- Нүүр
- Эрх зүйн акт
- АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ Архивын ерөнхий газрын даргын 2023 оны А/44 дүгээр тушаалаар 1-р хавсралыг хүчингүй болгосон.
Архивын ерөнхий газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 26 -ны өдрийн А/22дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуул[1]ийн 26 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдэд архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, татгалзах, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль[2], Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон энэ журмаар зохицуулна.
1.3.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн хуулийн этгээдэд олгоно.
1.4. Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ журмын 4.2-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.
Хоёр.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тавих шаардлага
2.1.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1."Архивын зориулалтын барилгад тавигдах шаардлага стандарт"-ыг хангасан байртай байх;
2.1.2.архивын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх;
2.1.3.архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэжлийн ажилтантай байх;
2.1.4.архивын баримт хадгалах, хамгаалах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх;
2.1.5.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/07 дугаар тушаалаар баталсан "Архивын аюулгүй ажиллагааны журам"-д заасан болон архивын аюулгүй байдлын талаар дараах шаардлагыг хангасан байх. Үүнд:
2.1.5.1. 24 цагийн хамгаалалтын болон галын дохиололтой байх;
2.1.5.2.гал унтраах автомат хийн систем суурилуулсан, архивын зориулалтын галын хор, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байх;
2.1.5.3.галын хор нь нүүрсхүчлийн хийн буюу нунтаг хор байх;
2.1.5.4.Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан "Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага"-ыг хангасан телехяналтын системтэй байх;
2.1.5.5.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хамгаалуулдаг байх;
2.1.5.6.архивын мэдээллийн болон орчны аюулгүй байдлыг хангаж, энэ асуудлыг дотооддоо журамласан, гамшгийн үед архивын баримтыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байх.
2.1.6.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, архивын холбогдолтой дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах.
Гурав.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
3.1.Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.3, 11.1.6 дахь хэсэгт заасныг доорх баримт бичгийн хамт бүрдүүлж, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.Үүнд:
3.1.1.энэ журмын 2.1.1-д заасан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
3.1.2."Архивын зориулалтын барилга, өрөө тасалгаанд тавигдах шаардлага стандарт"-ыг хангасан байртай талаар архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт;
3.1.3.архивын мэргэжлийн үндсэн ажилтнуудын мэдээлэл, мэргэжлээрээ ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт, боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар;
3.1.4.үйл ажиллагаандаа ашиглах архивын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавиур шүүгээний талаарх танилцуулга, техникийн тодорхойлолт;
3.1.5.Галын аюулгүй байдлын тухай хуул[3]ийн 17.2.9 дэх заалтын дагуу эрх бүхий байгууллагаар архивын баримт хадгалах байранд гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэсэн баримт;
3.1.6.харуул хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллах гэрээ, эсхүл харуул хамгаалалтын албатайг нотлох баримт;
3.1.7.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн
санхүүгийн тайлан, баланс;
3.1.8.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй, гааль, татвар, нийгмийн даатгалын болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүйг нотлох баримт.
Дөрөв.Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хянан шийдвэрлэх
4.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ журмын 4.7-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногийн дотор гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид ажлын 3 хоногийн дотор мэдэгдэнэ.
4.2.Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн хуулийн этгээдийн энэ журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг /цаашид "Ажлын хэсэг" гэх/-ийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна.
4.3.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд барилгын болон онцгой байдлын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын, орон нутагт үйл ажиллагаа явуулах тохиолдолд тухайн аймгийн архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийг оролцуулж болно.
4.4.Ажлын хэсэг нь дараах эрх, үүрэгтэй.Үүнд:
4.4.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9.1-д заасан зарчим, шаардлагыг үйл ажиллагаандаа баримтлах;
4.4.2.баримт бичгийн бүрдэлийг шалгаж, бүрдэл дутуу, нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргагч хуулийн этгээдэд албан бичгээр мэдэгдэх;
4.4.3.зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн архивын баримт хадгалах байр, тоног төхөөрөмж, техник хангамжтай газар дээр нь танилцах;
4.4.4.зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн бүрдүүлсэн баримт бичгийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12.3-т заасны дагуу холбогдох байгууллагаар шалгуулах;
4.4.5.Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд хангаж байгаа эсэхийг хянаж, тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эсэх талаар дүгнэлтийг энэ журмын 4.1-д заасны дагуу баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор гаргах.
