- Нүүр
- Эрх зүйн акт
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ ЖУРАМ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,
Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 3 дугаар
сарын 26-ны өдрийн А/213,38 дугаар хамтарсан
тушаал/тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН
НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах, хүргүүлэх, сонгогч шилжихэд энэ журмыг баримтална.
Хоёр.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах
2.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/-ын орон нутаг дахь газар, хэлтэс /цаашид "Улсын бүртгэлийн хэлтэс" гэх/ иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг үндэслэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний тоог баг, хороо бүрээр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хугацаанаас өмнө сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүргүүлнэ.
2.2.Улсын бүртгэлийн хэлтэс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн сонгуулийн хэсэг байгуулсан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд заасан сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрийн мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэл /цаашид "цахим сан" гэх/-д тусгана.
2.3.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.2-т заасан мэдээллийг 5 хоногийн дотор нягтлан шалгаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын эх хувийн хамт төрийн захиргааны байгууллагын иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж /цаашид "иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж" гэх/-д хүргүүлнэ.
2.4.Энэ журмын 2.2-т заасны дугуу тусгасан мэдээллийг 5.1.1, 5.1.2-т заасны дагуу шалгаж дуусмагц төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр сонгуулийн хэсгийн дугаарыг улсын хэмжээнд давхардахгүй байхаар тогтоох бөгөөд уг шийдвэрийг ажлын 5 өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
2.5.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.2, 2.4-т заасны дагуу тогтоосон сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй, тухайн сонгуулийн хэсэгт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг цахим санд давхардал, зөрчилгүй оруулна.
2.6.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.2, 2.4-т заасан мэдээллийг сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн дараах мэдээлэлтэй тулган шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийг арилгана:
2.6.1.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэнийг тухайн сонгуулийн хэсэгт бүрэн бүртгэсэн эсэх;
2.6.2.сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг давхардалгүй, үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэсэн эсэх;
2.6.3.сонгуулийн эрх бүхий иргэний иргэний улсын бүртгэл, түүнтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан эсэх;
2.6.4.сонгуулийн эрх бүхий иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг тусгасан эсэх;
2.6.5.тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй иргэн нас барсныг бүртгэсэн бол тусгасан эсэх;
2.6.6.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосныг бүртгэсэн бол тусгасан эсэх.
2.7.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.6-д заасан мэдээллийг цахим санд үнэн зөв, бүрэн гүйцэд оруулсан тухай илтгэх хуудсыг иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.
2.8.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.6, 5.1.1-д заасны дагуу холбогдох мэдээллийг нягтлан шалгасны дараа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо болон сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэнэ.
Гурав.Сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах, түүнд өөрчлөлт оруулах
3.1.Төрийн захиргааны байгууллагын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж /цаашид "мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж" гэх/ энэ журмын 2.8-д заасны дагуу үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал байгууллагын цахим хуудсанд байрлуулна.
3.2.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж сонгогчийг энэ журмын 3.1-д заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн холбогдох мэдээлэлтэй танилцах боломжийг хангасан байна.
3.3.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.1, 19.6.2, 19.6.3 дахь заалтад заасны дагуу холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр "Тайлбар" хэсэгт "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийнэ.
3.4.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.4, 19.6.5, 19.6.6 дахь заалтад заасны дагуу холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасаж, тухайн нутаг дэвсгэрийн хамаарч байгаа сонгуулийн хэсэгт саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэнэ.
3.5.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9.1, 19.9.2, 19.9.3, 19.9.4 дахь заалтад заасан өөрчлөлтийг цахим санд тусгаж, нягтлан шалгана.
3.6.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.5-д заасан өөрчлөлтийн талаарх мэдээ, тайланг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
3.7.Улсын бүртгэлийн хэлтэс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэг, энэ журмын 3.3, 3.4, 3.5-д заасны дагуу өөрчлөлт оруулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө цахим сангаас 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд, 1 хувийг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан /цаашид "итгэмжлэгдсэн ажилтан" гэх/-д тус тус олгоно.
