A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2021 оны 136 дугаар

  тогтоолын хавсралт

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл


1.1.Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, найдвартай, үр ашигтай байдлыг хангах дүрэм, журам, үйл ажиллагааны горимыг хэрэгжүүлэх замаар иргэний нисэхийн үйл ажиллагааг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад Иргэний нисэхийн аюулгүй байдлын журмын (цаашид "журам" гэх) зорилго оршино.

1.2.Энэ журам нь олон улсын нислэгт үйлчилж байгаа нисэх буудал, дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд чиглэнэ.

1.3.Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зорилго нь зорчигч, агаарын хөлгийн багийн гишүүн, газрын үйлчилгээ болон хилийн хяналтын байгууллагын ажилтан, иргэн, түүнчлэн агаарын хөлөг, нисэх буудлын байгууламж, тоног төхөөрөмжийг газарт болон агаарт тохиолдож болох хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад оршино.

1.4.Орон нутгийн нислэгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад чиглэсэн арга хэмжээг үндэсний эрх бүхий байгууллагаас хийгдсэн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлнэ.

1.5.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.5.1."агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр" гэж зорчигч, агаарын хөлгийн багийн гишүүн, газрын үйлчилгээний ажилтан, түүнчлэн агаарын хөлгийг газарт болон агаарт тохиолдож болох хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах зорилгоор энэ журмын шаардлагад нийцүүлэн боловсруулсан агаарын тээвэрлэгч байгууллага, эсхүл түүний төлөөлөгчийн хэрэгжүүлэх арга хэмжээ болон үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлсон баримт бичгийг;

1.5.2."агаарын тээвэрлэгчийн шуудан болон эд зүйлс" гэж агаарын тээвэрлэгчийн дотоод үйл ажиллагаанд зориулагдсан өөрийн, эсхүл гэрээт байгууллагад хүргүүлэх зорилгоор тээвэрлэгдэх бичиг баримт, хангамжийн материал, техник үйлчилгээний сэлбэг, нислэгийн хоол хүнс, цэвэрлэгээний болон бусад зүйлсийг;
 
1.5.3."агаарын хөлгийн аюулгүй байдлын үзлэг" гэж сэжигтэй зүйлс, зэвсэг, тэсрэх бодис, эсхүл бусад аюултай хэрэгсэл, эд зүйлс болон бодисыг илрүүлэх зорилгоор агаарын хөлгийн дотор талд хийх үзлэгийг;

1.5.4."агаарын хөлгийн аюулгүй байдлын шалгалт" гэж сэжигтэй зүйлс, зэвсэг, тэсрэх бодис эсхүл бусад аюултай хэрэгсэл, эд зүйлс болон бодисыг илрүүлэх зорилгоор агаарын хөлгийн дотор болон гадна талд хийх шалгалтыг;

 1.5.5."анкет шалгалт" гэж нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх хүсэлт гаргасан этгээдийн биеийн байцаалт болон өмнөх туршлага, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, аюулгүй байдалтай холбоотой бусад мэдээллийг шалгахыг;

1.5.6."нисэхийн аюулгүй байдал" гэж хүний болон материаллаг нөөцийг хослуулах замаар иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах арга хэмжээг; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

1.5.7. "аюулгүй байдлын аудит" гэж энэхүү журмын хэрэгжилтэд хийх бүх талын нарийвчилсан нийцлийн шалгалтыг; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

1.5.8."аюулгүй байдлын хяналт" гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсрэх бодис эсхүл аюултай хэрэгсэл, эд зүйлс болон бодисыг агаарын хөлөгт нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг;

1.5.9."аюулгүй байдлын үзлэг" гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсрэх бодис эсхүл бусад аюултай хэрэгсэл, эд зүйлс болон бодисыг илрүүлэхэд чиглэсэн техникийн болон бусад арга хэрэгслээр хийх үзлэгийг;

1.5.10."аюулгүй байдлын сорилт" гэж хөндлөнгийн хууль бус үйлдэл хийх байдлаар нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагааг ил болон далд хэлбэрээр шалгахыг;

1.5.11."дамжин өнгөрөх зорчигч" гэж тухайн аяллын завсрын нисэх буудалд ирсэн агаарын хөлгөөрөө нислэгээ цааш үргэлжлүүлэх зорчигчийг;

1.5.12."дамжин өнгөрөх тээш" гэж тухайн аяллын завсрын нисэх буудалд ирсэн агаарын хөлгөөс буулгалгүй үргэлжлүүлэн тээвэрлэх тээшийг;

1.5.13."дипломат тээш болон илгээмж" гэж 1961 онд Австри Улсын Вена хотноо баталсан Дипломат харилцааны тухай болон 1963 онд баталсан Консулын харилцааны тухай конвенцийн дагуу тээвэрлэх дипломат шуудан болон материалыг;

1.5.14."нийтийн эзэмшлийн бүс" гэж ямар нэг зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй нэвтэрч болох нисэх буудлын барилга байгууламж, түүний орчны хэсгийг;

1.5.15."нислэгийн аюулгүй байдлын ажилтан" гэж агаарын тээвэрлэгчийн харьяалах улсын Засгийн газраас эрх олгосон болон агаарын хөлгийн бүртгэлтэй улсын Засгийн газраас тухайн агаарын хөлөг, түүнд байгаа хүмүүсийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахаар томилсон (агаарын хөлөгт нэг буюу хэсэг хүмүүсийг тусгайлан хамгаалахаар томилогдсон хувийн бие хамгаалагч үүнд хамаарахгүй) этгээдийг;

1.5.16."Нисэх буудлын аюулгүй байдлын хороо" гэж иргэний нисэхийн болон нисэх буудлын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтанд зөвлөгөө өгөх хороог;

1.5.17."нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллага" гэж иргэний нисэхийн аюулгүй байдлын журмыг боловсруулах, өөрчлөх санал гаргах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий байгууллагыг; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

1.5.18."нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөр" гэж хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах зорилгоор энэ журмын шаардлагад нийцүүлэн боловсруулж, нисэх буудалд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлсон баримт бичгийг;

 1.5.19."нислэгийн үед хэрэглэгдэх эд зүйлс" гэж нислэгийн үед зорчигчийн үйлчилгээнд хэрэглэх, эсхүл худалдах эд зүйлсийг;

1.5.20."онцгой анхаарлын цэг" гэж гэмтсэн болон устгагдсаны улмаас иргэний нисэхийн үйл ажиллагаанд ноцтой саад учруулж болзошгүй нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг;

 1.5.21."тусгай зориулалтын нислэг" гэж хөдөө аж ахуй, барилга байгууламж, зураг авах, хайгуул, ажиглалт, эргүүл, эрэн хайх, авран туслах, зар сурталчилгаа зэрэг үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэж байгаа нислэгийг;

1.5.22."тээш ялгах талбай" гэж тээшийг аяллын дугаар, чиглэлээр нь ялгах талбайг;

1.5.23."үйлчилгээнд гарсан агаарын хөлөг" гэж нислэгт бэлэн болж баталгаажсан, аяллын дугаар олгогдсон, зорчигчийг хүлээн авах бэлтгэлийг хангаж, агаарын хөлгийн диспетчерийн хяналтад орсон, зогсоолд байрласан агаарын хөлгийг;

1.5.24."үзлэгийн дараахь бүс" гэж аюулгүй байдлын үзлэгийн цэг болон агаарын хөлгийн хоорондох хэсгийг;

1.5.25."сэжигтэй эд зүйлс" гэж эзэнгүй, эсхүл эзнийг нь тогтоох боломжгүй, аюул, заналхийлэл агуулсан байж болзошгүй эд зүйлсийг;

1.5.26."хамгаалагдсан бүс" гэж аюулгүй байдлын хяналт бүхий нисэх буудлын аэродромын талбай, барилга байгууламж, түүний орчны хэсгийг;

1.5.27."хориотой бүс" гэж аюулгүй байдлын үзлэгийн цэгээс агаарын хөлөг хүртэлх зорчигчдын танхим, тээш ялгах талбай, перрон, нислэгт бэлтгэгдсэн агаарын хөлөг, аюулгүй байдлын үзлэг хийгдсэн тээш, ачаа, шуудан болон хамгаалагдсан бүсэд байрлах нислэгийн хоол, хүнс бэлтгэх газар, цэвэрлэгээний талбай зэрэг илүү эрсдэлтэй гэж тодорхойлогдсон, нэвтрэх хяналт, бусад аюулгүй байдлын хяналт илүү шаардлагатай хамгаалагдсан бүсийн хэсгийг; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

1.5.28."хориглосон эд зүйлс" гэж агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон, эсхүл зөвхөн тусгай журмын дагуу тээвэрлэх хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй эд зүйлсийг;

1.5.29."хөндлөнгийн хууль бус үйлдэл" гэж иргэний нисэхийн аюулгүй байдалд нөлөөлөх дараахь үйлдэл болон оролдлогыг:

            1.5.29.1.агаарын хөлгийг хууль бусаар булаан эзлэх;

            1.5.29.2.үйлчилгээнд гарсан агаарын хөлгийг устгах;

            1.5.29.3.агаарын хөлөгт болон нисэх буудалд хүн барьцаалах;

            1.5.29.4.агаарын хөлөг, нисэх буудлын хамгаалагдсан бүс болон агаарын навигацийн тоног төхөөрөмж, байгууламжид хүч түрэмгийлэн нэвтрэх;

            1.5.29.5.гэмт хэрэг үйлдэх зорилгоор агаарын хөлгийн бүхээг, нисэх буудалд зэвсэг, эсхүл аюултай хэрэгсэл болон эд зүйлсийг нэвтрүүлэх;

         1.5.29.6.үйлчилгээнд гарсан агаарын хөлгийг хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулах буюу үхэлд хүргэх, эсхүл эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд ноцтой хохирол учруулах зорилгоор ашиглах;

1.5.29.7.нислэг үйлдэж буй, эсхүл газарт байгаа агаарын хөлгийн аюулгүй ажиллагаа, нисэх буудал, түүний барилга байгууламж дахь зорчигч, нисэх багийн гишүүд, газрын үйлчилгээний ажилтан болон иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээ, мэдээллийг тараах.

 1.5.30."нийтийн хэв журам зөрчсөн зорчигч" гэж нисэх буудал, агаарын хөлгийн бүхээгт хууль тогтоомж зөрчсөн, нисэх буудлын ажилтан, нисэх багийн гишүүдийн зааварчилгааг үл даган нисэх буудал болон агаарын хөлгийн хэвийн ажиллагааг алдагдуулж буй этгээдийг;

1.5.31."шилжүүлэн ачих ачаа ба шуудан" гэж тээвэрлэгдэж ирсэн агаарын хөлгөөс өөр агаарын хөлөгт шилжүүлэн ачих ачаа ба шууданг;

1.5.32."шилжин суух зорчигч" нэг агаарын хөлгөөс нөгөө агаарын хөлөгт шилжин суух зорчигчийг;

1.5.33."шуудан" гэж Дэлхийн шуудан холбооны дүрмийн дагуу шуудангийн байгууллагад хүргэх захидал болон бусад зүйлсийг;

1.5.34."зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага" гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас хүлээн зөвшөөрөгдсөн, агаарын тээвэрлэгчтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг, аюулгүй байдлын хяналтыг хангаж ажилладаг хуулийн этгээдийг;

1.5.35.“аюулгүй байдлын үзлэг шалгалт” гэж энэ журамд заасан нисэхийн аюулгүй байдлын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлснээр бий болж байгаа үр дүнг урьдчилан мэдэгдэх, эсхүл гэнэтийн шалгалт хийх үйл ажиллагааг; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

1.5.36."үнэмлэхжүүлэлт" гэж нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллагаас тухайн этгээд зохих түвшинд өөрийн үүргийг гүйцэтгэх чадвартайг үнэлж, баталгаажуулах үйл ажиллагааг;

1.5.37."тогтмол илгээгч" гэж аюулгүй байдлын нийтлэг дүрэм, шаардлагыг хангасан ачаа, шууданг тээвэрлэгчийн хяналтад шилжүүлж, агаарын хөлгөөр тээвэрлэхийг зөвшөөрсөн этгээдийг;

1.5.38."өндөр эрсдэлтэй ачаа, шуудан" гэж тагнан турших үйл ажиллагааны үр дүнд иргэний нисэхийн үйл ажиллагаанд заналхийлэл учруулж болзошгүй гэж үзсэн, сэжиг төрүүлэхүйц, хэвийн бус, эсхүл хөндөгдсөн шинжтэй ачаа, шууданг;

1.5.39."арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаа" гэж зорчигч, ачаа, тээш, шууданг агаарын хөлгөөр төлбөртэй тээвэрлэх үйл ажиллагааг;

1.5.40."урьдчилан тааварлах боломжгүй байдал" гэж аюулгүй байдлыг хангах арга хэмжээний үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хяналт шалгалтыг тогтмол бусаар өөр өөр байршилд, эсхүл өөр арга хэрэгсэл ашиглан хэрэгжүүлэх арга хэмжээг;

 1.5.41."зан байдлыг таньж тогтоох" гэж иргэний нисэхэд заналхийлэл учруулж болзошгүй этгээдийг биеийн хэл, дохио зангаа зэрэг зан байдлын хэвийн бус шинжээр таних аргаар илрүүлэхийг.

1.5.42.“ачаа” гэж агаарын хөлгөөр тээвэрлэх шуудан, хангамж, дагалдах, эсхүл буруу чиглэлд тээвэрлэгдсэн тээшнээс бусад эд зүйлийг; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

1.5.43.“аюулгүй байдлын соёл” гэж иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтнуудын үйлдэл, сахилга батаар илрэх өдөр тутмын үйл ажиллагаанд хамаатай аюулгүй байдлын хэм хэмжээ, үнэт зүйл, хандлагын цогц ойлголтыг; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

1.5.44.“Танигдаагүй тээш” гэж нисэх буудалд тээшний зүүлттэй болон зүүлтгүйгээр ирсэн, зорчигч нь тогтоогдоогүй, эсхүл хүлээн аваагүй тээшийг; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

1.6.Энэ журмыг 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чикаго хотноо батлагдсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц болон түүний Хавсралт 2 (Нислэг үйлдэх журам), Хавсралт 6 (Агаарын хөлгийн ашиглалт), Хавсралт 8 (Агаарын хөлгийн нислэгт тэнцэх), Хавсралт 9 (Хялбаршуулах), Хавсралт 10 (Нисэхийн холбоо), Хавсралт 11 (Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ), Хавсралт 13 (Агаарын хөлгийн осол, сүйрлийг шинжлэн шалгах), Хавсралт 14 (Аэродром), Хавсралт 17 (Аюулгүй байдал), Хавсралт 18 (Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэх)-д тусгасан нисэхийн аюулгүй байдалтай холбоотой олон улсын стандарт болон зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан болно. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

1.7.Монгол Улсын олон улсын гэрээ, конвенц: (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

-“Олон улсын иргэний нисэхийн тухай” 1944 оны Чикагогийн конвенц;
-“Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай” 1963 оны Токиогийн конвенц болон түүний нэмэлт протокол;

-“Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай” 1970 оны Гаагийн конвенц болон түүний нэмэлт протокол;

-“Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай” 1971 оны Монреалын конвенц болон түүний нэмэлт протокол;

-“Хуванцар тэсрэх бодис илрүүлэх зорилгоор тэмдэг тавих тухай”        1991 оны Монреалын конвенц;

-“Олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудал дахь хүч хэрэглэсэн хууль бус үйлдлийг хориглох тухай” 1988 оны Монреалын конвенц болон түүний нэмэлт протокол;

-Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц.

1.8.Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой Монгол Улсын хууль, дүрэм: (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Иргэний нисэхийн тухай хууль;

-Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль;

-Галт зэвсгийн тухай хууль;

-Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль;

-Зөрчлийн тухай хууль;

-Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль;

-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль;

-Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль;

-Монгол Улсын хилийн тухай хууль;

-Эрүүгийн хууль;

-Кибер аюулгүй байдлын тухай хууль;

-Төрийн болон албаны нууцын тухай хууль,

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;

-Иргэний нисэхийн багц дүрэм, тэдгээрийн зөвлөмжийн цувралууд.

 

 

Хоёр.Иргэний нисэхийн аюулгүй байдлын талаар иргэний
         нисэхийн болон бусад байгууллагын хүлээх үүрэг

 

2.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "Ерөнхий газар" гэх) нь энэ журмыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг хариуцан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2.1.1.энэ журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий болон бусад оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.1.2.энэ журмыг нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний болон бусад байгууллагуудад хүргүүлэх;

2.1.3.нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, ачаа, шуудан тээвэр, нислэгийн хоол хүнс бэлтгэх байгууллагуудын аюулгүй байдлын хөтөлбөр, энэ журмын шаардлагад нийцсэн гадаадын агаарын тээвэрлэгчийн төлөөлөгчийн газрын нэмэлт журам, түүнд оруулсан өөрчлөлтийг тогтмол хянаж, баталгаажуулах; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2.1.4.нисэх буудал, агаарын тээвэрлэгч нислэгийн хөдөлгөөний болон иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, тухайн нисэх буудалд үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагуудад нисэхийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, аудит, үзлэг шалгалт, сорилт хийх, дүгнэлт гаргах;

2.1.5.энэ журмын үр дүнг баталгаажуулах, нийцлийг тодорхойлох, зорилгоор иргэний нисэхийн аюулгүй байдлын чанарын хяналтын хөтөлбөрийг баталж мөрдүүлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

2.1.6.энэ журмын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий болон бусад оролцогч байгууллагуудын ажилтныг бэлтгэх сургалтын бодлогын баримт бичиг боловсруулж, хэрэгжилтийг эдгээр байгууллагуудаас шаардах; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.1.7.нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх журмыг баталж мөрдүүлэх, олон улсын нисэх буудлын хилийн бүсэд нэвтрэх журмыг хил хамгаалах байгууллагатай хамтран тогтоох;

2.1.8.гадаад улсаас Монгол Улсад нислэг үйлдэж байгаа агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр, түүнд оруулсан өөрчлөлтийг хянаж, хүлээн зөвшөөрөх;

2.1.9.иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт, дүрэм, журмыг боловсруулж, мөрдүүлэх, ба нисэх буудлын хориотой бүсэд нэвтрэх хүн, зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш болон ачаа, илгээмж, агаарын тээвэрлэгчийн шуудан, эд зүйлсэд аюулгүй байдлын үзлэг хийх байгууллагыг гэрчилгээжүүлэх(Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2.1.10.хөндлөнгийн хууль бус үйлдлийн үед хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, үйл ажиллагаанд үнэлэлт өгч, тэдгээр үйлдлийг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх;

2.1.11.агаарын хөлөгт хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсэрч, дэлбэрэх бодис, болон сэжигтэй эд зүйлийг нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам боловсруулах;

2.1.12.нийтийн эзэмшлийн бүсийг тогтоож, баталгаажуулсан байх; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.1.13.нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага болон холбогдох бусад байгууллагууд өөрсдийн  аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээг үр дүнтэй хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг тухай бүр боломжит хэлбэрээр солилцох журмыг боловсруулж, хэрэгжүүлэх;

2.1.14.олон улсын нисэх буудлын үйл ажиллагаанд жилд нэг удаа эмзэг байдлын үнэлгээ хийж, холбогдох байгууллагууд, хууль сахиулах болон тагнуулын байгууллага хоорондын уялдааг хангаж ажиллаж байгааг бататгах, эмзэг байдлын үнэлгээг эрсдэлийн үнэлгээ болон аюулгүй байдлыг сайжруулахад мэдээлэл болгон ашиглах. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2.Нисэх буудал нь тухайн нисэх буудал дээр явагдаж байгаа иргэний нисэхийн үйл ажиллагааг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2.1.хууль тогтоомж болон энэ журамд нийцүүлэн гаргасан стандарт, дүрэм, журам, заавар болон тухайн нисэх буудлын үйл ажиллагааны онцлогт нийцсэн нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

2.2.2.аюулгүй байдлын хөтөлбөрийн тодорхой заалтын хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий аюулгүй байдлын ажилтанг томилох;

 2.2.3.нисэх буудлын аюулгүй байдлын хороог байгуулах;

2.2.4.энэ журам болон нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохицуулалтын арга хэмжээ авах, нисэх буудлын удирдлагад зөвлөгөө өгөх зорилгоор нисэх буудлын аюулгүй байдлын хороог тогтмол хугацаанд хуралдуулах;

2.2.5.нисэхийн аюулгүй байдлын үзлэг, шалгалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах;

2.2.6.тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах, нисэх буудлын барилга байгууламжийг шинээр барих болон өргөтгөх ажлын загвар, дэд бүтцийг энэ журамд заасан аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн,  зөвхөн Ерөнхий газрын зөвшөөрлөөр гүйцэтгэх;

2.2.7.хөндлөнгийн хууль бус үйлдлийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний зааварчилгааг багтаасан онцгой байдлын үед ажиллах журам боловсруулан хэрэгжүүлэх;

2.2.8.онцгой байдал үүссэн үед нисэх буудлын үйл ажиллагаа, аюулгүй байдлын арга хэмжээг удирдан зохицуулах зорилгоор ашиглах онцгой байдлын үйл ажиллагааны төвийг байгуулах.

2.3.Дотоодын болон гадаадын Агаарын тээвэрлэгч нь зорчигч, нисэх багийн гишүүд, газрын үйлчилгээний ажилтан, агаарын хөлөг болон байгууламжийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2.3.1.агаарын хөлөг, зорчигч, тээш, ачаа, шууданг хадгалах талбайн аюулгүй байдлыг хангах, эсхүл аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

2.3.2.хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах зааварчилгааг багтаасан, энэ журмын шаардлагад нийцсэн аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх болон энэ журмын шаардлагад өөрчлөлт орох бүрд түүнд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулжхянаж, баталгаажуулах; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2.3.3.онцгой байдлын үед ажиллах журам боловсруулах;

2.3.4.аюулгүй байдал хариуцсан албан тушаалтныг томилох;

2.3.5.аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, ажилтнуудыг сургаж, дадлагажуулах.

2.4.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      2.4.1.энэ журмын шаардлагад нийцсэн аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

      2.4.2.аюулгүй байдлын албан тушаалтныг томилох;

      2.4.3.нисэх буудлын аюулгүй байдлын хороонд гишүүнийг томилон ажиллуулах;

      2.4.4.нисэхийн аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх зориулалт бүхий тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах;

      2.4.5.нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний системийг санаатай, эсхүл болгоомжгүй цахим халдлагаас хамгаалах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын журам боловсруулж хэрэгжүүлэх.

2.5.Тагнуулын байгууллага дараахь үүрэгтэй:
   
 2.5.1.иргэний нисэхийн аюулгүй байдал болон түүнд нөлөөлөх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулах, задлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

 2.5.2.энэ журам болон үндэсний бусад баримт бичигт заасан байгууллагын ашигладаг иргэний нисэхийн аюулгүй байдлын чухал мэдээлэл, харилцаа, холбооны систем, өгөгдлүүдийг тодорхойлсон байх бөгөөд тэдгээрийг эрх бүхий байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээг үндэслэн хууль бус халдлагаас хамгаалах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх;

 2.5.3.нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэх худалдааны болон хангамжийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шат, дамжлага бүрийн аюулгүй байдал, харилцаа, холбооны систем, өгөгдлүүдийн аюулгүй байдлын төлөвлөлт, сүлжээний тусгаарлалт, хамгаалалт, алсын тандалтын хязгаарлалтын арга хэмжээ авсныг баталгаажуулах;

2.5.4.терроризмтой тэмцэх, барьцаалагчтай хэлэлцээ хийх, тэсрэх төхөөрөмж устгах зэрэг үйл ажиллагаатай холбоотой хариу арга хэмжээг зохицуулах тусгай мэргэжлийн багийг томилох.

2.5.5.аюулгүй байдлын үзлэгээр зорчигчоос зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, сэжигтэй эд зүйлс илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу аюулгүй болгох арга хэмжээ авах. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

2.6.Цагдаагийн байгууллага иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах ажлыг иргэний нисэхийн байгууллагатай хамтран зохион байгуулах бөгөөд дараахь үүрэгтэй:

2.6.1.иргэний нисэхийн байгууламжид гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах;

2.6.2.иргэний нисэхэд аюул учруулж болзошгүй этгээд, ирэх, явах зорчигчдод тандалт хийх;

2.6.3.хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, агаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, тэсрэх бодис хэрэглэхээр сүрдүүлэх, нисэх буудал болон түүний байгууламжид халдах, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед авах арга хэмжээ, үйл ажиллагааг нисэх буудлын онцгой нөхцөлийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх;

2.6.4.цагдаагийн албан хаагчдыг нисэхийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр, шаардлагын дагуу сургаж, дадлагажуулах;

2.6.5.аюулгүй байдлын үзлэгээр зорчигчоос зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, эд зүйл илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу аюулгүй болгох арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд зорчигчийг саатуулах зорилгоор үзлэгийн цэг дээр цагдаагийн байнгын ажилтан томилж ажиллуулах; (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.6.6.эрх бүхий байгууллагын хийсэн нисэхийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтоож, баталгаажуулах;

2.6.7.нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд хяналт тавьж, эргүүл гаргах.

2.7.Хил хамгаалах байгууллага хилийн боомт бүхий олон улсын нисэх буудалд аюулгүй байдлыг хангах ажлыг иргэний нисэхийн болон бусад харилцаатай ажилладаг байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд дараахь үүрэгтэй:

      2.7.1.иргэний нисэхийн үйл ажиллагаанд заналхийлэл учруулах магадлал бүхий этгээдийг илрүүлэх зорилгоор ирэх болон явах зорчигчийн мэдээллийг шалгах, шаардлагатай үед холбогдох мэдээллийг иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллагад хүргүүлэх;

      2.7.2.Ерөнхий газрыг шаардлагатай мэдээллээр хангах;

      2.7.3.хилийн боомтод онцгой нөхцөл үүссэн үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөөг хөндлөнгийн хууль бус үйлдлийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний зааварчилгааг багтаасан онцгой байдлын үед ажиллах журамтай уялдуулан  төлөвлөж, хэрэгжүүлэх.

2.8.Хил хамгаалах болон хилийн хяналтын байгууллага, нисэх буудалд гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага нь ажилтнаа нисэхийн аюулгүй байдлын холбогдох сургалтад хамруулах, нисэх буудлын хориотой, хамгаалагдсан болон үзлэгийн дараахь бүсэд нэвтрэх журмыг биелүүлэх үүрэгтэй.

2.9.Хил хамгаалах болон хилийн хяналтын байгууллага, нисэх буудалд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нисэхийн аюулгүй байдлыг хангах талаар Ерөнхий газар, тагнуулын болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллана.

2.10.Иргэний нисэхийн аюулгүй байдлын журамд заасан оролцогч болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын бүх ажилтан, нисэх буудлын хамгаалагдсан бүсэд дагалдах хүнгүйгээр нэвтрэх эрх олгогдсон этгээдийг аюулгүй байдлын талаар мэдлэг олгох анхан болон давтан сургалтад хамруулна. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
     
2.11.Нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага нь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа бол өөрийн байгууллагын аюулгүй байдлын хөтөлбөрт нийцсэн аюулгүй байдлын арга хэмжээг тухайн гэрээт байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, баталгаажуулна.

2.12.Нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага нь өөрийн газар нутаг, агаарын зайд учирч болох иргэний нисэхийн заналхийллийн шинж болон түвшинг тогтмол хянаж, холбогдох эрх бүхий байгууллагын хийсэн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журамд нийцсэн бодлого, журам баталж, хэрэгжүүлнэ.

2.13.Нислэгийн хоол, хүнс бэлтгэх байгууллага нь хоол, хүнс болон агаарын хөлгийн хангалтад хэрэглэх эд зүйлд зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, бусад аюултай зүйлийг нуун нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.14.Нисэх буудалд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд энэ журамд заасан шаардлагыг биелүүлж, дараахь үүргийг хүлээнэ:

      2.14.1.аюулгүй байдлын ажилтнууд хувийн байгууллагын ажилтнуудыг хялбар таньж, тодорхойлох, хянах ажлыг хөнгөвчлөхийн тулд зөв зохистой хувцаслах;

      2.14.2.нисэх буудалд эрхэлж байгаа үйл ажиллагаа нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд харшлахгүй байх;

      2.14.3.ажилтнуудыг аюулгүй байдлын талаарх сургалтад хамруулах; 

      2.14.4.нисэх буудлын хориотой бүс болон агаарын хөлөгт зөвшөөрөгдөөгүй эд зүйлсийг нэвтрүүлэхгүй байх.

2.15.Иргэний нисэхийн байгууллагууд нь иргэний нисэхийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа гэмт үйлдэл, үйл ажиллагаа, аюул, заналхийллийн талаарх мэдээ, мэдээллийг тагнуулын байгууллага, хилийн болон хууль хяналтын бусад байгууллагад шуурхай мэдээлэх, хүргүүлэх, дамжуулах үүрэгтэй.
 

2.16.Энэ журамд заасан нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллага нь аюулгүй байдлын соёлыг сурталчлах, хөгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

 

Гурав.Хамтын ажиллагаа

 

3.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, онцгой байдлын байгууллага, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, тагнуулын байгууллага, гаалийн байгууллага, цагдаагийн байгууллага, хил хамгаалах байгууллага, нисэх буудал, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, тогтмол нислэг гүйцэтгэдэг агаарын тээврийн байгууллагын төлөөлөл бүхий Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) ажиллана.

