- Нүүр
- Эрх зүйн акт
- Хасвралт -1
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр /цаашид "Газрын тос боловсруулах үйлдвэр" гэх/-ийг байгуулах болон түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хууль тогтоомж
2.1.Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Барилгын тухай хууль, Усны тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийг барьж, ашиглалтад оруулах, үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Энэ хуулиар зохицуулаагүй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбогдсон харилцааг холбогдох бусад хуулиар зохицуулна.
3.3.Энэ хуульд заасан харилцааг нарийвчлан зохицуулах Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
Текст томруулах
A
A
A