A

A

A

Бүлэг: 1979
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ

 

Засгийн газрын 2020 оны 227 дугаар
  тогтоолын хавсралт

 

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрэм нь Жендэрийн үндэсний хороо (цаашид "Хороо" гэх), түүний Ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Жендэрийн үндэсний хорооны дүрмийг Монгол Улсын Засгийн газар, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар тус тус батална.

1.3. Хорооны үндсэн зорилго нь жендэрийн тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад оршино.

1.4. Хороо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг удирдлага болгоно.

1.5. Хороо, түүний Ажлын алба тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. Хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт

2.1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 17.2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хороог тэргүүлж, түүний үйл ажиллагааг удирдлагаар хангана.

2.2. Хороо нь орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй байна.

2.3. Хороо нь шаардлагатай бол жендэрийн тэгш байдлыг хангах тодорхой асуудлаар зөвлөл, ажлын хэсэг, шинжээчдийн бүлэг байгуулан ажиллуулж болох бөгөөд бүрэлдэхүүнийг хорооны хуралдаанаар батална.

2.4. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хорооны хуралдаан байна.

2.5. Хорооны ээлжит хуралдааныг жилд нэгээс доошгүй удаа хийнэ. Шаардлагатай бол хорооны даргын санаачилгаар, эсхүл хорооны гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

2.6 Хуралдааныг хорооны жендэрийн салбар зөвлөл, хороодын болон мэргэжлийн шинжээчдийн, эрдэмтдийн, холбогдох төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж болно.

2.7. Хорооны нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.8. Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

2.9. Хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргаж хорооны дарга гарын үсэг зурна.

2.10. Хорооны хуралдааныг тэмдэглэл хөтөлж баталгаажуулах бөгөөд түүнд хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

2.11. Хорооны хуралдааны дэгийг хорооны дарга батална.

Гурав. Хорооны чиг үүрэг

3.1. Хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хорооны дарга, гишүүний эрх, үүрэг

4.1. Хорооны дарга дараахь эрх, үүрэгтэй:

      4.1.1. хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газарт санал болгох;

      4.1.2. хорооны ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталж, хуралдааныг товлох, даргалах;

      4.1.3. хороог дотоод, гадаадад төлөөлөх;

      4.1.4. хорооны гишүүдэд үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;

      4.1.5. хорооны үйл ажиллагааны тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулах.

4.2. Хорооны гишүүн дараахь эрх, үүрэгтэй:

4.2.1. хорооны хуралдаанд биечлэн оролцож, шийдвэрлэх асуудлаар санал оруулах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Ажлын албанд албан ёсоор мэдэгдэж, хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр санал өгөх;

4.2.2. хорооны шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцах, хариуцсан чиглэлийн дагуу зөвлөгөө өгөх, тавьсан санал, хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, хяналт тавих;

4.2.3. хорооны даргын өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх, ажлын тайлангаа хороонд тайлагнах;

4.2.4. хариуцсан чиглэлийн дагуу хороонд холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримт гаргаж өгөх;

4.2.5.хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, санал өгөх, хэрэгжилтийг зохион байгуулах. (Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

4.2.6.хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах. (Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор нэмсэн)

4.3. Хорооны даргын түр эзгүйд түүний эрх үүргийг хорооны орлогч дарга хэрэгжүүлнэ.

4.4. Хорооны нарийн бичгийн дарга нь хорооны Ажлын албаны дарга байна.

4.5. Хорооны нарийн бичгийн даргыг хорооны дарга томилж, чөлөөлнө.

Тав. Хорооны Ажлын алба

5.1. Хорооны өдөр тутмын ажлыг түүний Ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх) хариуцан гүйцэтгэнэ. Ажлын албаны дарга, орон тооны ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байна.

5.2. Ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.2.1. хорооны жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;

5.2.2. жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, хөгжлийн зорилтот хөтөлбөр, жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031), хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах; (Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.2.3. жендэрийн тэгш байдлыг хангах арга хэмжээг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтийг хангах, санхүүгийн эх үүсвэрийг төлөвлөн батлуулах ажлыг удирдан зохион байгуулах;

5.2.4. жендэрийн тэгш байдлыг хангах хууль тогтоомж, холбогдох хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

5.2.5. хорооны салбар зөвлөл, хороо болон дэд салбар зөвлөл, хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг нь уялдуулан, зөвлөмж чиглэлээр хангах;

5.2.6. Ажлын албаны хүний нөөцийн талаарх бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах;

