- Нүүр
- Эрх зүйн акт
- ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ ЭРХЛЭН ХӨТЛӨХ ЖУРАМ /Шинэчилсэн найруулга/
Үндэсний хөгжлийн газрын 2021 оны
04 дүгээр сарын 29-ний өдрийн
А-41 тоот тушаалын хавсралт
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭДЭЭЛЛИЙН
НЭГДСЭН САНГ ЭРХЛЭН ХӨТЛӨХ ЖУРАМ
/Шинэчилсэн найруулга/
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн бүртгэл хөтлөх, улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ангилах, шинэчлэх, хянан үзэх, мэдээллийг эргэлтэд оруулах /цаашид "Мэдээллийн нэгдсэн сан" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд, тус хуулийн 13.3, 16.3, 17.5 дахь хэсгүүдэд заасан арга хэмжээний төлөвлөгөөг салбараар, бүсээр, орон нутгийн түвшинээр болон урт, дунд, богино хугацаагаар ангилан, энгийн ойлгомжтой, цогц хэлбэрээр олон нийтэд хүргэхэд тус сангийн зорилго, ач холбогдол оршино.
1.3.Мэдээллийн нэгдсэн санд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нэр томьёог тус тус хэрэглэнэ.
1.4.Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, сангийн удирдлага, зохион байгуулалт, журмын хэрэгжилт, хяналтыг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ
2.1.Мэдээллийн нэгдсэн сан нь Монгол Улсын хууль тогтоомжоор нууцад хамруулснаас бусад дараах мэдээллээс бүрдэнэ. Үүнд:
2.1.1.хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9, 13.3, 16.3, 17.5 дахь хэсэгт заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн мэдээллийн сан;
2.1.2.аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан;
2.1.3.судалгаа, шинжилгээний баримт бичгийн сан;
2.1.3.1."хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-д заасан нөхцөл байдлын дүн шинжилгээ, нөлөөллийн урьдчилсан үнэлгээ;
2.1.3.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл;
2.1.4.орон нутгийн хөгжлийн индекс;
2.1.5.хөрөнгө оруулалтын төслүүдийн нэгдсэн мэдээллийн сан;
2.1.6.орон зайн мэдээллийн их өгөгдлийн сан;
2.1.6.1.суурь орон зайн өгөгдөлд суурилсан өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ;
2.1.6.2.хиймэл оюун ухаан, орон зайн өгөгдөлд суурилсан ирээдүйн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
2.1.7.бусад холбогдох мэдээллийн сангууд.
ГУРАВ. МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1.Мэдээллийн нэгдсэн сангийн ангилалт, бүрдүүлэлт, бүртгэл, хадгалалт, хамгаалалт, программчлал, хөгжлийн загвар боловсруулалт, шинэчлэлийг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.
3.2.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Мэдээллийн нэгдсэн санд байршуулах энэхүү журмын 2.1.1-2.1.7-д заасан мэдээллийг хүлээн авах, солилцох хуваарийг батлах бөгөөд мэдээллийг ирүүлэх хугацаа бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааг тайлагнах хугацаатай ижил байна.
3.3.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгж Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх мэдээллийн төрөл, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлох бөгөөд мэдээлэл бүрдүүлэгч тус бүрт мэдээллийн санд нэвтрэх эрхийг олгохоос гадна мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл оруулах эсэх талаар зөвшөөрөл олгоно.
3.4.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллага нь Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл бүрдүүлэгч байна.
3.4.1.мэдээлэл бүрдүүлэгч нь мэдээллийн дэд сантай байх бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд туссан төсөл, хөтөлбөр, арга хэмжээг салбар, бүс нутаг, байршил, санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаа тус бүрээр оруулах;
3.4.2.мэдээлэл бүрдүүлэгч нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг үндэслэн мэдээллийг бүрдүүлнэ;
3.4.3.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгж ирүүлэх мэдээллийн форматыг тодорхойлно.
3.4.4.мэдээлэл бүрдүүлэгч нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн дагуу дээр дурдсан мэдээллийг ирүүлэх үүрэгтэй;
3.4.5.мэдээллийн нэгдсэн санд оруулж байгаа өгөгдөл нь Монгол Улсын хууль тогтоомжоор нууцад хамруулснаас бусад мэдээлэл байх бөгөөд тус асуудлыг мэдээлэл бүрдүүлэгч бүрэн хариуцна;
3.4.6.мэдээлэл бүрдүүлэгч нь боловсруулж буй бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй холбоотой дараах мэдээллийг Мэдээллийн нэгдсэн санд оруулна. Үүнд:
3.4.6.1.боловсруулж буй бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл;
3.4.6.2.бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн хурлын протокол, хэлэлцүүлэгт оролцогчдын бүртгэл, мэдээлэл, өгсөн саналын товьёог;
3.4.6.3.хэлэлцүүлгээс гарсан саналыг тусгасан төсөл.;
3.4.7.мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл нь холбогдох эрх зүйн акт, тайлан, дүгнэлт, судалгаа, шинжилгээ, баримтаар баталгаажсан байна.
3.5. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллагад Мэдээллийн нэгдсэн сангийн тогтвортой үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэнтэй байна.