3.2.Зөвлөл нь энэ журмыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.

3.3.Зөвлөлийн дарга нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

3.4.Зөвлөл нь дараахь бүрэн эрхтэй:

      3.4.1.иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
 
      3.4.2.иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах асуудлаар Ерөнхий газарт зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

      3.4.3.иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдлийн үед бий болсон онцгой нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар шийдвэр гаргах;

      3.4.4.иргэний нисэхийн аюулгүй байдлын үзлэг, шалгалтын техник, технологийн шинэчлэлт хийх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар зөвлөмжөөр  хангах, дэмжлэг үзүүлэх;

      3.4.5.иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

      3.4.6.иргэний нисэхийн үйл ажиллагаанд гарч болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгахад иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгжийн хүч, хэрэгслийг татан оролцуулах, иргэний нисэхийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны уялдааг хангах;

      3.4.7.нисэх буудлын аюулгүй байдлын хорооны аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагад  зөвлөмж өгөх, шийдвэр гаргах;

      3.4.8.иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг жилийн эцэст холбогдох газруудад хүргүүлэх;

      3.4.9.иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

      3.4.10.нислэгийн үеийн аюулгүй байдлын ажилтан ажиллуулах талаар гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчээс ирүүлсэн хүсэлтийг тухайн ажилтныг хүлээн авахыг зөвшөөрсөн улстай зөвхөн гэрээ байгуулсны дараа шийдвэрлэх;

      3.4.11.нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагуудын үүргийг тодорхойлох, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

      3.4.12.эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нисэх буудал болон түүний орчимд агаарын хөлгийн эсрэг зөөврийн харвагч системийн болон бусад ижил түвшний заналхийлэл учруулахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зааврыг боловсруулж, газар дээр нь хэрэгжүүлэх арга хэмжээг баталгаажуулах;

      3.4.13.дотоодын агаарын тээвэрлэгчийн тусгай нислэгт зориулан аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээний талаар гадаад орны эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахдаа тухайн улсын нөөц арга хэмжээ нь гаргасан хүсэлттэй нь ижил түвшинд байгаа эсэх талаар хэлэлцэж, шийдвэр гаргах.
3.5.Зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг гишүүн бүрт хүргүүлнэ. Зөвлөлийн хуралд техникийн шинжээч, мэргэжилтнүүдийг урьж оролцуулж болно.

3.6.Ерөнхий газар нь иргэний нисэхийн аюулгүй байдлын талаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон бусад улс оронтой хамтран ажиллана.

3.7.Ерөнхий газар нь бусад улсын эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд энэ журмын шаардлагатай хэсгийг хүргүүлж болно.

3.8.Ерөнхий газар нь бусад улсын эрх бүхий байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу тухайн улсын агаарын тээвэрлэгчийн тусгай нислэгт аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авна.

3.9.Ерөнхий газар нь аль нэг улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд аюул заналхийлж байгаа талаар олж авсан мэдээллийг Зөвлөл болон тухайн улсын эрх бүхий байгууллагад тухай бүр мэдэгдэнэ. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

3.10.Ерөнхий газар нь нисэхийн аюулгүй байдлын сургалтын болон чанарын хяналтын хөтөлбөрийг шаардлагатай үед бусад улсын эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, мэдээлэл, санал солилцон хамтран ажиллана.

3.11.Ерөнхий газар нь нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг хамгаалах талаар тагнуулын болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.

3.12.Ерөнхий газар нь бусад улсын эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хийсэн аудитын тайлан болон илэрсэн дутагдлыг залруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг зохих хэмжээнд болон өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүргүүлж болно. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

3.13.Ерөнхий газар нь Зөвлөл болон нисэх буудлын аюулгүй байдлын хорооны холбогдох байгууллага, агентлаг, бусад төрийн байгууллага, хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний зохицуулалтыг баталгаажуулж, нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлын талаар тухайн байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлно.

3.14.Зөвлөл нь энэ журмын 3.1-д заасан байгууллагын тухай Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэнэ.

3.15.Бусад улстай байгуулах агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах заалтыг тусгасан байна.

3.16.Нисэхийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бусад улсын эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа аюулгүй байдлын хяналтын арга хэмжээтэй давхардуулахаас сэргийлж, аюулгүй байдлын тогтвортой тогтолцоог бүрдүүлэхийн тулд бусад улсын ижил үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжийг эрэлхийлнэ. Ингэхдээ аялал эхэлж буй улсад хэрэгжүүлж байгаа аюулгүй байдлын хяналтын арга хэмжээ нь ижил түвшинд байгааг баталгаажуулсны үндсэн дээр гэрээ байгуулна.

3.17.Хөндлөнгийн хууль бус үйлдлийн эсрэг хариу арга хэмжээний зохицуулалтын талаар хэлэлцэн тохиролцогч бусад улстай мэдээлэл солилцож, Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэнэ. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

Дөрөв.Нисэх буудлын аюулгүй байдал

        

4.1.Нисэх буудал нь нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

4.2.Нисэх буудал нь нисэх буудлын хамгаалагдсан болон нийтийн эзэмшлийн бүсийг цагдаагийн байгууллагатай хамтран тогтооно. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4.3.Нисэх буудал нь эрх бүхий байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хөндлөнгийн хууль бус үйлдэл, учирч болзошгүй аюулыг бууруулахаар нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулна.

4.4.Хилийн боомт бүхий Олон улсын нисэх буудлын хориотой бүсийг эрх бүхий байгууллагын хийсэн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Хил хамгаалах байгууллагатай зөвшилцсөнөөр Ерөнхий газар тогтооно.

4.5.Хориотой, хамгаалагдсан болон нийтийн эзэмшлийн бүсийн хил хязгаарыг тогтоож баталгаажуулсан бүдүүвч зургийг нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт хавсаргана.

4.6.Нисэх буудлын аюулгүйн бүсэд байрлах агаарын навигацийн байгууламж нь хамгаалагдсан бүстэй байна.

4.7.Нисэх буудлын хамгаалагдсан бүсийн аюулгүй байдлыг хашаа, хаалт байгуулах, дохиолол, гэрэлтүүлэг болон камерын хяналтын систем суурилуулах, харуул хамгаалалтын ажилтан томилох замаар хангана.

4.8.Нисэх буудал нь хориотой бүсэд хүмүүс, тэдгээрийн авч яваа эд зүйлс болон тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ. 

4.9.Нисэх буудал нь зорчигчоос бусад хүмүүс, тэдгээрийн авч яваа эд зүйлсийг хориотой бүсэд нэвтрүүлэхээс өмнө аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийнэ.

4.10.Нисэх буудал нь зорчигч болон бусад хүмүүсийн авч яваа эд зүйлсэд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байгаа эсэхийг илрүүлэх үзлэгийн тохиромжтой аргыг ашиглах бөгөөд эдгээр аргыг тогтмол ашиглаагүй тохиолдолд тэдгээрийг түүвэрлэн сонгох болон урьдчилан тааварлах боломжгүй байдлын аргын аль тохирохыг ашиглана.

4.11.Хаалга, цонх, цахилгаан шат, хонгил болон бусад гарцыг ашиглаагүй тохиолдолд хаалтаар хамгаалсан байна.

4.12.Нисэх буудал нь эрх бүхий байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хориотой бүсэд нэвтрэх хүмүүс, тээврийн хэрэгсэл, түүн доторх эд зүйлсэд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийнэ.

4.13.Перрон, агаарын хөлгийн зогсоолын талбай болон онцгой анхаарлын цэг нь гэрэлтүүлэгтэй байна.

4.14.Нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх үнэмлэх авах хүсэлт гаргасан этгээд эрх бүхий байгууллагын хийсэн анкет шалгалтад тэнцсэн тохиолдолд үнэмлэх олгох эсхүл зөвшөөрч болох бөгөөд дор дурдсан мэдээллийг агуулсан нэвтрэх үнэмлэхийн загварыг 2 жил тутамд шинэчилнэ(Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

      4.14.1.үнэмлэх эзэмшигчийн зураг, эцэг/эхийн болон өөрийн нэр, эрхэлж байгаа ажил, албан тушаал;

      4.14.2.үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа;

      4.14.3.үнэмлэхийн хүчин төгөлдөр үйлчлэх бүс;

      4.14.4.үнэмлэхийг ашиглахтай холбоотой зааварчилгаа.             

4.15.Зорчигчийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ, тухайн хүний бичиг баримтыг орлохуйц эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны хүчин төгөлдөр баримт бичгийн баталгаа, суугчийн талон, ажилтнуудын нэвтрэх үнэмлэх, биеийн байцаалтыг тогтоосон үзлэгийн цэгт тус тус шалгасны үндсэн дээр нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлнэ.

4.16.Тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэхийг тухайн тээврийн хэрэгсэл нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан олгоно.

4.17.Тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэхэд дор дурдсан мэдээллийг тусгах ба загварыг 2 жил тутамд шинэчилнэ(Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

      4.17.1.тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар;

      4.17.2.тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолоочийн нэр;

      4.17.3.үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа;

      4.17.4.үнэмлэх хүчин төгөлдөр үйлчлэх бүс;

      4.17.5.үнэмлэхийг ашиглахтай холбоотой зааварчилгаа.

4.18.Нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоож болно.

4.19.Нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөлгүй хүн, эд зүйлс нэвтрүүлэх, тээвэрлэхийг хориглоно.

4.20.Нисэх буудлын хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтрэх хүмүүс, тэдгээрийн эд зүйлс, тээврийн хэрэгсэлд хийх аюулгүй байдлын үзлэг, шалгалтын журмыг нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт тусгана.

4.21.Нисэх буудлын хориотой бүсэд байгаа агаарын хөлөгт зөвшөөрөлгүй этгээд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавина.

4.22.Нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэх худалдааны болон хангамжийн бараа, бүтээгдэхүүнд аюулгүй байдлын хяналт тавих бөгөөд үүнд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шат, дамжлага бүрд хийх аюулгүй байдлын үйл ажиллагаа, аюулгүй байдлын үзлэг хамаарна.

