- Нүүр
- Эрх зүйн акт
- КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ
Улсын онцгой комисс даргын 2021 оны
18 дугаар тушаалын хавсралт
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ААС СЭРГИЙЛЭХ
АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Коронавируст халдварт (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам (цаашид "журам" гэх)-ын зорилго нь Коронавируст халдвар /КОВИД-19/-аас (цаашид "халдвар" гэх) урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ажил үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
1.2. Халдвар хамгааллын дэглэм сахиулахад Эрүүл ахуйн тухай, Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.
1.3. Халдвар хамгааллын дэглэм сахиулах үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална.
1.4. Иргэн, хуулийн этгээд нь энэхүү журам, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах бөгөөд тусгай нөхцөл шаардах салбар, чиглэлийн үйл ажиллагаа, нэмэлтээр тавигдах шаардлагыг журмын хавсралтаар зохицуулна.
1.5. Иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг эрүүл мэндийн байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээ, халдварын тархвар зүйн байдлаас хамаарч тухайн шатны Онцгой комисс зохицуулж болно.
1.6. Энэхүү журмаар зохицуулагдаагүй асуудлыг Улсын онцгой комисстой зөвшилцсөнөөр тухайн шатны Онцгой комисс шийдвэрлэж болно.
Хоёр. Бэлтгэл ажлын үед авах арга хэмжээ
2.1. Иргэн, хуулийн этгээд ажил, үйлчилгээ эхлэхийн өмнө дараах арга хэмжээг хангана:
2.1.1. Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх "QR" кодыг "qr.119.mn" сайтаас зааврын дагуу хэвлэн авч, байгууллагын орох хэсэгт ил харагдахаар байршуулах, халуун хэмжигч бэлтгэх;
2.1.2. Иргэдэд үйлчлэх цэг, хаалганы дэргэд, ариун цэврийн өрөө зэрэг шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч уусмалыг байршуулах;
2.1.3. Улсын бүртгэлд бүртгэгдсэн зөвшөөрөл бүхий зориулалтын халдваргүйжүүлэх бодисыг сонгож, хадгалах нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэх заавраар хангах;
2.1.4. Халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчилгээний танхим, албан тасалгаа, цахилгаан шат, явган шат, ариун цэврийн өрөөнд хүний нүдэнд ил харагдахуйц газарт байршуулах;
2.1.5. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээс аль болох зайлсхийх, үйлчлүүлэгч төлбөр тооцоог төлбөрийн карт, цахимаар хийх нөхцөлийг бүрдүүлэх;
2.1.6. Ажилтан бүрт ажлын болон хөдөлмөр хамгааллын тусгай хувцас, хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх;
2.1.7. Ажилтан, албан хаагчдын тодорхой хувийг гэрээс цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, ажиллах хуваарийг урьдчилан бэлтгэж, ээлжээр эсвэл богиносгосон цагаар ажиллуулах;
2.1.8. Нэгдүгээр давхарт гарах хаалганд хамгийн ойр байрлах хэсэгт байгалийн агааржуулалттай "түр тусгаарлах өрөө"-г бэлтгэж, анхны тусламжийн иж бүрдэл, хамгаалах хувцас хэрэгсэл (амны хаалт, нэг удаагийн халаад, бээлий, улавч, нүдний шил, нүүрний хаалт, малгай) асуумж хуудас, халдваргүйжүүлэх уусмалтай шүршигч сав, гар халдваргүйжүүлэгч, цэвэр ус, нэг удаагийн аяга, цаасан алчуур, ариун цэврийн цаас, хогийн уут байршуулах;
2.1.9. Халдварын сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах ажлыг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллах зааварчилгаа (мэдээлэл дамжуулах урсгал, авах арга хэмжээ) өгсөн байх.
Гурав. Зохион байгуулалтын арга хэмжээ
3.1. Хуулийн этгээд нь халдвар хамгааллын дэглэм сахих үед зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.1.1. Амны хаалт зүүсэн ажилтан, үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжих, "QR" кодыг уншуулах, "QR" кодгүй бол иргэний үнэмлэхийг үндэслэн заавал бүртгэх, заавар зөвлөмж өгч нэвтрүүлэх;
3.1.2. Бүртгэл хийх үед амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг /толгой өвдөх, ханиах, найтаах, хамраас нус гоожих, биеийн халуун 37.4 хэмээс дээш байх/-ийг асууж тэмдэглэх, тандалтаар дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрт нь буцаах, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх;
3.1.3. Ажилтан, албан хаагчид, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд тандалт хийхэд шаардлагатай хувийн хамгаалах хувцас, багаж, хэрэгслээр тогтмол хангаж, тэдгээрийн хэрэглээнд дотоод хяналт тавих;
3.1.4. Ажлын байранд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, боломжтой үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх;
3.1.5. Ажилтан болон үйлчлүүлэгч хоорондын зайг үйл ажиллагааны онцлогоос хамааран 2 метрээс доошгүй зайтай байхаар тооцон тэмдэг, тэмдэглэгээ тавих, нэг чигийн урсгалаар хөдөлгөөнийг давхцуулахгүй байдлаар зохион байгуулах, орох, гарах чиглэлд тэмдэглэгээ хийх, сандал дээр зай барьж суух тэмдэг, тэмдэглэгээ байршуулах;
3.1.6. Гаднаас нэвтэрч байгаа эд зүйлс, бараа материалыг зохих зааврын дагуу халдваргүйжүүлж нэвтрүүлэх;
3.1.7. Ажлын байранд үйлчлүүлэгч болон ажилтны гар угаах нөхцөлийг бүрдүүлж, гарын шингэн саван, цаасан алчуур, гар халдваргүйжүүлэгч байршуулж үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй ашиглуулах;
3.1.8. Ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжихэд анхаарах;
3.1.9. Байгууллага нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн "Шар түвшин"-нд үзвэр, үйлчилгээний талбай, суудлын 50 хүртэл хувь, "Улбар шар түвшин"-д хүртэл 30 хүртэл хувийн дүүргэлттэй ажил, үйлчилгээ явуулах.
3.2. Цэвэрлэгээ (өдөр тутмын), халдваргүйжүүлэлт хийхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.2.1. Ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шат, хаалга, шүүгээний бариул, цахилгаан шатны товчлуур, унтраалга, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу, гишгүүр, сандал, компьютерийн гар, хулгана гэх мэт хүний гap хүрэх эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутамд цэвэрлэн халдваргүйжүүлэх;
3.2.2. Өрөө тасалгаанд 2 цаг тутам 10-15 минут агаар сэлгэлт хийх, механик агааржуулалтын системтэй тохиолдолд хэвийн ажиллагааг хангах;
3.2.3. Байгууллагын гадна орчны 50 метр талбайн хог, хаягдал, цас, мөсийг тогтмол цэвэрлэн, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх;
3.2.4. Багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ажилтан хооронд шилжүүлэхэд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж, хүлээлцүүлэх.
Дөрөв. Төрийн байгууллагын эрх, үүрэг
4.1. Төрийн байгууллага халдвар хамгааллын дэглэм сахих үед дараах эрх эдэлнэ:
4.1.1. Халдварын сэжигтэй иргэнийг байгууллагад нэвтрүүлэхгүй байх;
4.1.2. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед халдвараас сэргийлэх зорилгоор тухайн иргэнийг түр тусгаарлах;
4.1.3. Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
4.1.4. Хуульд заасан бусад эрх.
4.2. Төрийн байгууллага халдвар хамгааллын дэглэм сахих үед дараах үүрэг хүлээнэ.
4.2.1. Ажилтан, албан хаагчдын бэлэн байдлын иж бүрдэлийг хангуулах;
4.2.2. Хуульд заасан бусад үүрэг.
Тав. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
5.1. Иргэн халдвар хамгааллын дэглэм сахих үед дараах эрхийг эдэлнэ:
5.1.1. Халдвар хамгааллын дэглэм сахихыг тухайн байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас шаардах;
5.1.2. Халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас авах;
5.1.3. Халдвар хамгааллын дэглэм сахиулахтай холбоотой асуудлаар гомдол гаргах, мэдээлэл өгөх.
5.2. Иргэн, хуулийн этгээд нь ажил, үйлчилгээг эхлүүлэхэд дараах үүргийг хүлээнэ:
5.2.1. "QR" код бүртгүүлэхийг шаардах, хяналт тавих;
5.2.2. Энэ журмын 2, 3 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтын ажилтан томилж, халдвар хамгааллын дэглэм сахиулах /бүртгэлд хяналт тавих, амны хаалтыг зөв хэрэглэх, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт, гар угаах, бээлий өмсөх, агаар сэлгэлт гэх мэт/-д хяналт тавьж ажиллах;
5.2.3. Халдвар хамгааллын дэглэм сахиулахтай холбоотой санхүүжилтийг төлөвлөж, зарцуулах;
5.2.4. Амны хаалт зүүгээгүй, бээлий өмсөөгүй үйлчлүүлэгчийг дотроос худалдан авах боломжийг бүрдүүлэх.
5.2.5. Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж, мэдэгдэл, албан шаардлага, даалгаврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх.
5.2.5.Хуульд заасан бусад эрх, үүрэг.
5.3. Ажилтан, албан хаагч ажил, үйлчилгээ явуулахдаа дараах үүрэг хүлээнэ:
5.3.1. Хувийн ариун цэврийг сайтар сахих, эд зүйлсээ солилцохгүй байх, хүн хоорондын зай барьж мэндчилэх, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөг зүй зохистой ашиглах;
5.3.2. Өөрийн ажлын ширээ сандал, компьютер, шүүгээ зэрэг албан тасалгаанд буй хүний гар хүрэх гадаргууг 2 цаг тутамд цэвэрлэн халдваргүйжүүлэх;
5.3.3. Ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулах, мэргэжлийн байгууллагаас гарсан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх;
5.3.4. Ажлын цаг, ажиллах горимд өөрчлөлт орсон тохиолдолд байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх;
5.3.5. Цахимаар ажиллаж байгаа тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй, айл хэсэхгүй, зочин урихгүй байж, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэм баримтлах.
