A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 14 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" улсын төсөвт үйлдвэрийн газрыг "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" төсвийн байгууллага болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2. Төрийн байгууллагад үзүүлэх нийтлэг үйлчилгээг боловсронгуй болгон үр ашгийг дээшлүүлэн нэгдмэл, цогц байдлыг хангаж, төрийн захиргааны байгууллагыг аж ахуйн үйл ажиллагаанаас зааглах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор "Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, "Засгийн газрын хэвлэх үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, "Засгийн газрын автобааз" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяанд ажиллуулсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 388, 400 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

3. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг оновчтой хэлбэрээр тогтоон, дүрэм, орон тооны дээд хязгаарыг баталж, үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмж, мэргэшсэн байдлыг сайжруулан боловсронгуй болгох замаар нийтлэг үйлчилгээний стандартын шаардлагыг хангуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 457 дугаар тогтоолын 2 дахь заалтын "хангаж, цогцолборын дүрэм, орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг" гэснийг "хангаж ажиллахыг" гэж өөрчилсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 135 дугаар тогтоолын 2, 3, 4 дэх заалт, "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 457 дугаар тогтоолын 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