A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2021 оны 5 дугаар
      тогтоолын 4 дүгээр хавсралт

 

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН
АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон нийгэмд оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хувь нэмрийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журмын шаардлагыг хангасан 12 хүртэл ахуйн нэгжийн сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Улсын аварга тариаланч хамт      олон”-оор, 21 иргэнийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Улсын аварга тариаланч”-аар тус тус шалгаруулна. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа тракторч-комбайнчийг Улсын аварга       тариаланч”-аар шалгаруулж болно.

1.3. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

2.1. Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлагыг хангасан байна:

2.1.1. аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь 10-аас дээш жил тариалангийн үйлдвэрлэл тогтвортой эрхэлсэн байх;

2.1.2. хамт олон нь жил бүр усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 250 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 500 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 10 га, иргэн нь усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 50 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 100 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 0.5 га-аас доошгүй талбайд тус тус тариалалт хийж ургац хураан авсан байх;

2.1.3. сүүлийн 3 жил дараалан жил бүр га тутмаас хураан авсан үр тарианы ургац нь усалгаагүй талбайд 15 цн-ээс, усалгаатай талбайд 30 цн-ээс, төмсний ургац нь усалгаагүй талбайд 160 цн-ээс, усалгаатай талбайд 200 цн-ээс, малын тэжээлийн ургац нь усалгаагүй талбайд 30 цн-ээс, усалгаатай талбайд    60 цн-ээс доошгүй байх;

2.1.4. сүүлийн 3 жил дараалан жил бүр га тутмаас байцаа 250 цн-ээс, үндэс үрт ногоо 180 цн-ээс, сонгинолог ургамал 120 цн-ээс, хамгаалагдсан хөрсний 1 метр квадрат талбай тутмаас өргөст хэмх 18 кг, улаан лооль 12 кг, гүзээлзгэнэ 2 кг, навчит ногоо 2 кг-аас доошгүй ургац хураан авсан байх;

2.1.5. сүүлийн 3 жил дараалан жил бүр комбайнаар шууд хураалтад шилжүүлснээр 400 га, трактораар 1200 жишмэл га-аас доошгүй ажил гүйцэтгэсэн байх;

2.1.6. хөрсний үржил шимийг хамгаалах, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, үр тарианы үйлдвэрлэлд уриншийн эзлэх хувийн жинг багасгаж, тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулсан байх; 

(Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.1.7. үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид нь эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оны тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үр нөөцөлсөн байх;

2.1.8. аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, шинээр ажлын байр бий болгох, ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байх;

2.1.9. татвар, хураамж болон газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн байх;

2.1.10. хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний газартай болж техникийн бэлэн байдал, хангамжийг сайжруулсан байх;

2.1.11.Тариалангийн тухай хуулийн 25.1-д заасан хөрс хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа болон ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн байх; (Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор нэмсэн)

 2.1.12.хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн байх, аж ахуйн нэгж нь хөдөө аж ахуйн инженер, агрономичтой байх; 

(Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор нэмсэн)

 2.1.13.талбайн түүх хөтөлсөн байх, ургамлын гарал үүсэл, бүртгэл хяналтын систем (www.plant.mofa.gov.mn)-д бүртгүүлсэн байх; 

(Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор нэмсэн)

 2.1.14.статистик мэдээллийг цаг тухайд нь сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг, холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж мэдээллийн нэгдсэн системд оруулсан байх; (Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор нэмсэн)

 2.1.15.тариалангийн талбайд ойн зурвас байгуулсан байх. (Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор нэмсэн)



Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах

3.1. Аймаг, нийслэлийн аварга тариаланч хамт олон, аварга тариаланчаар шагнагдсанаас хойш хоёроос доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тариаланч хамт олон, тариаланчийг “Улсын аварга тариаланч хамт олон”, “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулахаар тодорхойлно.

3.2. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тодорхойлолт, холбогдох материалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор багтаан аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

3.3. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянаж аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн, хамгийн өндөр амжилт гаргасан гурав хүртэлх аж ахуйн нэгж, байгууллага, тав хүртэлх тариаланчийн тодорхойлолт, холбогдох материалыг жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.4. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь материалыг бүрдүүлнэ:

3.4.1. тариаланчийн товч анкет (Хүснэгт 1-ийн дагуу);

3.4.2. сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт (Хүснэгт 2-ын дагуу);

3.4.3. аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар;

3.4.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ажил байдлын талаарх сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

3.4.5. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;

3.4.6. харилцагч татварын байгууллагын тодорхойлолт, орлогын татвар төлөлтийн баримт;

3.4.7. аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагаас хөрс хамгаалах талаар авсан арга хэмжээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн тухай тодорхойлолт, шалгаруулах үзүүлэлтийг газар    дээр нь шалгасан дүгнэлт;
3.4.8.тариалангийн талбайн хөрсний агрохими, агрофизикийн үзүүлэлтийг тодорхойлсон лабораторийн шинжилгээг сүүлийн 3 жилийн аль нэгд нь хийлгэж, цахим мэдээллийн санд оруулсан байх. (Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор нэмсэн)

3.5. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөрт авсан бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.

