A

A

A

Бүлэг: 1979
ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/52 дугаар тушаалын хавсралт

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН

ЁС ЗҮЙН ДҮРЭМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1 дүгээр зүйл. Дүрмийн зорилго, үйлчлэх хүрээ

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь төрийн аудитын байгууллагын албан хаагчийн баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ, хуулиар тодорхойлсон үүргийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, албаны үүргийг зохих ёсоор гүйцэтгэх, мэргэжлийн зарчимч байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.

1.2."Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрэм"-ийг Монгол Улсын Ерөнхий аудитор, Төрийн аудитын байгууллагын албан хаагчид, тус байгууллагын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй иргэн, хуулийн этгээд /цаашид "Төрийн аудитын байгууллагын ажилтан" гэх/-т нэгэн адил дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл. Дүрмийн хууль зүйн үндэс

2.1.Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн аудитын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.2 дахь хэсэгт тус тус заасан нь энэхүү дүрмийг боловсруулах эрх зүйн үндэс нь бүрдсэн болно.

2.2.Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага /ИНТОСАИ/-ын баталсан стандарт (АДБОУС 130)-ын Ёс зүйн дүрэм, Төрийн аудит: Ёс зүйн дүрэм MNS6817-2:2020 Монгол Улсын стандарт, болон энэ дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал[1] зэрэг нь Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс байна.

2.3.Энэхүү дүрмийн зорилт нь Төрийн аудитын байгууллага болон Төрийн аудитын байгууллагын ажилтны нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, Төрийн аудитын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх ёс зүйг тогтоон хэвшүүлэх, төрийн аудитын байгууллагын албан хаагчийн тангаргийг сахин хамгаалах, хууль тогтоомжид заасан болон энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг дагаж мөрдүүлэхэд оршино.

2.4.Төрийн аудитын байгууллагын албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

2.5.Мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдааг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамааруулна.

2.6.Энэ дүрмийн хавсралтаар батлагдсан "Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах тухай мэдэгдэл"-ийг баталгаажуулж, хувийн хэрэгт хавсаргах ажлыг Захиргаа удирдлагын газар тогтмол зохион байгуулж ажиллана.

3 дугаар зүйл. Ёс зүйн дүрэмд хэрэглэх үгсийн бүрэлдэхүүн

3.1.Төрийн аудитын байгууллагын ажилтан энэ дүрэмд тусгасан үгсийн бүрэлдэхүүнийг дараах утгаар ойлгоно.

3.1.1. хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг санаатай буюу санамсаргүй зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг "ёс зүйн зөрчил" гэж ойлгоно;

3.1.2. албаны эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдийн нөлөөллөөс ангид байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Аудитын олон улсын стандарт, Монгол Улсын Стандартад захирагдахыг "хараат бус байдал" гэж ойлгоно;

3.1.3. хууль болон энэ дүрэмд заасан зарчмаа хэлбэрэлтгүй баримталж, үнэнч, шударга, ёс зүйн өндөр шаардлага хангасан байхыг "зарчимч байдал" гэж ойлгоно;

3.1.4. хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, энэ дүрмийг зөрчсөн, эсхүл төрийн аудитын ажилтны хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг "зохисгүй байдал" гэж ойлгоно;

3.1.5 албан хаагч өөртөө давуу байдал бий болгохоор шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхөөр оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг "хувийн сонирхлын бүртгэл" гэж ойлгоно.

4 дүгээр зүйл. Төрийн аудитын байгууллагын ажилтны баримтлах зарчим

4.1.Төрийн аудитын байгууллагын ажилтан мэргэжлийн үйл ажиллагаандаа Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмаас гадна дараах тусгай зарчмыг баримтална:

4.1.1.чигч шударга, зарчимч байх;

4.1.2.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

4.1.3.хуулийн хүрээнд нууцыг хадгалах, хамгаалах;

4.1.4.тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.5.мэргэжлийн үүрэгтээ үнэнч байх, албаны нэр хүндийг эрхэмлэх.

4.2.Төрийн аудитын байгууллагын албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн тусгай албан хаагч болохынхоо хувьд албаны эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хуульд нийцсэн тушаал, шийдвэрийг ёсчлон биелүүлэх зарчмыг удирдлага болгон ажиллана.

4.3.Төрийн аудитын байгууллагын ажилтан нь бусад ажилтан, аливаа этгээд, олон нийттэй мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэн, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцана. Төрийн аудитын байгууллагын ажилтан ажил үүргийн харилцаандаа бусдад хүндэтгэл төрүүлэхүйц байхыг эрмэлзэнэ.

ХОЁР. ТӨРИЙН АУДИТЫН АЖИЛТАН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ

5 дугаар зүйл. Чигч шударга, зарчимч байдлыг хадгалах

5.1.Төрийн аудитын үйл ажиллагаа ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, албан үүргийн хүрээнд болон бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийх үүрэгтэй.

5.2.Төрийн аудитын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, нийтийн эрх ашгийн төлөө бие даан гүйцэтгэж, хуулиар олгосон бүрэн эрхийг өргөсөн тангарагтаа үнэнч, чигч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.

5.3.Хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан гагцхүү хуульд захирагдан Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага /ИНТОСАИ/-ын баталсан стандарт (АДБОУС 130)-ын Ёс зүйн дүрэм, Төрийн аудит: Ёс зүйн дүрэм MNS6817-2:2020 Монгол Улсын стандартад заагдсан аудиторын ёс суртахууны хэм хэмжээг чанд сахин биелүүлж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхдээ шалгагдагч этгээдийг дэмжин туслах чиг үүрэгтэй гэдгээ ямагт ухамсарлана.

5.4.Энэхүү дүрмийг зөрчсөн, зөрчигдөж буй талаар мэдсэн тухайгаа Монгол Улсын Ерөнхий аудитор болон Төрийн аудитын байгууллагын ёс зүйн зөвлөлд мэдэгдэх үүрэгтэй.

6 дугаар зүйл. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх

6.1. Ашиг сонирхлын болзошгүй зөрчлөөс зайлсхийж, хараат бус байдлаа хамгаалахын зэрэгцээ өөртөө давуу байдал /албан тушаалын томилгоо, цалин хөлс, шагнал урамшуулал гэх мэт/ бий болгох зорилгоор шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдохгүй байвал зохино.

6.1.1 Энэ дүрмийн 6.1-т заасныг зөрчсөн тохиолдолд албан хаагчид хувийн сонирхлын бүртгэл хөтлөгдөх бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгжээс явуулна.

6.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж шалгалтын дүнг Ёс зүйн зөвлөлд танилцуулна.

6.2.Өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ.

6.3.Шалгагдагч байгууллага, аудитад хамрагдагч болон тэдгээрийн хамаарал бүхий бусад этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, хувьдаа ашиг олох, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх, дайлуулж, цайлуулах, хууль бус хангамж эдлэх зэргээр албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгож болохгүй.

6.4.Танил тал, найз нөхөд, бусад хамаарал бүхий этгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ аливаа хэлбэрээр хууль бусаар ашиглаж болохгүй.

6.5.Тухайн шалгагдагч байгууллагад ажил эрэлхийлж байгаа бол нэгжийн удирдлагадаа нэн даруй мэдэгдэх, уг байгууллагадаа шалгалт хийж, аудит хийхээс татгалзаж, энэ тухайгаа бичгээр[2] мэдэгдэх үүрэгтэй.

6.6. Хувийн сонирхлоор бусдын аудитын дүгнэлтэд сөргөөр нөлөөлж болохгүй.

Тайлбар: Бусад албан хаагчдыг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хувийн сонирхлоор хөндлөнгөөс нөлөөлж болохгүй.

6.7.Төрийн аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдсон аливаа этгээдийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөхтэй холбогдсон харилцааг тухайлсан журмаар зохицуулна.

