- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/59
Сүхбаатар сум
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "ж", 39 дүгээр зүйлийн 39.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 02дугаарсарын 22-ны өдрийн "Түр журам батлах тухай" 18 дугаар тушаал, Монгол Улсын Стандарт "MNS ISO/PAS 45005:2021"-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн хэмжээнд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн согтууруулах ундаа худалдах цагийн хязгаарыг 10.00-22.00 цаг, үйлчлэх цагийн хязгаарыг 10.00-00.00 цаг хүртэл байхаар тус тус тогтоосугай.
2.Сонгуулийн санал авах өдөр, цэрэг татлага, жагсаал цуглаан зохион байгуулагдаж байгаа өдрүүд болон сар бүрийн 01-ний өдрийн 00.00 цагаас 02-ны өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг тус тус хориглосугай.
3.Худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай шаардлага, нөхцөлийг ханган, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасугай.
4.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа /А.Энхбат/, Мэргэжлийн хяналтын газрын дарга /Д.Баттүвшин/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга /Д.Ёндонжамц/-д даалгасугай.
6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2018 оны "Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай" А/451, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай" А/348 дугаар захирамжийн 3 дахь заалт, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн "Зарим байгууллага, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах тухай" А/57 дугаар захирамжийн 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар А/02
Сүхбаатар сум
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйл 16.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйл 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдааны чиглэлийн супермаркет, хайпермаркет, бөөний төв, агуулах худалдаа, минимаркет, хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах цагийн хязгаарыг 10.00-00.00 цаг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн зоогийн газар, баар, караоке, кафины үйлчлэх цагийн хязгаарыг 11.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэхээр тус тус тогтоосугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр буюу 3 хоног, сар бүрийн 01-ний өдрийн 00.00 цагаас 02-ны өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг тус тус хориглосугай.
3.Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрсүгэй.
4.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт, Сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст даалгасугай.
6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" А/59 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
Н.ЛХАГВАДОРЖ
Текст томруулах
A
A
A
