- Нүүр
- Эрх зүйн акт
- ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ 3ӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ 3ӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2021 оны 3 дугаар сарын 18 өдрийн
А/92 дугаар тушаалын хавсралт
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ 3ӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2.Зөвлөлийн бүрэлдэхүүн, хамгаалуулах чиглэл, түшиглэх сургуулийг Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Хамгаалах чиглэл бүрд зөвхөн нэг зөвлөл байна.
1.3.Зөвлөлийг дараах шаардлагыг хангасан докторын сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй их сургууль (цаашид "түшиглэсэн сургууль" гэнэ)-ийг түшиглэн байгуулна. Үүнд:
1.3.1.Тухайн хамгаалуулах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, энэ дүрмийн 2.1.1, 2.1.2 дахь заалтыг хангасан таваас дээш үндсэн багштай байх;
1.3.2. Докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш хоёроос доошгүй удаа төгсөлт хийсэн байх;
1.4.Зөвлөл албан бичгийн хэвлэмэл хуудастай байх бөгөөд түшиглэсэн сургуулийн тамгыг хэрэглэнэ.
1.5.Энэ дүрмийн 2.1.1, 2.1.2 дахь заалтыг хангасан эрдэмтдийн дэлгэрэнгүй мэдээлэл Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох мэдээлийн санд бүртгэгдсэн байна.
Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн, тавигдах шаардлага
2.1.Зөвлөл доорх шаардлагыг хангасан 15-аас ихгүй эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
2.1.1.Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтнаар 10-aac доошгүй жил ажилласан, докторын зэрэгтэй байх;
2.1.2.Сүүлийн гурван жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгээс доошгүй, хянан магадалгаа хийгддэг дотоод, гадаадын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй өгүүллийг нэгдүгээр зохиогч, холбоо баригч зохиогчоор хэвлүүлсэн байх эсвэл докторант удирдаж докторын зэрэг хамгаалуулсан туршлагатай байх;
2.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ дүрмийн 1.5 дахь заалтад заасан мэдээллийн санд бүртгэлтэй, дүрмийн шаардлага хангасан эрдэмтдээс сонгон Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гурван жилийн хугацаагаар батална.
2.3.Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
2.4.Зөвлөлийн даргыг түшиглэсэн сургуулийн төлөөллөөс Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
2.4.1.Зөвлөлийн дарга нь гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавина.
2.4.2.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцана.
2.5.Зөвлөлийн орлогч даргыг зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн дунд ил санал хураалтаар сонгоно.
2.6.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь түшиглэсэн сургуулийн докторын сургалт эрхэлж буй тэнхимийн эрхлэгч байна. Тэнхимийн эрхлэгч энэхүү дүрмийн 2.1.1, 2.1.2 дахь заалтын шаардлага хангахгүй тохиолдолд түшиглэсэн сургуулиас шаардлага хангасан эрдэмтэнг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилно.
2.7.Докторантын суралцаж буй чиглэл, хамгаалах судалгааны ажлын сэдвийн онцлогийг харгалзан хоёр хүртэлх эрдэмтэнг зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нар зөвлөлдөн томилж хамгаалуулах үйл ажиллагаанд саналын эрхтэйгээр оролцуулж болно. Удирдагч болон шүүмжлэгч эрдэмтнийг оролцуулахгүй.
2.8.Нэг байгууллагын төлөөлөл Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй байна. Түшиглэснээс бусад байгууллагаас энэхүү дүрмийн 2.1-д заасан шаардлагыг хангасан эрдэмтэн байхгүй тохиолдолд дээрх харьцааг баримтлахгүй байж болно.
2.9.Хамгаалуулах зөвлөлийн гишүүн хоёр хүртэлх хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж болно.
2.10.Зөвлөлийн бүрэлдэхүүнд гадаадын эрдэмтэнг оруулах хүсэлтийг түшиглэсэн сургуулиас гаргаж болно.
2.11.Дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанаар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Үүнд:
2.11.1.Эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон.
2.11.2.Гадаад улсад урт хугацаагаар амьдарч, ажиллах болсон.
2.11.3.Ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдсөн.
2.11.4.Нас барсан.
2.11.5.Өөрийн хүсэлтээр зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарах өргөдөл гаргасан.
2.12.Ёс зүйн зөрчил гаргасан болон гэмт хэрэг үйлдсэн нь холбогдох байгууллага, ёс зүйн хороогоор хэлэлцэгдэж нотлогдсон тохиолдолд зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг
хугацаанаас нь өмнө чөлөөлнө.
2.13.Түшиглэсэн сургууль нь зөвлөлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа
3.1.Зөвлөл нь докторантын судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд ажил хэрэгч, чанартай, шударга хэлэлцэн дүгнэлт гаргана.
3.2.Зөвлөлийн үйл ажиллагааг ил тод мэдээлнэ.
3.3.Докторантаас докторын зэрэг хамгаалах хүсэлт ирүүлснээс хойш 45 хоногийн дотор докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
3.4.Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа нь урьдчилсан ба жинхэнэ хамгаалалтаас бүрдэнэ.
3.5.Докторантын ажлын урьдчилсан хамгаалалтыг докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 60%-аас доошгүй ирцтэйгээр докторын сургалт эрхэлж буй тухайн тэнхимийн багш нарыг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэнэ. Судалгааны ажил жинхэнэ хамгаалалтад оруулан хэлэлцэх шаардлага хангаагүй тохиолдолд хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн санал шүүмжийн дагуу засаж боловсруулах нөхцөлөөр нэг удаа хойшлуулна. Дахин зохион байгуулах урьдчилсан хамгаалалтын зардлыг докторант хариуцна. Хоёр дахь удаагийн урьдчилсан хамгаалалтаар шаардлага хангаагүй докторантад тухайн сургуулиас сургалтын багц цаг биелүүлсэн тухай гэрчилгээ олгоно.
3.6.Зөвлөл нь урьдчилсан хамгаалалтын шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд тухайн хурлаас хоёр шүүмжлэгчийг томилно.
3.6.1.Докторантын судалгааны ажлыг шүүмжлэгчид хүргэх ажлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга зохион байгуулна.
3.6.2.Шүүмжлэгч ажлын 10 хоногт багтаан тухайн докторантын судалгааны ажлын шүүмжийг бичгээр Зөвлөлд хүргэнэ.
3.6.3.Зөвлөл нь шүүмжийг авсан өдөртөө багтаан докторант болон удирдагч багшид тус тус хүргэнэ.
3.7.Зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны зарыг дараах байдлаар хүргэнэ.
3.7.1.Зарыг докторын зэргийн хамгаалалт болохоор товлогдсон өдрөөс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэлд нийтлүүлнэ. Зарыг нийтлэхтэй холбогдох зардлыг докторант хариуцна.
3.7.2.Зарыг докторантын суралцаж буй сургууль болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд тус тус байршуулна.
3.7.3.Зар тавигдсан тухай мэдээллийг докторантын суралцаж буй сургуульд докторын зэргийн хамгаалалт болохоор товлогдсон өдрөөс ажлын таваас доошгүй хоногийн өмнө албан ёсоор мэдэгдсэн байна.
3.8.Зөвлөлийн нарийн бичгийн дарга докторын зэргийн хамгаалалт болохоор товлогдсон өдрөөс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд докторантын диссертаци болон холбогдох материалыг хүргэсэн байна.
3.9.Зөвлөлийн дарга нь докторантын диссертацийг хэлэлцэхэд шаардлагатай лавлагаа, дүгнэлтийг холбогдох байгууллагаас гаргуулан авч болно.
3.10.Зөвлөлийн нарийн бичгийн дарга докторантаас дараах материалыг биет болон цахим хэлбэрээр хүлээн авна.
3.10.1.Докторантын диссертацийг зөвлөлд хүргүүлэх тухай докторантын суралцаж буй сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг;
3.10.2.Докторантын өргөдөл;
3.10.3.Докторантаар элссэн болон шилжилт хөдөлгөөн хийснийг гэрчлэх баримт бичиг;
3.10.4.Докторантын судалгааны ажлын сэдвийг баталсан болон удирдагч томилсон шийдвэр;
3.10.5.Докторантын магистрын зэргийг гэрчлэх диплом, дипломын хавсралтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.10.6.Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүдийн дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон тодорхойлолт;
3.10.7.Урьдчилсан хамгаалалт, өргөтгөсөн хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд;
3.10.8.Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлүүлсэн докторантын судалгааны ажил;
3.10.9.Докторантын диссертацийг хамгаалалтад оруулахад бэлэн болсныг тодорхойлсон удирдагчийн дүгнэлт;
3.10.10.Судалж буй чиглэлээрээ олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй болон хянан магадалгаа хийгддэг эрдэм шинжилгээний дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл /биет байдлаар хавсаргасан байна/;
3.11.Зөвлөл докторантын өргөдлийг дараах шаардлага хангаагүй тохиолдолд буцаана. Үүнд:
3.11.1.Энэхүү дүрмийн 3.10-т заасан материалын бүрдэл дутуу байх,
3.11.2.Докторантын суралцсан сургалтын хөтөлбөр нь тухайн зөвлөлийн хамгаалуулах чиглэл, хөтөлбөрийн индексээс зөрүүтэй байх.