6.8. Ашгийн болон ашгийн бус сонирхол бүхий байгууллага, хөтөлбөр, үйл ажиллагаанд аудит хийхээс татгалзах үүрэгтэй. Үүнд:

6.8.1.аж ахуйн нэгж, байгууллагын хувьцаа эзэмшигч байх;

6.8.2.шалгагдагч байгууллагаас ямар нэг төрлийн цалин хөлс, төлбөр, тэтгэмж, тусламж авдаг байх;

6.8.3.шалгагдагч байгууллагад хамаарал бүхий этгээд нь ажилладаг байх;

6.8.4.шалгагдагч байгууллагад захирал, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтан, зөвлөх зэрэг орон тооны болон орон тооны бус алба хаших.

7 дугаар зүйл. Нууцыг задруулахгүй байх

7.1.Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

7.2.Албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн болон өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах, эсхүл өөр зорилгоор ашиглаж болохгүй.

7.3.Албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж авсан мэдээллийг хууль бусаар бусдад задруулах, хувийн ашиг сонирхлоор өөрт болон бусдад амаар, бичгээр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дамжуулахгүй.

7.4.Бусдын нууцыг задруулахгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авна.

8 дугаар зүйл. Албаны нэр хүндийг эрхэмлэх

8.1.Төрийн аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нотлох баримтад суурилан, үнэн зөв, бодитой дүгнэлтийг хараат бусаар гаргах үүрэгтэй.

8.2.Удирдах, удирдуулах ёс, төрийн албаны дүрэм, журмыг чанд сахин, хамт олонтойгоо нөхөрсөг, бие биеэ хүндэтгэн, шударга, ажил хэрэгч харилцааг эрхэмлэн, бусдыг хувийн байдлаар нь гутаан доромжилж болохгүй.

8.3.Өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж ажиллах талаар үндэслэл бүхий шаардлага тавьж, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлэх үүрэгтэй.

8.4.Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах замаар удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулж болохгүй.

8.5.Өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд бусдыг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, басамжлах, нэр төрийг нь гутаан доромжлох, дарамт шахалт үзүүлэх, чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, түүнтэй адилтгах санаатай үйлдэл гаргахгүй байвал зохино.

8.6.Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ, эсхүл албан томилолтоор ажиллаж байгаа үедээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, мөн тэдгээрийг хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтрэхгүй .

8.7.Албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.

8.8.Ажлын байрны аливаа хэлбэрийн дарамтаас ангид ажиллах орчныг бүрдүүлнэ.

8.9.Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоос бусад тохиолдолд албаны үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, бусдад ашиглуулах, албан үүрэгтэй холбоогүй иргэний үүрэг, хувийн шинж чанартай хэрэгцээнд албаны үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээж болохгүй.

 ГУРАВ. ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ

9 дүгээр зүйл. Албан үүргээс бусад үйл ажиллагаа

9.1.Холбогдох хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд үндсэн албан тушаалаас гадна давхар албан тушаал хаших, хариу төлбөртэй болон хариу төлбөргүй аливаа ажил гүйцэтгэхгүй.

9.2.Ажлын байр, техник, тоног төхөөрөмж, санхүү, мэдээллийн хэрэгсэл, бичиг хэрэгсэл эсхүл бусад эх үүсвэрийг хувийн зорилгоор дур мэдэн ашиглаж болохгүй.

9.3.Өөрийн албан үүргээс бусад дараах агуулга бүхий үйл ажиллагаанд оролцохгүй байх үүрэгтэй:

9.3.1.Арилжааны аливаа хэлбэрийн зар сурталчилгаанд оролцох;9.3.2.Хуулиар зөвшөөрснөөс бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах;

9.4.Үндсэн албан үүргээс бусад хуулиар хориглоогүй үйл ажиллагааны хөлс нь өөр бусад этгээдийн нэгэн адил хэмжээтэй байна.

9.5.Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн үйл ажиллагаатай /гэрээ хэлцэл хийх болон аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаа/ холбогдуулан ажлын хэсэг, комисст ажиллахгүй бөгөөд төрийн аудитын байгууллагын албан хаагч ийнхүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд татгалзах үүрэгтэй. .

10 дугаар зүйл. Бэлэг, зээл, өв хөрөнгө, үйлчилгээ эсхүл бусад үнэ бүхий зүйл хүлээн авах

10.1.Албан үүргээ биелүүлсэн болон биелүүлээгүйн төлөө өөрөө эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас төлбөр, бэлэг, зээл, өв хөрөнгө, хандив, үйлчилгээ, урамшуулал бусад үнэ бүхий зүйл авахгүй.

10.2.Баяр ёслолын арга хэмжээ, албан томилолтын болон албан ёсны бусад арга хэмжээнд бусдаас өгсөн шагнал, урамшуулал, бэлэг, дурсгалын зүйлийг хуулиар тогтоосон журмын дагуу өөрөө худалдан авах санал гаргах бөгөөд санал гаргаагүй тохиолдолд өөрийн удирдлагад холбогдох баримтаар хүлээлгэн өгнө.

10.3.Албан тушаалын нэр хүндийг ашиглан боловсрол, шашин, хандив, олон нийтийн байгууллагын ажиллагаанд зориулан зээл авах, хандив тусламж авахад биечлэн оролцож болохгүй.

11 дүгээр зүйл. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох

11.1.Төрийн албаны тухай хууль болон Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу албан хаагчийг улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохгүй:

11.1.1.улс төрийн байгууллагад манлайлах үүрэг гүйцэтгэх, гишүүн байх, эсхүл албан тушаал хаших;

11.1.2.улс төрийн байгууллага болон нийтийн албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, хандив өгөх талаар уриалах;

11.1.3.улс төрийн байгууллага болон нийтийн албанд нэр дэвшигчийн санхүүжүүлсэн, зохион байгуулсан, санаачилсан арга хэмжээнд дэмжиж оролцох, тэдний өмнөөс илтгэл тавих, үг хэлэх;

11.1.4.нийтийн албан тушаалд нэр дэвшигчийг хурал, цуглаан, олон нийтийн арга хэмжээний үеэр дэмжих, эсхүл эсэргүүцэх;

11.1.5.улс төрийн байгууллагаас дэмжлэг, хандив хүсэх, хүлээн авах, ашиглах.

12 дугаар зүйл. Олон нийтэд мэдээлэл түгээх

12.1.Аудит гүйцэтгэх явцдаа олж авсан бүрэн бус мэдээлэлд тулгуурлан урьдчилсан дүгнэлт хийж, хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдах, эсхүл олон нийтэд мэдээлж болохгүй.

12.2.Аудитын албан ёсны шийдвэр, бусад ажилтны мэргэшлийн үйл ажиллагааны талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг олон нийтэд мэдээлж болохгүй.

12.3.Олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа байгууллага, албаны нэр хүндэд харшилсан, эсхүл аудитын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дуу, дүрс бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл байршуулахгүй.

12.4.Олон нийтийн мэдээллийн сүлжээнд өөрийнх нь өмнөөс бусад этгээд энэ зүйлд заасан мэдээ, мэдээлэл байршуулах, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээгээр дамжин хуулиар хамгаалагдсан мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлнэ.

12.5.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9[3], 39 дүгээр зүйлийн 39.1.13[4]-т тус тус заасныг мөрдөж ажиллах үүрэгтэй.

ДӨРӨВ. ДҮРЭМ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА.13 дугаар зүйл. Хариуцлага

13.1.Энэхүү дүрмийг зөрчсөн бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах тухай Ёс зүйн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэнэ.

13.2.Ёс зүйн зөрчилд хариуцлага оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, байгууллага болон албаны нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ.

13.3.Төрийн аудитын байгууллагын албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн нь бүтцийн нэгжийн ажлыг дүгнэх, албан тушаал дэвшүүлэн ажиллуулах, шагнаж урамшуулах, нийгмийн асуудал шийдвэрлэх, гадаад, дотоодод томилолтоор ажиллуулах, суралцуулахад шууд харгалзах үзүүлэлт болно.

13.4.Төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаа хэрэгжүүлсэн иргэн, хуулийн этгээдийн гаргасан ёс зүйн зөрчилд тусгай зөвшөөрөл, мэргэжлийн зэргийг хүчингүй болгох саналыг эрх бүхий этгээдэд, тендерт оролцох эрхийг хязгаарлах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

13.5.Зөрчлийн, эсхүл гэмт хэргийн шинжтэй үйлдэл бол харьяаллын дагуу шалгуулахаар эрх бүхий байгууллагад албан ёсоор шилжүүлнэ. Ийнхүү шилжүүлсэн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

           

--- оОо ---

 

Төрийн аудитын байгууллагын албан

хаагчийн ёс зүйн дүрмийн хавсралт А

 

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ

МӨРДӨЖ АЖИЛЛАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ

 

             Төрийн аудитын байгууллагын албан хаагч би төрийн аудитын байгууллагын албан хаагчийн баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ, хуулиар тодорхойлсон албаны чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэн, мэргэжлийн зарчимч байдлыг хангаж Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан Ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллана.

 

             Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээхээс татгалзах зүйлгүй болно.

 

Албан тушаал: __________________

           

Овог, нэр: ______________________

           

Гарын үсэг: _____________________

 

Огноо: _________________________

 

---oOo---

 

Төрийн аудитын байгууллагын албан

хаагчийн ёс зүйн дүрмийн хавсралт Б

ХУВИЙН СОНИРХЛЫН БҮРТГЭЛ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.

Овог, нэр

 

1.2.

Байгууллага, албан тушаал

 

1.3.

Хувийн сонирхлын бүртгэлд хамаарах мэдээлэл /албан тушаалын томилгоо, цалин хөлс, шагнал урамшуулал олгох ... гм/ аль болох

 

 

Хоёр. Нөлөөллийн арга, хэрэгсэл

2.1.

Шууд /хэн, хэзээ, хаана уулзахыг ямар арга, хэрэгслийг ашиглан санал болгосон/

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

2.2.

Шууд бус /дамжуулсан этгээдийн тухай, харилцаа холбооны болон хэвлэл мэдээллийн ямар хэрэгслийг ашиглан нөлөөлсөн/

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

 

Гурав. Нөлөөллийн хэлбэр

3.1.

Хээл хахууль, шан харамж, бэлэг сэлт өгөх, өгөхийг завдах

 

3.2.

Албан тушаал санал болгох, /өөрт болон хамаарал бүхий этгээдэд/

 

3.3.

Дарамтлах, заналхийлэх, сүрдүүлэх

 

3.4.

Гүтгэх, доромжлох

 

3.5.

Бие, орон байр, унааны аюулгүй байдалд халдах

 

3.6.

Аудитын дүгнэлт, тайлангийн талаар урьдчилан зааварчилгаа өгөх

 

3.7.

Зүй бус бусад нөлөөлөл

 

 

Дөрөв. Тусгай мэдээлэл

4.1.

Нөлөөлөх оролдлого давтагдсан байдал

 

4.2.

Гэрчлэх этгээдийн тухай мэдээлэл

 

4.3.

Нөлөөлөх оролдлогыг баримтжуулсан материал байгаа эсэх

 

 

Тав. Хавсаргасан материал

5.1.

Нөлөөлөх оролдлогыг баримтжуулсан материал /гэрчлэх этгээдээс авсан тайлбар, тодруулга, албан бичиг, захидал, дуу, дүрсний бичлэг гэх мэт/

 

 

Хувийн сонирхлын бүртгэл хөтөлсөн:

___________________......................................... /                                          /

 

Албан тушаал Гарын үсэг Гарын үсгийн тайлал

 

..... он ..... сар ..... өдөр

 

 

 


 


[1] Холбогдох эрх зүйн актуудад нийцүүлэн гаргасан, заавал дагаж мөрдөх шинж чанар бүхий шийдвэрүүд хамаарна.

[2] Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл

[3] албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;

[4] хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;