- Нүүр
- Эрх зүйн акт
- ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ ТӨСӨЛ
Засгийн газрын 2021 оны 58 дугаар
тогтоолын хавсралт
ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ ТӨСӨЛ
Нэг.Ерөнхий зүйл
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлан, мэдээгээр 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 10.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 13.6 хувиар буурсан, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 14.0 их наяд төгрөг болж өмнөх оноос 2.3 их наяд төгрөгөөр (19.7%) өссөн, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай болсон байгаа нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдлын үед манай улсын эдийн засагт асар их хохирол бий болсныг харуулж байна.
Ажиллах хүчний судалгааны тайланд 2019 оны эцэст ажилгүйдлийн түвшин 10.0 хувь, ажилгүй иргэдийн тоо 127.7 мянга байсан бол 2020 оны IY улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 7.6 хувь болж 2.4 пунктээр, ажилгүй иргэдийн тоо 92.1 мянга болж 35.7 мянган хүнээр тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Гэвч дээрх үзүүлэлтүүд өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад бага зэрэг өсч, ажил эрхлэгчдийн тоо 2020 оны IY улирлын байдлаар 1124.6 мянга болж өмнөх оны эцсийн үеийнхээс 21.6 мянгаар буурсан байгаа тул анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатайг харуулж байна.
Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 оны IY улиралд 7.6 хувь байгаа хэдий ч залуучуудын ажилгүйдлийн түвшин 15.4 хувь, үүнээс 15-29 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 18.8 хувь, ажилгүй нийт 92085 хүн байгаагийн 51 хувь буюу 46963 хүн нь 15-34 насны залуучууд байна .
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг хумигдаж, энэ хэмжээгээр ажлын байрыг хадгалах, хамгаалах, шинээр бий болгоход хүндрэлтэй болсон үед манай улсын нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг 15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож зөв төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр, засгийн зүгээс анхаарал хандуулж ажиллах хэрэгцээ үүсээд байна.
Иймд "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-нд заасан "Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөр боловсруулан, залуучуудыг хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх" зорилтын хэрэгжилтийг хангаж "Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл"-ийг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Хоёр.Төслийн зорилго, зорилт, хугацаа, хамрах хүрээ
2.1.Залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зохион байгуулж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгоход төслийн зорилго оршино.
2.2.Төслийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
2.2.1.залуучуудад ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжааг олгох;
2.2.2.залуучуудад уламжлалт болон орчин үеийн соёлын агуулгатай хослуулан хувь хүний хөгжил, эх оронч үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, төлөвшлийг суулгах;
2.2.3.залуучуудад улс орны хөгжлийн үндэс болох гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар сургах.
2.3.Төслийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ.
2.4.Төсөлд сүүлийн 3 сарын хугацаанд ажилгүй байгаа, 18-34 насны Монгол Улсын иргэн (их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагч хамаарахгүй)-ийг хамруулна.
Гурав.Төслийг хэрэгжүүлэх зарчим
3.1.Төслийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
3.1.1.иргэн сайн дурын үндсэн дээр төслийн үйл ажиллагаанд хамрагдана;
3.1.2.төслийн үйл ажиллагаа адил тэгш, нээлттэй, ил тод байна;
3.1.3.нийгмийн түншлэлийг дэмжинэ;
3.1.4.олон нийтийн оролцоонд тулгуурлана.
Дөрөв.Төслийн үйл ажиллагаа
4.1.Төслийн зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг зохион байгуулна:
4.1.1.төсөлд хамрагдах залуучуудын бүртгэл, сонгон шалгаруулалт;
4.1.2.вакумжуулсан тэтгэлэгт багц сургалт;
4.1.3.сургалтын дараа үзүүлэх дэмжлэг.
Тав.Төслийн бүртгэл, сонгон шалгаруулалт
5.1.Төслийн талаарх зар, холбогдох мэдээллийг бүртгэл эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд хүргэнэ.
5.2.Төслийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг (комисс)-ийн бүрэлдэхүүн болон бүртгэл, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга баталж, ерөнхий зохицуулалтаар хангаж ажиллана.
5.3.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төслийг хамтран хэрэгжүүлж байгаа холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оруулна.
5.4.Аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг цахимаар болон биечлэн очиж бүртгүүлэх ажлыг зохион байгуулна.
5.5.Төсөлд хамрагдахаар бүртгүүлсэн залуучуудыг ярилцлага болон санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулна.
5.6.Төсөлд хамрагдах залуучуудыг шаардлагатай эрүүл мэндийн үзлэг болон шинжилгээнд хамруулна.
5.7.Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуучуудыг нэгдсэн цэгт цугларалт хэлбэрээр, тодорхой хугацаанд, сургалт зохион байгуулах байранд байрлуулна. Орон нутгаас оролцогч залуучуудад замын унааны зардлыг олгоно.
Зургаа.Багц сургалт
6.1.Энэ төслийн 5 дахь хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалт болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуучуудыг 1.0 (нэг) сая төгрөгийн тэтгэлэгтэй, вакумжуулсан багц сургалтад 1 сарын хугацаатай гэрээний дагуу хамруулна.
6.2.Энэ төслийн зорилго, зорилттой нийцсэн, багц сургалтын хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, шинжлэх ухааны, Батлан хамгаалахын болон Соёлын сайдын хамтарсан тушаалаар батална.
6.3.Багц сургалтын хөтөлбөрт дараахь агуулгыг тусгана:
6.3.1.залуучуудад ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжааг олгох зорилтын хүрээнд:
6.3.1.1.хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, эрэлт, нийлүүлэлт, хандлагын талаарх ерөнхий ойлголт;
6.3.1.2.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хэрхэн олж авах арга замын тухай;
6.3.1.3.хөдөлмөрлөх эрх, түүний зөрчил, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ерөнхий ойлголт;
6.3.1.4.хувь хүний хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээний талаарх ойлголт;
6.3.1.5.хөдөлмөр эрхлэх талаар хувийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга замын тухай;
6.3.1.6.ажилд зуучлагдах болон хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зөвлөгөө, үйлчилгээний талаар;
6.3.1.7.гарааны бизнес "старт-ап" эрхлэх чадвар эзэмших арга замын талаар.
6.3.2.залуучуудад уламжлалт болон орчин үеийн соёлын агуулгатай хослуулах замаар хувь хүний хөгжил, эх оронч үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, төлөвшлийг суулгах зорилтын хүрээнд:
6.3.2.1.Монгол хүн, гэр бүл, төрт ёс;
6.3.2.2.Монгол эх нутаг, хэл бичиг, өв соёл;
6.3.2.3.эрдэм боловсрол, ёс суртахуун;
6.3.2.4.урлаг, хөдөлгөөн, урлалаар анагааж засахуй;
6.3.2.5.хувь хүний хөгжил, манлайлал;
6.3.2.6.цэрэгжилтийн болон бие бялдрын сургалт;
6.3.2.7.эх орны түүхэн дурсгалт газруудын аялал.
6.3.3.залуучуудад улс орны хөгжлийн үндэс болох гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар сургах зорилтын хүрээнд:
6.3.3.1.гэр бүл төлөвлөлт;
6.3.3.2.гэр бүлийн үнэ цэнэ;
6.3.3.3.гэр бүлийн харилцаа;
6.3.3.4.гэрлэлт болон эцэг, эхийн үүрэг хариуцлага;
6.3.3.5.гэр бүлийн хөгжил, улс орны хөгжлийн үндэс болох нь;
6.3.3.6.хүний эрх, жендэрийн тэгш байдал.
6.4.Төсөлд хамрагдаж байгаа залуучуудыг боловсролын түвшин болон хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөнд үндэслэн ажлын байранд дадлагажуулах сургалтад хамруулна.
6.5.Багц сургалтыг холбогдох агуулгын дагуу тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэшсэн зөвлөх бүхий мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллагатай гэрээний дагуу хамтран зохион байгуулна.
6.6.Төсөлд оролцогчдын онцлогт нийцүүлэн багц сургалтын үйл ажиллагааг эхний ээлжид туршилт хэлбэрээр зохион байгуулж болно.
6.7.Багц сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн залуучуудад гэрчилгээ олгоно.
Долоо.Сургалтын дараахь дэмжлэг
7.1.Багц сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн залуучуудад төслийн үр дүнгээс хамааран дараахь дэмжлэгийг үзүүлнэ:
7.1.1.хөдөлмөрт бэлтгэх нэмэлт сургалтад хамруулах;
7.1.2.мэргэжлийн ур чадварыг богино хугацаанд олгох үйлдвэрлэл дээрх (3 сар) болон танхимын сургалт (45 хоног)-д хамруулах;
7.1.3.аж ахуй эрхлэх зориулалттай 10.0 хүртэл сая төгрөгийн жижиг зээл болон барьцаагүй, хүүгүй, эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрт хамруулах;
7.1.4.малчин өрхийг малжуулах 5.0 хүртэл сая төгрөгийн барьцаагүй, хүүгүй, эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох;
7.1.5.бусад.
7.2.Төсөлд хамрагдсан залуучуудаас 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажлын байраар хангасан ажил олгогчид болон ажилтанд 1 жилийн нийгмийн даатгалын шимтгэл (эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг оруулахгүй)-тэй тэнцэх хэмжээний урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн олгоно.
7.3.Төсөлд хамрагдсан залуучуудыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн менторшип арга хэмжээнд хамруулна.
Найм.Төслийн санхүүжилт
8.1.Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
8.1.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
8.1.2.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
Ес.Төслийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
9.1.Хөдөлмөр эрхлэлтийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төслийн хэрэгжилтэд жил бүрийн IY улиралд хяналт-шинжилгээ, үнэлгээ, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, дүнг дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
9.2.Төслийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Арав.Төслийн үр дүн
10.1.Төслийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
10.1.1.төсөлд хамрагдсан залуучууд ажил, амьдралын гараагаа зөв эхлэх, ажил, мэргэжлийн чиг баримжааг олгох үйлчилгээнд хамрагдсан байна;
10.1.2.төсөлд хамрагдсан залуучууд хувь хүний хөгжлийн болон соёлын олон талт мэдлэг, мэдээллээр хангагдаж, суралцсан байна;
10.1.3.төсөлд хамрагдсан залуучууд гэр бүлийн хөгжил, улс орны хөгжлийн үндэс болохыг ойлгож ухамсарласан байна;
10.1.4.төсөлд жил бүр 5000 залуучууд хамрагдсан байна;
10.1.5.төсөлд хамрагдсан залуучуудын 70 хувиас багагүй нь 1 жилийн дотор ажлын байраар хангагдсан байна;
10.1.6.төслийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд хүсэлт гаргасан зорилтот бүлгийн залуучуудыг бүрэн хамруулсан байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A