3.8.Улсын бүртгэлийн хэлтэс, итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 3.7-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсэгт заасан дараах өөрчлөлтийг тусгаж, энэ тухай итгэмжлэгдсэн ажилтан Улсын бүртгэлийн хэлтэст, Улсын бүртгэлийн хэлтэс төрийн захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэнэ:
3.8.1.сонгогчоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9.1, 23 дугаар зүйлд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
3.8.2.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар зэрэг иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
3.8.3.нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
3.8.4.гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийсэнтэй холбоотой өөрчлөлт;
3.8.5.сонгогчийн шилжилттэй холбоотой өөрчлөлт.
3.9.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.8-д заасан мэдээллийг үндэслэн "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа-Маягт 4"-ийг хэвлэж, итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй мэдээлнэ.
3.10.Иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссоос холбогдох маягтын дагуу цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч, тухайн сонгогчийн Монгол Улсад байнга оршин суугаа газрын хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасаж, сонгогчдын нэрийн жагсаалтын арын "Тайлбар" хэсэгт "Гадаад улсад санал өгөхөөр бүртгэгдсэн" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийж, энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн хэлтэст, Улсын бүртгэлийн хэлтэс тухайн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн дагуу бүртгэгдсэн сонгуулийн хэсгийн хорооны дэргэд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
3.11.Төрийн захиргааны байгууллага гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд шалгаж, зөрчилтэй сонгогчийн нэрийг хасаж, гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисст цахим хэлбэрээр буцаан хүргүүлнэ.
3.12.Энэ журмын 3.7-д заасны дагуу итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн итгэмжлэгдсэн ажилтны тэмдэглэсэн өөрчлөлт энэ журмын 3.9-т заасны дагуу Улсын бүртгэлийн хэлтэст хэвлэсэн лавлагааны тоотой тэнцүү байна.
3.13.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.8-д заасан өөрчлөлтийг сонгогчдын нэрийн жагсаалтад санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө оруулна.
3.14.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.13-т заасан өөрчлөлт оруулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 1"-ийн дагуу цахим сангаас 3 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд, 1 хувийг итгэмжлэгдсэн ажилтанд хүлээлгэн өгөх бөгөөд 1 хувийг Улсын бүртгэлийн хэлтэс өөрт авч үлдэнэ.
Дөрөв.Сонгогч шилжих
4.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3 дахь хэсэгт заасан дараах этгээд сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжихдээ "Сонгогч шилжих хүсэлт-Маягт 6"-г бөглөж, өөрийн байнга оршин суугаа газрын харьяа сонгуулийн хэсгийн хороонд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана.
4.1.1.сонгогч;
4.1.2.сонгуулийн байгууллагын ажилтан;
4.1.3.итгэмжлэгдсэн ажилтан;
4.1.4.мэдээллийн технологийн багийн гишүүн;
4.1.5.даамал;
4.1.6.санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч;
4.1.7.нэр дэвшигч;
4.1.8.нэр дэвшигчийн ерөнхий менежер;
4.1.9.нэр дэвшигчийн менежер;
4.1.10.нэр дэвшигчийн шадар туслагч.
4.2.Энэ журмын 4.1.1-д заасан сонгогч бол иргэний үнэмлэх, шилжих хүсэлт, холбогдох баримт, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6-д заасан сонгогч бол иргэний үнэмлэх, тухайн байгууллагын албан бичиг, шилжих хүсэлт, 4.1.7, 4.1.8-д заасан сонгогч бол иргэний үнэмлэх, Сонгуулийн ерөнхий хорооноос олгосон нэр дэвшигч, ерөнхий менежерийн үнэмлэх, 4.1.9, 4.1.10-т заасан сонгогч бол иргэний үнэмлэх, тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооноос олгосон үнэмлэх зэргийг үндэслэн "Сонгогч шилжих хуудас-Маягт 7"-г бичиж, түүний холбогдох хэсгийг олгоно.
