A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 77

Улаанбаатар хот

ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн бүх боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл сунгасугай. 

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 121, 155 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгасантай холбогдуулан Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолын 3 дахь заалтын "4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл" гэснийг "4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал" гэж, "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "3 дугаар сарын 31-ний" гэснийг "4 дүгээр сарын 30-ны" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН