- Нүүр
- Эрх зүйн акт
- ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БУСАД ГЭРЭЭГ БҮРТГЭХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2021 оны А/67 дугаар тушаалын
1 дүгээр хавсралт
ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН АШИГЛАЛТТАЙ
ХОЛБООТОЙ БУСАД ГЭРЭЭГ БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар лицензийн гэрээ, оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэхтэй холбогдох харилцааг зохицуулна.
1.2.Монгол Улсад эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн лицензийн гэрээг заавал албан журмаар, оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг сайн дурын хүсэлтийг үндэслэн бүртгэнэ.
1.3.Лицензийн гэрээ нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийг бусад этгээдэд түр хугацаагаар ашиглуулахаар бичгээр байгуулсан хэлцэл байна.
1.4.Энэ журмын 1.3-т зааснаас бусад нь оюуны өмчийн ашиглалттай холбоотой гэрээ байна.
Хоёр.Гэрээг бүртгэх, хүсэлтийг хүлээн авах
2.1.Энэ журмын 1.3, 1.4-т заасан гэрээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "оюуны өмчийн байгууллага" гэх/ бүртгэх бөгөөд гэрээний бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн сан бүрдүүлнэ.
2.2.Лицензийн гэрээг бүртгүүлэхэд эрх эзэмшигч /цаашид "лиценз өгөгч" гэх/, лиценз авагч, эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ журмын хавсралт "Маягт Л-1", "Маягт Л-2"-ын дагуу гаргасан хүсэлт болон дараах бичиг баримтын хамт ирүүлнэ:
2.2.1.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт хамаарах гэрээний эх хувь, эсхүл гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.2.2.барааны тэмдэгт хамаарах гэрээний эрх олгосон холбогдох хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл энэ журмын хавсралт "Маягт Л-3"-ын дагуу лиценз өгөгч, лиценз авагч гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл;
2.2.3.тухайн лиценз нь дэд лиценз бол үндсэн лицензийн гэрээ;
2.2.4.гадаад хэлээр үйлдэгдсэн бол түүний орчуулга;
2.2.5.лиценз өгөгч болон лиценз авагчийн хооронд хийсэн итгэмжлэл;
2.2.6.лицензийн гэрээний тал болоогүй хамтран эзэмшигч бүр лицензийн гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл;
2.2.7.тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт.
2.3.Аж үйлдвэрийн өмчийн ашиглалттай холбоотой гэрээг бүртгүүлэхэд эрх эзэмшигч, эрх хүлээн авагч, эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ журмын хавсралт "Маягт Г-1"-ийн дагуу гаргасан хүсэлт, эх гэрээ, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон энэ журмын 2.2.5, 2.2.7-д заасан баримт бичгийг хамт ирүүлнэ.
2.4.Энэ журмын 2.2, 2.3-т заасан хүсэлт, баримт бичгийг оюуны өмчийн байгууллагын бүртгэлийн мэргэжилтэн /цаашид "мэргэжилтэн" гэх/ хүлээн авч, энэ тухай мэдэгдлийг хүсэлт гаргагчид хүлээлгэн өгнө.
2.5.Энэ журмын 2.4-т заасан мэргэжилтэн хүсэлт, баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор бүрдлийг хянан, цахим санд мэдээллийг оруулах ба хүсэлт гаргагчид бичгээр эсхүл цахим шуудангаар дараах байдлаар мэдэгдэнэ:
2.5.1.энэ журмын хавсралт "Маягт Л-4", "Маягт Л-5"-ын дагуу энэ журмын 1.3-т лицензийн гэрээг бүртгэсэн тухай мэдэгдэл;
2.5.2.энэ журмын хавсралт "Маягт Г-2"-ын дагуу энэ журмын 1.4-т заасан бусад гэрээг бүртгэсэн тухай мэдэгдэл.
2.6.Энэ журмын 2.2, 2.3-т заасан хүсэлт, бичиг баримт нь бүрдэл дутуу, эсхүл энэ журамд заасан шаардлага хангахгүй бол энэ тухай хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэх ба хүсэлт гаргагч нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор шаардлага хангаж ирүүлнэ.
2.7.Хүсэлт гаргагч энэ журмын 2.6-д заасан хугацаанд нэмэлт, засварыг хийж ирүүлээгүй тохиолдолд лицензийн гэрээ болон аж үйлдвэрийн өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэхгүй бөгөөд энэ журмын хавсралт "Маягт Л-6"-ын дагуу хүсэлт гаргагчид мэдэгдэл хүргүүлнэ.
Гурав.Гэрээний нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх, гэрээг цуцлах
3.1.Энэ журмын 1.3-т заасан гэрээнд нэмэлт лиценз бүртгүүлэх тухай хүсэлт гаргагч нь энэ журмын хавсралт "Маягт Л-7", "Маягт Л-8" болон дараах баримт бичгийг ирүүлнэ:
3.1.1.нэмэлт лиценз;
3.1.2.нэмэлт лиценз нь барааны тэмдэгт хамаарч байвал лицензээр олгосон эрхийн холбогдох хэсгийн хуулбар, эсхүл энэ журмын хавсралт "Маягт Л-3"-ын дагуу лиценз өгөгч, лиценз авагч гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл;
3.1.3.энэ журмын 2.2.4, 2.2.5, 2.2.7-д заасан бичиг баримт.
