A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ИЛҮҮ ТӨЛСӨН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ИЛҮҮ ТӨЛСӨН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ ЖУРАМ

Сангийн cайдын 2021 оны 2 дугаар сарын 16-ны

өдрийн 20 дугаар тушаалын хавсралт

 

ИЛҮҮ ТӨЛСӨН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ,

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох, буцаан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүртгэл хөтлөх, нягтлан бодох бүртгэлд тусгах, буцаан олголтын хяналтыг хэрэгжүүлэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлан шийдвэрлэнэ. 

1.3. Татварын алба илүү төлсөн албан татварыг албан татвар төлөгчид төв төрийн сангийн дансаар дамжуулан буцаан олгоно.

Хоёр. Буцаан олгох илүү төлсөн албан татварыг тодорхойлох, бүртгэх

2.1. Албан татвар төлөгч нь буцаан олголт авах хүсэлтээ жилийн эцсийн албан татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд цахим, эсхүл цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

2.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татвар төлөгч, суутган төлөгчийн хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягтална.

2.3. Харьяалах татварын алба албан татвар төлөгчийн татварын тайлан, буцаан олголт авах хүсэлтийг үндэслэн буцаан олгох дүнгээр "Илүү төлөлтийг буцаан олгох жагсаалт"-ыг үүсгэж, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

2.4. Албан татвар төлөгчид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхэд үүсэх илүү төлсөн албан татварын дүнг энэ журмын 2.3-т заасан жагсаалтад оруулж, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

2.5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хугацаанд жилийн эцсийн татварын тайланг гаргаж, тооцоо хийгээгүй албан татвар төлөгчийг энэ журмын 2.3-т заасан жагсаалтад оруулахгүй.  

2.6. Албан татвар төлөгчид буцаан олгох  албан татварын хэмжээ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу тайлант хугацаанд төлсөн албан татварын дүнгээс хэтрэхгүй байна. Тайлант хугацаанд төлсөн албан татварын дүнг татвар төлөгчийн тухайн тайлант үед хамаарах албан татварын ногдлын барагдуулалтын нийт дүнгээр тодорхойлно.

2.7. Харьяа татварын алба албан татвар төлөгчийн хүсэлт, хүлээн авсан тайланд үндэслэн энэ журмын 2.3-т заасан жагсаалтыг бэлтгэж, тухайн татварын албаны даргын тушаалаар баталгаажуулан, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын буцаан олголтын асуудал хариуцсан нэгжид жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 15 өдөрт багтаан хүргүүлнэ.

Гурав. Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих

3.1. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын буцаан олголтын асуудал хариуцсан нэгж нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28.4.2-т заасны дагуу буцаан олголт авах татвар төлөгч, буцаан олгох татварын  дүнг албан татварын жилийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, санхүүжилтийн хүсэлтийн хамт төв төрийн санд хүргүүлнэ.

3.2. Төв төрийн сан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлэхэд үүсэх илүү төлсөн албан татварыг мөн хуулийн 22.2-т заасны дагуу жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно.

3.3. Төв төрийн сан энэ журмын 3.2-т зааснаас бусад тохиолдолд албан татварын буцаан олголтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28.4.3-т заасны дагуу дараагийн татварын жилийн 2 дугаар улиралд багтаан хийнэ.

3.4. Албан татвар төлөгч нь буцаан олголт авсан татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу залруулга хийсэн тохиолдолд Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын буцаан олголтын асуудал хариуцсан нэгжид энэ тухай мэдэгдэж, холбогдох тооцоог хийнэ.

3.5. Албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварын буцаан олголтын бүртгэлд хяналт тавих үйл ажиллагааг харьяалах татварын албаны холбогдох нэгж, албан тушаалтан хэрэгжүүлнэ.

3.6. Албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварын буцаан олголтын үйл ажиллагааны нэгдсэн хяналтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

3.7. Албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварын буцаан олголтын үйл ажиллагааны явц, шийдвэрлэлтийн тухай мэдээллийг тухай бүр албан татвар төлөгчид цахимаар, шуудангаар, эсхүл биечлэн хүргүүлнэ.

Дөрөв. Нягтлан бодох бүртгэлд тусгах

4.1. Албан татварын илүү төлөлтийг буцаан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд албан татвар төлөгч, татварын алба холбогдох нягтлан бодох бүртгэлийн бичилтийг хийж ажиллана.

4.2. Татварын алба нь татвар төлөгчид буцаан олгох илүү төлөлтийн дүнгээр татвар төлөгчийн тооцооллын дансанд буцаан олголтын өглөг  /кт/ бүртгэх бөгөөд илүү төлөлтийг буцаан олгосон дүнгээр уг дансыг хаах /дт/ бичилт хийнэ.

4.3. Энэ журмын 3.4-т заасны дагуу албан татварын тайлан залруулснаар буцаан олголтын дүн буурсан бол татварын алба зөрүү дүнгээр татвар төлөгчийн тооцооллын дансанд буцаан олголтын авлага /дт/ бүртгэх бөгөөд татвар төлөгч зөрүүг төсөвт буцаан төлсөн дүнгээр авлагын дансны дүнг бууруулах /кт/ бичилт хийнэ.

4.4. Татвар төлөгч нь энэ журмын дагуу татварын албаны баталгаажуулсан илүү төлөлтийн дүнгээр татварын авлага данс /дт/-д бүртгэх бөгөөд илүү төлөлтийн буцаан олголтыг харилцах дансанд хүлээн авсан дүнгээр татварын авлагын дансны дүнг бууруулах /кт/ бичилт хийнэ.

4.5. Энэ журмын 3.4-т заасны дагуу татварын тайланг залруулснаар буцаан олголтын дүнг бууруулсан тохиолдолд албан татвар төлөгч зөрүү дүнгээр татварын өглөг /кт/ бүртгэх бөгөөд холбогдох төсөвт уг зөрүүг төлсөн дүнгээр өглөгийн дансны дүнг бууруулах /дт/ бичилт хийнэ.

 

-----оОо----