- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2020-2021 оны хичээлийн жилийн оюутны хөгжлийн зээлийг дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа, боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт гаргасан оюутанд Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ын 1.5-д заасан нөхцөлийг харгалзахгүйгээр төсөвтөө багтаан олгох арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд даалгасугай.
2. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 4.1.9 дэх заалтын "төрийн өмчийн" гэсний дараа "болон төрийн бус өмчийн" гэж нэмсүгэй.
3. Мөн журмын 4.1.9 дэх заалтын элсэлтийн ерөнхий шалгалтын "501"-ээс дээш оноог 2020-2021 оны хичээлийн жилд "450"-иас дээш байхаар тооцож мөрдсүгэй.
4. Сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэн тооцон журмыг баталж, мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A