4.23.Хилийн боомт бүхий олон улсын нисэх буудлын хориотой, хамгаалагдсан болон хилийн хяналт шалгалтын бүсэд нэвтрэх үнэмлэхийг хил хамгаалах байгууллагатай хамтран олгож болно.

4.24.Хилийн боомт бүхий олон улсын нисэх буудалд эрсдэл бүхий зорчигч, сэжигтэй эд зүйл, ачаа тээш илэрсэн үед хил хамгаалах байгууллагад тухай бүр мэдэгдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хил хамгаалах байгууллагын ажилтан олон улсын нисэх буудлын хяналт шалгалтын бүсэд тухайн этгээдийг саатуулах, харгалзах, хуяглан хүргэх зэрэг ажиллагааг гүйцэтгэнэ.

Тав.Агаарын хөлгийн аюулгүй байдал

 

5.1.Агаарын тээвэрлэгч нь өөрийн агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангана.

5.2.Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх, түүнд хяналт тавих үүрэгтэй.

5.3.Агаарын тээвэрлэгч нь эрх бүхий байгууллагын хийсэн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийнэ. 

5.4.Агаарын тээвэрлэгч нь үзлэг, шалгалт хийсэн агаарын хөлөгт зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлж агаарын хөлгийг хөөрөх хүртэл хамгаална.

5.5.Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөг нислэг үйлдэхээр хориотой бүсэд нэвтрэхээс өмнө болон шаардлагатай тохиолдолд хориотой бүсэд байрлуулсны дараа агаарын хөлгийн аюулгүй байдлын үзлэг, эсхүл шалгалт хийнэ.

5.6.Агаарын тээвэрлэгч нь үйлчилгээнд гарсан агаарын хөлөгт агаарын хөлгийн аюулгүй байдлын үзлэг хийнэ.

5.7.Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөгт үзлэг, шалгалт хийсний дараа зөвшөөрөлгүй этгээд агаарын хөлөгт нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй.   

5.8.Агаарын тээвэрлэгч нь үйлчилгээнд гараагүй агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах талаар дараахь арга хэмжээ авна:

      5.8.1.зорчигч болон ачаа, тээш ачих, буулгах төхөөрөмжийг холдуулах;

      5.8.2.агаарын хөлгийн бүх хаалгыг хаах, түгжих, лацдах.

5.9.Агаарын хөлөгт дор дурдсанаас бусад этгээдийг суух, нэвтрэхийг хориглоно:

      5.9.1.албан үүргээ гүйцэтгэж байгаа нэвтрэх үнэмлэхтэй агаарын тээвэрлэгчийн болон үйлчилгээний ажилтан;

      5.9.2.тухайн агаарын хөлгөөр зорчих тийз, суугчийн талонтой зорчигч.

5.10.Агаарын тээвэрлэгч нь иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тийз, нислэгийн захиалгын хуудас, суугчийн талон, тээшний зүүлт, шуудангийн лац болон ачааны баримт бичгийг өөрийн хяналт, хамгаалалтад байлгана.

5.11.Агаарын тээвэрлэгч нь дамжин өнгөрөх нислэгийн буух зорчигчийн үлдээсэн эд зүйлсийг агаарын хөлөг хөөрөхөөс өмнө буулгах, эсхүл өөрийн хяналтад байлгах болон бусад холбогдох арга хэмжээ авна.

5.12.Агаарын тээвэрлэгч нь зорчигч агаарын хөлгөөс буухдаа эд зүйлээ орхиогүй болохыг шалгаж, баталгаажуулах үүрэгтэй.

 

Зургаа.Зорчигч, тэдгээрийн гар тээшний аюулгүй байдал

6.1.Нисэх буудлын эрх бүхий ажилтан аяллаа эхэлж байгаа болон шилжин суух, дамжин өнгөрөх зорчигч, тэдгээрийн гар тээшинд хориотой бүс болон үзлэгийн дараахь бүсэд нэвтрэхээс өмнө аюулгүй байдлын үзлэг хийнэ.

6.2.Зорчигчид хийх аюулгүй байдлын үзлэгийг дараахь аргаар хийнэ:

6.2.1.гараар шалгах;

6.2.2.металл илрүүлэгч хаалга, гар багажаар шалгах. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

6.3.Зорчигч, тэдгээрийн гар тээшинд хийх аюулгүй байдлын үзлэгийн журмыг нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ.

6.4.Төрийн тусгай хамгаалалтад байгаа албан тушаалтан, иргэнийг аюулгүй байдлын үзлэгээс чөлөөлнө.

6.5.Зорчигчийн гар тээшинд хийх аюулгүй байдлын үзлэгийг дараахь аргаар хийнэ:

      6.5.1.гараар шалгах;

      6.5.2.рентген төхөөрөмжөөр шалгах;

      6.5.3.тэсрэх бодисын ул мөр илрүүлэгчээр шалгах.

6.6.Зорчигчийн гар тээшинд рентген төхөөрөмжөөр үзлэг хийхэд сэжиг бүхий зүйл илэрсэн тохиолдолд тухайн зорчигчийг байлцуулан гараар шалгана. Шалгалтын үед тухайн зорчигчийг эд зүйлсэд хүргэхгүй, ойртуулахгүй байна.

6.7.Рентген төхөөрөмжөөр үзлэг хийсэн нийт зорчигчийн гар тээшний       10-аас доошгүй хувьд сонгох журмаар гар шалгалт хийнэ. 

6.8.Рентген төхөөрөмж ажиллаагүй тохиолдолд гар тээшийг гараар шалгана. Гараар шалгахдаа тухайн гар тээш, түүнд агуулагдаж байгаа эд зүйлсийг нэг бүрчлэн шалгана.

6.9.Их хэмжээний үнэт зүйл авч яваа болон тусгай үйлчилгээ шаардлагатай, тусгай хэрэгцээт зорчигчид аюулгүй байдлын үзлэгийг тусад нь хийнэ.

6.10.Нисэх буудлын хориотой болон үзлэгийн дараахь бүсэд нэвтрэх нисэх баг, хилийн хяналтын байгууллага, төрийн тусгай хамгаалалт болон үйлчилгээний ажилтнуудад аюулгүй байдлын үзлэг хийнэ.

6.11.Дипломат төлөөлөгчид аюулгүй байдлын үзлэг хийнэ. Дипломат төлөөлөгчийн гар тээш, тээшинд үзлэг хийхдээ Дипломат харилцааны тухай    1961 оны Венийн конвенцийн холбогдох заалтын дагуу өөрийг нь, эсхүл түүнийг төлөөлөх бүрэн эрхт төлөөлөгчийг байлцуулна.

6.12.Зохих журмын дагуу лацадсан дипломат шууданд аюулгүй байдлын үзлэг хийхгүй.

6.13.Ажил үүргээ гүйцэтгэж яваа хууль хяналтын байгууллага болон төрийн тусгай хамгаалалтын ажилтан нь агаарын хөлгийн бүхээгт зэвсэг, тусгай хэрэгсэлтэй нэвтрэх тохиолдолд дараахь шаардлагыг хангана:

      6.13.1.зэвсэг, тусгай хэрэгсэл авч явах тухай эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй байх;

      6.13.2.нисэн очих болон маршрутын дагуу бууж, хөөрөх улсын эрх бүхий байгууллагад зэвсэг, тусгай хэрэгсэл авч явах зөвшөөрөлтэй талаар мэдэгдэх; 

      6.13.3.зэвсэг, тусгай хэрэгсэл авч яваа талаар очих улсын нисэх буудалд урьдчилан мэдэгдэх;

      6.13.4.нислэгийн үед согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй байх;

      6.13.5.зэвсэг, тусгай хэрэгсэл авч яваа зорчигчийн тоо болон тэдгээрийн суудлыг нислэг эхлэхээс өмнө агаарын хөлгийн даргад мэдэгдсэн байх;

      6.13.6.зэвсэг, тусгай хэрэгсэл биедээ авч яваа зорчигч агаарын хөлөгт суухаас өмнө нислэгийн маршрутын дагуу хөөрч, буух болон очих улсын холбогдох дүрэм, журмын талаарх зааварчилгааг өгсөн байх.

6.14.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зэвсэг, тусгай хэрэгслийг дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд агаарын хөлгийн зорчигчийн бүхээгээс бусад хэсэгт тээвэрлэнэ:

      6.14.1.зэвсэг, тусгай хэрэгсэл цэнэггүй байх;

      6.14.2.зэвсэг, тусгай хэрэгслийг нислэгийн турш хэн ч хүрэх боломжгүй газар байрлуулсан байх.

6.15.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд нь хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа болон бие даан зорчих чадваргүй сэтгэцийн өвчтэй зорчигч, эсхүл Монгол Улсаас албадан гаргаж байгаа болон тухайн улсад нэвтрүүлэхийг хориглосон этгээдийг тээвэрлэх талаар агаарын тээвэрлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

6.16.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хил хамгаалах байгууллага нь Монгол Улсад нэвтрүүлэхийг хориглосон, эсхүл Монгол Улсаас албадан гаргаж байгаа зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэх талаар дамжин өнгөрөх болон очих улсын эрх бүхий байгууллагад мэдэгдэж, тэдгээрийн учруулж болзошгүй аюул заналхийллийн талаарх мэдээллийг урьдчилан хүргүүлнэ.

6.17.Агаарын тээвэрлэгч нь хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа этгээдийг тээвэрлэхэд тавигдах аюулгүй байдлын арга хэмжээ, журмыг өөрийн аюулгүй байдлын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ.

6.18.Агаарын тээвэрлэгч нь хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа зорчигчийг харгалзагчийн хамт, бие даан зорчих чадваргүй сэтгэцийн өвчтэй зорчигчийг асран хамгаалагчийн хамт тус тус тээвэрлэнэ.
 
