A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.11, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, ухуулан таниулах үүрэг бүхий Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 39 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Түр хорооны өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын шуурхай хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулсугай.

3. Түр хорооны болон Ажлын шуурхай хэсгийн үйл ажиллагааны зардалд зориулж 180,0 (нэг зуун наян) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.

4. Түр хороо, Ажлын шуурхай хэсгийг үнэн зөв, бодит мэдээллээр тухай бүр хангаж, мэдээ, мэдээллийг зөвхөн нэг сувгаар, түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу мэдээлж байх, нийтэд буруу ташаа, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх, тараасан бол холбогдох албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5. КОВИД-19 халдварын цар тахалтай холбоотой мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэдээ, мэдээллээр тогтмол, жигд хангах арга хэмжээ авахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Болор-Эрдэнэ)-т даалгасугай.

6. Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хорооны үйл ажиллагааны чиглэл, ажил үүргийн хуваарь, Ажлын шуурхай хэсгийн ажиллах журмыг батлан мөрдүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН