A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2022 оны 89 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 231 дүгээр
  тогтоолын хавсралт

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

(Засгийн газрын 2022 оны 89 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Монгол Улсын Засгийн газар (цаашид “Засгийн газар” гэх) болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (цаашид “Сайд” гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын стратеги, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлж дүгнэх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны           5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дараахь хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төрийн албаны тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Ахмад настны тухай хууль;

-Гэр бүлийн тухай хууль;

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль;

-Хүүхдийн эрхийн тухай хууль;

-Хүүхэд хамгааллын тухай хууль;

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль;

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль;

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль;

-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;

-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль;

-Хөдөлмөрийн тухай хууль;

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль;

-Нийгмийн даатгалын тухай хууль;

-Нийгмийн халамжийн тухай хууль;

-бусад холбогдох хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн онол, арга зүйг ашиглаж, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүд боловсруулсан туршлага, сургамжид үндэслэн оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн болон үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын хуваарь

Яам нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, Сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдлага арга зүйгээр хангана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход чухал ач холбогдолтойг харгалзан энэ хэрэгцээний эх үүсвэрт дараахь үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамруулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газар (танхим) болно.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэглээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажилтны албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хүн амын хөгжил, хөдөлмөр, мэргэжлийн боловсрол, нийгмийн хамгааллын харилцан хамаарал бүхий халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахад оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

      2.2.1. Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих бодлогыг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд тулгуурлан тодорхойлж, цахим засаглалыг бүрэн нэвтрүүлж хэрэгжүүлэх;

      2.2.2. Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэнд ээлтэй хуримтлалын тогтолцоонд шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх;

      2.2.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын оновчтой, чадварлаг бүтцийг хөгжүүлэх, салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

      2.2.4. Нээлттэй, ил тод, шуурхай, чанартай судалгаа, цахим шийдэлд суурилсан хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх.

2.3. Эрхэм зорилго

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхэм зорилго нь хүн амын хөгжил, хөдөлмөр, мэргэжлийн боловсрол, нийгмийн хамгааллын харилцан уялдаатай цогц бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахад оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:

      2.4.1. Салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн төслийг боловсруулахад судалгаа, шинжилгээ, бодлогын удирдамжаар хангах, статистикийн мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, салбарын цахим мэдээллийн технологийг хөгжүүлэх;

      2.4.2. Бүтээн байгуулалт, салбаруудын эрэлтэд нийцсэн хөдөлмөрийн зах зээлийн зөв, оновчтой тогтолцоо бий болгож хөгжүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлэх;

      2.4.3. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзсан, хэрэгцээнд нийцсэн нийгмийн даатгалын тогтолцоог бий болгох замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах;

      2.4.4. Нийгмийн халамж, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулж, ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх;

      2.4.5. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх;

      2.4.6. Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах, оролцоо хүртээмжийг сайжруулах, нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн салбар дундын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

      2.4.7. Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжих;

      2.4.8. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, хууль зүйн дэмжлэг үзүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх;

      2.4.9. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод хяналт шалгалт, аудит хийх.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дараахь гол зорилтуудыг хэрэгжүүлнэ:

      2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

               2.5.1.1. салбарын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны нэгдсэн бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах;

               2.5.1.2. “Цахим засаглал үндэсний хөтөлбөр” (E-MONGOLIA)-ийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, салбарт цахим засаглалыг бүрэн нэвтрүүлэх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн зохистой ашиглалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

               2.5.1.3. салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг сайжруулах, статистик мэдээллийг эрхлэн хөтлөх.

      2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.2.1. хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны бодлого, стратеги, хөтөлбөрийг төлөвлөх, хууль тогтоомж, бодлого, стратеги, загвар хөтөлбөр, үйл ажиллагааны төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, мэргэжил арга зүйгээр хангах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт харилцааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

               2.5.2.2. хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

               2.5.2.3. гадаадаас ажиллах хүч авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохицуулах;

               2.5.2.4. төрийн албаны цалин хөлсний тогтолцоо, ангилал, зэрэглэлийг сайжруулах, нийгмийн баталгааны асуудлаар хууль тогтоомж, шийдвэрийн төслийн санал боловсруулах, уялдуулан зохицуулах;

               2.5.2.5. хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн норм, нормативын асуудлаар санал боловсруулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

              2.5.2.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах.

      2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.3.1. хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулах, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох;

             2.5.3.2. нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

      2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

             2.5.4.1. нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ядуурлыг бууруулах салбар дундын бодлогын уялдааг зохицуулах;

             2.5.4.2. нийгмийн халамжийн хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбар дундын бодлогын уялдааг зохицуулах.

     2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.5.1. мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйгээр хангах, зохицуулах, хяналт тавих;

            2.5.5.2. техникийн болон мэргэжлийн боловсролын стандарт, агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, үр дүнг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшингээр тооцох болон мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах;

             2.5.5.3. хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүний нөөцийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлан хамтран ажиллах;

             2.5.5.4. мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв, бүсийн арга зүйн төв, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, чанарын баталгаажилтын тогтолцоог бэхжүүлэх багш, суралцагчдын судалгаа, мэдээлэлд хяналт тавих.

      2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

              2.5.6.1. хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангах, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

              2.5.6.2. ядуурлыг бууруулах, хүн амын насны бүтэц, насжилт, ахмад настан, хүний хөгжлийн асуудлаар бодлогын хэрэгжилтийг зохицуулах, удирдамжаар хангах;

              2.5.6.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах.

