A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.5, 7.1.11, 7.1.23, 7.1.25, 7.1.26, 7.1.28, 7.1.34, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 13.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 131, 216, 273, 341 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 117, 144, 175, 301, 431 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Батлагдсан төлөвлөгөөний хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах  аж ахуйн нэгжийн төлөх зээлийн нийт хүүгийн 9.0 нэгж хүртэл хувийг, иргэдийн төлөх зээлийн нийт хүүгийн 10.0 нэгж хүртэл хувийг, хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдийг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэдийн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн 3.0 нэгж хувийг, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, ноолуур, ноос, арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэл, гурил, тэжээл, ургамлын тос, хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэл болон хүнс боловсруулах, хүнсний сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох, хүнсний ногооны агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар зээлд хамрагдах зээлдэгчийн төлөх зээлийн нийт хүүгийн 7.65 нэгж хувийг 2021 онд, 10.65 нэгж хувийг 2022 оноос, малчдыг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг тус тус Засгийн газраас хариуцан төлөхөд 2021 онд шаардагдах зардлын эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар, 2022-2027 онуудад шаардагдах зардлын эх үүсвэрийг тухайн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт тус тус даалгасугай.

 (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 59 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан, мөн Засгийн газрын 2021 оны 131, 341 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 117, 175, 301, 365, 431 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

3. Зээлийн батлан даалтын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 50.0 (тавин) тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг зохих журмын дагуу гаргаж, Хадгаламжийн даатгалын корпорацид худалдах арга хэмжээ авахыг Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөл (Т.Жамбалцэрэн)-д зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоолын 3-т заасан өрийн хэрэгслийн үндсэн төлбөрт шаардагдах нэмэлт эх үүсвэрийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт тус тус даалгасугай.

5. Цогц төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг болон хөдөө аж ахуйг дэмжих зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкуудтай холбогдох гэрээг зохих журмын дагуу байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт тус тус зөвшөөрсүгэй.

6. Цогц төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бол зарим арга хэмжээний талаар холбогдох шийдвэрийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

7. Цогц төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, дүнг хагас жил тутам нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, холбогдох сайд нарт даалгасугай.

8. Ажлын байрыг дэмжих зээлийн Засгийн газрын хариуцан төлөх хүүгийн хувийг энэ тогтоолын 2-т заасан хязгаарт багтаан тогтоохыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй. 

 / Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 131 дүгээр тогтоолоор нэмсэн /

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН