A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ЗОРИУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979
ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ЗОРИУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ

Сангийн сайдын 2021 оны  4 дүгээр сарын 20 -ны

 өдрийн  61 дугаар тушаалын хавсралт

 

ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ЗОРИУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

         1.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхтэй зөрчилдөхгүй, урьдчилан төлөвлөж төсөвт тусгах боломжгүй байсны улмаас тухайн төсвийн жилийн дундуур зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, зардлыг Засаг даргын нөөц хөрөнгө (цаашид "нөөц хөрөнгө" гэх)-өөс санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнахад энэ журмыг мөрдөнө.

         1.2.Энэ журмын 1.1-д заасан "урьдчилан төлөвлөж төсөвт тусгах боломжгүй байсан" гэдгийг жил бүр давтагддаггүй онцгой арга хэмжээ, тохиолдлыг төсвийн зардлын зүйл, арга хэмжээний ангиллын дагуу санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал  гэж  ойлгоно.

Хоёр. Нөөц хөрөнгийн зориулалт

2.1. Нөөц хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулна:

2.1.1. хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;

2.1.2.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;

2.1.3.тухайн төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардал;

2.1.4. байгууллага, иргэдээс тавьсан хүсэлтийг шийдвэрлэх;

2.1.5. энэ журмын 2.1.1, 2.1.2-т зааснаас бусад Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилан төлөвлөж төсөвт тусгах боломжгүй байсан нэг удаагийн шинжтэй арга хэмжээ;

2.1.6. шагнал урамшуулал, нэг удаагийн буцалтгүй тусламж, дэмжлэг.

Гурав. Нөөц хөрөнгийг зарцуулах шийдвэр гаргахад тавигдах шаардлага

3.1. Нөөц хөрөнгийг зарцуулах тухай Засаг даргын шийдвэрийн төсөл нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:

            3.1.1.шийдвэрийн төсөл нь энэ журмын 2.1-д заасан зориулалттай бүрэн нийцсэн болохыг танилцуулгад тодорхой тусгасан байх;

3.1.2.урьдчилан төлөвлөх боломжтой гадаад, дотоод албан томилолтын зардал, энэ журмын 2.1.1, 2.1.2-т зааснаас бусад зориулалтаар тоног төхөөрөмж бэлтгэх хөрөнгө оруулалтын зардлыг тусгаагүй байх;  

            3.1.3.нөөц хөрөнгийг зарцуулах үндэслэл, шаардлага, үр дүнг шийдвэрийн төслийн танилцуулгад тодорхой дурдсан байх;

            3.1.4. арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг зөв, бодитой тооцсон эсэхийг холбогдох норм, норматив, тариф, бусад баримтаар нотолсон байх;

           3.1.5.хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шийдвэрийн төсөлд хавсаргасан байх.

       3.2.Цаг үеийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйлс, нөхцөл байдлын улмаас Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын даргын өгсөн чиглэлийн дагуу нэн яаралтай горимоор нөөц хөрөнгийг зарцуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

       3.3. Засаг даргын нөөц хөрөнгийг нийт дүнгээр нь "Орон нутгийн нөөц хөрөнгө" гэсэн зориулалтаар Засаг даргын тамгын газрын төсөвт тусган тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулна.

        3.4. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг зарцуулах ба хохиролд зарцуулагдаагүй үлдэгдлийг  сарын хуваариас тооцоолж Засаг даргын нөөцөд бэлэн байршуулсан байна.

        3.5. Энэ журмын 3.4-д заасан  хохиролд зарцуулагдаагүй үлдэгдлийг тухай  оны эцэст энэ журамд заасан зориулалтын дагуу зарцуулж болно.

Дөрөв. Нөөц хөрөнгийн зарцуулалт

4.1.Нөөц хөрөнгийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар зарцуулна.

4.2.Нөөц хөрөнгийг зарцуулах шийдвэр нь тухайн жилийн орон нутгийн төсөвт батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн нийт хэмжээнээс хэтрэхгүй байна.

4.3. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээний санхүүжилтийг эхний ээлжид  нөөц хөрөнгөөс гаргана.

4.4. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдон Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай бол тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлын тайлан, тооцоо, тайлбар, танилцуулгыг нэмж шаардагдах зардлын саналын хамт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлнэ.

Тав.  Нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, зардлыг санхүүжүүлэх

5.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, агентлаг, алба нь нөөц хөрөнгийг зарцуулах тухай Засаг даргын шийдвэрийн төслийг энэ журмын 3.1-д заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, холбогдох шатны санхүү, төрийн сангийн нэгжид хүргүүлнэ.

5.2. Тухайн шатны Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн нэгж  шийдвэрийн төсөл болон холбогдох тооцоог хянаж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр Засаг даргын захирамж гаргуулна.

5.3. Засаг даргын захирамжийг үндэслэн санхүү, төрийн сангийн нэгж нөөц холбогдох арга хэмжээ, төслийн хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжилтийг олгоно. Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төслийн онцлогоос шалтгаалан эхний ээлжид зарим бэлтгэл ажил /материал, түүхий эд бэлтгэх гэх мэт/ хийгдэх бол урьдчилгаа олгож болох бөгөөд урьдчилгааны хэмжээ нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй байна.

5.4.Нөөц хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага хэмнэлт гарсан бол уг төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор үлдэгдлийг орон нутгийн төсвийн ерөнхий орлогын дансанд эргүүлэн шилжүүлнэ.

Зургаа. Нөөц хөрөнгийн тайлагнал, хяналт тавих


          6.1. Нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор гаргаж, тухайн шатны Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

6.2. Нөөц хөрөнгийн зарцуулалтын тайланг  санхүүжүүлсэн зардал, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөвтэй зэрэгцүүлэн гаргаж, байгууллагын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулан холбогдох баримтыг хавсаргана.

6.3. Нөөц хөрөнгийн зарцуулалт, тайлагналтыг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч хариуцан гүйцэтгэнэ.

 

 6.4. Тухайн шатны Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн нэгж нөөц хөрөнгийн зарцуулалт, эх үүсвэрийн үлдэгдлийн талаарх мэдээллийг Засаг даргын зөвлөлийн хуралд улирал бүр танилцуулна.

6.5.Нөөц хөрөнгийн зарцуулалтад санхүү, төрийн сангийн нэгж, төсвийн захирагч тус тус хяналт тавина.

6.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нөөц хөрөнгөөр санхүүжүүлсэн арга хэмжээний зарцуулалтын тайланд Төсвийн тухай хуулийн 8.9.3, 8.9.4-т заасан хугацаанд тус тус  аудит хийлгэнэ.

 

Долоо. Бусад


          7.1.Төсвийн захирагч нөөц хөрөнгийн санхүүжилтийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна.

7.2.Энэ журамд заасныг зөрчиж нөөц хөрөнгийг зарцуулсан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---