- Нүүр
- Эрх зүйн акт
- ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХТАЙ ХОЛБОГДОН ГАРАХ ЗАРДЛЫГ ТООЦОХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 94 дүгээр
тогтоолын хавсралт
ШҮҮХИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД
ХУВИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ,
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХТАЙ ХОЛБОГДОН ГАРАХ
ЗАРДЛЫГ ТООЦОХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ,
ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан болон мөн хуулийн 189 дүгээр зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд техникийн хяналт тавихад гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, санхүүжүүлэх, нөхөн төлүүлэх, төлбөрөөс чөлөөлөхөд энэ журмыг баримтална.
1.2.Энэ журмын 1.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын данс, бүртгэл, тайлан тэнцлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 299.4-т заасан журамд нийцүүлэн хөтөлнө.
1.3.Шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын 2.3-т заасан зардлыг тооцох, бүртгэлийг хөтлөх үүрэгтэй ба түүний үйл ажиллагаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина.
Хоёр.Зардал тооцох, санхүүжүүлэх
2.1.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд техникийн хяналт тавихад гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласан зардалд дараахь зардлыг хамааруулна:
2.1.1.үүрэн холбооны сүлжээний (сим карт, дата, зурвас илгээх) ашиглалтын зардал;
2.1.2.гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал.
2.2.Энэ журмын 2.1-д заасан хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг тухайн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд заасан хувь, хэмжээгээр тооцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 269.3-т заасны дагуу улсын төсвөөс санхүүжүүлнэ.
2.3.Шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын 2.1-д заасан зардлыг дараахь аргачлалаар тооцно:
2.3.1.тоног төхөөрөмжийг ашиглах хугацааны зардлыг хоногоор;
2.3.2.хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг тухайн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаанд харьцуулж, сүлжээний хоногийн зардлыг нэмж, ял эдлэх хоногт үржүүлэн.
2.4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон, зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлсөн бол хяналтын тоног төхөөрөмжийн ашигласан хугацааны зардлыг 2.3.2-т заасны дагуу тооцно.
2.5.Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь ялтнаас шалтгаалаагүй устсан, гэмтсэн, эсхүл хэвийн ажиллагаа сарнисан, дахин ашиглах боломжгүй болсон бол тоног төхөөрөмжийг даруй сольж, ашигласан хугацааны зардлыг энэ журмын 2.3.2-т заасны дагуу тооцно.
2.6.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189.10-т заасны дагуу техникийн хяналт тавихад ашигласан тоног төхөөрөмжийг санаатайгаар устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг сарниулж, дахин ашиглах боломжгүй болгосон бол хуульд заасан хариуцлага ногдуулж, холбогдон гаргах зардлыг тооцон ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан болон бусад гэм буруутай этгээдээр төлүүлнэ.
2.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчилсөн тохиолдолд уг хугацааны хяналтын тоног төхөөрөмж ашигласны зардлыг ялтан хариуцна.
2.8.Хяналтын тоног төхөөрөмжийн ашиглалт, эвдрэл гэмтлийн төлбөрт төвлөрсөн мөнгөн хөрөнгийг батлагдсан төсвийн хүрээнд үүрэн холбооны ашиглалтын зардал, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хяналтын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, шинэ төрлийн цахим бугуйвчийг судлах, турших, нэвтрүүлэх, программ хангамжийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 198 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.9.Хяналтын тоног төхөөрөмжийн ашиглалт, эвдрэл гэмтлийн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Төрийн сангийн урсгал дансанд төвлөрүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 198 дугаар тогтоолоор нэмсэн)
Гурав.Зардлыг нөхөн төлүүлэх
3.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 2.3-т заасны дагуу тооцсон зардлын тооцооллыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргана.
3.2.Энэ журмын 2.3, 2.4, 2.5-д заасан зардлыг хоног, сар, улирал, жилээр тооцон ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.
3.3.Энэ журмын 2.6-д заасан зардал, хохирлыг ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, эсхүл гэм буруутай этгээдээр даруй нөхөн төлүүлнэ.
3.4.Энэ журмын 3.1-д заасан шийдвэрт нөхөн төлүүлэх зардал, хохирлын хэмжээ, нөхөн төлөх үүрэг бүхий этгээдийн овог, нэр, зардал төвлөрүүлэх данс, хугацаа, нөхөн төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тусгана.
3.5.Шийдвэр гүйцэтгэгч зардал, хохирол нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн этгээдэд хүргүүлж, тогтоосон хугацаанд биелүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулж, тэмдэглэлээр баталгаажуулна.
3.6.Зардал, хохирлыг нөхөн төлөх шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн этгээд ялын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө зардлыг бүрэн барагдуулсан байна.
3.7.Шийдвэр гүйцэтгэгч зардал, хохирлын мөнгийг бэлнээр хүлээн авах бол тухай бүр баримт үйлдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107.4-т заасны дагуу байгууллагын дансанд шилжүүлнэ.
3.8.Зардал, хохирлын мөнгийг хүлээн авах санхүүгийн баримт нь нэгдсэн дугаар бүхий хэвлэмэл маягт байна.
3.9.Шийдвэр гүйцэтгэгч зардал, хохирлын мөнгө хүлээн авсан баримтыг 3 хувь үйлдэж, санхүүгийн баримтанд болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэгт хавсарган, 1 хувийг мөнгө тушаасан этгээдэд олгоно. Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь засваргүй байна.
3.10. Ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд зардал, хохирлыг нөхөн төлөх шийдвэрийг энэ журмын 3.2, 3.3, 3.6-д заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялын болон албадлагын арга хэмжээ дууссанаас хойш 30 хоногийн дотор зардал, хохирлын төлбөрийг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгүүлнэ.
3.11.Ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд тогтоосон хугацаанд зардлыг нөхөн төлөөгүйгээс энэ журмын 3.10-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бол холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага санхүүжүүлсэн дансанд зардлыг буцаан төвлөрүүлнэ.
3.12.Өсвөр насны хүний энэ журмын 2.1-д заасан зардлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцна.
3.13.Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 169.1-д заасны дагуу нөхөн төлөхөд энэ журамд заасны дагуу зардлыг тооцож, нөхөн төлүүлнэ.
Дөрөв.Зардлын төлбөрөөс чөлөөлөх
4.1.Энэ журмын 2.1.2-т заасан зардлаас ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг дараахь үндэслэлээр чөлөөлж болно:
4.1.1.асран хамгаалах хүнгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 60 ба түүнээс дээш насны;
4.1.2.эрх бүхий байгууллагаас хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон ялтан, этгээд;
4.1.3.амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх;
4.1.4.гурав хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх;
4.1.5.бүтэн өнчин хүүхэд.
4.1.6.нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 198 дугаар тогтоолоор нэмсэн)
4.2.Шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын 4.1-д заасан этгээдийн хүсэлт, засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шаардлагатай бусад баримтыг үндэслэн зардлын төлбөрөөс чөлөөлүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана.
4.3.Энэ журмын 4.2-т заасан нөхцөл байдлыг тогтоосон дүгнэлтийг үндэслэн хяналтын тоног төхөөрөмжийн зардлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.
4.4.Ахлах шийдвэр гүйцэтгэгч санал, холбогдох баримт бичгийг хянаж зардлын төлбөрөөс чөлөөлөх, эсхүл татгалзсан шийдвэрийг гаргана.
Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1.Зардал, хохирлын мөнгийг энэ журмыг зөрчин хүлээн авсан, зориулалт бусаар зарцуулсан, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн, дур мэдэн бусдад шилжүүлсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
5.2.Энэ журмын 5.1-д заасан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A