3.12.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн хуралдааны аудио, видео бичлэг хийж, протокол хөтөлнө.
3.12.1.Зөвлөлийн хуралдааны протоколд хуралдаан болсон он, сар, өдөр, газар, байршил, хуралдаан эхэлсэн, дууссан цаг, минут, хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний нэр, ирээгүй гишүүдийн шалтгаан, ирцийн хувь, шүүн хэлэлцсэн судалгааны ажлын сэдэв, хуралдааны асуулт, хариулт, шийдвэрийн талаар дэлгэрэнгүй, тодорхой тусгасан байна.
3.12.2.Протоколд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулна.
3.12.3.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдааны протоколыг түшиглэсэн сургуулийн ахисан түвшний сургалт эрхэлсэн нэгжид хуралдаан болсноос хойш ажлын 10 хоногт багтаан хүлээлгэн өгч, зохих журмын дагуу цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлж, архивд хадгалуулна.
3.13.Зөвлөлийн хуралдааныг цахимаар зохион байгуулж болох бөгөөд цахимаар оролцогчид нь зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 30 хувиас хэтрэхгүй байна.
3.13.1.Зөвлөлийн хуралдаанд цахимаар оролцох тохиолдолд тухайн гишүүнийг хуралдаанд оролцсонд тооцож, ирцийг бүртгэнэ.
3.13.2.Тухайн гишүүн саналаа зөвлөлийн даргад цахим шуудангаар өгнө. Зөвлөлийн дарга саналыг санал хураалтад оруулна.
Дөрөв. Зөвлөлийн хуралдаан, түүний дэг
4.1.Зөвлөлийн хуралдаан
4.1.1.Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр зохион байгуулна.
4.1.2.Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга удирдана.
4.1.3.Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёулаа эзгүй тохиолдолд Зөвлөлийн хуралдаан хийхийг хориглоно.
4.1.4.Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг энэхүү дүрмийн хавсралтаар баталсан саналын хуудасны дагуу нууц санал хураалтаар авч, дүнг нэгтгэнэ. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн 75 хувь ба түүнээс дээш хувийн дэмжсэн санал авсан тохиолдолд уг судалгааны ажлыг хамгаалсанд тооцно.
4.1.5.Зөвлөлийн хуралдаанд оролцолгүйгээр санал өгөх, хуралдаанд ирсэн боловч санал хураалтаас өмнө урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно.
4.1.6.Зөвлөлийн хуралдаанаас тогтоол гаргана.
4.1.7.Зөвлөлийн хуралдаан зохион байгуулагдсанаас хойш ажлын 15 хоногт багтаан Зөвлөлийн хуралдааны тогтоол, протоколын хуулбарыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.2.Хуралдааны дэг:
4.2.1.Хуралдааныг Зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулах;
4.2.2.Докторантын талаарх мэдээллийг зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах;
4.2.3.Докторант судалгааны ажлаа илтгэх;
4.2.4.Шүүмжлэгч шүүмжээ танилцуулах;
4.2.5.Удирдагч санал, дүгнэлт хэлэх;
4.2.6.Зөвлөлийн гишүүд докторантад асуулт тавьж, хариулт авах замаар хэлэлцүүлэг хийх;
4.2.7.Зөвлөлийн гишүүд санал, дүгнэлт хэлэх;
4.2.8.Тооллогын комиссыг гишүүдээс 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, санал хураалтыг нууцаар зохион байгуулах;
4.2.9.Тооллогын комисс нууц санал хураалтын дүн, тогтоолын төслийг танилцуулах;
4.2.10.Хуралдааны тогтоолын төслийг батлах;
4.2.11.Зөвлөлийн дарга хуралдааныг хаана.
Тав. Бусад
5.1.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
5.2.Зөвлөлийн үйл ажиллагаа нь энэхүү дүрмийг зөрчсөн болох нь холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн байгууллага болон ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд тухайн зөвлөлийн хуралдааныг хүчингүйд тооцно.
---oOo---
хавсралт
………………………………………………………………….
(Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нэр)
Огноо ……………..
Диссертацийн нэр:
САНАЛЫН ХУУДАС
Докторантын овог, нэр |
Доорх саналын хувилбарын аль нэгийг сонгон, дугуйлж тэмдэглэнэ үү.
|
|
1. Хангалттай
2. Хангалтгүй
|
Жич: Дээрх саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсхүл хоёуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
---oOo---
Текст томруулах
A
A
A