5.3.6. Ажлын хувцас хэрэгслийг зөв хэрэглэх, гарыг тогтмол савандаж угаах, гар ариутгагчаар халдваргүйжүүлэх.
Зургаа. Сэжигтэй тохиолдол илэрвэл авч хэрэгжүүлэх арга хэмжээ
6.1. Халуурах, ханиалгах, ядарч сульдах, толгой өвдөх, булчингаар өвдөх, хоолой өвдөх, амьсгалын дээд зам үрэвсэх, үнэр, амт мэдрэхгүй, амьсгаадах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг эмнэлзүйн шинж тэмдгээс 3 болон түүнээс дээш тоотой илэрсэн бол сэжигтэй тохиолдол гэж үзнэ.
6.2. Ажлын байранд сэжигтэй болон батлагдсан тохиолдол, ойрын хавьтал илэрвэл дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.2.1. Ажлын байранд сэжигтэй болон батлагдсан тохиолдол, ойрын хавьтлыг түр тусгаарлах өрөөнд тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
6.2.2. Хувь хүний нууцыг хадгалах, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй, ялгаварлан гадуурхахгүй, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулахгүй байх;
6.2.3. Ажилтан, албан хаагчид мэргэжлийн байгууллагын шийдвэр гартал өрөө тасалгаанаас гарахгүй, хоорондоо харилцахгүй, тайван байх, эрх бүхий байгууллагаас гаргасан зааварчилгааны дагуу ажиллах;
6.2.4. Халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн үед үйл ажиллагааг түр зогсоож, халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
6.2.5. Ажлын байранд батлагдсан тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагаар голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ.
Долоо. Хяналт, хариуцлага
7.1. Энэхүү журмын хэрэгжилтэд тухайн шатны Засаг дарга, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн байгууллага болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж ажиллана.
7.2. Энэ журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр эрх бүхий албан тушаалтан Төрийн хяналт шалтгалтын тухай хуулийн дагуу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөвлөмж, мэдэгдэл, шаардлагыг хүргүүлнэ.
7.3. Эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, шаардлагыг биелүүлээгүй, журмыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл болон холбогдох бусад заалтын дагуу хариуцлага оногдуулна.
7.4. Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, учруулж болзошгүй бодит нөхцөл байдал бий болгосон тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсгийг баримтлан тухай үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох арга хэмжээг авна.
7.5. Энэхүү журмын 7.3-д заалтад заасан зөрчлийг давтан үйлдсэн бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, энэ хугацаанд зөрчил арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй бол мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
7.6. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд зөвшөөрлийг сэргээнэ.
7.7. Чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа энэхүү журмыг зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.
- - - оОо - - -
Коронавируст халдвар (КОВИД-19)-аас
сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр
журмын хавсралт
1.ХУДАЛДААНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ
ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Худалдааны газар нь үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Их дэлгүүр, зах, худалдааны төв, агуулах худалдаа, "хайпер маркет" зэрэг томоохон худалдааны газар нь нэвтрэх хэсэгтээ халдваргүйжүүлэх автомат тоног төхөөрөмж болон суурин халуун хэмжигч байрлуулах (ариутгах бүхээг);
2. Зах, худалдааны төв нь худалдааны танхим, лангуу, тавиур, тасаг, чингэлэг, худалдан авагчийн зорчих хэсэг, үйлчлүүлэх хэсэг, тэргэнцэр, тооцооны цэг бүрт "QR" кодыг байршуулж, үйлчлүүлэгчийг бүртгэх (хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад чиглэгдсэн тэмдэг, тэмдэглэгээг хийх);
3. Касс, лангуун дээр шилэн болон хуванцар хаалтыг байрлуулах;
4. Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх;
5. Ажилтан, иргэдэд хувийн хамгаалах хэрэгсэл (амны хаалт, нүүрний хаалт, нэг удаагийн бээлий)-тэй үйлчилж, амны хаалтыг 2 цаг тутамд, бээлийг цоорсон, бохирдсон тохиолдолд сольж, зөв хэрэглэж хэвших;
6. Ажилтны хувийн хамгаалах хэрэгсэл, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэх бодисыг 5-аас доошгүй хоногийн нөөцийг бэлтгэх;
7. Халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанга яригчаар мэдээлж, сурталчилгааны дэлгэцээр сэрэмжлүүлэх;
8. Жимс жимсгэнэ, цагаан идээ, талх нарийн боов, бэлэн салат, зууш, хачир зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг уутанд савлах буюу битүү хоргонд худалдах;
9. Нэг удаагийн бээлий, гялгар уут, цаасан сав баглаа боодлын нөөцтэй байх;
10. Гоо сайхны барааны худалдаа эрхлэгч нь "загвар бүтээгдэхүүн"-ийг үйлчлүүлэгчдэд дамжуулан хэрэглүүлэхгүй байх;
11. Бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэд хүлээлгэж өгөх тухай бүр гараа халдваргүйжүүлэх, гараас гарт дамжуулахгүй байх;
12. Түгээлтийн жолооч, ачигч, ажилтнуудыг амны хаалт, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон халдвар хамгааллын дэглэм сахиулах;
13. Тээврийн хэрэгсэл, чингэлгийг үйлчилгээ бүрийн дараа, тэргэнцэр, сагсны бариулыг үйлчлүүлэгч хэрэглэсний дараа тогтмол цэвэрлэх, халдваргүйжүүлэх;
14. Цэвэрлэгээ хийхдээ тээврийн хэрэгслийн хаалга, салхины шил агааржуулалтыг нээж, агаар сэлгэлт хийх;
15. Худалдааны талбай, танхимд хооллохыг хориглох;
16. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх.