4.3.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4.2-т заасны дагуу "Сонгогч шилжих хуудас-Маягт 7"-г олгосон бол сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын "Тайлбар" хэсэгт "Шилжив" гэсэн тэмдэглэгээ хийнэ.
4.4.Энэ журмын 4.3-т заасан сонгогчийн шилжин очсон сонгуулийн хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан "Сонгогч шилжих хуудас-Маягт 7"-г үндэслэн тухайн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэн авч, сонгогчдын нэрийн жагсаалтын "Тайлбар" хэсэгт шилжин ирсэн тухай тэмдэглэл хөтөлнө.
4.5.Итгэмжлэгдсэн ажилтан шилжин ирсэн сонгогчийн "Сонгогч шилжих хуудас-Маягт 7"-г хураан авч, "Сонгогч шилжин ирсэн тухай хуудас-Маягт 8"-ыг бичиж, түүний холбогдох хэсгийг олгоно.
4.6.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4.3, 4.5-д заасан сонгогчийн шилжилтийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн хэлтэст нэн даруй хүргүүлнэ.
4.7.Улсын бүртгэлийн хэлтэс 4.6-д заасан мэдээллийг үндэслэн "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа-Маягт 4"-ийг хэвлэж, итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
Тав.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт оруулах ажиллагаанд хяналт тавих
5.1.Төрийн захиргааны байгууллагын Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж /цаашид "хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж" гэх/ сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт оруулах, хүргүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан дараах ажиллагаанд хяналт тавина:
5.1.1.энэ журмын 2.2, 2.5-д заасны дагуу цахим санд тусгасан мэдээллийг сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сантай тулган шалгах;
5.1.2.энэ журмын 2.4-т заасан сонгуулийн хэсгийг улсын хэмжээнд давхардахгүй зөв дугаарласан эсэх;
5.1.3.энэ журмын 2.8, 3.3, 3.4, 3.5, 3.10-т заасан мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд тусгагдсан эсэх;
5.1.4.энэ журмын 3.9-д заасны дагуу хэвлэсэн "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа-Маягт 4" тус бүрийн нотлох баримт хууль, журамд нийцсэн эсэх;
5.1.5.сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээллийг сонгуулийн хэсэг тус бүрийн компьютерт хуулах үйл ажиллагаа;
5.1.6.сонгогчдын нэрийн жагсаалт хэвлэх үйл ажиллагаа;
5.1.7.сонгогчийн бүртгэлийн тоног төхөөрөмж, иж бүрдлийг шалгах, хүлээлгэн өгөх, хүлээн авах үйл ажиллагаа.
5.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагааг Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч хянаж, баталгаажуулна.
5.3.Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт оруулах, хүргүүлэх үйл ажиллагаанд зөрчил илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийг арилгуулахаар холбогдох Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэнэ.
Зургаа.Сонгогчийн мэдээллийг тулган шалгах
6.1.Итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн мэдээллийг тухайн сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбар буюу Сонгогчийн цахим бүртгэлийн сантай тулган шалгаж, сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгох бөгөөд дараах ажиллагааг гүйцэтгэнэ:
6.1.1.мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжээс сонгуулийн хэсгийн хорооны дарга болон итгэмжлэгдсэн ажилтанд олгосон нэвтрэх кодоор Сонгогчийн цахим бүртгэлийн санд нэвтэрч, тухайн сонгуулийн хэсгийн нээлтийн тайланг 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хорооны даргад, 1 хувийг өөрт үлдээх;
6.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасны дагуу санал авах ажиллагаа эхэлмэгц тухайн сонгуулийн хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн мэдээллийг сонгуулийн хэсгийн хорооны даргаас авч, саналын хуудас хүлээн авсан гарын үсэг зурсан нийт сонгогчийн тоог сонгуулийн хэсгийн хорооны даргын мэдээлсэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоотой тулгах;
6.1.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийг Сонгогчийн цахим бүртгэлийн санд регистрийн дугаараар бүртгэж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хорооны даргад, 1 хувийг өөрт үлдээх;
6.1.4.энэ журмын 6.1.3-т заасан ажиллагааг хийсний дараа санал авах байранд ирсэн сонгогчийн бүртгэлийг эхлүүлэх;
6.1.5.сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг тухайн сонгуулийн хэсгийн Сонгогчийн цахим бүртгэлийн санд таниулж, зураг, бусад холбогдох мэдээлэлтэй тулгаж, тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан шалгах;
6.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7 дахь хэсэгт заасны дагуу сонгогчийн бүртгэлийн тоног төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг /иргэний үнэмлэхийн лавлагаа/ сонгогчдын нэрийн жагсаалт дахь эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягтай, зургийг тухайн сонгогчтой харьцуулан сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан хувилбартай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх;
6.1.7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8 дахь хэсэгт заасны дагуу сонгогчийг гарын хурууны хээгээр таних боломжгүй тохиолдолд тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг /иргэний үнэмлэхийн лавлагаа/ Сонгогчийн цахим бүртгэлийн сан дахь эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг, зургийг мэдээлэлтэй тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх;
6.1.8.энэ журмын 6.1.6-д заасан тохиолдолд сонгогчийн тухайн үеийн гэрэл зургийг авч, овог нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан архив үүсгэх;
6.1.9.энэ журмын 6.1.7-д заасан тохиолдолд сонгогчийн тухайн үеийн гэрэл зургийг авч, овог нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан болон цахим архив үүсгэх;
6.1.10.сонгогч шилжих журмын дагуу шилжин ирсэн сонгогч бол "Сонгогчийн шилжин ирсэн тухай хуудас-Маягт 8"-ыг шалгах;
6.1.11.Сонгогчийн цахим бүртгэлийн сангаас сонгогчийн бүртгэлийн хуудсыг 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд өгч, 1 хувийг өөрт үлдээнэ.
6.2.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.1-д заасны дагуу сонгогчийн мэдээллийг тулган шалгахад тухайн сонгогч Сонгогчийн цахим бүртгэлийн санд бүртгэгдээгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгохгүй.
6.3.Сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаан дахь байнга оршин суугаа газрын хаягийн бичвэр нь сонгогчдын нэрийн жагсаалт дахь хаягийн бичвэрээс бичилт өөр боловч нэг утгыг илэрхийлж байвал хаягийн бүртгэлийн зөрүү гэж үзэхгүй.
6.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний үндэсний гадаад паспорт, холбогдох нотлох баримтыг үндэслэн төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн хэсгийн хорооны дарга болон түүнд олгосон кодоор Сонгогчийн цахим бүртгэлийн санд нэвтэрч сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг таниулж, холбогдох мэдээллийг тулгаж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь "Түр хасав" нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгож, сонгогчийн бүртгэлийг сэргээн "Тайлбар" хэсэгт энэ тухай тэмдэглэнэ.
6.5.Энэ журмын 6.4-т заасан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгосныг баталгаажуулан гарын үсэг зурна.
6.6.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.5-д заасан сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
6.7.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.1.8, 6.1.9, 6.4-т заасан нотлох баримтыг тайлангийн хамт Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлнэ.
6.8.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж сонгуулийн хэсгийн хорооны дарга болон итгэмжлэгдсэн ажилтанд энэ журмын 6.1.1, 6.4-т заасан болон Сонгогчийн цахим бүртгэлийн санг түгжих кодыг сонгуулийн санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүлээлгэн өгсөн байна.
6.9.Итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийн нээлтийн, явцын, хаалтын тайланг эрх бүхий төрийн байгууллагаас тогтоосон хугацаанд хэвлэж, Улсын бүртгэлийн хэлтэст, Улсын бүртгэлийн хэлтэс Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газарт мэдээлнэ.
Долоо.Бусад
7.1."Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа-Маягт 4" нь бар код, давтагдашгүй дугаар бүхий үнэт цаасан дээр хэвлэгдэж, баталгаажна.
7.2.Улсын бүртгэлийн хэлтэс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгаламжийн нэгж болгон бүрдүүлж, байгууллагын архивт холбогдох журмын дагуу хүлээлгэн өгнө.
7.3.Төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагааны талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A