A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • САНАЛ АВАХ БАЙРАНД БАЙРЛУУЛАХ ХЯНАЛТЫН КАМЕРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА, ТҮҮНИЙГ БАЙРЛУУЛАХ, АШИГЛАХ БОЛОН БИЧЛЭГИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, УСТГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сонгуулийн ерөнхий хороо,

Цагдаагийн ерөнхий газрын даргын

2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн

13, А/57 дугаар хамтарсан тогтоол/тушаалын хавсралт

САНАЛ АВАХ БАЙРАНД БАЙРЛУУЛАХ ХЯНАЛТЫН КАМЕРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА, ТҮҮНИЙГ БАЙРЛУУЛАХ, АШИГЛАХ БОЛОН БИЧЛЭГИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, УСТГАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хяналтын тооллогын ажиллагааг баримтжуулах зорилгоор санал авах байруудад хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байранд хяналтын камер байрлуулж болно.

1.3.Санал авах байранд хяналтын камер байрлуулах, ашиглах, тэдгээрт тавигдах шаардлага, бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль болон, бусад хууль тогтоомж, стандарт болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.4.Сонгуулийн байгууллагын ажилтан, Мэдээллийн технологийн төв, багийн гишүүн, даамал санал авах байрны дүрс бичлэгийн техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангаж, хариуцсан хэсгийн хорооны дарга хяналт тавьж ажиллана.

1.5.Санал авах байранд хяналтын камер байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 6.4-д заасан зарчмаас гадна техник технологийн дэвшлийг ашиглах, аюулгүй байдлыг хангах, сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан байх зарчмыг баримтална.

Хоёр. Дүрс бичлэгийн техник, хэрэгсэлд тавигдах шаардлага

2.1.Санал авах байранд суурилуулах хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 "Телехяналтын системийн техникийн ерөнхий шаардлага"-ыг хангасан байна.

2.2.Санал авах байранд стандарт, техникийн шаардлага хангаагүй хяналтын камер байрлуулахыг хориглоно.

2.3.Санал авах байранд байрлуулсан хяналтын камерт гэмтэл, саатал гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авна:

2.3.1.мэдээллийн технологийн даамал нь багт шуурхай мэдэгдэх ба гэмтэл, саатлыг арилгах арга хэмжээ авах, боломжгүй тохиолдолд мэдээллийн технологийн багаас туслалцаа авах;

2.3.2.гэмтэл, саатал, эвдрэлийг богино хугацаанд засварлах боломжгүй, нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэн бэхжүүлж /баталгаажуулж/, хэсгийн хорооны дарга, гишүүдэд танилцуулж, гарын үсэг зуруулна;

2.3.3.хяналтын камер хэвийн ажиллагаанд шилжсэний дараа тэмдэглэл үйлдэн хэсгийн хорооны дарга, гишүүд, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид танилцуулж, гарын үсэг зуруулна.

Гурав. Дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийг байрлуулах, хураах

3.1.Сонгуулийн санал авах байрны гадна болон дотор талд хяналт тавих зорилгоор орчны нөхцөл байдалд тохируулан хяналтын камерыг санах ойн карт /Memory card/ болон бичлэгийн төхөөрөмж /NVR/-ийн хамт суурилуулна.

3.2.Хяналтын камер нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд саад учруулахгүйгээр байрласан байна.

3.3.Бичлэгийн төхөөрөмж нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан, хяналтын камераас өгөгдсөн бичлэгийг хадгалах, нөөцлөх төхөөрөмжтэй байна.

3.4.Санал авах байранд сонгуулийн хэсгийн хороо бэлтгэл ажлаа хангах, санал авах, дүн гаргах бүхий л үйл ажиллагааг хяналтын камераар бүрэн баримтжуулна.

3.5.Санал авах байранд ажиллах мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, эсхүл техникийн ажилтан, хэсгийн хороо нь дүрс бичлэгийн төхөөрөмжийг суурилуулан тохируулж, хэвийн ажиллагааг нь хариуцан ажиллана.

3.6.Санал авах байрыг эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дүрс бичлэгийн техник хэрэгслийн сүлжээний дотуур холболт, техникийн нөхцөл болон цахилгааны тэжээлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй.

3.7.Санал хураалт дууссаны дараа дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг санал тоолох төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөхдөө санах ойн карт, бичлэгийн төхөөрөмж, эсхүл мэдээлэл зөөвөрлөх төхөөрөмжөөр бичлэгийг хуулбарлаж Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд хүлээлгэн өгнө.

3.8.Санал авах байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байрны гадна хяналтын камер байрлуулж болно.

Дөрөв. Дүрс бичлэгийг ашиглах, хориглох зүйл

4.1.Санал авах байрны аюулгүй байдлыг хангаж буй цагдаагийн алба хаагч, хэсгийн хорооны бүрэлдэхүүн, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал дүрс бичлэгийн төхөөрөмжөөр дүрсний хяналт тавьж, ашиглана. Холбогдох журмын дагуу бүртгүүлсэн ажиглагч дүрс бичлэгийн төхөөрөмжөөр ажиглалт хийж болно.

4.2.Санал авах байрны хяналтын камерыг цагдаагийн байгууллагын теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбохдоо интернтийн болон оператор компанийн сүлжээ /мэдээллийн аюулгүй байдлыг хангасан/-г ашиглан зохион байгуулж болно.

4.3.Дүрс бичлэгийн төхөөрөмжид нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц дугаарыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв,баг, даамал хариуцна.

4.4.Дүрс бичлэгийн техник хэрэгслийг асаалттай байх үед цахилгаан салгах, камерын байршлыг өөрчлөх, харагдах орчныг хязгаарлахуйц эд зүйл тавихыг хориглоно.

4.5.Иргэн, нэр дэвшигч, нам, эвслээс гаргасан гомдол, санал, хүсэлтийн дагуу сонгуулийн санал авах байранд гарсан гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой үйлдлийг шалгахад гэмт хэрэг, зөрчил шалгах, түүнд хяналт тавих эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэрээр дүрс бичлэгийн төхөөрөмжийг шалгаж, бичлэг хуулбарлах ажлыг зохион байгуулна.

Тав. Дүрс бичлэгийг хадгалах, хамгаалах

5.1.Хяналтын камерын дүрс бичлэгийг Архивын ерөнхий газрын 2012 оны А/34 дүгээр тушаалаар баталсан "Кино, дуу, дүрсний баримтын хадгалалт, хамгаалалтын заавар"-ын дагуу архивлан хадгалах ба нэгдсэн дүрс бичлэгийн төхөөрөмжид шилжүүлэн хадгалах тохиолдолд видео тоглуулагчид ажиллах формат /MP4, AVI/-аар хөрвүүлэн хадгална.

5.2.Нэгдсэн дүрс бичлэгийн төхөөрөмж /Storage, NAS/-ийн хэвийн, найдвартай ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв хариуцна.

5.3.Хэсгийн хорооны дарга, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал санал авах байрны явцын бичлэг хийх, төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа болон төхөөрөмжийн цаг хэвийн зөв ажиллаж байгаад тогтмол хяналт тавьж шалгана.

5.4.Сонгуулийн хорооны дарга буюу тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга дүрс бичлэгийн техник хэрэгслийг бүртгэх, олгох, буцаан авах ба тэдгээрийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавина.

Зургаа. Дүрс бичлэгийн төхөөрөмжөөс бичлэг устгах

6.1.Санал авах ажиллагаа дуусахад хэсгийн хорооны гишүүд,даамал, цагдаагийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр дүрс бичлэгийн төхөөрөмжийг унтрааж, дээд шатны сонгуулийн хороонд камерын дүрс бичлэгийг төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгнө. Санал хураалт дууссанаас хойш 2 жилийн дараа Тагнуулын ерөнхий газар,Цагдаагийн ерөнхий газрын саналын үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо бичлэгийг устгах эсэхийг шийдвэрлэнэ.

Долоо. Хариуцлага

7.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---