- - - оОо - - -
2.ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь (ресторан, баар, кафе, цайны газар, сүлжээ хоолны газар, хүргэлтийн хоол, кофе шоп, буфет) үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ, сандлыг байршуулах;
2. Нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын (үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх) үйлчилгээний танхимын хооллох ширээн дээр тусгаарлах хаалт байрлуулах, хүн хоорондын зайг барих нөхцөлийг бүрдүүлэх;
3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлагад ажиллах ажилтан нь ажлын нэг даалгаврыг зөвхөн нэг хүн хариуцан гүйцэтгэх байдлаар зохион байгуулах;
4. Гаднаас хүлээн авч буй хүнсний түүхий эд, бараа, бүтээгдэхүүний хайрцаг, сав баглаа, боодлын гадаргууг сайтар арчиж цэвэрлэх, битүүмжлэлгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг угааж, цэвэрлэсний дараа агуулахад хадгалж, хэрэглэх;
5. Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг 3 дамжлагат угаалгаар зааврын дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглэх.
а/ Хүргэлтийн хоолны үйлчилгээнд тавигдах нэмэлт шаардлага:
1. Хүргэлтийн үйлчилгээний ажилтанд халдвар, хамгааллын дэглэм, хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх талаар зааварчилгаа өгч баталгаажуулах, үйлчлүүлэгчтэй зайнаас харьцах талаар үйлчилгээнд гарах бүрт сануулах;
2. Хоол, хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл (жолооны хүрд, хаалганы бариул, гар хүрэх хэсэг), чингэлэг, тэргэнцэр, дулаан баригч зөөврийн сав, сагсыг үйлчилгээнд гарах бүрт цэвэрлэж халдваргүйжүүлэн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөхөд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;
3. Хүргэлтийн үйлчилгээнд хэрэглэсэн зөөврийн сав, сагсыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өрөө, тасалгаанд шууд оруулахгүйгээр тусгайлсан цэгт зааврын дагуу угааж, халдваргүйжүүлэх;
4. Хүргэлтийн хоолыг хүлээлгэн өгөхөд хүн хоорондын зайг баримтлан, гараас гарт дамжуулахаас зайлсхийх;
5. Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог төлбөрийн карт, цахим төхөөрөмж ашиглан хийх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээс аль болох татгалзах, картыг төлбөрийн "ПОС" машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүр цэвэрлэж, халдваргүйжүүлэх.
б/ Баар (караоке, бүжгийн, диско, бильяард, спорт, паб):
1. Тусгай өрөө "VIP", караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлэх;
2. Тусгай өрөө "VIP", караокены өрөө тасалгаа, тамхи татах цэг, нийтийн бие засах газрыг 2 цаг тутам цэвэрлэн, халдваргүйжүүлж, агаар сэлгэлтийг тогтмол хийх, механик агааржуулалтын системийн хэвийн үйл ажиллагааг хангах;
3. Өрөө бүрт гар халдваргүйжүүлэгч тавих;
4. Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх;
5. Тайчих буюу цэнгээнт үйлчилгээг зөвхөн тайзан дээр явуулах;
- - - оОо - - -
3.ҮСЧИН, ГОО САЙХАН, ХУМС ЗАСЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээ эрхлэгч нь үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилан захиалга авч үйлчлэх;
2. Суудал хоорондын зайг 2 метрээс доошгүй зайтай байрлуулж, тоног төхөөрөмжийг суурилуулах, тусгаарлах хаалт (нийлэг хальсан материал ашиглаж болно)-тай байх;
3. Ажиллагсад нь амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хаалт, нийлэг хальсан хормогч, даавуун болон цаасан тохойвч хэрэглэх, 5-аас доошгүй хоногийн нөөцтэй байх;
4. Үс засуулах, хумс заслын үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид амны хаалттай байх ба 2 цагаас илүү хугацаагаар үйлчлүүлсэн тохиолдолд амны хаалтыг солиулах;
5. Гоо сайхны өрөөнд зөвхөн нэг хүнд үйлчлэх;
6. Үйлчилгээ бүрийн дараа алчуур, нөмрөг, үс угаах угаалтуур, ашигласан багаж, хэрэгслийг угаалгын бодисоор угааж, цэвэрлэн, халдваргүйжүүлэх;
7. Арьс салст гэмтээж болох гоо сайхан, хумс заслын багаж хэрэгслийг угааж, халдваргүйжүүлэлт хийсний дараа ариутгах, ариутгалын тоног төхөөрөмжгүй нөхцөлд нэг удаагийн багаж хэрэгслийг хэрэглэх;
8. Хог хаягдлыг таних тэмдэг бүхий тагтай зориулалтын саванд түр битүүмжлэн хадгалж, хог хаягдал зөөвөрлөх гэрээт байгууллагаар тээвэрлүүлэх.
