A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4 дэх заалт, Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1-ийн 5 дахь дэд заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт, зураг төсөл, ажлын даалгавар болон шаардлагатай бусад баримт бичгийг холбогдох яамдтай хамтран боловсруулж, худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

2. Энэ тогтоолын 1-д заасан төсөл, арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөөр зохих журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар (Х.Бадамсүрэн), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т зөвшөөрсүгэй.

3. Сонгон шалгарсан гүйцэтгэгчтэй холбогдох гэрээг байгуулан, гүйцэтгэлд нь захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар (Х.Бадамсүрэн) нарт, захиалагчийн хяналт тавихад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН