A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 129

Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газарт үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 (таван) жилийн хугацаагаар олгосугай.

2. Энэ тогтоолын 1-д заасан үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд "Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр", "Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр", "Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр" болон "Засвар, механикийн заводын өргөтгөл"-ийг тус тус "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

3. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газартай Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.4-т заасны дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (Г.Ёндон), хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг хуульд заасан журмын дагуу төрийн өмчид бүртгэж авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН