас доошгүй нь Монгол дуу байна.
3.3. Үндэсний бүтээл, нэвтрүүлгийн хувь хэмжээнд Монгол дуу, цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг хамаарна.
3.4. Радиогийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30 хувиас доошгүй нь тухайн орон нутгийн иргэдэд чиглэсэн, тухайн орон нутагт бүтээсэн мэдээ, мэдээлэл, бүтээл, нэвтрүүлэг байна.
3.5. Радио нь хөтөлбөрөө хиймэл дагуулын сүлжээ ашиглан орон даяар дахин дамжуулах тохиолдолд орон нутгийн бүтээл, нэвтрүүлгийн шаардлага хамаарахгүй.
3.6. Радиогийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30 хувиас доошгүй нь өөрийн редакцийн бодлогын хүрээнд бэлтгэж нэвтрүүлсэн өөрийн бүтээл, нэвтрүүлэг байна.
3.7. Реклам, арилжаа, сурталчилгааны нэвтрүүлэг, төлбөрт, захиалгат нэвтрүүлгийг энэхүү шаардлагын 3.1, 3.4, 3.6-д заасан бүтээл, нэвтрүүлгийн хувь хэмжээнд оруулж тооцохгүй.
3.8. Радиогийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 15 хувиас багагүй нь сонсогчтой харилцаа үүсгэх хөтлөлттэй шууд нэвтрүүлэг байна.
3.9. Хөтлөлттэй нэвтрүүлэг дундуур дуу нэвтрүүлсэн тохиолдолд тухайн нэвтрүүлгийн цагийг нийтэд нь өөрийн бүтээл, нэвтрүүлэгт оруулж тооцно.
3.10. Радио нь жилд 360 цагаас багагүй хугацааны үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлнэ.
3.11. Танин мэдэхүйн нэвтрүүлэг гэдэгт шинжлэх ухаан, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, урлаг, соёлын өвийг тайлбарлан таниулсан баримтат бүтээл, нэвтрүүлгийг ойлгоно.
Дөрөв. Хөтөлбөрт хүүхэд хамгаалах зорилгоортавих шаардлага
4.1. Радио нь хөтөлбөр бэлтгэж дамжуулахдаа хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор редакцидаа хяналтын тогтолцоог бүрдүүлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн30дугаар зүйлийн30.1.7-д заасан хөтөлбөрийн дүрмийг мөрдөж ажиллана.
4.2. Радио нь нэвтрүүлэг, бүтээлд Монгол Улсын холбогдох хуулиар хориглосон болон энэхүү шаардлагын 4.1-д заасан хөтөлбөрийн дүрэмд тусгасан зохисгүй дуу, авиа, бүдүүлэг, ёс зүйгүй үг хэллэг байгаа эсэхийг хянаж, зохисгүй агуулга бүхий хэсгийг хасах, дууг хаах, дуут сигналаар орлуулах зэрэг техникийн хязгаарлалт хийх арга хэмжээ авна.
4.3. Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг оройн 21:00 цагаас хойш нэвтрүүлэхгүй, давтан дамжуулахгүй.
4.4. 18+ нэвтрүүлгийг 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлэхгүй, давтан дамжуулахгүй.
4.5. Радио нь сонсогч, хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журамтай байх ба журамд хүүхэд хамгааллын чиглэлээр санал, гомдол хүлээж авах, гомдол маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байна.
Тав. Хөтөлбөрт тавих хяналт
5.1. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.4, 23.5, 23.8, 23.9 болон энэхүү шаардлагын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийж ажиллана.
5.2. Радио нь энэхүү шаардлагад заасан өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн нэвтрүүлэг, бүтээл, тэдгээрийн хугацаа, хувь хэмжээтэй холбоотой тайлан, мэдээллийг Зохицуулах хороонд хагас жил тутамд ирүүлнэ.
5.3. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.6, 23.7 дахь заалттай холбоотой болон энэхүү шаардлагыг зөрчсөн талаар гомдол ирсэн, хяналт мониторингийн дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээг авна.
5.4. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон энэхүү шаардлагын хүрээнд хийсэн мониторингийн дүн мэдээ, хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлж ажиллана.
---- oOo ----
Текст томруулах
A
A
A