- Нүүр
- Эрх зүйн акт
- ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 99 дүгээр
тогтоолын хавсралт
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ
ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Тогтвортой хөгжлийн үндэсний хороо (цаашид "Хороо" гэх)-ны үйл ажиллагааг зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө.
1.2.Хорооны үйл ажиллагаа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Тогтвортой хөгжлийн зорилго-2030"-ыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд төрийн захиргааны бүх шатны байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан дотоод, гадаадын бусад байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг дэмжиж, "Тогтвортой хөгжлийн зорилго-2030"-ыг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдаатай хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
1.3.Хороо нь үйл ажиллагаандаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, энэ журмыг удирдлага болгоно.
1.4.Хороо нь үйл ажиллагааныхаа үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж тайлагнана.
Хоёр.Хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1.Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааныг зайлшгүй шаардлагатай тохиолдол болон давагдашгүй хүчин зүйлийн үед цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
2.2.Нийт гишүүдийн 60-аас дээш хувь нь оролцсоноор тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.3.Хорооны ээлжит хуралдааныг жилд нэг удаа хуралдуулна.
2.4.Зайлшгүй шаардлагатай бол Хорооны даргын саналаар ээлжит бус хуралдааныг зарлаж хуралдуулж болно.
2.5.Хуралдааныг Хорооны дарга даргална. Даргын түр эзгүйд түүний зөвшөөрснөөр дэд дарга хуралдааныг даргалж болно.
2.6.Хороо хуралдааны дэгээ өөрөө тогтооно.
2.7.Хорооны шийдвэр хуралдааны тэмдэглэл хэлбэрээр гарах бөгөөд түүнд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
2.8.Энэ журмын 3.1-д заасан асуудлын хүрээнд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хорооны нарийн бичгийн дарга хуралдаан эхлэхээс 7 хоногийн өмнө нэгтгэн гаргаж, Хорооны гишүүдэд урьдчилан цахимаар хүргүүлнэ.
2.9.Хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх Хорооны гишүүн нь холбогдох баримт бичгийг хуралдаанаас 3 хоногийн өмнө Xорооны нарийн бичгийн даргад ирүүлсэн байна.
2.10.Xорооны нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг Хорооны даргад танилцуулж хуралдааны товыг тогтоолгоно.
2.11.Хороо хуралдаанаар хэлэлцсэн аливаа асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцэх тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
Гурав.Хорооны чиг үүрэг
3.1.Хорооны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
3.1.1.Олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Тогтвортой хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх асуудлаар санал гаргах;
3.1.2.Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, иргэдийн оролцоог хангах, олон талт хамтын ажиллагааны талаар санал гаргах;
3.1.3.Улс орныхоо хөгжлийн онцлогт нийцүүлэн тодорхойлсон үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
3.1.4.Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үзүүлэлтийг үндэсний, салбарын, салбар дундын болон орон нутгийн дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж уялдуулах, нийцүүлэх талаар санал, зөвлөмж гаргах;
3.1.5.Үндэсний, салбарын, салбар дундын болон орон нутгийн түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний талаар санал гаргах;
3.1.6.Тогтвортой хөгжлийн асуудлаар олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ, үр дүн, хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй танилцах, санал хүргүүлэх.
3.2. Хорооны хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулах, хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх, ажлын тайлан гаргах, Хорооны дарга, дэд дарга, гишүүдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.
---о0о----
Текст томруулах
A
A
A