- Нүүр
- Эрх зүйн акт
- ИЛҮҮ ТӨЛСӨН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Сангийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 16-ны
өдрийн 19 дугаар тушаалын хавсралт
Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох, уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүртгэл хөтлөх, хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгохдоо Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийг баримтална.
1.3. Татварын алба илүү төлсөн албан татварыг албан татвар төлөгчид төрийн сангийн дансаар дамжуулан буцаан олгоно.
Хоёр. Буцаан олгох илүү төлсөн албан татварыг тодорхойлох, бүртгэх
2.1. Албан татвар төлөгч нь буцаан олголт авах хүсэлтийг жилийн эцсийн албан татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд цахим эсхүл цаасан хэлбэрээр ирүүлнэ.
2.2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татвар төлөгчийн хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягтална.
2.3. Татварын алба албан татвар төлөгчийн албан татварын тайлан, буцаан олголт авах хүсэлтийг үндэслэн “Илүү төлөлтийг буцаан олгох жагсаалт”-ыг үүсгэж, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
2.4. Албан татвар төлөгчид Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхэд үүсэх илүү төлсөн албан татварын дүнг энэ журмын 2.3-т заасан жагсаалтад оруулж, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
2.5. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан хугацаанд жилийн эцсийн татварын тайланг гаргаж, тооцоо хийгээгүй албан татвар төлөгчийг энэ журмын 2.3-т заасан жагсаалтад оруулахгүй.
2.6. Албан татвар төлөгчид буцаан олгох албан татварын хэмжээ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу тайлант хугацаанд төлсөн албан татварын дүнгээс хэтрэхгүй байна. Тайлант хугацаанд төлсөн албан татварын дүнг татвар төлөгчийн тухайн тайлант үед хамаарах албан татварын ногдлын барагдуулалтын нийт дүнгээр тодорхойлно.
2.7. Харьяа татварын алба татвар төлөгчийн хүсэлт, хүлээн авсан тайланд үндэслэн энэ журмын 2.3-т заасан жагсаалтыг бэлтгэж, тухайн татварын албаны даргын тушаалаар баталгаажуулан, холбогдох төсвийн төрийн санд хүргүүлнэ.
Гурав. Татварын илүү төлөлтийг буцаан олгох, хяналт тавих
3.1. Харьяалах татварын алба нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.4.2-т заасны дагуу буцаан олголт авах татвар төлөгч, буцаан олгох татварын дүнг албан татварын жилийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянан, санхүүжилтийн хүсэлтийн хамт харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлнэ.
3.2. Харьяалах төрийн сангийн нэгж буцаан олголтыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.4.3-т заасны дагуу дараагийн татварын жилийн 2 дугаар улиралд багтаан олгоно.
3.3. Албан татвар төлөгч нь буцаан олголт авсан татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу залруулга хийсэн тохиолдолд харьяалах татварын алба холбогдох тооцоог хийнэ.
3.4. Албан татвар төлөгчийн илүү төлсөн татварын буцаан олголтын бүртгэлд хяналт тавих үйл ажиллагааг харьяа татварын албаны холбогдох нэгж, албан тушаалтан хэрэгжүүлнэ.
3.5. Албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварын буцаан олголтын үйл ажиллагааны нэгдсэн хяналтыг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
3.6. Албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварын буцаан олголтын үйл ажиллагааны явц, шийдвэрлэлтийн тухай мэдээллийг тухай бүр албан татвар төлөгчид цахимаар, шуудангаар, эсхүл биечлэн хүргүүлнэ.
Текст томруулах
A
A
A