6.19.Аюулгүй байдлын үзлэгээр зэвсэг, дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгсэл илэрсэн тохиолдолд хураан авч тагнуулын болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

6.20.Эрх бүхий байгууллагаас тээвэрлэхийг зөвшөөрсөн зэвсэг, дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгсэл, аюултай эд зүйлийг зорчигчдоос тусгаарлан агаарын хөлгийн ачааны хэсэгт тээвэрлэнэ.

6.21.Аюулгүй байдлын үзлэгээс татгалзсан болон зайлсхийсэн зорчигчийг үзлэгийн дараахь бүсэд нэвтрүүлэхгүй бөгөөд агаарын хөлгөөр тээвэрлэх гэрээг цуцална.

6.22.Зохих журмын дагуу аюулгүй байдлын үзлэг хийсэн зорчигч, тэдгээрийн гар тээшийг агаарын хөлөгт нэвтрүүлэх хүртэл хяналт тавина. Аюулгүй байдлын үзлэгээр ороогүй зорчигч үзлэгийн дараахь бүс болон агаарын хөлөгт нэвтэрсэн тохиолдолд дараахь арга хэмжээ авна:

      6.22.1.үзлэгийн дараахь бүсийг бүрэн чөлөөлж, дахин шалгах;

      6.22.2.зорчигч, тэдгээрийн гар тээшийг үзлэгт дахин оруулах;

      6.22.3.үзлэгт хамрагдаагүй зорчигч агаарын хөлөгт байгааг илрүүлсэн тохиолдолд агаарын хөлгийн аюулгүй байдлын шалгалтыг дахин хийх.

6.23.Агаарын тээвэрлэгч нь зорчигчийг агаарын хөлөгт суухаас өмнө түүний бичиг баримт, суугчийн талоныг зорчигчийн нэрсийн жагсаалттай тулган шалгаж, тээшээ тээвэрлүүлэхээр бүртгүүлсэн зорчигч мөн эсэхийг давхар хянана.

6.24.Агаарын тээвэрлэгч нь хэв журам зөрчсөн зорчигчид авах аюулгүй байдлын арга хэмжээ, нийтийн хэв журам зөрчсөн , эсхүл хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа зорчигчийг тээвэрлэх журмыг өөрийн аюулгүй байдлын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

Долоо.Тээш

 

7.1.Аяллаа эхэлж байгаа, шилжин суух, дамжин өнгөрөх зорчигчийн тээшинд хориотой бүс болон үзлэгийн дараахь бүсэд нэвтрэхээс өмнө аюулгүй байдлын үзлэг хийнэ.

7.2.Агаарын тээвэрлэгч нь тээшний бүртгэл болон бүртгэгдсэн тээшинд тавигдах аюулгүй байдлын арга хэмжээ, журмыг өөрийн аюулгүй байдлын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ.

7.3.Агаарын тээвэрлэгч нь тээшний бүртгэлийг зөвхөн тухайн зорчигчийн тийз, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг бичиг баримтад үндэслэн гүйцэтгэнэ.

7.4.Агаарын тээвэрлэгч нь бүлэг зорчигчийн тийзийг бүртгэхдээ зорчигч тус бүрээс тээшийг хүлээн авах журмыг баримтална.

7.5.Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөгт суугаагүй зорчигчийн тээшийг үл дагалдах тээш гэж тодорхойлоогүй бол агаарын хөлгөөр тээвэрлэхгүй бөгөөд аюулгүй байдлын үзлэгт хамруулна. 

7.6.Агаарын хөлөгт ачихаас өмнө тээшинд рентген төхөөрөмж, тэсрэх бодисын ул мөр илрүүлэх төхөөрөмж болон био мэдрэмжийн арга хэрэгслийг ашиглан аюулгүй байдлын үзлэг, шалгалтыг хийнэ.

7.7.Сэжиг бүхий тээшийг гараар шалгана.

7.8.Аюулгүй байдлын үзлэгийн тоног төхөөрөмж ажиллаагүй буюу эвдэрсэн үед бүх тээшийг гараар шалгана.

7.9.Дараахь тээшийг аюулгүй байдлын үзлэг, шалгалтаас чөлөөлнө:

      7.9.1.энэ журмын 6.4-т заасны дагуу аюулгүй байдлын үзлэгээс чөлөөлөгдсөн зорчигчийн тээш;

      7.9.2.өмнө нь гар тээш гэж шалгагдсан боловч агаарын хөлгийн ачааны хэсэгт тээвэрлэхээр болсон тээш.

7.10.Тээшийг агаарын хөлөгт ачихаас өмнө тээш ялгах талбай, эсхүл нисэх буудлын тээш хадгалах газарт байрлуулах бөгөөд тээш ялгах талбайд зөвхөн зөвшөөрөл бүхий этгээдийг нэвтрүүлнэ. Зөвшөөрөлгүй этгээд нэвтэрсэн тохиолдолд тээшийг агаарын хөлөгт ачихаас өмнө аюулгүй байдлын үзлэгт дахин хамруулна.

7.11.Агаарын тээвэрлэгч нь тээшийг тухайн аяллын төгсгөлд зорчигчид хүлээлгэн өгөх, эсхүл өөр агаарын тээвэрлэгчид шилжүүлэн ачихаар хүлээлгэн өгөх хүртэл хамгаалалтад авна.

7.12.Агаарын тээвэрлэгч нь тээшийг тээвэрлэлтэд хүлээн авсан цэгээс агаарын хөлөгт ачих хүртэл аюулгүй байдлын байнгын хяналт тавина. 

7.13.Нисэх багийн тээшинд "нисэх баг" гэсэн зүүлт зүүж, бусад тээшний адил аюулгүй байдлын үзлэг, шалгалтад хамруулна. 

7.14.Агаарын тээвэрлэгч нь зөвхөн тээшний эд зүйлсийг дагалдах болон үл дагалдах гэж тодорхойлон, зохих стандартын дагуу аюулгүй байдлын үзлэгээр оруулж, тухайн нислэгээр тээвэрлэхээр хүлээж авах бөгөөд энэ шалгуурыг хангасан бүх тээшийг бүртгэж, тухайн нислэгээр тээвэрлэж болохыг баталгаажуулна.

7.15.“Ерөнхий газар нь бүртгэгдсэн тээшинд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байгаа эсэхийг шалгахад ашиглах аюулгүйн үзлэгийн аргачлалыг баталгаажуулна. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

7.16.Нисэх буудал нь эрх бүхий байгууллагаас хийсэн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн танигдаагүй тээш, сэжигтэй эд зүйлстэй харьцах журмыг тогтооно. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

Найм.Ачаа болон шуудангийн аюулгүй байдал

 

8.1.Агаарын хөлөгт ачаа болон шууданг ачихаас өмнө аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийнэ.

8.2.Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцийн дагуу дипломат шууданг аюулгүй байдлын үзлэгээс чөлөөлнө. Лац ломбо нь гэмтсэн шууданд рентген төхөөрөмжөөр үзлэг хийнэ.

8.3.Ачаа болон шуудан дахь эд зүйлийн шинж чанарыг харгалзан аюулгүй байдлын үзлэг, шалгалтын дараахь арга, аргачлалаас тохиромжтойг нь ашиглана:

      8.3.1.гадна байдлыг харах;

      8.3.2.гараар шалгах;

      8.3.3.рентген төхөөрөмжөөр шалгах;

      8.3.4.тэсрэх бодисын ул мөр илрүүлэгчээр шалгах;

      8.3.5.био мэдрэмжийн арга хэрэгсэл болон үзлэгийн бусад арга, технологи.

8.4.Агаарын тээвэрлэгч нь тээвэрлэлтэд хүлээн авсан ачаа, шуудангийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

8.5.Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлгөөр тээвэрлэхээр аюулгүй байдлын үзлэг хийсэн ачаа, шууданг агаарын хөлөгт ачих хүртэл байнгын хяналт тавина.

8.6.Өндөр эрсдэлтэй ачаа, шуудангийн эрсдэлийг бууруулах зорилгоор аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

8.7.Монгол Улсаас хөөрөх агаарын хөлөгт ачаа, шуудан шилжүүлэн ачих бол ачихаас өмнө аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийсэн байна.

8.8.Монгол Улсын хилээр нэвтрүүлж, шилжүүлэн ачих ачаа, шууданд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийснийг баталгаажуулсан байна.

8.9.Зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага болон тогтмол илгээгч нь ачаанд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх үйл ажиллагаанд оролцох бол иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.

8.10.Агаарын хөлгөөр тээвэрлэх ачаа, шууданд зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага, тогтмол илгээгч болон Ерөнхий газраас зөвшөөрөгдсөн хуулийн этгээд аюулгүй байдлын үзлэг, эсхүл аюулгүй байдлын бусад хяналт хийснийг баталгаажуулж, зохих бүрдүүлэлт хийгээгүй бол агаарын тээвэрлэгч нь тээвэрлэлтэд хүлээн авахыг зөвшөөрөхгүй.

8.11.Зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага, тогтмол илгээгч, эсхүл Ерөнхий газраас зөвшөөрсөн хуулийн этгээд аюулгүй байдлын үзлэг, бусад хяналтыг баталгаажуулах болон зохих бүрдүүлэлт хийх боломжгүй ачаа, шууданд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийлгэнэ.

8.12.Баталгаажуулсан ачаа, шууданд "Аюулгүй байдлыг хангасан" гэдгийг нотолсон бичмэл хуудсыг цахимаар болон цаасан хэлбэрээр дагалдуулна.

8.13.Төрийн нууцын зэрэглэлтэй ачаа, шуудангийн илгээмжид зөвхөн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аюулгүй байдлын үзлэг хийнэ.

8.14.Мал, амьтан, тэжээвэр амьтны гадна байдлыг ажиглаж харааны аргаар шалгах ба хайрцаг, тор тэдгээрийн дагалдах материалуудад аюулгүй байдлын үзлэгийн хамгийн тохиромжтой, үр дүнтэй аргыг ашиглана.

