A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Баясгалан /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Г.Нацагдорж, О.Баясгалан нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд "хэргийг түдгэлзүүлэх зохицуулалт"-ыг тусгасан байх бөгөөд 1.3 дахь заалтад "тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;" шүүгч хэргийг түдгэлзүүлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:" гээд 1 дэх заалтад "хууль, ... Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;" гэж заасныг тус тус зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа" гэсэн Гучин гуравдугаар бүлгийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад "тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;" гэсэн нь хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гараагүй байхад хуулийн хэрэгжилтийг зогсоож, улмаар адил эрх хэмжээтэй шүүгдэж байгаа иргэдийн тэгш байдлыг алдагдуулах үр дагаврыг бий болгосон байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас биш, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гараагүй байхад хуулийн хэрэгжилтийг зогсоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдах нөхцөлийг алдагдуулж байна. Нөгөөтээгүүр, энэ заалт цааш үйлчилсээр байвал хэрэгт холбогдсон аливаа этгээд нь өөрт хамааралтай эсхүл хамаарч болох заалтад холбогдуулан Цэцэд бусдаар дамжуулан мэдээлэл гаргах замаар ял зэмээс зайлсхийх боломж гарч ирнэ.

Үндсэн хуулийн цэцийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж заасан бөгөөд Цэцэд иргэдийн өргөдөл, мэдээлэл, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр маргаан үүсгэдэг. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гараагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснээр төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчмаас ухарч, хуулийг сахин биелүүлэх үүргээс чөлөөлөгдөх, хуулийн хэрэгжилтийг зогсоох үр дагавар бий болж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу ... хүсэлтээр хянан шийдвэрлэнэ." хэмээн заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "... гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;" хэмээн утга агуулгын илэрхий алдаатай байдлаар хуульчилсан байна.

Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана." гэж, Жаран зургадугаар зүйлд зааснаар хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийх эрх нь зөвхөн Цэцэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх эрхийг Цэц эдлэх бөгөөд бусад этгээд ийм эрхийг эдлэх боломжгүй юм. Гагцхүү хуульд захирагдах ёстой, хуулийг чандлан сахих ёстой шүүгч хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх ёсгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... 1.Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гapгax, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй. Иргэн Үндсэн хуулиар хамгаалагдсан энэхүү эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор эpүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад хэрэг түдгэлзүүлэх нөхцөлүүдийг хуульчлан заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийг бүрэн шалгаж, бодит байдлыг тогтооход саад болохуйц тодорхой нөхцөлүүдийг хуульчлан тогтоосон бөгөөд энэ тохиолдолд шүүгч тодорхой нөхцөлийг арилтал хэргийг түдгэлзүүлж, yг нөхцөл арилмагц захирамж гарган хэргийг сэргээж, ажиллагааг үргэлжлүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт нь иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуульд заасан шүүхэд гомдол гapгax эрхийг баталгаажуулсан зохицуулалтуудын нэг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үp дагавартай онцлог харилцаа болохын хувьд зөвхөн yг ажиллагааны явцад буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх шатанд онцгойлон яллагдагчид олгож байгаа эрх болно. Иргэн өөрийнхөө яллагдсан хэрэгт холбогдох хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй байгаа бол шүүхээр хэргийг нь хэлэлцэн амьдрал, хувь заяаг нь шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад хандаж, шалгуулах нь зүйн хэрэг билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад иргэний гомдлоор Цэцэд маргаан үүсгэхээр заасан нь "бусдаар дамжуулан өөp өөp мэдээлэл гapгax замаар ял зэмээс зайлсхийх боломж"-ийг xaax зорилготой. Учир нь онолын хувьд өргөдөл, гомдлыг иргэн өөрийнх нь хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар гаргадаг бол мэдээллийг бусад этгээдийн буюу нийтийн ашиг сонирхол, эрхийг хамгаалах зорилгоор гаргадаг.

Нөгөө талаас ирүүлсэн өргөдөл, мэдээлэл бүрт Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэдэггүй, Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудал буюу Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны шинжийг агуулж байгаа эсэхийг Цэцийн гишүүн хуульд заасны дагуу тогтоож, маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм. Энэхүү хууль зүйн баталгааг бүрдүүлэх нэг хэлбэр нь хэрэг түдгэлзүүлэх тухай асуудал бөгөөд хэргийг бүрэн илрүүлэх, хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж, бодит байдлыг тогтоох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад "тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;" гэж хуульчилсан болно.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасны дагуу шүүгч Үндсэн хуульд нийцсэн хуулийг хэрэглэж, Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулж, Үндсэн хуульд нийцсэн шийдвэрийг гаргах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хууль ёсны байх зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 33.4 зэрэг зүйлүүдээр Үндсэн хуулийн дээрх заалтуудыг бэхжүүлэн зохицуулсан 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу тухайн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсвэл хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийг хангах зорилгоор хэргийг түдгэлзүүлэх эрхийг шүүгчид хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь шүүгч Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хуулийг хэрэглэж, хүний эрхийг зөрчсөн буюу Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргахаас сэргийлэх зорилготой юм.

Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэцийн дүгнэлт гаргасан эсэхээс үл хамаарч хууль хэрэглэдэг субъектүүд болох шүүгч, прокурор, түүнчлэн иргэн асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд саналаа оруулсан л бол ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох, тал бүрээс нь хянан шинжилж шийдвэрлэх боломжийг хангахаас гадна шүүх, шүүгчийн үйл ажиллагаа, шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль дээдлэх, Үндсэн хуульд нийцсэн байх зарчмыг бэхжүүлсэн агуулгатай болно.

Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэснийг зөрчөөгүй." гэсэн байна.

Гурав.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор шаардлагаа ихэсгэсэн болно.

ҮНДЭСЛЭЛ:

1.Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх нь тухайн хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгааг шууд илэрхийлэхгүй бөгөөд энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлийг үгүйсгэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчимд харшилж байна.

2.Гадаад улсуудын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг судалж үзэхэд, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзвэл шүүхээр дамжуулан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагад хүсэлт гаргах зохицуулалт нийтлэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад "тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан бол" хэргийг түдгэлзүүлэхээр заасан нь олон улсын нийтлэг жишигт нийцэж байна.

3.Үндсэн хуулийн цэцэд тухайн эрүүгийн хэргийн оролцогч, эсхүл огт хамааралгүй этгээдийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсгэн хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийг түдгэлзүүлэхээр байгаа нь хэргийн бусад оролцогчдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжийг алдагдуулж, тэгш байдлыг хангах зарчмыг хөндсөн байна.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад "... гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол" гэсэн нь Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээлэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилж, хууль хоорондын зөрчилдөөнийг үүсгэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад "тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;" гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасныг зөрчсөн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад "тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;" гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ." гэж заасныг тус тус Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Д.СОЛОНГО

Б.БУЯНДЭЛГЭР

Г.БАЯСГАЛАН

Ж.ЭРДЭНЭБУЛГАН