- - - oOo - - -
4. НИЙТИЙН ХАЛУУН УС, САУН, УСАН БАССЕЙНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Нийтийн халуун ус, саун, усан бассейны үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилан захиалга авч үйлчлэх;
2. Халуун усны шүршүүр, массажны өрөөнд зөвхөн нэг хүнд үйлчлэх;
3. Ажиллагсад нь амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хаалт, нийлэг хальсан хормогч зэрэг ажлын хувцсыг бүрэн өмсөж хэрэглэх, 5-аас доошгүй хоногийн нөөцтэй байх;
4. Үйлчилгээ бүрийн дараа шүршүүр, сауны өрөө, тасалгаанд цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт хийх, механик агааржуулалтын системийн хэвийн үйл ажиллагааг хангах;
5. Бассейны усыг зааврын дагуу халдваргүйжүүлж, үлдэгдэл хлорын хэмжээнд өдөр бүр дотоодын хяналт тавьж, улирал тутам мэргэжлийн байгууллагаар хими, нян судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах;
6. Хэрэглэсэн алчуур, улавч, хэрэгслийг угаалгын хэсэгт хүргүүлэх, аль болох нэг удаагийн хэрэгслээр үйлчлэх.
- - - oOo - - -
5. АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗ, ЗОЧИД БУУДАЛ, ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал нь үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилан захиалга авч, орны тооноос илүү зочин хүлээн авахгүй байх (нэг гэр бүлийн гишүүдээс бусад);
2. Зочин хүлээн авах хэсэгт тусгаарлалтын хаалт байрлуулж, халдвар хамгааллын дэглэм сахиулах;
3. Үйлчилгээ бүрийн дараа зочны өрөө болон олон нийтийн хэсэгт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, алчуур, цагаан хэрэглэлийг угааж халдваргүйжүүлэх;
4. Зочдын хоолны цагийн хуваарьт зохицуулалт хийх, аль болох өрөөнд нь хооллох;
5. Ундны ус нь төвлөрсөн шугамд холбогдоогүй тохиолдолд эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтоон, бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авах, ус нөөцлөх савыг угааж халдваргүйжүүлэх, ундны усанд хими, нян судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах;
6. Нүхэн жорлон, бохир усны цооногт сар бүр халдваргүйжүүлэлт хийлгэх;
7. Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх.
- - - оОо - - -
6. БИЕИЙН ТАМИР, СПОРТ, ЧИЙРЭГЖҮҮЛЭХ, БЯЛДАРЖУУЛАХ
ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, төрөлжсөн спорт клуб, спорт заал, спорт талбай, цанын бааз, мөсөн гулгуурын талбайн үйлчилгээ нь үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Хүн хоорондын зайг 2 метрээс багагүй байхаар тооцох;
2. Дасгалын тоног төхөөрөмж бүрийн дэргэд гар халдваргүйжүүлэгч, алчуурыг байршуулах;
3. Сургалтын байр, тоног төхөөрөмж, хэрэглэл, зориулалтын хувцасыг тухай бүр цэвэрлэн, халдваргүйжүүлж, агаар сэлгэлтийг 2 цаг тутамд тогтмол хийх;
4. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр олон улсын болон бусад уралдаан тэмцээн зохион байгуулах тохиолдолд оролцогчдыг "ПГУ" шинжилгээнд хамруулах, түүний хариуг үндэслэн, заалны багтаамжийн 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах;
5. Үйлчлүүлэгч бүр амны хаалт, нэг удаагийн бээлий хэрэглэх.
- - - оОо - - -
7. СОЁЛ УРЛАГ, СҮМ ХИЙД, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ, ХУРАЛ ЦУГЛААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ
ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглааны үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
а/ Кино театр:
1. Үзвэрийн өмнө ба дараа заал танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
2. Үзвэрийн танхимд үзэгч хооронд зай барих буюу 1 суудал алгасуулж 1 хүн суулгах;
3. Үзвэр эхлэхийн өмнө халдвараас сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг дэлгэцээр болон сонсох байдлаар хүргэх;
4. Тасалбарыг цахимаар авах нөхцөл бүрдүүлэх;
5. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар үзвэрийн цагийн хуваарийг зохицуулах;
6. Кино театрын зориулалтын нүдний шилийг үзвэрийн дараа цэвэрлэн халдваргүйжүүлэх;
7. Үзвэрийн танхимд ус, ундаанаас бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох;
8. Автомат тоглоомыг үйлчлүүлэгч хэрэглэсний дараа тухай бүр цэвэрлэн халдваргүйжүүлэх;
9. Ажилтныг ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, халдвар хамгааллын дэглэм сахиулах.