      2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

              2.5.7.1. хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

              2.5.7.2. гэр бүлийг бэхжүүлэх, хүн амын тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
       
      2.5.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

              2.5.8.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, олон нийттэй харилцах;

              2.5.8.2. хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр, яамны зүгээс бусад байгууллагатай байгуулах гэрээний төслийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, хууль зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

              2.5.8.3. салбарын гадаад хамтын ажиллагааг эрхэлж, гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

              2.5.8.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, төсвийг зарцуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, тооцоо гаргахад дэмжлэг үзүүлэх, төрийн сангийн салбарын үйл ажиллагааг эрхлэх, яамны дотоод санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, тайлагнах.
      
      2.5.9. Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:

              2.5.9.1. хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр    дүнд нь үнэлгээ өгөх замаар оновчтой бодлого, стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

              2.5.9.2. хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган зөвлөгөө, мэдээллээр хангах.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яам нь зорилго, зорилтоо тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл
ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар

 

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

     3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

     3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдааг хангах, чадварлаг байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

     3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой илэрхийлэгдэж байх, тухайлбал, яамны бүтэц, нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

      3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

      3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах);

    3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яаманд ажиллагсад нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

      3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд бодитой, үр өгөөжтэй байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тогтоосон.

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд дараахь үндсэн үүрэг, чиг үүрэгтэй байна:

      3.3.1. бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомжийн төсөл, нэгдсэн бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, төлөвлөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарт цахим засаглалыг бүрэн нэвтрүүлэх, салбарын статистик, мэдээллийг эрхлэх, судалгаа шинжилгээний чадавхыг сайжруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Мэдээллийн технологи, статистикийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь сайдад салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах замаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим), зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

      3.3.2. хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны бодлого, стратеги, хөтөлбөрийг төлөвлөх, хууль тогтоомж, бодлого, стратеги, загвар хөтөлбөр, үйл ажиллагааны төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйгээр хангах, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх; ажиллах хүч гадаадаас авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохицуулах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт харилцааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх, төрийн албаны цалин хөлсний тогтолцоо, ангилал, зэрэглэлийг сайжруулах, нийгмийн баталгааны асуудлаар хууль тогтоомж, шийдвэрийн төслийн санал боловсруулах, уялдуулан зохицуулах, хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн норм, нормативын асуудлаар санал боловсруулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих, Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн асуудал хариуцсан нэгжүүд ажиллана. Нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нийгмийн түншлэлийн байгууллагууд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төвүүд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам болон бусад яамд, Үндэсний хөгжлийн газар байна.

      3.3.3. нийгмийн даатгалын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын чиг үүрэгтэй давхардалгүй ажиллах бөгөөд үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь байгууллага, иргэд байна.

      3.3.4. нийгмийн халамжийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн халамжийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, нийгмийн халамжийн хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ядуурлыг бууруулах салбар дундын бодлогын уялдааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын чиг үүрэгтэй давхардалгүй ажиллах бөгөөд үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь байгууллага, иргэд байна.

      3.3.5. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн зохицуулах, мэргэжлийн боловсролын стандарт, агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангах, элсэлт, төгсөлт, багш, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар хэрэгжинэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад яамд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, багш, суралцагчид, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Боловсрол, шинжлэх ухааны яам, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид байна.

      3.3.6. хүн амын хөгжлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хүн ам,  хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, хүн амын насны бүтэц, насжилттай холбоотой хөгжил, хамгааллын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төвүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

      3.3.7. гэр бүлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд гэр бүлийн асуудлаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүүхэд, залуучууд, хүний хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төвүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

      3.3.8. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах, яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах, үр дүнг нь тооцох ажлыг зохион байгуулах, зохицуулах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр, яамны зүгээс бусад байгууллагатай байгуулах гэрээний эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах, Сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, тайлагнах, төрийн өмчийн бүртгэл, хяналт, төрийн сангийн төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн тайлагнал, төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, салбарын алба хаагчдын нийгмийн асуудал, харьяа төсөвт нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, яамны санхүү, аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Хууль зүй, Санхүү хөрөнгө оруулалт, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нэгжүүд ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй,  хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхыг дээшлүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах, салбарын хөрөнгө оруулалт төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төвүүд, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Худалдан авах ажиллагааны газар болон гааль, татвар, эрүүл мэндийн байгууллага байна.

      3.3.9. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх аргачлал боловсруулах, аргачлалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит хийх, салбарын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх, яамны удирдлагыг бодлогын зөвлөмжөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах чиглэлээрх эрсдэлийг тодорхойлж, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, салбарын өнөөгийн байдлыг үнэн зөв тогтоох, хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийг оновчтой хийх, гүйцэтгэлийг тухай бүр шалгах, үр нөлөөг бодитоор үнэлж, дүгнэх, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, салбарын байгууллагууд, дээд шатны байгууллага, иргэдийн өмнө зэрэг тайлагнах тогтолцоог бий болгоход чиглэнэ. Энэ нь эрсдэлийг тодорхойлж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ, аудит хийж, үнэлгээ өгч, дүгнэлт, зөвлөмж гарган бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны харьяа байгууллага, зохион байгуулалтын бүтцийн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус болон шашны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аудитын газар, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллага байна.

 

-----о0о----