3.6. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв  байгууллага нь улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулахаар ирүүлсэн материалыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ажлын үзүүлэлтээр нь байр эзлүүлэн энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулан шагнуулах саналаа Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ.

3.7. Энэ журам батлагдахаас өмнө “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч” шагналаар шагнагдаж байсан хамт олон, иргэнийг “Улсын аварга тариаланч хамт олон”, “Улсын аварга тариаланч”-тай адилтган үзнэ.

3.8. Иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар зөвхөн нэг удаа шалгаруулна.

3.9. Аж ахуйн нэгж, байгууллага “Улсын аварга тариаланч хамт олон” шагналаар шагнагдсанаас хойш үзүүлсэн амжилтаа 3-аас дээш жил тогтвортой хадгалсан бол уг аж ахуйн нэгж, байгууллагыг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор дахин шалгаруулахаар тодорхойлж болно.

Дөрөв. Шагнал олгох

4.1. Улсын аварга тариаланч хамт олон тус бүрийг 5.0 (таван) сая төгрөгт багтаан, өргөмжлөл, дурсгалын цом, туг, мөнгөн аяга, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, улсын аварга тариаланч тус бүрийг 3.0 (гурван) сая төгрөгт багтаан энгэрийн тэмдэг, үнэмлэх, мөнгөн цар, бусад зүйлсээр шагнана. 

(Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

4.2. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулна.

 

---о0о---

 

Хүснэгт 1

 

Цээж зураг

(6х4)-ийн хэмжээтэй

 

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА

ИРГЭНИЙ ТОВЧ АНКЕТ

 

……он…сар…өдөр

1.

Аймаг, нийслэл, сум, дүүрэг,

баг, хорооны нэр

 

2.

Ургийн овог

 

3.

Эцгийн /эх/ нэр

 

4.

Нэр

 

5.

Төрсөн он, нас, хүйс

 

6.

Боловсрол 

 

7.

Ам бүлийн гишүүдийн тоо, тэдний эрхэлж байгаа ажил

 

8.

Улсад ажилласан нийт хугацаа, хийж байсан ажил

 

9.

Тариаланчаар ажилласан хугацаа

 

10.

Төр, засгаас авсан шагнал, огноо

 

11.

Аймгийн тэргүүний тариаланчаар шалгарсан он, үнэмлэхийн дугаар

 


Хүснэгт 2

 

 

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР
ШАЛГАРУУЛАХ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Онууд

Тайлбар

... он

... он

... он

1. Тариалангийн эргэлтийн талбай (га)

 

 

 

 

Үүнээс: а/ тариалсан

 

 

 

 

             а/ уриншилсан

 

 

 

 

2. Таримлын төрөл

 

 

 

 

 

 

 

 

 

3. Хураан авсан ургац, нэр төрлөөр (тонн)

 

 

 

 

Үүнээс: а/ нөөцөлсөн үр (тонн)

 

 

 

 

             б/ зах зээлд борлуулсан ургац (тонн)

 

 

 

 

4. Нэг га-ийн ургац, нэр төрлөөр (тарьсан талбай цн-ээр)

 

 

 

 

Үүнээс: а/ усалгаатай талбайгаас (цн)

 

 

 

 

             б/ усалгаагүй талбайгаас (цн)

 

 

 

 

5. Нийт борлуулалт (сая.төг)

 

 

 

 

Үүнээс: а/ төлсөн татвар (сая.төг)

 

 

 

 

             б/ даатгалд (сая.төг)

 

 

 

 

6. Ашиг (сая.төг)

 

 

 

 

7. Ажлын байрны тоо

 

 

 

 

8. Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн орлого (мян.төг)

 

 

 

 

9. Трактораар гүйцэтгэсэн ажил, жишмэл га-аар

 

 

 

 

10. Комбайнаар хураасан талбай, шууд

хураалтад шилжүүлсэн га-аар, авсан ургац тонноор

 

 

 

 

 

Тайлбар: Энэ хүснэгтэд зөвхөн сүүлийн 3 жилийн тариалангийн үзүүлэлтийг бичнэ. Шагнагдах үндэслэлийн талаар тодорхойлолтод дэлгэрэнгүй бичиж, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үзүүлэлт тус бүрээр бүрдүүлж ирүүлсэн байна. Дээрх хүснэгтийн 9, 10-т заасан ажлын хэмжээ нь зөвхөн тракторч-комбайнчид хамаарна.

 

Үзүүлэлтийг гаргасан:

Сум, дүүргийн Засаг дарга ----------------(........................)

 

Мэргэжилтэн -----------------------------------(........................) 

 

Хянаж баталсан: 

Аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуй

хариуцсан байгууллагын дарга---------------(.....................)

 

Мэргэжилтэн     ------------------------------------(.....................)