8.15.Аюулгүй байдлын үзлэг хийснээр тухайн ачаанд агуулагдаж байгаа эд зүйлсийн онцлог шинж чанарт өөрчлөлт орж болзошгүй гэж илгээгч нь тодорхойлсон, тусгай анхаарал шаардсан эд зүйлсэд рентген төхөөрөмжөөс бусад аргыг ашиглан аюулгүй байдлын үзлэг хийнэ.

8.16.Аюулгүй байдлын үзлэг хийгдсэн ачаа, шууданг үзлэгт ороогүй ачаа шуудантай холихгүй ба холилдсон тохиолдолд аюулгүй байдлын үзлэгийг дахин хийнэ.

Ес.Нислэгийн үед хэрэглэх хангамжийн эд зүйлс, агаарын
тээвэрлэгчийн шуудан болон эд зүйлсийн
аюулгүй байдал

9.1.Агаарын тээвэрлэгч нь нислэгийн үед хэрэглэх хангамжийн эд зүйлс, агаарын тээвэрлэгчийн шуудан болон бусад  эд зүйлсийг агаарын хөлөг болон нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэхдээ аюулгүй байдлын зохих үзлэг, шалгалт хийснийг баталгаажуулсан байна.

9.2.Нислэгийн үед хэрэглэх хангамжийн эд зүйлсийг бэлтгэх байгууллага нь аюулгүй байдлын хөтөлбөртөө хоол, хүнс, эд зүйлсэд зэвсэг, тэсрэх  бодис, болон бусад аюултай хэрэгсэл, эд зүйлс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар дараахь зохицуулалтыг тусган хэрэгжүүлнэ:

      9.2.1.тухайн байгууллагын аюулгүй байдлын ажилтныг томилох;

      9.2.2.нисэх буудлын аюулгүй байдлын зааврыг дагаж мөрдөх;

      9.2.3.байгууллагын барилга байгууламж болон агуулахад зөвшөөрөлгүй этгээд нэвтрүүлэхгүй байх;

      9.2.4.нислэгийн хоол, хүнс, агаарын тээвэрлэгчийн шуудан болон эд зүйлсэд агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон зүйлс агуулагдсан эсэхэд шалгалт хийх;

      9.2.5.аюулгүй байдлын хориотой бүсийн гадна бэлтгэгдэж, үзлэг хийгдсэн нислэгийн хоол, хүнс, агаарын тээвэрлэгчийн шуудан болон эд зүйлс нь тээвэрлэлтийн үед түгжээтэй, лацтай байх;

      9.2.6.агаарын тээвэрлэгчийн шуудан болон эд зүйлсийг байнгын хяналтад байлгах;

      9.2.7.нислэгийн хоол, хүнс бэлтгэх ажилтнуудыг аюулгүй байдлын сургалтад хамруулах.

9.3.Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн хоол, хүнс, нөөц, хангамжийн зүйлс, нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэх худалдааны болон хангамжийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шат дамжлагад хяналт тавихад аюулгүй байдлын үйл ажиллагаа, аюулгүй байдлын үзлэгийн аргын аль тохирохыг хэрэглэх бөгөөд хяналт шалгалт хийгдсэн агаарын хөлгийн хангамжийн эд зүйлс, хоол, хүнс, нөөц, бараа, бүтээгдэхүүнийг тухайн агаарын хөлөгт ачих хүртэл хамгаална.

  
Арав.Аюулгүй байдлын тоног төхөөрөмж, хэрэгсэл

 

10.1.Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахуйц дэвшилтэт технологи бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахыг зорино. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

10.2.Нисэхийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авах, шинэчлэхдээ Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийг удирдлага болгоно.

10.3.Аюулгүй байдлын тоног төхөөрөмж, хэрэгслийн төрөл, загвар, техникийн үзүүлэлтэд Ерөнхий газар зөвшөөрөл олгосон байна.

10.4.Нисэх буудал нь аюулгүй байдлын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тохируулгыг үйлдвэрлэгчээс ирүүлсэн тест, материалд үндэслэн жилд нэгээс доошгүй удаа хийж, баталгаажуулна.

10.5.Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн түвшингээс хамаарч тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдрэх чадварыг нэмэх буюу бууруулна.

10.6.Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай шинэ техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн судалгаа хийх зорилгоор бусад улстай хамтран ажиллана.

10.7.Ерөнхий газар нь тогтоосон шалгуурт суурилсан үзлэг болон аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг ялгавартай байдлаар хийх шинэ горим, журмыг баталж, хэрэгжүүлнэ.

10.8.Ерөнхий газар нь нисэх буудлуудыг иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах туслах нөөц, тоног төхөөрөмжтэй болохыг баталгаажуулна. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)


Арван нэг.Иргэний нисэхийн эсрэг заналхийлэл

 

11.1.Нисэх буудал болон агаарын хөлөгт аюул учруулж болзошгүй сэжигтэй үйлдлийг таних, тогтоох аргачлалыг Зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран боловсруулсан байна.

11.2.Иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдэл, учирч болзошгүй аюул, заналхийллийн түвшинг тагнуулын байгууллага тогтоох бөгөөд нислэгийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллага мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

11.3.Иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах арга хэмжээ нь дор дурдсан тохиолдлоос урьдчилан сэргийлэхэд чиглэнэ:

      11.3.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байрлуулан агаарын хөлгийг устгах буюу гэмтэл учруулах;

      11.3.2.агаарын хөлгийг булаан эзлэх, зорчигч, нисэх багийг барьцаалах;

      11.3.3.нислэг үйлдэж буй агаарын хөлөг, зорчигч, нисэх багт аюул учруулах;

      11.3.4.хориотой болон хамгаалагдсан бүсэд хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болох зүйлс, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, зэвсэг нэвтрүүлэх;

      11.3.5.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байрлуулан агаарын навигацийн байгууламжийг устгах, гэмтээх болон иргэний нисэхийн үйл ажиллагаанд саад учруулах;

      11.3.6.нисэх буудалд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байрлуулан олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулах.

11.4.Тагнуулын байгууллага нь өөрийн олсон болон эрх бүхий бусад байгууллагаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, үнэлэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдээлнэ. Тагнуулын байгууллагаас ирүүлсэн мэдээллийг нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллага хүлээн авмагц нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон иргэний нисэхийн бусад байгууллагад хүргүүлэн, холбогдох арга хэмжээ авна.

11.5.Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн түвшинг Нэгдүгээр түвшин (бага эсхүл "Ногоон"), Хоёрдугаар түвшин (дунд эсхүл "Шар"), Гуравдугаар түвшин (өндөр эсхүл "Улаан") гэж ангилах бөгөөд түвшинг дараахь байдлаар тодорхойлно:

      11.5.1.Нэгдүгээр түвшин-иргэний нисэхийн үйл ажиллагаа халдлагад өртөх талаар бодит мэдээ, мэдээлэл байхгүй боловч хөндлөнгийн хууль бус үйлдэл хийх боломж байгаа;

      11.5.2.Хоёрдугаар түвшин-иргэний нисэхийн үйл ажиллагаа халдлагад өртөх магадлалтай гэж тодорхойлсон мэдээ, мэдээлэл байгаа;

      11.5.3.Гуравдугаар түвшин-иргэний нисэхийн үйл ажиллагаа халдлагад өртөх талаар тусгайлан тодорхойлсон бодит мэдээ, мэдээлэл байгаа.

11.6.Нисэхийн аюулгүй байдлын практик болон журамд иргэний нисэхэд заналхийлэл учруулж болзошгүй этгээдийн зан байдлыг таньж тогтоох арга барилыг нэвтрүүлнэ.

11.7.Тагнуулын байгууллага иргэний нисэхийн эсрэг заналхийллийн үед авах арга хэмжээний нэгдсэн журмыг Ерөнхий газартай хамтран боловсруулж, хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

11.8.Агаарын тээвэрлэгч, нисэх буудал, хууль хяналт, онцгой байдлын болон холбогдох бусад байгууллага иргэний нисэхийн эсрэг заналхийллийн үед авах арга хэмжээний нэгдсэн журамд үндэслэн болзошгүй заналхийллийн үед ажиллах журмыг боловсруулж, хэрэгжүүлнэ.

11.9.Нисэх буудал, агаарын тээвэрлэгч, ачаа тээвэр зуучийн болон цагдаагийн байгууллага, холбогдох бусад байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор тэдгээр байгууллагын үүрэг, хариуцлагыг Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн үед авах арга хэмжээний нэгдсэн журамд тодорхой тусгана.

11.10.Энэ журмын 11.7-д заасан журмыг Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлөөр баталгаажуулна.

11.11.Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн Хоёрдугаар түвшингийн үед дараахь нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      11.11.1.дамжин өнгөрөх нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн бүх зорчигчийг буулгаж, агаарын хөлгийг аюулгүй байдлын үзлэгт хамруулах;

      11.11.2.агаарын хөлөгт нэвтрэх үндсэн хаалга тус бүрд аюулгүй байдлын ажилтан, явган, эсхүл хөдөлгөөнт эргүүл гаргах; 

      11.11.3.агаарын хөлөгт нэвтрүүлэхээс өмнө явах зорчигчдын 10-аас дээш хувьд аюулгүй байдлын үзлэг, шалгалт дахин хийх;

    11.11.4.аюулгүй байдлын ажилтан нислэгийн үед хэрэглэх хангамжийн эд зүйлсийг савлахад байлцаж, тээвэрлэлтийн үед түгжээтэй, лацтай байлгах ба лацыг урьдчилан баталгаажуулж, агаарын хөлөгт ачих хүртэл байнгын хяналт тавих;

      11.11.5.хориотой бүсэд нэвтрэх тээврийн хэрэгсэл, ажилтан, тэдгээрийн эд зүйлсийн 20-оос доошгүй хувийг гараар шалгах;

      11.11.6.хамгаалагдсан болон нийтийн эзэмшлийн бүсийн хоорондын заагт байнгын харуул хамгаалалт байлгах;

      11.11.7.зорчигч, үдэн гаргагч, угтагчдын бөөгнөрлийг бий болгохгүй байх, нисэх буудлын харуул, хамгаалалтыг нэмэгдүүлэх, нисэх буудал орчмын бүсийг хяналтад авах;

      11.11.8.Ерөнхий газраас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ авах.

11.12.Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн Гуравдугаар түвшингийн үед энэ журмын 11.9-д заасан болон дараахь нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      11.12.1.агаарын хөлөгт нэвтрэх үндсэн хаалга тус бүрд аюулгүй байдлын ажилтнаас гадна 2 хүний бүрэлдэхүүнтэй явган, эсхүл хөдөлгөөнт эргүүлийг байлгаж агаарын хөлөгт нэвтрэх ажилтан, түүний эд зүйлсийг гараар шалгах;

      11.12.2.агаарын хөлөгт нэвтрүүлэхээс өмнө явах бүх зорчигчид аюулгүй байдлын үзлэг, шалгалтыг дахин хийх;

      11.12.3.аюулгүй байдлын үзлэгт хамрагдсан явах зорчигчдыг ирж байгаа зорчигчдоос тусгаарлах;

      11.12.4.аюулгүй байдлын үзлэг хийсэн тээш, ачаа, шууданг агаарын хөлөгт шууд ачих арга хэмжээ авах;

      11.12.5.аюулгүй байдлын үзлэг хийсэн тээш, ачаа, шууданг аюулгүй байдлын ажилтны байнгын хяналтад байлгаж, түгжээ, лацтай чингэлэгт тээвэрлэх;

      11.12.6.аюулгүй байдлын ажилтан нислэгийн үед хэрэглэх хангамжийн эд зүйлсийг бэлтгэхэд байлцаж, аюулгүй байдлын үзлэг хийх, агаарын хөлөг хүртэл дагалдах;

      11.12.7.хориотой бүсэд нэвтрэх бүх тээврийн хэрэгсэл, ажилтан, тэдгээрийн эд зүйлсэд үзлэг, шалгалт хийх;

      11.12.8.хамгаалагдсан болон нийтийн эзэмшлийн бүсийн хоорондын зааг, нисэх буудлын нийт талбайг байнгын харуул хамгаалалттай болгох;

      11.12.9.нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд нэвтрэх хяналтыг тогтоох;

      11.12.10.Ерөнхий газраас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ авах.

11.13.Нисэх буудал нь нисэх буудлын гадна байрлалаас, ялангуяа агаарын хөлөг хөөрөх, буух үед халдлага хийж болзошгүй газрыг цагдаагийн байгууллагатай хамтран тогтоож, тогтмол бус шалгалтыг хийнэ. 


Арван хоёр.Хөндлөнгийн хууль бус үйлдлийн
эсрэг авах арга хэмжээ

 

12.1.Тагнуулын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан, эсхүл иргэний нисэхийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлийн талаар авсан мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, энэ талаар холбогдох этгээдэд боломжит хэлбэрээр тухай бүр дамжуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх асуудлыг хариуцна.

12.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдлийг газар дээр нь зохицуулах асуудлыг Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл хариуцна. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

12.3.Хууль хяналт, онцгой байдлын  болон холбогдох бусад байгууллага нь хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд агаарын тээвэрлэгч, нисэх буудалтай хамтран нисэх буудлын онцгой нөхцөлийн төлөвлөгөөний дагуу ажиллана.

12.4.Нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд тухайн агаарын тээвэрлэгч нь холбогдох мэдээллийг цуглуулж, энэ талаар нислэгийн маршрутын дагуух нислэгийн мэдээллийн бүсийг хариуцаж байгаа нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага болон агаарын зайн аюулгүй байдлын хяналтыг гүйцэтгэх үүрэг бүхий цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
 
12.5.Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөгт агаарын навигацийн болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ.

12.6.Нислэг үйлдэж байгаа аливаа агаарын хөлөгт хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд тухайн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг гүйцэтгэж байгаа байгууллага болон агаарын зайн аюулгүй байдлын хяналтыг гүйцэтгэх үүрэг бүхий цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад нэн даруй мэдэгдэж, уг агаарын хөлгийн байршлын талаарх бодит мэдээллийг авах, радиолокаторын байнгын хяналтад байлгах арга хэмжээ авна.

12.7.Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газардахыг зөвшөөрч болох бөгөөд энэ тохиолдолд хууль хяналт, онцгой байдлын болон холбогдох бусад байгууллага газардсан агаарын хөлгийг нисгэхгүй байх бүхий л арга хэмжээ авна.

12.8.Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газардсан тохиолдолд агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус ажиллагаанд өртсөн, түүний улмаас нас барсан, гэмтэж бэртсэн, эсхүл барьцаалагдсан хүмүүсийн талаарх мэдээллийг тухайн агаарын хөлгийг бүртгэсэн болон ашиглагч улсад тус тус мэдэгдэнэ.

12.9.Ерөнхий газар хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан болон  хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаарх дараахь мэдээллийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэнэ:

      12.9.1.урьдчилсан тайланг тухайн үйл явдал болсноос хойш 30 хоногийн дотор;

      12.9.2.эцсийн тайланг тухайн үйл явдал болсноос хойш 60 хоногийн дотор.

12.10.Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн тухай тагнуулын байгууллагын мэдээ, мэдээллийн дагуу агаарын хөлөгт нуусан зэвсэг, дэлбэрэх бодис болон аюултай хэрэгсэл, эд зүйлсийг илрүүлэх зорилгоор үзлэг, шалгалт хийх үүрэгтэй.
12.11.Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэрт газардсан тохиолдолд хууль хяналт, онцгой байдлын болон холбогдох бусад байгууллага тухайн агаарын хөлөг аяллаа цаашид үргэлжлүүлэх хүртэлх хугацаанд зорчигч, нисэх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

12.12.Хил хамгаалах байгууллага нь хилийн боомт бүхий олон улсын нисэх буудалд хөндлөнгийн хууль бус үйлдэл, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, хүн, тээврийн хэрэгсэл барьцаалсан, террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагааны үед зэвсэг, галт хэрэглэл, биеийн хүч хэрэглэнэ. Хилийн боомт бүхий олон улсын нисэх буудалд зэвсэг, галт хэрэглэл, тусгай хэрэгслийг тусгайлан төхөөрөмжилсөн газарт байрлуулна.


Арван гурав.Хяналт

13.1.Ерөнхий газар нь иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх ажилтныг энэ журмын зохих шаардлагын дагуу сонгон шалгаруулж, сургалтад хамруулах ба холбогдох бүртгэлийг хөтөлж, шинэчилж байна.

13.2.Иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, нисэх буудлын хориотой бүсэд дагалдах хүнгүй нэвтрэх, нисэхийн аюулгүй байдлын чухал мэдээлэлд нэвтрэх ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхлэх, эсхүл хориотой бүсэд болон чухал мэдээлэлд нэвтрэхийн өмнө анкет шалгалт хийнэ.

13.3.Анкет шалгалтыг эрх бүхий байгууллагаас тогтоосон давтамжаар дахин хийнэ.          

13.4.Анкет шалгалтад тэнцээгүй ажилтанд аюулгүй байдлын хяналт тавьж, хориотой бүсэд дагалдах хүнгүй нэвтрэх, нисэхийн аюулгүй байдлын чухал мэдээлэлд нэвтрэх эрх олгохоос даруй татгалзана.

13.5.Иргэний нисэхийн аюулгүй байдлын үзлэг хийх ажилтан нь батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж, тусгай журмын дагуу мэргэжлийн үнэмлэх авсан байна.

13.6.Нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага болон иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдлын сургалтын бодлогын баримт бичигт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, Ерөнхий газраар баталгаажуулан, хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

13.7.Ерөнхий газар тогтоосон хугацаанд энэ журмын хэрэгжилтэд аудит, үзлэг, шалгалт, сорилт хийх ба аливаа үл тохирлыг богино хугацаанд залруулах арга хэмжээ авна. Энэ үүргийг гүйцэтгэх зохих сургалтад хамрагдсан боловсон хүчинтэй байна. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

13.8.Ерөнхий газар нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллага, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, зохицуулалттай ачаа зуучлалын байгууллагын болон нислэгийн хоол, хүнс бэлтгэх байгууллагын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тодорхой давтамжтай үзлэг шалгалт хийж, дутагдлыг цаг алдалгүй арилгуулах арга хэмжээ авна.

13.9.Иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдлийн эсрэг хариу арга хэмжээний хэсэгчилсэн дасгал, сургуулилалтыг жилд нэгээс доошгүй удаа, бүрэн хэмжээний дасгал, сургуулилалтыг хоёр жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

13.10.Ерөнхий газар тогтоосон хугацаанд аюулгүй байдлын арга хэмжээний хэрэгжилт энэ журамд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах ба холбогдох эрх бүхий байгууллагаас хийх эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хийх хяналтын арга хэмжээ, давтамжийг тодорхойлно.

13.11.Ерөнхий газар хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд аюулгүй байдлын хяналт, журмыг дахин үнэлж, уг үйлдэл давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгахад шаардлагатай арга хэмжээ авч Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэнэ.

13.12.Ерөнхий газар нисэхийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, зааварлагч нь холбогдох чиглэлээр мэргэшсэн болохыг баталгаажуулах, үнэмлэхжүүлэх тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлнэ.

13.13.Ерөнхий газар нь энэ журмын дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн ажилтнуудад зориулсан аюулгүй байдлын сургалтын бүх хөтөлбөрт анхан болон давтан сургалтаар ур чадвар эзэмшүүлэх, хадгалах, үнэлэх талаар тусгаж, баталгаажуулна. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)

13.14.Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага болон иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд хийх аюулгүй байдлын сорилтод ашиглах эд зүйл, хэрэгслийг баталгаажуулж, сорилтыг улирал тутам хийнэ. (Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолоор нэмсэн)
 

Арван дөрөв.Аюулгүй байдлын санхүүжилт

14.1.Энэ журамд заасны дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллага хариуцсан үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр байгууллагын төсөвтөө тусган санхүүжүүлнэ.

 

---о0о---