A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 131

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2, 7.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 8 дахь заалт нэмсүгэй:

"8. Ажлын байрыг дэмжих зээлийн Засгийн газрын хариуцан төлөх хүүгийн хувийг энэ тогтоолын 2-т заасан хязгаарт багтаан тогтоохыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй."

2. "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын 2 дахь заалт, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.5 дахь заалтын "Зорилт", "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "ноолуур" гэсний дараа " , ноос, арьс шир" гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн тогтоолын 2 дахь заалтын "аж ахуйн нэгжийн төлөх зээлийн нийт хүүгийн 6.0 нэгж хувийг, иргэдийн төлөх зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг" гэснийг "аж ахуйн нэгжийн төлөх зээлийн нийт хүүгийн 9.0 нэгж хүртэл хувийг, иргэдийн төлөх зээлийн нийт хүүгийн 10.0 нэгж хүртэл хувийг" гэж, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.1 дэх заалтын "Зорилт" баганын "2.0 их наяд төгрөг" гэснийг "3.0 их наяд төгрөг" гэж, "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "нийт 2.0 их наяд" гэснийг "нийт 3.0 их наяд" гэж, "30.0 хүртэл хувийг" гэснийг "50.0 хүртэл хувийг" гэж, "нийт хүүгийн 6.0-7.65 нэгж хувийг" гэснийг "нийт хүүгийн 7.0-10.0 нэгж хүртэл хувийг" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН