A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЗААВАР
Бүлэг: 1979
А/94 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЗААВАР

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн

А/94 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН  МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ

ЗАГВАР, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЗААВАР

Нэг. Зорилго

1.1.Энэхүү заавар нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь хэсэгт заасан мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний загвар, гэрчилгээг  мал эмнэлгийн нэгдсэн систем ашиглан цахимаар олгоход мөрдөнө.

1.2.Зааврыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори, мал эмнэлгийн үйлчилгэээний нэгжийн болон хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжийн дэргэдэх мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч эмч, малын эмч, бүх шатны мал эмнэлгийн улсын байцаагч, иргэн хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр. Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээний цахим хэлбэр, загвар

2.1.Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ нь мал эмнэлгийн нэгдсэн системээр бичигдсэн энэхүү зааврын хавсралтад заасан цахим хэлбэр, загвартай байна.

2.2.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын лаборатори, лабораторитой бүх төрлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд лабораторийн магадлан шинжилгээний цахим гэрчилгээ олгоно.

2.3.Лабораторийн магадлан шинжилгээний цахим гэрчилгээ нь энэхүү зааврын хавсралтаар баталсан QR код бүхий загвартай байх бөгөөд тус QR кодыг гар утасны тусгай аппликейшнээр уншуулахад дараахь мэдээлэл агуулсан байна. Үүнд:

2.3.1.Малын гаралтай түүхий эдийг анхдагч бэлтгэн нийлүүлэгч болон үйлдвэрлэгчийн хаяг (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо),

2.3.2.Малын гаралтай бүтээгдхүүний хамгийн сүүлийн нийлүүлэгч үйлдвэр, худалдааны газрын нэр,

2.3.3.Лабораторийн магадлан шинжилгээний цахим гэрчилгээ олгосон иргэн, хуулийн этгээдийн нэр,

2.3.4.Лабораторийн магадлан шинжилгээ хийсэн тухай тусгай тэмдэглэл,

Гурав. Лабораторийн магадлан шинжилгээний цахим гэрчилгээ үүсгэх

3.1.Мал эмнэлгийн нэгдсэн системээр хүлээн авсан мал эмнэлгийн гэрчилгээнээс лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээг дараахь байдлаар үүсгэнэ. Үүнд:

3.1.1.Лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ нь https://vet.certificate.mn/-р олгогдсон Мал эмнэлгийн цахим гэрчилгээг хүлээн авснаас үүсгэнэ.

3.1.2.Мал эмнэлгийн нэгдсэн системийн https://vet.certificate.mn/-д өөрийн эрхээр нэвтрэн орж "мал эмнэлгийн гэрчилгээ" цэсэнд хандаж "хүлээн авах" цэсэнд нэвтэрч өөрийн хүлээн авах мал эмнэлгийн гэрчилгээний дахин давтагдашгүй дугаарыг оруулж мал эмнэлгийн гэрчилгээг хүлээн авна.

3.1.3.Мал эмнэлгийн гэрчилгээг хүлээн авахдаа хүлээн авахаар дуудсан гэрчилгээний мэдээлэлд байгаа бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээнээс өөрийн хүлээн авах бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг сонгож хүлээн авна.

3.1.4.Хүлээн авсан мал эмнэлгийн гэрчилгээнээс лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ үүсгэхдээ "магадлан шинжилгээний гэрчилгээ" цэс рүү нэвтэрч түүхий эд, бүтээгдэхүүний "зориулалт"-ыг сонгож, "хүлээн авагчийн хаяг"-ийг оруулсны дараа "нэмэх гэрчилгээний дугаар" хэсэгт хүлээн авсан мал эмнэлгийн гэрчилгээний дахин давтагдашгүй дугаарыг оруулж гэрчилгээг дуудаж магадлан шинжилгээний гэрчилгээ олгох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг сонгож оруулна. Дараа нь магадлан шинжилгээний гэрчилгээний хүчинтэй хугацааг бүтээгдэхүүний нэр төрөл, улирлын байдлаас хамруулан малын эмч сонгож оруулна.

3.1.5.Лабораторийн шинжилгээ хэсгээс хийсэн шинжилгээг  сонгох эсвэл тухайн мал эмнэлгийн лаборатори нь https://vetlab.shinjilgee.mn/-д холбогдсон бол "дүнгийн хуудас"хэсэгт нэвтэрч лабораторийн шинжилгээний дүнгийн дахин давтагдахгүй  дугаарыг оруулж шинжилгээний дүнгийн хуудсыг баталгаажсан зурган форматаар хавсаргана.

3.1.6.QR код бүхий лабораторийн шинжилгээний дүнгийн хуудсыг хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжийн дэргэдэх мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч эмч, малын эмч нар сар, улирлаар нь архивын нэгж болгон тухайн байгууллага дээрээ хадгалдаг байх.

3.2.Мал эмнэлгийн нэгдсэн системд төрөлжсөн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр бүртгэгдсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн лаборатори, эрчимжсэн аж ахуйн, мах, сүүний үйлдвэрийн дэргэдэх мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, лаборатори нь зөвхөн мал эмнэлгийн нэгдсэн системээр хүлээн авсан мал эмнэлгийн цахим гэрчилгээг үндэслэн магадлан шинжилгээ хийж цахим гэрчилгээг  олгоно.

3.3.Мах, сүүний үйлдвэрийн дэргэдэх мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, лаборатори хүлээж авсан мах, сүүний мал эмнэлгийн гэрчилгээг үндэслэн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ олгоно.

3.4.Шувууны аж ахуйн дэргэдэх мал эмнэлгийн лаборатори нь зөвхөн өөрийн аж ахуйгаас бэлтгэн зах зээлд нийлүүлж байгаа хүнсний өндөг, тахианы маханд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ үүсгэнэ.

3.5.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын лаборатори нь импортоор нийлүүлэгдсэн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэлийн бөөнөөр борлуулах бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээг үндэслэн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ олгож болно.

Дөрөв. Лабораторийн магадлан шинжилгээний цахим гэрчилгээний үйлчлэх хүрээ, хүчинтэй хугацаа

4.1.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийсэн эрх бүхий мал эмнэлгийн лаборатори мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ олгоно.

4.2.Хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх төрөлжсөн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс олгосон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ нь тухайн хүнсний зах, худалдааны төвд дотор борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнд хүчинтэй байна. Өөр хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлгийн лабораторийн олгосон магдлан шинжилгээний гэрчилгээ хүчингүйд тооцогдоно.

4.3.Мах боловсруулах үйлдвэр, шувууны аж ахуй, гахайн аж ахуйн дэргэдэх мал эмнэлгийн лаборатори жижиглэн болон бөөнөөр борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнд хийсэн магадлан шинжилгээний дүнг үндэслэн олгосон магадлан шинжилгээний гэрчилгээ тухайн гэрээт борлуулагч худалдаанд хүчинтэй байна.

4.4.Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, эрчимжсэн аж ахуйн дэргэдэх мал эмнэлгийн лаборатори зөвхөн өөрийн бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн, бэлтгэсэн бүтээгдэхүүнд л лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ олгоно.

4.5.Нийтийн хоолны сүлжээ, хүнсний дэлгүүр, супермаркетад борлуулж байгаа мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдхүүнд тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан гэрээт мал эмнэлгийн лаборатори магадлан шинжилгээний гэрчилгээ олгож болно.

4.6.Лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээг аймаг хоорондын тээвэрлэлт, худалдаалалт, хадгалалтад ашиглахгүй.

4.7.Лабораторийн шинжилгээ хийсэн тэмдэглэлгүй эсвэл дүнгийн хуудас хавсаргаагүй олгосон магадлан шинжилгээний гэрчилгээг хүчингүйд тооцно.

4.8.Магадлан шинжилгээний цахим гэрчилгээ олгосон өдрөөс хойш мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд дулааны улиралд (5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл) 3 хүртэл хоног, хүйтэн сэрүүний улиралд 10 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл)  7 хүртэл хоногийн хугацаанд хүчинтэй. Гэрчилгээний хугацаа дууссан нөхцөлд дахин шинжилгээ хийнэ.

4.9.Хэсэглэн ангилж вакумдаж савласан түүхий мах, маханбүтээгдэхүүнд олгосон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ нь хадгалалт, тээвэрлэлтийн халуун, хүйтний хэмийн горим алдаагүй нөхцөлд бүтээгдэхүүний хадгалах хугацаатай ижил хугацаанд хүчинтэй байна.

4.10.Шувууны аж ахуйн түүхий өндөгөнд олгосон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ нь хадгалалт, тээвэрлэлтийн халуун, хүйтний хэмийн горим алдаагүй нөхцөлд 3 хүртэл хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Төв. Хариуцлага

5.1.Энэхүү зааврыг зөрчсөн этгээдэд Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон мал эмнэлгийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ

 

---оОо---