- Нүүр
- Эрх зүйн акт
- "ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2020 оны 234 дүгээр
тогтоолын хавсралт
"ТӨВИЙН БҮСИЙН ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ
ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР" ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ
ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДҮРЭМ
(Гарчигт Засгийн газрын 2025 оны96 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрэм нь "Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, чиглэл, удирдлагын бүтэц, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлсон эрх зүйн үндсэн баримт бичиг мөн. (Засгийн газрын 2025 оны96 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1.2. "Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (цаашид "компани" гэх) нь Компанийн тухай хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. (Засгийн газрын 2025 оны96 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1.3. Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, банканд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хүлээдэг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, санхүүгийн тайлан гаргадаг, ашгийн төлөө хуулийн этгээд мөн.
1.4. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна.
Хоёр. Компанийн хэлбэр, оноосон нэр, байршил
2.1. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 (нэг) хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна.
2.2. “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, товчилсон нэр нь “ТБХХҮТЦ” ТӨХХК (англиар “Industrial and Technological Complex for Food and Light Industries of the Central Region” State-owned enterprise, товчилсон нэр нь “ITCFLICR” SOE) (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 96 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.3. Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа буюу гүйцэтгэх удирдлага байршиж байгаа газрын хаягаар тодорхойлно.
2.4. Хаягийн өөрчлөлтийг компанийн гүйцэтгэх удирдлага тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Гурав. Компанийн бэлгэдэл, тэмдэг
3.1. Компани нь өөрийн барааны тэмдэг болон бэлгэдэл (эмблем)-тэй байхаас гадна хууль тогтоомжид заасны дагуу албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэг хэрэглэнэ.
3.2. Компанийн бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, барааны тэмдгийн загварыг Төлөөлөн удирдах зөвлөл баталж, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байх бөгөөд тэдгээрийг хэрэглэх эрхийг зөвхөн компани эдэлнэ.
3.3. Компанийн тэмдгийг компанийн гүйцэтгэх удирдлага, эсхүл түүнээс итгэмжлэн хариуцуулсан этгээд түшнэ.
Дөрөв. Үйл ажиллагааны зарчим
4.1. Компани ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэн, хувьцаа эзэмшигчийн үр өгөөжийг тогтвортой хангаж, компанийн үнэ цэнийг өсгөхийг эрмэлзэнэ.
4.2. Компанийн үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хариуцлагатай, улс төрөөс хараат бус байна.
4.3. Компани хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлагын талаар аливаа шийдвэр гаргахдаа тухайн хөрөнгө оруулалтын эдийн засаг, санхүүгийн үр өгөөж, тооцоо, судалгаанд суурилсан байна.
4.4. Компани олон улсын стандартад нийцсэн эрсдэлийн удирдлага болон эрсдэлээс сэргийлэх арга хэрэгсэлтэй байна.
Тав. Компанийн үндсэн зорилт, үйл ажиллагааны
чиглэл, үйл ажиллагаа явуулах хугацаа
5.1. Компанийн үндсэн зорилт нь Дархан арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцаж цогцолборт байгаа үйлдвэрлэгчдийг дэд бүтцээр тасралтгүй, найдвартай бүрэн ханган, эдийн засгийн үр ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөхөд оршино.
5.2. Компани нь дор дурдсан үндсэн чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ:
5.2.1. дэд бүтцийг барьж байгуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх;
5.2.2. дэд бүтцийг эзэмших;
5.2.3. дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
5.2.4. хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
5.2.5. зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
5.3. Компани дараахь үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд эрхлэн явуулна:
5.3.1. Дархан арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийг бүтээн байгуулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр:
5.3.1.1. Дархан арьс ширний цогцолбор төслийг хэрэгжүүлэгч, төслийн ТЭЗҮ-ийн оюуны өмчийг эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших;
5.3.1.2. Дархан арьс ширний цогцолбор төслийг хэрэгжүүлэгч, төслийн ТЭЗҮ-ийн оюуны өмчийг эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийг холбогдох хуулийн дагуу төвлөрүүлж, хуваарилах;
5.3.1.3. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн дагуу Арьс, шир боловсруулах үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үндсэн хөрөнгөд бүртгэгдэх тоног төхөөрөмжийг импортлон арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах;
5.3.1.4. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн дагуу цахилгаан дамжуулах, түгээх дэд станц дэд бүтцийн үндсэн хөрөнгөд бүртгэгдэх тоног төхөөрөмжийг импортлон цахилгаан түгээх, хангах дэд станцыг барьж байгуулах;
5.3.1.5. гадна инженерийн шугам сүлжээг барьж байгуулах;
5.3.1.6. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн дагуу уурын зуухны дэд бүтцийн үндсэн хөрөнгөд бүртгэгдэх тоног төхөөрөмжийг импортлон уур үүсгэгчийг барьж байгуулах;
5.3.1.7. дотоод шугам сүлжээг барьж байгуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх;
5.3.1.8. цөөрмийг барьж байгуулах;
5.3.1.9. судалгаа хөгжлийн төвийг барьж байгуулах;
5.3.1.10. авто замыг барьж байгуулах;
5.3.1.11. төмөр замыг барьж байгуулах;
5.3.1.12. холбоо, дохиоллыг барьж байгуулах;
5.3.1.13. даланг барьж байгуулах;
5.3.1.14. гадна тохижилтыг барьж байгуулах;
5.3.1.15. хашааг барьж байгуулах.
5.3.2. Дэд бүтцийг эзэмших чиглэлээр:
5.3.2.1. төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв, холбогдох бусад судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжилтийн бусад эх үүсвэрээр гүйцэтгэх;
5.3.2.2. дэд бүтцийг дангаараа болон бусад этгээдтэй хамтран ашиглах;
5.3.2.3. дэд бүтцийг ашиглах гэрээ байгуулах ажлын бэлтгэлийг хангах, цогцолборт үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгж, байгууллагуудтай дэд бүтэц ашиглах гэрээ байгуулах;
5.3.2.4. дэд бүтцийн барилга байгууламжуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх.
5.3.3. дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах чиглэлээр:
5.3.3.1. дэд бүтцийн барилга байгууламж ашиглалттай холбоотой аливаа эд хөрөнгө, тоног төхөөрөмж болон оюуны өмчийн эрхийг эзэмших, ашиглах, түрээслэх, түрээслүүлэх, худалдаж авах, худалдах.
5.3.4. хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр:
5.3.4.1. зээл авах, өрийн бичиг (бонд) гаргах болон бусад хэлбэрээр хөрөнгө оруулалтыг татах;
5.3.4.2. хөрөнгийн өгөөжийн зохистой түвшинг хангасан холбогдох дэд бүтцийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалт хийх;
5.3.4.3. хөрөнгийн баталгаа гаргах.
5.3.4. зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр:
5.3.4.1. төслийн болон дэд бүтцийн ашиглалтын техник, эдийн засгийн үндэслэл, нөөцийн үнэлгээ, хөрөнгө, санхүүгийн төлөвлөлт хийх;
5.3.4.2. төслийг хэрэгжүүлж дэд бүтцийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан төслийн талаарх мэдээллийг дотоод, гадаадад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах.
5.4. Компанийн хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргана.
5.5. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагаандаа Компанийн тухай хууль болон компанийн засаглалын олон улсын стандартыг мөрдөх бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтны компанийн үйл ажиллагаатай холбогдсон аливаа шийдвэр ашиг сонирхлын зөрчилгүй байна.
5.6. Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулах тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авч улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн үйл ажиллагааг эрхэлнэ.
5.7. Хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөн байгуулах, хувьчлах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд компани нь үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулна.
Зургаа. Компанийн өөрийн хөрөнгө, хувьцаа
6.1. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 (нэг зуун) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000,000 (хоёр зуун сая) ширхэг энгийн хувьцаатай байна.
6.2. Компани нь хувьцаа гаргаж болох бөгөөд хувьцааны төрөл, тоо, нэрлэсэн үнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Хувьцаа эзэмшигчдийн хурал тогтооно.
6.3. Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бусад үнэт цаас гаргаж болно.
6.4. Компанийн хувьцаа нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн аливаа эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.
6.5. Компанийн хөрөнгө нь 100 хувь төрийн өмчид байгааг харгалзан компанийн хувьцаа нь Засгийн газрын шийдвэр гарах хүртэл арилжаалагдахгүй байна.
Долоо. Ногдол ашиг
7.1. Ногдол ашиг хуваарилах асуудлыг Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
Найм. Компанийн удирдлага
8.1. Компанийн удирдлага нь дараахь бүтэцтэй байна:
8.1.1. Хувьцаа эзэмшигчдийн хурал;
8.1.2. Төлөөлөн удирдах зөвлөл;
8.1.3. гүйцэтгэх удирдлага.
Ес. Хувьцаа эзэмшигчдийн хурал
9.1. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2025 оны96 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
9.2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 4 (дөрвөн) сарын дотор зарлан хуралдуулна.