3.5.1.тус мэргэжилтний ажил үүргийн хуваарийг түүний ажлын байрны тодорхойлолтод тусгахыг тухайн шатны эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангана;
3.5.2.хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, түүнтэй холбогдох тайлан, судалгаа, шинжилгээ, тооцоолол, дүгнэлт, зөвлөмжийг дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлнэ;
3.5.3.тус мэргэжилтний мэдээллийн нэгдсэн сангийн ангилалт, бүрдүүлэлт, ашиглалт, хадгалалт, боловсруулалттай холбоотой чадавхжуулах үүргийг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна;
3.6.Мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл ирүүлэхдээ тухайн мэдээллийг ирүүлэх эрх бүхий байгууллагыг төлөөлөх албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдгийг дарж баталгаажуулна. Мэдээллийн үнэн зөвийг мэдээлэл ирүүлсэн байгууллага хариуцна.
3.7.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийн хяналт, баталгаажуулалтад процессын алдаа гарвал холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримтална.
3.8.Мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл нь батлагдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй зөрсөн тохиолдолд батлагдсан баримт бичгийг эх сурвалж болгоно.
3.9.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсруулах, бүрдүүлэх, мэдээлэл байршуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, нууцлал болон мэдээлэл түгээх үйл ажиллагаанд MNS 5140:2011, MNS 5552:2005, MNS ISO 17799:2007, MNS ISO/IEC 27001:209; MNS ISO/IEC 13335-1:2009 зэрэг холбогдох стандарт шаардлагыг мөрдөн ажиллана.
ДӨРӨВ. МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ АШИГЛАХ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ
4.1.Мэдээллийн нэгдсэн санг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллага хөгжлийн бодлого, төлөвлөлт, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор албан ажлын хэрэгцээнд ашиглана.
4.2.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг солилцохдоо хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн мэдээлэл солилцооны систем болон цаасан хэлбэрээр дамжуулах ба заавал бүртгэл хөтөлнө.
4.3.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд ашиглах талаар холбогдох этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай хуулиудад хориглосноос бусад мэдээллийг ашиглуулах эсэхийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ.
4.4.Мэдээллийн нэгдсэн сан нь төрийн мэдээлэл солилцооны системтэй олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг хангах, олон нийтэд сурталчлах талаар иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн үндсэн дээр цахим хэлбэрээр холбогдож ажиллана.
4.5.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Мэдээллийн нэгдсэн сан хариуцсан албан хаагч нь жил бүрийн эцэст тухайн жилийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, мэдээлэл солилцооны талаарх мэдээллийг дээд шатны албан тушаалтанд танилцуулна.
4.6.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл солилцооны системд холбогдох техникийн нөхцөл, ажиллах орчны стандартын шаардлагыг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
4.7.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад зорилгоор солилцохыг хориглоно.
ТАВ. МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ АШИГЛАХ ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ЭРХ ОЛГОХ
5.1.Энэхүү журамд заасан этгээд Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон хүсэлтийг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргана.
5.2.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах хүсэлт нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан мэдээлэл ашиглах гэрээг энэ журмын 3.3-д заасан нэгж байгуулна.
5.3. Энэ журмын 5.2-д заасан гэрээнд дараах асуудлыг тусгана:
5.3.1.мэдээллийн үйлчилгээний хүрээ;
5.3.2.мэдээллийн үйлчилгээний нэр, төрөл;
5.3.3.ашиглалтын зориулалт;
5.3.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлага;
5.3.5.мэдээллийн нэгдсэн сан, системийн ашиглалт, үйлчилгээний аюулгүй байдал, тогтвортой ажиллагааны нөхцөл, шаардлага;
5.3.6.мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхийг эзэмшигчийн тоо, албан тушаал, овог нэр, нэвтрэх нэр, нууц үг;
5.3.7.гэрээний төлбөр, нөхцөл;
5.3.8.эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, хязгаарлах нөхцөл;
5.3.9.гэрээний хүчинтэй байх хугацаа.
ЗУРГАА. МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА
6.1.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, системийн хөгжүүлэлт, аюулгүй байдлыг хариуцан ажиллана.
6.2.Мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааны үе шат бүрт мэдээллийн нууцлалыг хангах, цахим халдлага, мэдээлэл алдагдахаас хамгаалагдсан техник, программ хангамжийн арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлэх ба зохих хууль тогтоомж, стандартыг мөрдөж, холбогдох байгууллагатай хамтран ажиллана.
6.3.Байгалийн гамшигт эрсдэл, галын аюул, усны үер, нийтийг хамарсан үймээн самуун зэрэг давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлээс Мэдээллийн нэгдсэн санг хамгаалах менежментийг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
6.4.Энэхүү журмыг зөрчин Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг хууль бусаар ашигласан, түгээсэн болон хуурамч мэдээлэл өгсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ДОЛОО. САНХҮҮЖИЛТ
7.1.Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, эрхлэн хөтлөх, удирдах, мэдээллийн болон техникийн нөхцөлийн хэвийн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, нууцлалын найдвартай байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдох зардлыг дараах эх үүсвэрээр тус тус санхүүжүүлнэ. Үүнд:
7.1.1.улсын төсөв;
7.1.2.холбогдох төсөл, хөтөлбөр.
НАЙМ. БУСАД
8.1.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Мэдээллийн нэгдсэн санг хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үйл ажиллагаанд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй.
---oOo---
Текст томруулах
A
A
A