A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ОРОН ТООНЫ БУС ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ОРОН ТООНЫ БУС ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

                                                                   Боловсрол, шинжлэх ухааны сайдын

                                                                      2021 оны 01-р сарын 21-ны өдрийн

                                                                        А/20 дугаар тушаалын хавсралт

 

СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ

АЖИЛЛАГААНД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ОРОН ТООНЫ БУС

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар ерөнхий боловсролын сургууль/цаашид "сургууль" гэх/-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллөөс хөндлөнгийн хяналт тавих, үйл ажиллагааг сайжруулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 

1.2. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн хяналт тавих зорилго нь сургуулийн орчинд хоол хүнсний болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, эрүүл, шим тэжээллэг, аюулгүй хоол, хүнсний үйлчилгээг суралцагчдад үзүүлэхэд оршино.

1.3. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хөндлөнгийн хяналтыг Орон тооны бус хяналтын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ хэрэгжүүлнэ.

1.4. Хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог тэгш хангасан, ил тод, нээлттэй, шударга, үнэн зөв мэдээлэлд суурилсан, үнэлгээ, дүгнэлт нь бодитой, хөндлөнгийн нөлөөгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.  

1.6. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, норм, нормативыг баримтална.

Хоёр. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

            2.1. Зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан төлөөллөөс бүрдэнэ.

            2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн сонгох багш нарын зөвлөл, суралцагчийн болон эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийн хурлыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор сургуулийн захирал зохион байгуулна.  

 2.2.1. Багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийн хурлыг 80-аас доошгүй хувийн ирцтэй тус тус зохион байгуулна.

 2.2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн, дарга сонгоход Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг баримтална.

2.2.3. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь сургуулийн удирдлага, багш, ажилчдын хамаарал бүхий этгээд байж болохгүй.

            2.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

            2.4. Зөвлөл нь нарийн бичгийн даргатай байж болох бөгөөд түүнийг зөвлөлийн гишүүдийн хурлаас сонгоно.

2.5. Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг даргын эрх олгосноор зөвлөлийн аль нэг гишүүн гүйцэтгэнэ.

2.6. Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж баталгаажуулах бөгөөд түүнд дарга, гишүүд гарын үсэг зурна.

2.7. Зөвлөл нь энэ журмын 3.5-д заасан чиг үүргийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх бөгөөд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа, чиг үүрэг

3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд гишүүдийн гуравны 2-оос доошгүй хувь нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

3.2. Зөвлөл нь тухайн хичээлийн жилд 5-аас доошгүй удаа хуралдах ба  шаардлагатай тохиолдолд зөвлөлийн дарга эсхүл нийт гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар зарлан хуралдуулж болно.

3.3. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүйн улмаас саналаа бичгээр ирүүлсэн гишүүнийг хурлын ирцэд оруулж тооцно. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ. 

3.4. Хурлын тов тогтоосон өдрөөс 2-оос доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хурлаар хэлэлцэх асуудал, холбогдох материалыг хүргүүлэх;

3.5. Зөвлөл нь Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

3.5.1. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид тухайн хичээлийн жилд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлах, хэрэгжилтийг хангах;

3.5.2. батлагдсан цэсийн дагуу үдийн хоолны үйлчилгээ үзүүлж буй байдал, хоолны дээж, бүтээгдэхүүн авч буй эсэхэд хөндлөнгийн хяналтыг сард 2-3 удаа хийж, тэмдэглэл хөтлөх;

3.5.3. сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээнд хяналт тавих, санал өгөх;

3.5.4. суралцагчдад эрүүл зөв хооллолтын талаар сургалт, сурталчилгаа, мэдээлэл өгөх ажлыг улиралд 1-ээс доошгүй удаа зохион байгуулах;

 3.5.5. хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар санал, зөвлөмжийг сургуулийн удирдлагад танилцуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

 3.5.6. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны талаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тандан судлах асуулга авах, ярилцлага зохион байгуулах, үр дүнг холбогдох талд танилцуулах;

 3.5.7. сургуулийн орчинд хоол хүнсний эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлэх талаар байгууллагын дотоод хяналт шалгалтын ажилтанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

 3.5.8. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн санал гаргах;

3.5.9. хяналтын үр дүнгийн талаарх мэдээллийг багш, ажилчид, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын нэгдсэн хуралд хичээлийн жилийн улирал бүр тайлагнах.

3.6. Зөвлөлийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.6.1. зөвлөлийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах;

3.6.2. тухайн жилд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг гишүүдийн оролцоотой боловсруулж, сургуулийн захирлаар батлуулан мөрдөх;

3.6.3. зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хурлыг товлох, даргалах;

3.6.4. зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих;

3.6.5. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн хяналтын үр дүн, илэрсэн зөрчил, дутагдлын талаар бодит мэдээллийг сургуулийн удирдлагад албан ёсоор мэдээлж, холбогдох арга хэмжээг авах, гүйцэтгэлд хяналт тавих, хариу мэдээлэл авах;

3.7. Зөвлөлийн гишүүн батлагдсан хуваарийн дагуу хяналт хийхэд оролцох, явцын мэдээллийг зөвлөлийн даргад танилцуулна.  

3.8. Зөвлөл хэлэлцэж байгаа асуудлаар сургуулийн захирал, сургалтын менежер, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийг хуралд оролцуулан тэдний санал хүсэлт, тайлбарыг сонсож болно.

Дөрөв. Бусад

4.1.Сургуулийн удирдлага зөвлөлийн хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнг сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, суралцагчийн хоол, хүнсний зохистой  хэрэглээг хэвшүүлэхэд ашиглана.

4.2. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэргийн зардлыг сургуулийн жилийн төсөвт тусган зориулалтын дагуу зарцуулна.

4.3. Сургуулийн захирал зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зөвлөлийн ажлыг хичээлийн жилийн төгсгөлд дүгнэн урамшуулж болно.

4.4. Зөвлөлийн хөндлөнгийн хяналт үнэлгээ, үйл ажиллагааны тайлан мэдээллийг байгууллагын архивд хадгална.

4.5. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, хяналт тавихтай холбогдох мэдээллийг бусдад тараахгүй байна.

 

 

 

---000---