- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Улсын аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олон, тариаланч)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 5
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Улсын аварга фермер шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралт, "Улсын аварга саальчин шалгаруулах журам"-ыг 3 дугаар хавсралт, "Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
/ Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2021 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. Мөн Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор 1, 2, 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцож, 4 дүгээр хавсралтад нэмэлт орсон /
2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан шагналд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
3.Малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, тогтвортой, ухаалаг газар тариалан эрхлэх замаар эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин, саальчин, фермер, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэмд оруулж байгаа хувь нэмэр зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлэн, орон нутагтаа тэргүүлсэн малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчийг шалгаруулан шагнаж урамшуулж байхыг аймаг, сумын Засаг дарга нарт, фермерийг шалгаруулан шагнаж урамшуулж байхыг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
/Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 338 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A