9.3. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
9.3.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах;
9.3.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх, тэдний цалин, урамшууллын хэмжээг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
9.3.3. компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг батлах;
9.3.4. компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх;
9.3.5. компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
9.3.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн жилийн ажлын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
9.3.7. Компанийн тухай хууль болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэхээр оруулсан бусад асуудлууд.
9.4. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд хэлэлцсэн асуудал, хурлын явцын талаар тэмдэглэл хөтөлнө.
Арав. Төлөөлөн удирдах зөвлөл
10.1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт Компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна.
10.2. Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 (есөн) гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байна.
10.3. Төлөөлөн удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.3.1. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталсан зорилтот түвшинг үндэслэн компанийн бизнес төлөвлөгөөг батлах;
10.3.2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
10.3.3. компанийн зарласан хувьцааны тоо, хэмжээнд багтаан хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэх;
10.3.4. компанийн энгийн хувьцаа болон бусад үнэт цаас гаргах;
10.3.5. компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох;
10.3.6. компанийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах, эргүүлэн авах шийдвэр гаргах;
10.3.7. компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх түүний бүрэн эрхийг тогтоох;
10.3.8. компанийн гүйцэтгэх удирдлагатай Контрактаар ажиллах гэрээний нөхцөл, түүнд олгох цалин, шагнал урамшуулал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээг тогтоох, гэрээ байгуулах;
10.3.9. компанийн аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох, компанийн тайлан тэнцэлд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах;
10.3.10. компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах;
10.3.11. компаниас хуваарилах ногдол ашгийн хэмжээ болон түүнийг төлөх журам, хугацааг тодорхойлох;
10.3.12. Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын журмыг батлах;
10.3.13. компанийн шинээр худалдаж авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгөтэй холбогдох асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
10.3.14. компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах;
10.3.15. хууль тогтоомжийн дагуу их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;
10.3.16. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн ажлыг дүгнэх;
10.3.17. дотоод хянан шалгагчийг томилж, ажиллах журмыг батлах;
10.3.18. хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй бусад асуудлыг шийдвэрлэх.
10.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.
10.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.
10.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүргийг хүлээнэ.
10.7. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тогтоол, тэмдэглэлд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, компанийн тэмдгийг дарснаар хүчин төгөлдөр болно.
10.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын, эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн томилсон гишүүн гүйцэтгэнэ.
10.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг сард нэг удаа хуралдуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт хуралдаан хийж болно.
10.10. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
10.11. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гарах шийдвэрийн талаар хуралд оролцсон гишүүдийн санал тэнцвэл Төлөөлөн удирдах зөвлөл эчнээ санал хураалтаар шийдвэрлэнэ.
10.12. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлах, хуралдуулах, хурал хүчинтэй байх, гишүүдийн хуралд оролцох, асуудлыг хэлэлцэх, хурлын дэгийг тогтоох, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын эрх болон бусад холбогдох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмаар зохицуулна.
10.13. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодыг Компанийн тухай хуульд заасны дагуу байгуулах бөгөөд хороод нь уг хуулийн 81 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, хууль тогтоомжид нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан холбогдох журмыг мөрдлөг болгон ажиллана.
10.14. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу ажиллах бөгөөд шаардлагатай бол нэмэлт үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж болно.
10.15. Төлөөлөн удирдах зөвлөл нь жилд нэгээс доошгүй удаа Хувьцаа эзэмшигчдийн хуралд ажлаа тайлагнана.
10.16. Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагаандаа Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, энэ дүрмийг удирдлага болгоно.
Арван нэг. Гүйцэтгэх удирдлага
11.1. Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан контрактад заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна.
11.2. Гүйцэтгэх захирлыг томилох, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
11.3. Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан контрактын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна. Гэрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж түүний дарга гарын үсэг зурна. Гэрээнд гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.
11.4. Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
11.5. Гүйцэтгэх захирал нь дараахь шалгуурыг хангасан байна.
11.5.1. менежментийн ур чадвартай, 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажиллаж байсан, удирдах дадлага туршлагатай, санхүү, бизнесийн чиглэлээр бакалавраас дээш боловсролын зэрэгтэй, гадаад хэлний мэдлэгтэй байх;
11.5.2. зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
11.5.3. ял шийтгэлгүй байх;
11.5.4. ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.
11.6. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбогдож үүссэн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийг төлөөлөн оролцоно.
11.7. Гүйцэтгэх захирал дор дурдсан үүрэг хүлээж, эрх эдэлнэ.
