- Нүүр
- Эрх зүйн акт
- БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ, ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ, ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн
А/86 дугаар тушаалын хавсралт
БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ,
ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн (цаашид "Хараат бус гишүүн" гэх)-ийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, томилох, хараат бус гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх, хараат бус гишүүн ажлаа тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөхдөө Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг баримтална.
1.3. Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хараат бус гишүүнд томилогдох этгээд нь бие даасан, хараат бус, мэргэшсэн байх зарчмыг баримтална.
1.4. Хараат бус гишүүний бүрэн эрх дуусгавар болсон тохиолдолд хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагааг энэ журмын дагуу шинээр явуулна.
1.5. Банк энэ журмын 2.4-т заасан журам, дүрэм бусад шийдвэрийг банкны эрх зүйн баримт бичгийг бүртгэх үйл ажиллагааг зохицуулсан журмын дагуу Монголбанкинд бүртгүүлнэ.
Хоёр. Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх
2.1. Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх чиг үүрэг бүхий хороо (цаашид "Нэр дэвшүүлэх хороо" гэх) хараат бус гишүүнийг сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшүүлнэ.
2.2. Банкны төлөөлөн удирдах зөвлөлд энэ журмын 2.1-д заасан хороо байхгүй тохиолдолд нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй түр хороо байгуулж болно.
2.3. Нэр дэвшүүлэх хороо нь сонгон шалгаруулалт зохион байгуулах, нэр дэвшигчийг шалгаруулах, хувьцаа эзэмшигчийн хуралд нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй байна.
2.4. Банкны төлөөлөн удирдах зөвлөлөөс хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэх журмыг банкны дүрэм, журамдаа тодорхойлж тусгасан байна.
2.5. Нэр дэвшүүлэх хороо нь хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, хувьцаа эзэмшигчийн хуралд нэр дэвшүүлэхдээ энэ журмын 2.4-т заасан журмыг баримтална.
2.6. Нэр дэвшүүлэх хороо нь хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, хувьцаа эзэмшигчийн хуралд нэр дэвшүүлэхдээ дараах шаардлагыг баримтална. Үүнд:
2.6.1. Хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэхүү журмын 2.4-т заасан журмын дагуу явуулах;
2.6.2. Хараат бус гишүүнд нэр дэвшигчийн ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага нь банкны дүрэм, Банкны тухай хууль, Компанийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
2.6.3. Хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдийг шалгаруулж, нэр дэвшүүлэх.
2.7. Нэр дэвшүүлэх хороо нь сонгон шалгаруулсан, хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн банкны дүрэм, Банкны тухай хуулийн 33.3, Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шалгуурыг хангасан эсэхийг нотлох баримт бичиг, дараах тодорхойлолт, баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 5 (таван) өдрийн дотор Монголбанкинд ирүүлнэ. Үүнд:
2.7.1. Энэ журмын Хавсралт 1-ийн дагуу гаргасан хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн тодорхойлолт;
2.7.2. Энэ журмын Хавсралт 2-ын дагуу гаргасан хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн мэдүүлэг;
2.7.3. Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөртэй эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
2.7.4. Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээж байсан эсэх, хүлээж байгаа эсэх тодорхойлолт, лавлагаа;
2.7.5. Тухайн этгээдтэй холбоотойгоор ямар нэг сахилгын арга хэмжээ авч байсан эсэх;
2.7.6. Тухайн этгээдийг Монголбанк эсхүл мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар хувийн эсхүл мэргэжлийн ёс зүйгүй байдлыг тогтоож үйл ажиллагааг нь зогсоож байсан эсэх;
2.7.7. Боловсролын гэрчилгээ, дипломыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.7.8. Компанийн тухай хуулийн 75.8-д заасны дагуу компанийн зохистой засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
2.7.9. Мэргэжлээрээ болон банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт, тодорхойлолт;
2.7.10. Тухайн этгээд нь өмнө нь томилогдож байсан итгэлцлийн болон үүнтэй адилтгах бусад харилцааг зөрчлийн улмаас дуусгавар болгож байсан эсэх;
2.7.11. Тухайн этгээдийг шаардлага хангаагүй шалтгаанаар захирал, удирдах албан тушаалаас нь чөлөөлж байсан эсэх;
2.7.12. Хараат бус гишүүний ажил үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, саад байгаа эсэх;
2.8. Хараат бус гишүүнд нэр дэвших этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол энэ журмын 2.7-д зааснаас гадна доорх баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлнэ:
2.8.1. Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өртэй эсэх,
2.8.2. Харьяалах улс, орны шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй болохыг нотлох баримт бичиг;
2.8.3. Харьяалах улс оронд аливаа ял шийтгэл хүлээгээгүй болохыг нотлох баримт бичиг;
2.8.4. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүйг нотлох баримт бичиг.
2.9. Монголбанк энэ журмын хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд хараат бус гишүүнд нэр дэвших этгээдтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.
2.10. Монголбанк энэ журмын 2.7-2.9-д заасан мэдээлэл, баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш 30 (гуч) хоногийн дотор хянаж үзээд хараат бус гишүүнд нэр дэвших этгээд нь холбогдох шалгуур, шаардлагыг хангаж буй эсэх мэдэгдлийг банкинд хүргүүлнэ.
Гурав. Хараат бус гишүүнийг томилох
3.1. Нэр дэвшүүлэх хороо нь хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн холбогдох шалгуур, шаардлага хангаж буй талаар Монголбанкны мэдэгдлийг хүлээж авсны үндсэн дээр хараат бус гишүүнд нэр дэвшигчийг банкны хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлж, томилно.
3.2. Хараат бус гишүүнийг томилсон тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 (арав) хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.
Дөрөв. Хараат бус гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх
4.1. Хараат бус гишүүний бүрэн эрхийг дараах үндэслэлээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлнө:
4.1.1. Хараат бус гишүүн нь Банкны тухай хууль, Компанийн тухай хууль болон энэхүү журамд заасан холбогдох шалгуурыг хангахгүй болсон;
4.1.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал, аудитын болон эрсдэлийн удирдлагын хорооны хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд 2-оос дээш удаа оролцоогүй;
4.1.3. Ашиг сонирхлын зөрчил үүссэн;
4.1.4. Биеийн эрүүл мэндийн байдал, эсвэл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг ажлаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасан;
4.1.5. Энэ журмын 5.1, 5.3, 5.5-д заасан өөрийн ажлыг тайлагнах үүргээ биелүүлээгүй;
4.1.6. Хуульд заасан бусад үндэслэл.
4.2. Банк хараат бус гишүүнийг чөлөөлөх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 3 (гурав) хоногийн дотор холбогдох үндэслэл, тайлбарын хамт Монголбанкинд албан бичгээр мэдэгдэнэ.
Тав. Тайлагнал, хариуцлага
5.1. Хараат бус гишүүн нь өөрийн ажлын тайланг улирал бүр дараа сарын 15-ны өдрийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.
5.2. Энэ журмын 5.1-д заасан тайланд дараах зүйлсийг тусгана. Үүнд:
5.2.1. Оролцсон хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороо, эрсдэлийн удирдлагын хороо, Цалин урамшууллын хорооны хуралд оролцсон ажлын тайлан, хурлын огноо, хурлын шийдвэр;
5.2.2. Энэ журмын 5.2.1-д заасан хурлын шийдвэртэй зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан эсэх, зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан бол энэ тухай тайлбар, гаргасан санал;
5.2.3. Их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлахад оролцсон тухай тайлан, өгсөн санал;
5.2.4. Компанийн тухай хуулийн 79.3-т заасан үүрэг тус бүрээр хийж гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй тайлан;
5.2.5. Банкны дүрэм, Банкны тухай хууль, Компанийн тухай хуульд заасан хараат бус гишүүний эрх, үүргийн хүрээнд аливаа зөрчил, дутагдлыг арилгах, хяналт тавих хүрээнд тавьсан санал, шаардлага, тэдгээртэй холбоотой баримт бичгийн хуулбар.
5.3. Хараат бус гишүүн өөрийн оролцсон хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороо, эрсдэлийн удирдлагын хорооны ажлын тайлангаа хурал болсноос хойш ажлын 14 (арван дөрөв) хоногийн дотор энэ журмын 5.1-д заасан хугацаанаас өмнө Монголбанкинд хүргүүлнэ.
5.4. Монголбанк энэхүү журмын 5.1, 5.3-т заасан тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл, баримт бичгийг ирүүлэх, хуралд оролцох, тайлбар, тодруулга өгөхийг хараат бус гишүүнээс шаардаж болно.
5.5. Хараат бус гишүүн нь өөрийн ажлын тайланг хагас жил тутам олон нийтэд мэдээлнэ.
5.6. Монголбанк энэ журмын биелэлтэд хяналт тавьж, журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛБАНК
Текст томруулах
A
A
A