- Нүүр
- Эрх зүйн акт
- ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 51 дүгээр
тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГИЙГ
ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.6-д заасан Засгийн газрын нөөц сан (цаашид "Нөөц сан" гэх)-ийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавихад энэ журмыг мөрдөнө.
1.2.Нөөц сангийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаа нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
Хоёр.Нөөц сангийн хөрөнгийг зарцуулах
2.1.Нөөц сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
2.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь нөөц сангаас хөрөнгө зарцуулах тухай Засгийн газрын шийдвэрийн төслийг дор дурдсан шаардлагад нийцүүлэн боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зохих журмын дагуу хүргүүлж саналыг авч, тусгасан байна:
2.2.1.шийдвэрийн төсөл нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5-д заасан зориулалттай бүрэн нийцсэн болохыг танилцуулгад тодорхой тусгасан байх;
2.2.2.урьдчилан тооцож төлөвлөх, эсхүл батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг тусгаагүй байх;
2.2.3.нөөц сангаас хөрөнгө зарцуулах үндэслэл, шаардлага, үр дүнг шийдвэрийн төслийн танилцуулгад тодорхой дурдсан байх;
2.2.4.арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг зөв, бодитой тооцсон эсэхийг холбогдох норм, норматив, тариф, бусад баримтаар нотолсон байх;
2.2.5.хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шийдвэрийн төсөлд хавсаргасан байх.
2.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, албан ёсоор дэмжсэн санал өгсөн шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
2.4.Цаг үеийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйлс, нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай горимоор нөөц сангаас хөрөнгө гаргах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
2.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын шийдвэрийг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн албан бичиг, холбогдох материалыг хянан төсвийн захирагчид хуваарилагдсан хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээг авна.
2.6.Нөөц сангийн санхүүжилтийн хэлбэрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Гурав.Нөөц сангийн тайлагнал, ил тод байдал, хяналт тавих
3.1.Нөөц сангийн хөрөнгийн зарцуулалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.4-т заасны дагуу санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгаж Засгийн газар, Улсын Их Хуралд тайлагнана.
3.2.Төсвийн бүх шатны холбогдох захирагч нь нөөц сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.3-т заасны дагуу аудит хийлгэнэ.
3.3.Нөөц сангийн зарцуулалтад Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25.3-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 25.4-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч тус тус хяналт тавина.
3.4.Төсвийн бүх шатны холбогдох захирагч нөөц сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.5-д заасан хугацаанд шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
Дөрөв.Бусад
4.1.Төсвийн захирагч нөөц сангийн санхүүжилтийг өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
4.2.Энэ журамд заасныг зөрчиж нөөц сангийн хөрөнгийг зарцуулсан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A