3.2.Энэ журмын 1.4-т заасан бусад гэрээнд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг энэ журмын 3.1.1, 3.1.3-т заасан баримт бичгийн хамт ирүүлнэ.
.
3.3.Энэ журмын 1.3, 1.4-т заасан гэрээнд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор бүрдлийг хянан, цахим санд мэдээллийг оруулах ба хүсэлт гаргагчид бичгээр эсхүл цахим шуудангаар энэ журмын 2.5.1, 2.5.2-т заасны дагуу мэдэгдэнэ.
3.4.Энэ журмын 3.1-д заасан хүсэлт, баримт бичгийн бүрдэл дутуу болон шаардлага хангахгүй бол энэ тухай хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэх ба хүсэлт гаргагч нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор холбогдох шаардлагыг хангаж ирүүлнэ.
3.5.Хүсэлт гаргагч энэ журмын 3.4-т заасан хугацаанд нэмэлт, засварыг хийж ирүүлээгүй тохиолдолд лицензийн гэрээ болон аж үйлдвэрийн өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэхгүй бөгөөд энэ журмын хавсралт "Маягт Л-6"-ын дагуу хүсэлт гаргагчид мэдэгдэл хүргүүлнэ.
3.6.Энэ журмын 1.3-т заасан гэрээг цуцлах хүсэлтийг энэ журмын хавсралт "Маягт Л-9", "Маягт-Л-10"-ын дагуу гаргаж, дараах баримт бичгийн хамт ирүүлнэ.
3.6.1.гэрээ цуцалсан тухай нотлох баримт бичиг;
3.6.2.барааны тэмдэгт хамаарах тохиолдолд энэ журмын хавсралт "Маягт Л-3"-ын дагуу лиценз өгөгч, лиценз авагч нарын гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл;
3.6.3.итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэл.
3.7.Энэ журмын 1.4-т заасан гэрээг цуцлах тухай хүсэлтийг нотлох баримт бичгийн хамт бичгээр гаргана.
3.8.Энэ журмын 3.5, 3.6-д хүсэлтийг хүлээн авсан мэргэжилтэн гэрээний цаасан болон цахим бүртгэлд өөрчлөлтийн оруулж, энэ журмын хавсралт "Маягт Л-11"-ийн дагуу энэ тухай мэдэгдлийг хүргүүлнэ.
Дөрөв.Зохиогчийн эрхийн бүтээл болон түүнд хамаарах эрхийн обьектын гэрээг сайн дураар бүртгүүлэх, бүртгэлд
өөрчлөлт оруулах
4.1.Энэ журмын 1.4-т заасан гэрээг бүртгүүлэх хүсэлтийг зохиогч, гүйцэтгэгч уран бүтээлч эсхүл ашиглах онцгой эрх эзэмшигч энэ журмын хавсралт "Маягт Г-3"-ын дагуу хүсэлтээ сайн дураар гарган бүртгүүлнэ.
4.2.Энэ журмын 4.1-т заасан этгээд сайн дураар гаргаж байгаа тохиолдолд хүсэлт, нэгээс дээш эрх эзэмшигчтэй бүтээл, хамаарах эрхийн обьектын хувьд гэрээний тал болоогүй хамтран эрх эзэмшигч бүр гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, энэ журмын 2.2.4, 2.2.5, 2.2.7-т заасан баримт бичгийг ирүүлнэ.
4.3.Оюуны өмчийн байгууллага 4.1-т заасан этгээдээс шаардлагатай тохиолдолд бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг нотлох баримт бичгийг шаардаж болно.
4.4.Энэ журмын 1.4-т заасан гэрээний сайн дурын бүртгэл нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй.
4.5.Гэрээний бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд энэ журмын 4.2-т заасан баримт бичгийг ирүүлнэ.
4.6.Энэ журмын 1.4-т заасан гэрээнд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг мэргэжилтэн хүлээж авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор бүрдлийг хянан, бүртгэж, цахим санд мэдээллийг оруулах ба хүсэлт гаргагчид бичгээр эсхүл цахим шуудангаар мэдэгдэнэ.
4.7.Гэрээний бүртгэлийг цуцлах тухай хүсэлтийг энэ журмын 3.4.1, 3.4.3- заасан баримт бичгийн хамт ирүүлнэ.
4.9.Энэ журмын 4.7-д заасан хүсэлт, баримт бичгийг хүлээн авсан мэргэжилтэн гэрээний цаасан болон цахим бүртгэлд өөрчлөлт оруулах ба энэ тухай мэдэгдлийг хүсэлт гаргагчид өөрчлөлт оруулснаас хойш ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.
Тав. Бусад
5.1.Төрийн захиргааны байгууллага нь лиценз бүртгэсэн тухай албан ёсны тогтмол гардаг хэвлэлээр нийтэд мэдээлнэ.
5.2.Энэ журмын 1.3, 1.4-т заасан гэрээг бүртгүүлээгүй нь тухайн гэрээний зүйл болох оюуны өмчийн эрхийн хүчин төгөлдөр байдал эсхүл эрхийн хамгаалалтад нөлөөлөхгүй.
5.3.Оюуны өмчийн онцгой эрхийг бусдад шилжүүлэх нь энэ журмын дагуу бүртгэгдсэн энэ журмын 1.3, 1.4-т заасан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
--оОо--
Текст томруулах
A
A
A