- Нүүр
- Эрх зүйн акт
- УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГААС ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 125 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГААС
ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн сан" гэх) дахь нээлттэй, хязгаартай мэдээллээс иргэн, хуулийн этгээд болон хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд лавлагаа, мэдээлэл өгөхөд энэ журмыг баримтална.
1.2.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1."лавлагаа" гэж мэдээллийн санд үндэслэн бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон цахим болон цаасан баримт бичгийг;
1.2.2."мэдээлэл" гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаарх цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг.
Хоёр.Мэдээллийн сангийн нээлттэй мэдээллээс
лавлагаа, мэдээлэл өгөх
2.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.2-т заасан нээлттэй мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний систем (www.burtgel.mn)-д байршуулна.
2.2.Энэ журмын 2.1-д заасны дагуу байршуулсан нээлттэй мэдээллийг иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр үнэ төлбөргүйгээр үзэж, ашиглаж болно.
2.3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.2.3-т заасан нээлттэй мэдээллээс хуулийн этгээдийн нэр, хаяг, хэлбэр өөрчлөгдсөн, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх болон татан буугдсан талаарх лавлагааг тухайн бүртгэлд хамаарах иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд олгож болно.
Гурав.Мэдээллийн сангийн хязгаартай мэдээллээс
лавлагаа, мэдээлэл өгөх
3.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.6-д заасан мэдээллийн сангийн хязгаартай мэдээллээс лавлагаа, мэдээллийг дараахь баримт бичгийг үндэслэн өгнө:
3.1.1.иргэн бол өөрийнх нь гаргасан хүсэлт, мэдүүлэг, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
3.1.2.хуулийн этгээд бол итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, эсхүл түүнээс бичгээр олгосон итгэмжлэл.
3.2.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.6-д заасан мэдээллийг нотариатчаар дамжуулан ашиглахдаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Нотариатчийн мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах үйл ажиллагааны журам"-ыг баримтална.
3.3.Мэдээллийн сангийн хязгаартай мэдээллийг төрийн болон бусад байгууллага Монгол Улсын Засгийн газраас баталсан "Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам"-ын дагуу Үндэсний дата төвд байрших төрийн цахим мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээс авна.
3.4.Энэ журмын 3.1-д заасан мэдээллээс иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлийн холбогдох баримт бичгийн хуулбарыг олгож болно.
Дөрөв.Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр өгөх
4.1.Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системээс улсын бүртгэлийн лавлагааг тоон гарын үсэг ашиглан цахим хэлбэрээр авч болно.
4.2.Энэ журмын 4.1-д заасан лавлагаа нь "QR" кодоор баталгаажих бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.10-т заасантай нэгэн адил хүчинтэй байна.
4.3.Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдээлэл авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон энэ журамд заасны дагуу өгч болно.
Тав.Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу
мэдээлэл өгөх
5.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.5-д зааснаар хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн талаарх мэдээллийг өгнө.
5.2.Энэ журмын 5.1-д заасан мэдээлэл нь лавлагаа, хуулбар болон албан бичгийн хэлбэртэй байна.
Зургаа.Бусад
6.1.Цаасан хэлбэрээр олгосон лавлагаа, мэдээлэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.10-т заасан шаардлагыг хангасан байна.
6.2.Иргэний улсын бүртгэлийн лавлагаа нь олгосон өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A