- Нүүр
- Эрх зүйн акт
- ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН АЖ АХУЙН НЭГЖИД ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын
2021 оны А/118 дугаар тушаалын хавсралт
ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН
АЖ АХУЙН НЭГЖИД ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гааль, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгоно.
1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан, олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд тодорхой үүрэг гүйцэтгэн оролцдог, энэ шалгуурын дагуу гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл олгосон аж ахуйн нэгжийг "Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж" гэнэ.
1.3. Гаалийн байгууллагаас тогтоосон шалгуурыг хангаж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу үнэлж дүгнэн, баталгаажуулж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гаалийн итгэмжлэл олгоно.
1.4. Гаалийн байгууллага гаалийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид энэ журмын 2.1.1-2.1.4-т заасан шалгуурыг хангасан тохиолдолд гадаад худалдааны үйл ажиллагааны дараах төрлөөр гаалийн итгэмжлэл олгоно:
1.4.1. экспортын үйл ажиллагаа;
1.4.2. импортын үйл ажиллагаа.
1.5. Гаалийн байгууллага нь гаалийн итгэмжлэлийг нэг аж ахуйн нэгжид энэ журмын 1.4.1-1.4.2-т заасан төрлийг дангаар болон хослуулан олгож болно.
1.6. Гаалийн итгэмжлэл олгох, татгалзах, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
1.7. Гаалийн итгэмжлэлийг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гурван жил хүртэл хугацаагаар олгоно.
1.8. Гаалийн итгэмжлэл авахыг хүссэн аж ахуйн нэгж, түүний бараа нийлүүлэлтийн сүлжээ болон бусад холбогдох үйл ажиллагаа нь гаалийн итгэмжлэлд тавигдах шалгуурыг хангаж буйг гаалийн байгууллагаас бичиг баримтын болон ажлын байранд шалгаж, нотлон, баталгаажуулалт хийнэ.
1.9. Баталгаажуулалт нь аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах, мэдээлэлд эрсдэлийн дүн шинжилгээ хийх, ажлын байранд тавигдах шалгуурыг хангаж буй эсэхийг үнэлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, үр дүнг тайлагнах зэрэг үе шаттай үйл ажиллагаагаас бүрдэнэ.
1.10. Итгэмжлэл авахыг хүссэн аж ахуйн нэгжид баталгаажуулалтыг эрх бүхий гаалийн улсын байцаагч хийж гүйцэтгэнэ.
Хоёр. Гаалийн итгэмжлэл олгоход тавигдах шалгуур
2.1. Монгол Улсад бүртгэлтэй энэ журмын 1.4-т заасан төрлөөр сүүлийн гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, дараах үндсэн дөрвөн төрлийн шалгуурыг хангасан аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгоно:
2.1.1. хууль сахилтын түвшин сайн гэж тогтоогдсон байх;
2.1.2. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны дотоод хяналт сайн байх;
2.1.3. санхүүгийн чадавхитай байх;
2.1.4. гадаад худалдааны аюулгүй байдлын стандартыг чанд сахих.
2.2. Энэ журмын 2.1.1-2.1.4-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг энэ журмын Нэгдүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгжид тавигдах шалгуур үзүүлэлт, өөрийн үнэлгээний дагуу үнэлнэ.
Гурав. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид үзүүлэх хөнгөлөлт
3.1. Гаалийн байгууллагаас гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид дараах хөнгөлөлтийг үзүүлж болно:
3.1.1. гаалийн бүрдүүлэлтийг дараалал харгалзахгүй хийх;
3.1.2. барааг эзэмшигчийн байр, агуулах, талбайд түр хадгалах;
3.1.3. нийт гаалийн бүрдүүлэлтийн 90 хүртэлх хувийг бараанд хийх шалгалтаас чөлөөлөх;
3.1.4. нэг сарын хугацаанд нэг гаалийн байгууллагын хяналтад орсон, нэг илгээгчээс хэд хэдэн ачилтаар нийлүүлэгдэх нэг төрлийн бараанд багцалж гаалийн нэг мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлтийг дор дурдсанаас бусад тохиолдолд хийх боломжийг олгох;
3.1.4.1. гэрээний нэгж үнэ өөрчлөгдсөн;
3.1.4.2. гаалийн болон бусад татварын хувь хэмжээнд өөрчлөлт орсон;
3.1.5. гаалийн хууль тогтоомжийн болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, гомдлыг нэн даруй шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий гаалийн улсын байцаагчийг гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан томилох;
3.1.6. итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн талаар олон нийтэд сурталчлах;
3.1.7. гаалийн бүрдүүлэлтийг барааны байршлаас үл хамааран аль ч гаалийн байгууллагад хийх;
3.1.8. итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан бусад улс оронд хөнгөлөлт эдлэх.
3.2. Гаалийн байгууллагаас энэ журмын 3.1.1.-3.1.8.-д заасан хөнгөлөлтийг тухайн гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид тусгайлан зааж, хамтран ажиллах гэрээнд тусгана.
3.3. Хөнгөлөлтийг зөвхөн гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж эдлэх ба тухайн аж ахуйн нэгжийн харилцан хамааралтай аж ахуйн нэгжид хамаарахгүй.
Дөрөв. Гаалийн итгэмжлэл авах хүсэлт гаргах
4.1. Гаалийн итгэмжлэл авахыг хүссэн аж ахуйн нэгж дараах бичиг баримтыг бүрдүүлж, хүсэлтийг хамт гаалийн удирдах төв байгууллагад гаргана. Үүнд:
4.1.1. гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгасан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4.1.2. энэ журмын Нэгдүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгжид тавигдах шалгуур үзүүлэлт, өөрийн үнэлгээний хуудас, түүнд заасан шалгуурыг хангаж байгааг нотолсон бичиг баримт;
4.1.3. татварын өр, авлагагүй болохыг нотлох татварын байгууллагын тодорхойлолт;
4.1.4. хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй болохыг тодорхойлсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
4.1.5. аж ахуйн нэгжийн удирдлага ял шийтгэл эдэлж байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлт;
Тав. Гаалийн итгэмжлэл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид баталгаажуулалт хийх, итгэмжлэл олгох
5.1. Гаалийн итгэмжлэл авахыг хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг гаалийн удирдах төв байгууллагын асуудал хариуцсан нэгж хянаж, шаардлага хангасан тохиолдолд баталгаажуулалтыг гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу хийнэ.
5.2. Шаардлагатай тохиолдолд удирдамжийн хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга, эсхүл гаалийн удирдах төв байгууллагын даргын эрх олгосноор асуудал хариуцсан нэгжийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
5.3. Баталгаажуулалтын явцыг фото зураг, дүрс болон дуу-дүрсний бичлэг, тэмдэглэл зэргээр баримтжуулна.
5.4. Гаалийн байгууллагад аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийг дараах шаардлага хангаагүй тохиолдолд буцаана.
5.4.1. өөрийн үнэлгээний хуудас дахь мэдээлэл хоорондоо тохирохгүй;
5.4.2. өөрийн үнэлгээний хуудас, түүнд агуулагдах мэдээллийг нотолсон бичиг баримт хангалтгүй;
5.4.3. энэ журмын 7.5-д хамаарах аж ахуйн нэгж итгэмжлэлийн хүсэлтийг хугацаанаас өмнө гаргасан;
5.4.4. энэ журмын 5.5-д заасан хугацаанд бичиг баримтыг гаргаж өгөөгүй.
5.5. Бичиг баримтын болон ажлын байрны баталгаажуулалтыг хийх явцад шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээллийг гаалийн байгууллага хүсэлт гаргасан аж ахуйн нэгжээс гаргуулж болно.
5.6. Баталгаажуулалт хийх эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид итгэмжлэл олгох, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
5.7. Баталгаажуулалтын үнэлгээ нийт шалгуурын онооны 90 хувь буюу түүнээс дээш бол хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл авах шалгуурыг хангасан гэж үзнэ.
5.8. Гаалийн итгэмжлэлийг энэ журмын Хоёрдугаар хавсралтад заасан хатуу дугаар бүхий гэрчилгээгээр баталгаажуулна.
5.9. Гаалийн итгэмжлэлийг Гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дарга олгож, хамтран ажиллах гэрээг байгуулна.
5.10. Баталгаажуулалтын үнэлгээ энэ журмын 5.7-д заасан үнэлгээний хувьд хүрээгүй бол тухайн аж ахуйн нэгжид "Гаалийн итгэмжлэл" олгохоос татгалзаж, зөвлөмж хүргүүлнэ. Зөвлөмжид татгалзсан үндэслэл, гаалийн итгэмжлэл авахад анхаарах асуудлыг тодорхой тусгана.
5.11. Гаалийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтантай хамтран баталгаажуулалт хийж болно.
Зургаа. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах
6.1. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээлэл өгөх, энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэг бүхий гаалийн улсын байцаагчийг томилж ажиллуулна.
6.2. Энэ журмын 6.1-д заасан асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээлэл, хүсэлт, гомдлыг холбогдох удирдах албан тушаалтанд танилцуулж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
6.3. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж нь энэ журмын Гуравдугаар хавсралтад заасан "Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж"-ийн товчлол "AEO" таних тэмдгийг ашиглана.
Долоо. Гаалийн итгэмжлэлийн хугацааг сунгах, хүчингүй болгох
7.1. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж нь итгэмжлэл хүчинтэй байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө албан бичгээр гаалийн удирдах төв байгууллагын асуудал хариуцсан нэгжид итгэмжлэлийн хугацааг сунгах тухай хүсэлт гаргана.
7.2. Гаалийн удирдах төв байгууллага дараах шалгуурыг хангаж байгаа тохиолдолд итгэмжлэлийн хугацааг энэ журмын 1.7-д заасан хугацаагаар сунгана.
7.2.1. гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж нь итгэмжлэл хүчинтэй байх хугацаанд холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй;
7.2.2. баталгаажуулалтаар гаалийн байгууллагаас тогтоосон шалгуурыг дахин хангасан;
7.3. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн итгэмжлэлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.
7.3.1. гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж өөрөө хүсэлт гаргасан;
7.3.2. гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн итгэмжлэлийн хугацаа дууссан;
7.3.3. энэ журмын 7.1-д заасан хугацаанд итгэмжлэлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй.
7.3.4. энэ журмын Нэгдүгээр хавсралтын гуравт заасан "Аж ахуйн нэгжид тавигдах шалгуур үзүүлэлт, өөрийн үнэлгээ"-ний шалгуур үзүүлэлтийн 15-д "Байгууллагын хууль сахисан байдал" хэсэгт дурдсан гаалийн болон холбогдох хууль тогтоомжийн зөрчил үйлдэж, хариуцлага тооцогдсон;
7.3.5. гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж татан буугдсан, дампуурсан, өөр аж ахуйн нэгжтэй нэгдсэн, албан ёсны нэрээ өөрчилсөн;
7.3.6. гаалийн байгууллагаас тогтоосон шалгуурын онооны 90 хувьд хүрэхгүй болсон;
7.3.7. гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;
7.3.8. аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагч, компанийн 10 хувь ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч, аж ахуйн нэгжийн удирдлага сүүлийн хоёр жилд гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн;
7.4. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж нь гаалийн итгэмжлэлийг хүчингүй болгох хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар хүчингүй болгоно.
7.5. Гаалийн итгэмжлэл нь хүчингүй болсон аж ахуйн нэгж нэг жилийн дараа итгэмжлэл дахин шинээр авах хүсэлт гаргаж болно.
---oOo---
Текст томруулах
A
A
A