A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 дахь заалт, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас мөн оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.

2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг боловсруулж батлуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгаж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд зөвлөсүгэй.

3. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хүн амын дундах тархалтыг бууруулах талаар холбогдох зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН