- Нүүр
- Эрх зүйн акт
- ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2021 оны 100 дугаар
тогтоолын хавсралт
ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Хилийн боомтын үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх)-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг энэ дүрмээр зохицуулна.
1.2.Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хилийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгоно.
1.3.Үндэсний зөвлөл нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1.Үндэсний зөвлөл нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.2-т заасан бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
2.2.Үндэсний зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
2.3.Нарийн бичгийн дарга нь Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдал, ажлын уялдаа холбоог хангаж ажиллана.
2.4.Үндэсний зөвлөл нь энэ дүрмийн 3.10-т заасан чиг үүрэг бүхий ажлын албыг нарийн бичгийн даргын удирдлагад ажиллуулж болно.
2.5.Ажлын албаны орон тоо, ажиллах журмыг Үндэсний зөвлөлийн даргын саналыг үндэслэн Үндэсний зөвлөлийн хурлаар батална.
2.6.Үндэсний зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төсөл, хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж болно.
Гурав.Хуралдаан
3.1.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааныг танхимаар, шаардлагатай тохиолдолд цахимаар зохион байгуулна. Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
3.2.Үндэсний зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Цахим хуралдаанаас гарсан шийдвэр нь ердийн журмаар гарсан шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр байна.
3.3.Үндэсний зөвлөлийн даргын эзгүйд түүний эрх олгосноор улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуралдааныг удирдаж болно.
3.4.Үндэсний зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаанд цахимаар оролцох, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа бичгээр гаргаж болно.
3.5.Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
3.6.Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
3.7.Үндэсний зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаанаас тогтоол, зөвлөмж гаргана. Үндэсний зөвлөлийн тогтоол, зөвлөмжид дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
3.8.Үндэсний зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлнө. Тэмдэглэлд нарийн бичгийн дарга, Үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
3.9.Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдаанд саналын эрхгүй оролцож дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
3.9.1.хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргаж Үндэсний зөвлөлийн даргаар батлуулах;
3.9.2.хуралдааны бэлтгэлийг хангаж, хэлэлцүүлэх асуудалтай холбогдох баримт бичгийн бүрдлийг хангах;
3.9.3.хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох материалыг 3-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний зөвлөлийн гишүүдэд хүргүүлж хуралдааны товыг мэдэгдэх;
3.9.4.хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй гишүүний бичгээр ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулах;
3.9.5.хуралдааны тэмдэглэл хөтлөх, хуралдаанаас гарсан шийдвэрийн төслийг албажуулснаас хойш ажлын 5 хоногт багтаан Үндэсний зөвлөлийн гишүүдэд хүргүүлэх.
3.10.Ажлын алба нь Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хуралдаанд хэлэлцэх асуудлын техник, эдийн засгийн тооцоо, судалгааг гаргах, Үндэсний зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй.
Дөрөв.Үндэсний зөвлөлийн бүрэн эрх
4.1.Үндэсний зөвлөл нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.4-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.хилийн хяналтын байгууллагуудаас ирүүлсэн боомтыг хөгжүүлэх, боомтын дэд бүтэц, хөрөнгө оруулалтын талаарх санал, санаачилгыг хүлээн авч хэлэлцэх, шаардлагатай бол уг асуудлаар тогтоол, зөвлөмж гаргах;
4.1.2.боомтын дэд бүтцийн байгууламж, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын талаар тогтоол, зөвлөмж гаргах;
4.1.3.хилийн боомтыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний болон Үндэсний зөвлөлийн тогтоол, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;
4.1.4.хилийн боомтыг хөгжүүлэх асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
4.1.5.хилийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, ажлын үр дүн, тайланг тогтоосон хугацаанд хүлээн авч хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгөх;
4.1.6.хилийн хяналтын байгууллагуудаас гадаад худалдааны тээврийн үйл ажиллагаанд хийж буй хяналт шалгалт, төрийн үйлчилгээг уялдуулах, нэгдсэн зохицуулалтаар хангах талаар зөвлөмж гаргах.
Тав.Бусад зүйл
5.1.Үндэсний зөвлөл нь хууль, энэ дүрэмд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хилийн хяналтын байгууллагуудын хяналт шалгалтын чиг үүрэгт оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, шийдвэр гаргахыг хориглоно.
5.2.Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотой байгууллагын нууцад хамаарах асуудлыг задруулах, хуралдааны шийдвэр баталгаажих хүртэл аливаа мэдээллийг бусдад тараахыг хориглоно.
5.3.Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг төрийн бусад байгууллага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг хангах чиглэлээр дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах, ажлын уялдаа холбоог хангаж хамтран ажиллах үүрэгтэй.
---о0о----
Текст томруулах
A
A
A