- Нүүр
- Эрх зүйн акт
- УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 125 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН
ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ,
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.3-т заасан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн сан" гэх)-ийн хаалттай мэдээлэлтэй Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан (цаашид "эрх бүхий албан тушаалтан" гэх) танилцах, түүнд мэдээлэл өгөхөд энэ журмыг баримтална.
Хоёр.Хаалттай мэдээлэлтэй танилцах
2.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Монгол Улсын Засгийн газраас баталсан "Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам"-д заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтанд хаалттай мэдээлэлтэй танилцах зөвшөөрөл олгоно.
2.2.Хаалттай мэдээлэлтэй танилцах эрх бүхий албан тушаалтан төрийн болон албаны нууц, түүнчлэн хаалттай мэдээллийг бусдад задруулахгүй байх талаар баталгаа гаргуулсан байна.
2.3.Эрх бүхий албан тушаалтан нь архивын хувийн хэрэг, эх нотлох баримт бичиг, мэдээллийн сангийн хаалттай мэдээлэлтэй улсын бүртгэлийн байгууллагын байранд биечлэн ирж, танилцана.
Гурав.Хаалттай мэдээллээс мэдээлэл өгөх
3.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.3.1-д заасан мэдээллийг прокуророос олгосон зөвшөөрөл, эрх бүхий албан тушаалтны албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын зөвшөөрлөөр эрх бүхий албан тушаалтанд олгоно.
3.2.Энэ журмын 3.1-д заасан зөвшөөрөл олгосон тохиолдолд холбогдох мэдээллийг байгууллагын нууц хамгаалах ажилтнаар дамжуулан олгоно.
Дөрөв.Бусад
4.1.Эрх бүхий албан тушаалтан хаалттай мэдээлэл авах, мэдээлэлтэй танилцахдаа зураг авах, дүрс бичлэг хийх, олшруулах болон бусад хэлбэрээр хуулбарлан авахыг хориглоно.
4.2.Хаалттай мэдээлэлтэй танилцсан, мэдээлэл авсан эрх бүхий албан тушаалтан уг мэдээллийг бусдад задруулахгүй байх үүргийг хүлээнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A