б/ Музей:
1. Үзвэрийн танхим дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх;
2. Үйлчлүүлэгчдийн тооны хязгаарыг үзмэрийн танхимын хэмжээг харгалзан 1 хүнд ноогдох талбай нь 4 м2-аас доошгүй байхаар тооцож оруулах;
3. Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх;
4. Үзмэрийн танхимд 2 цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
5. Тайлбарлагч, үйлчилгээний ажилтныг ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, халдвар хамгааллын дэглэм сахиулах.
в/ Театр, чуулга, соёлын ордон:
1. Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх;
2. Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, үзэгч хооронд зай барих буюу 2 суудал алгасуулж, 2 хүн суулгах, ганцаараа явж байгаа бол 2 суудал алгасуулж 1 хүн суулгах;
3. Үзвэр хооронд танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
4. Үйлчилгээний ажилтныг ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, халдвар хамгааллын дэглэм сахиулах;
5. Уран бүтээлчдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, тайзны тоног төхөөрөмж, микрофоныг халдваргүйжүүлж, бүрхэвч уутыг солих;
6. Үзвэрийн танхимд хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох;
7. Үзвэр эхлэхийн өмнө халдварын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг дэлгэцээр болон сонсох байдлаар хүргэх;
г/ Соёл, урлагийн сургалт явуулдаг аж ахуйн нэгж байгууллага:
1. Анги танхимд ширээ, сандал 2 метрээс доошгүй зайтай байрлуулж, нэг тоног төхөөрөмжид нэг суралцагч байхаар зохицуулалт хийх;
2. Сургалтын танхимд 2 цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
3. Нийтийн бүжиг, бүжгийн сургалт, клубын үйл ажиллагааг хориглох.
д/ Сүм, хийд:
1. Хурал ном, мөргөл залбирлын үйлчилгээг зохион байгуулахдаа хурлын танхимд лам, сүсэгтэн олон нь 2 метрээс доошгүй зайтай суухаар зохицуулах;
2. Хурлын дуган, айлтгал бичих өрөө тасалгааг 2 цаг тутам агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
3. Засал хийх, ном хурах зэрэг арга хэмжээг цахимаар унших нөхцөлийг бүрдүүлэх.
4. Буян өргөлийг бэлэн мөнгөөр хийхгүй байх, төлбөрийн карт, дансны дугаар ашиглан хийх, картыг "ПОС" машинаар уншуулах, товчлуурыг тухай бүр халдваргүйжүүлэх уусмалаар арчих;
е/ Олон нийтийн арга хэмжээ:
1. Монгол Улсын Засгийн газрын болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулахдаа мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэм сахиулах;
ё/ Хурал, цуглаан:
1. Байр танхимын багтаамж, хүчин чадлаас шалтгаалан нэг удаагийн хурал цуглаанд оролцогчдын хүн хоорондын зайг 2 метрээс доошгүй байхаар тооцож, зохион байгуулах;
2. Хурал цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулж хэвших.
- - - оОо - - -
8. МЭРГЭЖЛИЙН БОЛОН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Мэргэжлийн болон хэлний сургалтын төвийн үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Сургалтын бүртгэлийг цахимаар явуулах,
2. Анги танхимд ширээ, сандал, үйлдвэрлэлийн дадлагын байранд тоног төхөөрөмжийг 2 метрээс доошгүй зайтай байрлуулж, нэг тоног төхөөрөмжид нэг суралцагч байхаар зохицуулалт хийх;
3. Суралцагч амны хаалттай хичээллэх, сургалтын байгууллага нь амны хаалт, нүүрний хаалт, нэг удаагийн бээлий, хамгаалах хэрэгслийн 5-аас доошгүй хоногийн нөөцтэй байх
4. Үйлдвэрлэлийн дадлагын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сургалтын гарын авлага, үзэг, бал зэрэг эд зүйлсийг суралцагч хоорондоо дамжуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдваргүйжүүлэх;
5. Ээлж хооронд анги танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
6. Анги, танхимд хооллохгүй байх.
- - - оОо - - -
9. ТОГЛООМЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ
ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Тоглоомын төвийн үйлчилгээ нь үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Амны хаалт, ажлын хувцас, нэг удаагийн бээлий, гар ариутгагч, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх бодисын 5 хоногийн нөөцтэй байх;
2. Байгалийн болон механик агааржуулалтын системтэй байх агаар сэлгэлтийг тогтмол хийх;
3. Үйлчлүүлэгчийн бүртгэл хийж, 2 цагаас дээшгүй хугацаагаар тоглуулах.
а/ Цахим тоглоомын газар:
1. Үйлчилгээний газар нь ширээ, сандал, компьютер, компьютерийн гар, хулгана, чихэвчийг үйлчлүүлэгч бүрийн дараа, хаалганы бариул, хүлээн авах хэсэг зэрэг үйлчлүүлэгчийн гар хүрэх гадаргуу талбайг 2 цаг тутамд цэвэрлэх, халдваргүйжүүлэх, тоглоомын өрөө тасалгаа, заалны их цэвэрлэгээг өдөрт 3-аас доошгүй хийх;
2. Тоглоомын өрөө тасалгаа, заал, нийтийн бие засах газарт 2 цаг тутамд агаар сэлгэж, халдваргүйжүүлэх уусмал ашиглан цэвэрлэгээ хийж, гар халдваргүйжүүлэх уусмалыг ширээ бүрт байрлуулах;
3. Интернэт кафе, цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй байхаар байрлуулах.
б/ Хүүхдийн тоглоомын газар:
1. Амны хаалтгүй хүүхдэд үйлчлэхгүй байх, зааланд хооллохгүй байх;
2. Асран хамгаалагчийг хүлээлгийн танхимд халдвар хамгааллын дэглэм сахиулан 2 метрээс доошгүй зай бариулах;
3. Тоглоомын өрөө тасалгаа, заал, тоглоом хэрэгслийг 2 цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
в/ Хүүхдийн гадна тоглоомын талбай:
1. Амралт чөлөөт цагийг зүй зохистой өнгөрөөх зорилгоор бага насны хүүхдийг нийтийн эзэмшил талбай, цэцэрлэгт хүрээлэнд байрлах тоглоомын талбайд тоглуулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахиулахыг эцэг, эх, асран хамгаалагч хариуцах;
2. Эцэг, эх, асран хамгаалагч бага насны хүүхдийг гадна тоглоомын талбайд тоглуулахдаа амны хаалт, бээлий өмсүүлэх, тоглуулсны дараа гарыг нь сайтар угааж, халдваргүйжүүлэх;
3. Орон сууцны гадна талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдлыг ачуулах ажлыг харьяа Сууц өмчлөгчдийн холбоо, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн газарт байрлах тоглоомын талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлыг харьяалах байгууллага нь хариуцах.
- - - оОо - - -
10. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ
ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Нийтийн тээврийн үйлчилгээ нь үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
а/ Автобус:
1. Нийтийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохоос өмнө бүхээгийн бүх гадаргуу, зорчигчийн суудал болон бариул, гар хүрэх хэсгийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх, агаар сэлгэлт хийх;
2. Амны хаалтгүй зорчигчид үйлчлэхгүйг зарлан мэдээлэх, амны хаалт, нэг удаагийн бээлий, гар ариутгагчаар хангах нөхцөл бүрдүүлэх;
3. Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог зөвхөн нийтийн тээврийн цахим төлбөрийн хэрэгслээр хийх;
4. Суудлын бүрээс, хөшгийг 3 хоног тутам угаах, солих;
5. Жолоочийн бүхээгийг зорчигчоос тусгаарласан хаалт хийх, жолоочийг хамгаалах хэрэгсэл (гар халдваргүйжүүлэгч, амны хаалт, малгай, бээлий, ажлын хувцас)-ээр хангах;
6. Жолооч нарт халдвараас урьдчилан сэргийлж ажиллах талаар зааварчилгааг өгөх;
7. Зорчигчийг 1 суудал алгасуулж 1 хүн суулгах, хүн хоорондын зай барих;
8. Автобусны буудлын эцсийн зогсоол дээр зогсох бүрт бүхээгийн хогийг цэвэрлэн, агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх, хог хаягдлыг зориулалтын цэгт хаях.
б/ Такси:
1. Үйлчилгээнд гарахын өмнө, дараа тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийх, үйлчлүүлэгч хооронд агаар сэлгэх;
2. Жолоочийн хэсгийг зорчигчдоос тусгаарлан хаалт (нийлэг хальсан материал ашиглаж болно) хийж, зорчигчийг зөвхөн арын суудалд суулгах;
3. Зөвхөн амны хаалттай зорчигчид үйлчлэх бөгөөд амны хаалт, нэг удаагийн бээлийгээр хангах нөхцөлийг бүрдүүлэх, суудлын дэргэд гар халдваргүйжүүлэгч байрлуулах,
4. Төлбөр тооцоог төлбөрийн карт, дансны дугаар ашиглан хийх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх, картыг "ПОС" машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүр халдваргүйжүүлэх уусмалаар арчих;
5. Халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг урд суудлын арын хэсэгт үйлчлүүлэгчид ил харагдахуйц байршуулах;
6. Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх, "QR" кодыг зорчигчоор уншуулах, эсвэл жолооч нь "qr.ulaanbaatar.mn" сайтыг ашиглан, зааврын дагуу зорчигчийн иргэний үнэмлэхийн "QR" кодыг уншуулах.
- - - оОо - - -
11. НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦ, НИЙТИЙН БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байрны үйл ажиллагаанд энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Халдвараас урьдчилан сэргийлэх заавар, санамж, зөвлөмжийг оршин суугчдад ил харагдахуйц байршуулах;
2. Монгол Улсын теле хяналтын камерын техникийн ерөнхий шаардлага MNS 6423:2019 стандартын шаардлагыг хангасан хяналтын камер суурилуулах;
3. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн болон цэвэрлэгээ, халдваргүйжүүлэх бодисын нэг сарын нөөцтэй байх;
4. Орцны хаалганы бариул, кодын товчлуур, шатны бариул, цахилгаан шатны товчлуур, унтраалга зэрэг хүний гар хүрч болох эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх, хаалга, шат, шатны бариулыг өдөрт 2-оос доошгүй удаа угааж цэвэрлэх;
5. Цахилгаан шатны товчлуурын дэргэд гар халдваргүйжүүлэгч байршуулах, тогтмол цэвэрлэгээ хийх, халдваргүйжүүлэх;
6. Орц болон зоорины давхарт сард 1 удаа ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт (хаяг, шошгогүй, хүчинтэй хугацаа дууссан, улсын бүртгэлд бүртгэгдээгүй бодисыг хэрэглэхгүй байх) хийлгэх;
7. Хог хаягдлыг хуваарийн дагуу ачуулах, хогийн цэг, хогийн саванд халдваргүйжүүлэлт хийх, орцны гадна талд битүүмжлэл бүхий тагтай хогийн сав байрлуулах, хариуцсан талбайн хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэн, халтиргаа, гулгааг арилгах;
8. Сууц өмчлөгчдийн холбоо нь цахим хаягтай байх ба оршин суугчдыг бүртгэх, санал хүсэлт, гомдлыг тухай бүр шийдвэрлэх, тайлагнах;
- - - оОо - - -
12. ХҮНСНИЙ БАРААНЫ ТЭЭВЭР, ТҮГЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Хүнсний барааны тээвэр, түгээлтийн үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Хот дотор болон орон нутагт хүнсний тээвэрлэлт хийх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангасан байх;
2. Тээвэр, түгээлтийн ажилтанд хүнс тээвэрлэх хугацаанд ажлын хувцас, бээлий, амны хаалт, нүүрний хаалт, гар халдваргүйжүүлэгч зэргээр хангах, тээврийн хэрэгсэл, чингэлгийг тухай бүр халдваргүйжүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахиулах талаар заавар, зөвлөмж өгөх;
3. Хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн (жолооны хүрд хаалганы бариул, гар хүрэх хэсэг), чингэлэг, тэргэнцэр, хайрцаг сав, сагсыг үйлчилгээнд гарах бүрт тогтмол цэвэрлэн халдваргүйжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллаж буй эсэхэд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;
4. Түгээлтийн ажилтан нь холын замд хоол хүнс, хувийн эд зүйлсийг бэлтгэх;
5. Хүнсний тээврийн хэрэгслийн жолооч нь ээлжийн жолоочоос өөр хүн авч явахыг хориглоно;
6. Бараа бүтээгдэхүүнийг ачих, буулгах явцад ажлын хувцас, хэрэгслийг бүрэн өмсөж, бусадтай зайнаас харьцах, барааны гадаргууг тухай бүр халдваргүйжүүлэх;
7. Хот суурин газар нэвтрэх, дайран өнгөрөхдөө тухайн орон нутагт тогтоосон дүрэм, журам, шаардлагыг дагаж мөрдөх;
8. Ачаа, тээврийн болон шатахууны төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийх.
- - - оОо - - -
13. ОРШУУЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ
ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Оршуулгын үйл ажиллагаанд энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Оршуулгын үйл ажиллагааг 50 хүртэл хүнтэй зохион байгуулах;
2. Шарил тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
3. Буяны ажлын цайллага хийхдээ халдвар хамгааллын дэглэм сахиулах;
4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхээр бол энэхүү журмын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих тусгай нөхцөл шаардлагыг хангах;
5. Оршуулгын үйл ажиллагаанд оролцож буй иргэд ирж, очихдоо тээврийн хэрэгслийг аль болох сольж суухгүй байх.
- - - оОо - - -
14. ЖАГСААЛ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛЛАХ, ТҮҮНД ОРОЛЦОХОД
ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.
1. Эрүүл мэндийн байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тухайн шатны Онцгой комиссын дүгнэлт гаргуулсан байх;
2. Хүн хооронд 2 метрээс доошгүй зай барих;
3. Оролцогчдыг "ПГУ" шинжилгээнд хамруулах, хариу гарсан байх;
4. Амны хаалт зүүх, бээлий өмсөх, гар халдваргүйжүүлэх;
5. Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг 1 цаг тутам солих;
6. Жагсаал, цуглаанд ашиглах техник, эд зүйлсийг халдваргүйжүүлэх.
- - - оОо - - -
Текст томруулах
A
A
A