4.5.Ажлын хэсгийн ахлагч нь дүгнэлт гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулах бөгөөд тусгай зөвшөөрөл олгох бол шийдвэрийг дүгнэлт танилцуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан баталгаажуулна.
4.6.Энэ журмын 3.1-д заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрийг архивын баримт хадгалах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.
4.7.Энэ журмын 4.4.4-т заасан үйл ажиллагаа хийгдэж буй тохиолдолд архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өргөдлийг 14 хоногийн хугацаагаар сунгаж болох бөгөөд энэ тухай тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдэд мэдэгдэнэ.
4.8.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол энэ тухай үндэслэлийг тодорхой зааж, албан бичгээр хариу мэдэгдэнэ.
Тав.Тусгай зөвшөөрөл олгох
5.1.Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуул[4]ийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасан хураамжийг төлөхийг өргөдөл гаргагч хуулийн этгээдээс шаардаж, баримтыг тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичигт нэмж хавсаргана.
5.2.Архивын баримт хадгалах тусгай зөвшөөрлийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар олгоно.
5.3.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан мэдээллийг тусгана.
5.4.Тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж болно.
Зургаа.Тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
6.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө сунгуулах хүсэлтийг доор дурдсан баримт бичгийн хамт архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.Үүнд:
6.1.1.энэ журмын 3.1.1-3.1.8-д заасан баримт бичиг;
6.1.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
6.2.Тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулахдаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх талаар лавлагаа мэдээллийг гэрээний дагуу баримтаа хадгалуулж байгаа хуулийн этгээд болон холбогдох байгууллагаас авч болно.
6.3.Өргөдөл гаргагч нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж байгаа, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.
6.4.Тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагчийн болон Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзана.
6.5.Тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ.
6.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан үндэслэлээр 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
6.7.Энэ журмын 6.6-д заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх талаарх архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагчийн болон Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна.
6.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон харьяалах татварын албанд архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан бичгээр мэдэгдэнэ.
6.9.Энэ журмын 6.6-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан талаар архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагчийн болон Ажлын хэсгийн дүгнэлт гарсан тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.
6.10.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
6.11.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд хуулийн этгээд хүсэлт гаргаж, хүсэлтийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ.
6.12.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.3, 14.1.4, 14.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, эсхүл холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ. Ажлын хэсгийн дүгнэлтийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна.
6.13.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон харьяалах татварын албанд архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан бичгээр мэдэгдэнэ.
6.14.Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Ажлын хэсэг нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шаардлагыг хангаж ажиллана.
Долоо.Бусад зүйл
7.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн бүртгэлийг хөтөлж, мэдээллийн сан үүсгэн, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийж, иргэн, хуулийн этгээдийг мэдээллээр хангаж ажиллана.
7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим хуудсандаа байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
7.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлэхийг хориглоно.
7.4.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 17.1-д заасны дагуу шийдвэрлүүлнэ.
7.5.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.
----оОо----
[1] Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай- "Төрийн мэдээлэл"-ийн 2020 оны № 29 дүгээрт нийтлэгдсэн.
[2] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай- "Төрийн мэдээлэл"-ийн 2001 оны № 6 дугаарт нийтлэгдсэн.
[3] Галын аюулгүй байдлын тухай- "Төрийн мэдээлэл"-ийн 2015 оны № 28 дугаарт нийтлэгдсэн.
[4] Улсын тэмдэгтийн хураамжийн тухай- "Төрийн мэдээлэл"-ийн 2011 оны № 1 дугаарт нийтлэгдсэн.
Текст томруулах
A
A
A