11.7.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө компанийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, жилд хоёроос доошгүй удаа ажлын үр дүн, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнан дүгнүүлэх;
11.7.2. компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тэнцлийг цаг тухайд нь гаргаж, холбогдох этгээдүүдэд тайлагнаж мэдээлэх, түүний үнэн зөвийг хариуцах;
11.7.3. компанийн үйл ажиллагааны тухайн жилийн зорилтот түвшин, бизнесийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан батлуулах;
11.7.4. энэ дүрэм болон холбогдох хууль тогтоомж, норм норматив, компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах;
11.7.5. гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, удирдаж буй компанийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;
11.7.6. компанийн эрх ашгийг дээдлэн, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан компанийг удирдах;
11.7.7. гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад олж авсан мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлоор ашиглахгүй байх;
11.7.8. хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх;
11.7.9. компанийн шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрлүүлэх;
11.7.10. компанийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
11.7.11. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах;
11.7.12. Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийн дагуу зарим эрх, үүргээ итгэмжлэлийн үндсэн дээр компанийн холбогдох албан тушаалтанд шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Арван хоёр. Компанийн эрх бүхий тушаалтан
12.1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.
12.2. Компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана.
12.3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээс бусад эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага, түүний хэмжээг тогтоох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод журмаар тогтоох бөгөөд тэдгээрийн дагуу шийдвэрлэх боломжгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.
12.4. Компанийн эрх бүхий албан тушаалтан Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд зааснаар үүрэг, хариуцлага хүлээнэ.
Арван гурав. Компанийн хяналтын тогтолцоо
13.1. Компанийн хяналтын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:
13.1.1. өмчлөгчийн хяналт;
13.1.2. дотоод хяналт;
13.1.3. хөндлөнгийн аудит.
13.2. Өмчлөгчийн хяналтыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хороо хэрэгжүүлнэ.
13.3. Аудитын хороо 3 гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг Төлөөлөн удирдах зөвлөл томилно.
13.4. Аудитын хорооны дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн байна.
13.5. Компанийн Аудитын хорооны ажиллах журмыг Төлөөлөн удирдах зөвлөл, Дотоод хяналтын журмыг компанийн гүйцэтгэх удирдлага тус тус батална.
13.6. Аудитын хороо нь дараахь чиглэлээр дүгнэлт гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна:
13.6.1. компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэх, дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих;
13.6.2. дотоод хяналтын албаны удирдлага, ажилтныг томилох, цалин, урамшууллыг тогтоох санал боловсруулах;
13.6.3. аудитын байгууллагыг сонгох, түүний ажлын хөлсний хэмжээг тогтоох талаар санал боловсруулах;
13.6.4. их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах;
13.6.5. компанийн дүрэмд заасан болон төлөөлөн удирдах зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.
13.7. Аудитын хороо нь компанийн дүрэм, Хувьцаа эзэмшигчийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, компанийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гарган, үйл ажиллагаагаа Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнана.
13.8. Аудитын хороо нь компанийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгахдаа энэхүү дүрэм болон холбогдох хуулиар олгогдсон эрхийг эдэлнэ.
13.9. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон дотоод хянан шалгагч хэрэгжүүлнэ.
13.10. Дотоод хянан шалгагч компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд өдөр тутмын хяналтыг тавьж, гүйцэтгэл нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, энэхүү дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд нийцэж байгаа эсэхийг хангаж ажиллана.
13.11. Дотоод хянан шалгагч нь шалгалтаар илэрсэн алдаа, зөрчил, дутагдлыг арилгах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн зөвлөмжийг гүйцэтгэх удирдлагад өгөх, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах, мэдээлэх үүрэгтэй.
13.12. Компанийн хөндлөнгийн аудитыг Төрийн аудитын тухай хуульд заасан журмаар хийлгэнэ.
13.13. Хөндлөнгийн аудитын тайланг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргана.
Арван дөрөв. Их хэмжээний болон сонирхлын
зөрчилтэй хэлцэл
14.1. Их хэмжээний хэлцэл гэж тухайн хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцлийг хэлэх бөгөөд түүнийг Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлд заасан журмын дагуу хийнэ.
14.2. Сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж эрх бүхий албан тушаалтан болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдийн компанитай хийж байгаа аливаа хэлцлийг хэлэх бөгөөд түүнийг Компанийн тухай хуулийн 89, 91, 92 дугаар зүйлд заасан журмын дагуу хийнэ.
14.3. Компани нь тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн энэ дүрмийн 14.1, 14.2-т заасан хэлцлийн талаарх мэдээллийг нийтэд (компани нь өөрийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан хэвлэл мэдээллийн хэрэгслээр) мэдээлэх үүрэгтэй.
Арван тав. Компанийн нягтлан бодох бүртгэл, тайлан
15.1. Компани нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн, санхүүгийн тайлан гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан Хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна. Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг компанийн гүйцэтгэх захирал хариуцна.
15.2. Компанийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд түүнийг Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн гүйцэтгэх захирал томилж, чөлөөлнө.
15.3. Компани нь хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулсны дараа холбогдох хууль тогтоомжид заасны дагуу жилийн санхүүгийн тайлан, ашиг ба алдагдлын тайлангаа компанийн Хувьцаа эзэмшигчид болон холбогдох хууль тогтоомжид заасан эрх бүхий этгээдэд танилцуулна.
15.4. Компанийн санхүүгийн жилийн эхлэх хугацааг тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусах хугацааг мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тогтооно.
Арван зургаа. Компанийн санхүүгийн болон
үйл ажиллагааны тайлан
16.1. Компанийн санхүүгийн тайланд дараахь зүйлийг тусгана:
16.1.1. баланс;
16.1.2. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;
16.1.3. мөнгөн гүйлгээний тайлан;
16.1.4. өмчийн өөрчлөлтийн тайлан;
16.1.5. хуримтлагдсан ашгийн тайлан;
16.1.6. тухайн тайлангийн хугацаанд байгуулсан сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр, төрөл, үнийн дүнгийн хамт;
16.1.7. нэмэлт тайлбар, тодруулга;
16.1.8. санхүүгийн тайлангийн тодруулга;
16.1.9. эрх бүхий албан тушаалтанд олгосон цалин, урамшууллын дүн, албан тушаалтан бүрээр гаргах;
16.1.10. хууль болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бусад мэдээлэл.
16.2. Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн санхүүгийн болон жилийн үйл ажиллагааны тайланг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
Арван долоо. Компанийн баримт бичгийг хадгалах
17.1. Компани нь дараахь бичиг баримтыг хадгалах үүрэгтэй:
17.1.1. компанийн дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга, компанийн бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл;
17.1.2. Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас баталсан компанийн дотоод баримт бичиг;
17.1.3. нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;
17.1.4. Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, компанийн гүйцэтгэх захирлын тушаал, байгуулсан гэрээ түүний биелэлттэй холбогдох баримт бичиг;
17.1.5. ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ;
17.1.6. аудитын дүгнэлт;
17.1.7. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;
17.1.8. хувьцаа болон үнэт цаас гаргах журам;
17.1.9. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг;
17.1.10. эрх бүхий албан тушаалтан болон нийт ажилчдад олгосон цалин, шагнал, урамшуулалтай холбоотой баримт бичиг;
17.1.11. компанийн нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны төрөл, тоо;
17.1.12. бусад баримт бичгүүд.
17.2. Компани нь баримт бичгийг ерөнхий захиргаа буюу гүйцэтгэх удирдлага оршин байгаа газарт хадгална.
17.3. Компани нь өөрийн дүрэм, түүний нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг байнга хадгална. Бусад баримт бичгийг 5 жилийн хугацаатайгаар хадгалах бөгөөд хугацаа дууссаны дараа архивд шилжүүлнэ.
17.4. Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, компанийн хувьцаа болон үнэт цаас гаргах, компанийн дүрэм, түүний нэмэлт, өөрчлөлттэй холбогдол бүхий баримт бичгийг хүлээн авах, хадгалах, танилцуулах, архивд шилжүүлэх ажиллагааг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга эрхлэн гүйцэтгэнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг биечлэн хариуцна.
17.5. Компанийн талаарх мэдээлэл, компанийн нэгдмэл сонирхолтой этгээд түүнтэй холбогдох мэдээлэл авах асуудлыг Компанийн тухай хуулийн 98, 99 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
Арван найм. Компанийг татан буулгах
18.1. Компанийг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгана.
18.2. Татан буулгах комисс томилогдсоноор компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болж, компанийн удирдлагын эрх, үүрэг татан буулгах комисст шилжинэ.
Арван ес. Мэдээллийн нээлттэй байдал
19.1. Компани өөрийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээ, мэдээллийг хууль тогтоомжийн дагуу тухай бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
Хорь. Бусад
20.1. Энэ дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
20.2. Энэ дүрэм болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд үндсэн эхийг компани дээр хадгална.
20.3. Энэ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт, өөрчлөлт нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэ дүрмийн нэгэн адил хүчинтэй байна.
---o0o---
Текст томруулах
A
A
A