5.2.7. төрийн албан хаагчийн жендэрийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хуульд заасан байгууллагуудтай хамтран ажиллах, жендэрийн сургагч багш бэлтгэх;

5.2.8. салбар, орон нутгийн жендэрийн асуудал хариуцсан ажилтныг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

5.2.9. хорооны үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх;

5.2.10. хорооны хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, хорооны шийдвэрийг албажуулан гаргаж, нийт гишүүд, салбар хороо, зөвлөлд хүргүүлэх;

5.2.11. хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;

5.2.12. жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

5.2.13. жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, олон улсын байгууллагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дүнг хорооны хуралд танилцуулах;

5.2.14. жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.3.12-т заасны дагуу үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шагнал урамшилд тодорхойлох үйл ажиллагааг зохион байгуулж, хорооны хуралдаанд танилцуулах;

5.2.15. хорооны архив, бичиг хэргийг хөтлөх, хадгалах, хамгаалах асуудлыг хариуцах.

5.2.16.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15.1.4.а-д заасан Засгийн газрын тайланг бэлтгэж Засгийн газрын хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцүүлэх арга хэмжээ авах; (Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор нэмсэн)

5.2.17.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.4, Улс төрийн намын тухай хуулийн 8.7-д заасан тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу дараа оны 03 дугаар сарын сарын 01-ний өдрийн дотор хүлээн авч, олон нийтэд мэдээлэх; (Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор нэмсэн)

5.2.18.Улс төрийн намын тухай хуулийн 8.8-д заасан дүгнэлтийг нэгтгэж, жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах. (Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор нэмсэн)

5.3. Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:  (Энэ хэсэгт Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

      5.3.1. Ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

      5.3.2. бүрэн эрхийнхээ асуудлаар тушаал гаргах;

    5.3.3. Ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг баталж, ажилтнуудыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг дүгнэх, урамшуулал олгох;

      5.3.4. хорооны салбар зөвлөл, хороо болон дэд салбар зөвлөл, хорооны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах;

      5.3.5. хорооны дэргэд тодорхой асуудлаар байгуулагдсан зөвлөл, ажлын хэсэг, шинжээчдийн бүлгийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

      5.3.6. хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гарган хорооны даргаар батлуулах, хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

      5.3.7. хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн Ажлын албаны төсвийг захиран зарцуулах, тайлагнах, шилэн данс хөтлөх.


Зургаа. Хорооны салбар хороо, зөвлөл

6.1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хороо нь аймаг, нийслэлд салбар хороо, төрийн захиргааны төв байгууллагад салбар зөвлөлтэй байна.

6.2. Салбар хороог тухайн шатны Засаг дарга, салбар зөвлөлийг яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь батална.

6.3. Салбар хороо нь тухайн аймгийн сум, нийслэлийн дүүрэг, хороонд дэд салбар хороо, салбар зөвлөл нь харьяа байгууллага, агентлагт дэд салбар зөвлөл байгуулж ажиллана.

6.4. Салбар хороо, зөвлөлийн бүрэлдэхүүн нь холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллага, агентлаг болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.

6.5. Салбар хороо, зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжид болон тухайн шатны Засаг даргын Тамгын газарт жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна.

6.6. Салбар хороо, зөвлөл болон дэд салбар хороо, зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын үлгэрчилсэн загварыг хорооны Ажлын алба боловсруулж мөрдүүлнэ.

6.7. Салбар хороо, зөвлөл нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд эрхэлсэн салбарын хэмжээнд болон харьяа нутаг дэвсгэртээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, хөгжлийн зорилтот хөтөлбөр, хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.

6.8. Салбар хороо, зөвлөл нь тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг зохих шатны төсөвт тусгуулах арга хэмжээ авна.

6.9. Салбар хороо, зөвлөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан албан ёсны маягтаар болон бичгээр дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор багтаан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанд хүргүүлнэ. Тайланд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1.8, 19.1.9-д заасан мэдээллийг бүрэн тусгана.

6.10. Салбар хороо нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, салбар зөвлөл нь асуудал эрхэлсэн салбарын сайдад ажлаа тайлагнана.

Долоо. Хорооны үйл ажиллагааны зардлын санхүүжилт

7.1. Хороо, түүний Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Найм. Бусад зүйл

8.1. Хороо нь монгол, англи хэлээр өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай мэдээллийг харуулсан албан ёсны цахим хуудастай байна.

 


----о0о----