A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ЦАГДАН ХОРИГДОЖ БАЙГАА БОЛОН ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ЦАГДАН ХОРИГДОЖ БАЙГАА БОЛОН ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн А/107 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЦАГДАН ХОРИГДОЖ БАЙГАА БОЛОН ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих анги, цагдан хорих байр, хорих ангийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, салбар нэгжүүд /цаашид "Хорих байгууллага" гэх/-д хоригдож байгаа хоригдол, хоригдогч /цаашид "Хамгаалуулагч" гэх/-д Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан хорих байгууллагад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг баримтална.

1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан байгууллагын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба /цаашид "Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага" гэх/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага /цаашид "Хамтран хэрэгжүүлэх байгууллага" гэх/, цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчид хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд "Хамгаалалтын арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх байгууллагатай ажиллах гэрээ", "Гэрч, хохирогч хамгаалалтын арга хэмжээнд хамтран ажиллах гэрээ", "Насанд хүрээгүй гэрч, хохирогч хамгаалалтын арга хэмжээнд хамтран ажиллах гэрээ"-ний аль тохирохыг байгуулна.

1.4.Хамгаалалтын арга хэмжээг гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүгийн цагдаагийн нэгж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

1.5.Шаардлагатай тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллагын санал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 195 дугаар зүйлийн 195.4 дэх хэсгийг үндэслэн хамгаалуулагчийн байршлыг өөрчилж болно.

1.6.Хамтран хэрэгжүүлэх байгууллага нь хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын хамгаалалтын үйл ажиллагаанд саад учруулахгүй, бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.5 дахь хэсэгт заасан бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

 

 

Хоёр.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын эрх, үүрэг

2.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ дор дурсан эрх эдэлнэ:

            2.1.1.хамгаалалтын арга хэмжээний хэлбэр, хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага эрсдэлийн түвшингээс хамаарч хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авах саналыг тухай бүр хамтран хэрэгжүүлэх байгууллагад гаргаж даруй шийдвэрлүүлэх;

2.1.2.хамгаалуулагчийн хувийн хэрэг, ял эдлэлийн байдалтай холбоотой бусад баримт бичиг, мэдээллийг хамтран хэрэгжүүлэх байгууллагаас гаргуулан авч танилцах, шаардлагатай баримт бичгийг хуулбарлан авах;

2.1.3.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хяналт тавих зорилгоор түүний амьдралын бүсэд тусгай техник, хэрэгсэл байршуулан ашиглах;

2.1.4.Гэрч, хохирогчийг  хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад заасны дагуу сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

2.1.5.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад, прокурорын зөвшөөрөлгүй албан тушаалтанг хамгаалуулагчийн өрөө, байранд нэвтрүүлэхгүй байх, хамтран хэрэгжүүлэх байгууллагад шаардлага тавих;

2.1.6.хамгаалалтын арга хэмжээнд хамтран хэрэгжүүлэх байгууллагаас ажиллах  нэр заагдсан алба хаагчаас нууцлал аюулгүй байдлын баталгаа гаргуулж биелэлтэд хяналт тавих;

2.1.7.хамгаалуулагчид аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой чиглэлээр заавар, зөвлөмж өгөх, шаардлага тавих, баталгаа гаргуулан авах.

2.2.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ дор дурсан үүрэг хүлээнэ:

2.2.1.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг хүлээж авсан даруйд хамтран ажиллах байгууллага, хамгаалуулагчтай гэрээ байгуулж, хамгаалалтыг зохион явуулах;

2.2.2.хамгаалуулагч өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгч болон бусад хүнтэй уулзах, шүүх хуралд оролцох, мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд оролцох, аливаа хөдөлгөөн үйлдэх үед  хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын арга хэмжээг дангаар болон хамтран зохион байгуулж аюулгүй байдлыг хангах;

2.2.3.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага нь хамтран хэрэгжүүлэгч байгууллагын мөрдөж буй хууль тогтоомжийг зөрчихгүй байх;

2.2.4.хамгаалалтад ажиллаж байгаа алба хаагч хамгаалуулагч, хамгаалалтын бүсийг дур мэдэн орхиж явахгүй байх;

2.2.5.тусгай техник, хэрэгслийг зориулалтын бусаар хэрэглэхгүй байх;

2.2.6.хувийн харилцаа тогтоохгүй байх.

Гурав.Хамтран хэрэгжүүлэх байгууллагын эрх, үүрэг

3.1.Хамтран хэрэгжүүлэх байгууллага нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээний үйл ажиллагаанд оролцохдоо дор дурдсан эрх эдэлнэ:

3.1.1.хорих ангийн болон хорих байрны дотоод журмыг тус тус мөрдлөг болгон ажиллах;

3.1.2.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай шийдвэртэй танилцах, хуулбарлан авах.

3.2.Хамтран хэрэгжүүлэх байгууллага нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээний үйл ажиллагаанд оролцохдоо дор дурдсан үүрэг хүлээнэ:

3.2.1.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул заналхийлэл учруулж болзошгүй талаар мэдээ, мэдээлэл авагдсан тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, алба хаагчид даруй мэдэгдэх;

3.2.2.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын алба хаагчдад үндэслэлтэй халхавч бүрдүүлэн, албаны нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

3.2.3.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагаас хамгаалалтын үйл ажиллагаатай холбоотой гаргасан саналыг холбогдох журмын дагуу даруй шийдвэрлэж, хариу өгөх, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;

3.2.4.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамгаалуулагчийг тусгаарлах, хамгаалалтын бүс тогтоох талаар дор дурдсан ажлыг зохион байгуулна:

3.2.4.1.хамгаалуулагчийн хорих өрөө, байр, хөдөлгөөн үйлдэх цэгүүд /нийтийн ариун цэврийн өрөө, халуун усны өрөө, наралгааны хэсэг, хоригдлын гал тогооны хэсэг, эмчилгээний өрөө/-нд тогтоосон хамгаалалтын бүсэд бусад хоригдол, хоригдогч, алба хаагч, иргэдийг нэвтрүүлэхгүй байх;

3.2.4.2.хамгаалалтын бүс нь хамгаалуулагч, бусад хоригдол, хоригдогч, алба хаагчид, иргэдийн хараалах бүсээс далдлагдсан байх ба дуу чимээ, яриа өгүүлэл гадагш, дотогш нэвтрэхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх;

3.2.4.3.хамгаалуулагчийн байрлах өрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлд заасны дагуу олон улсын стандарт шаардлагыг хангасан байхаас гадна дуу, чимээ тусгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх.

3.2.5.хорих анги, цагдан хорих байранд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзан ажиллана:

3.2.5.1.хамгаалуулагчийг бусад хоригдол, хоригдогч, алба хаагч, иргэдээс тусгаарлах;

3.2.5.2.шаардлагатай гэж үзвэл хамгаалуулагчийг хорих ангид эрхэлж байсан ажил хөдөлмөр, олон нийтийн арга хэмжээнд оролцуулахгүй байх;

3.2.5.3.хамгаалуулагчийг байрлуулж буй өрөөнөөс гаргаж, хөдөлгөөн үйлдэх үед бусад хоригдол, хоригдогч, албан хаагчдын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, зөрүүлэх байдлаар аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах;

3.2.5.4.хамгаалуулагчтай өмгөөлөгч, цагдаагийн алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, прокурор, шүүгч бусад хүн уулзах тохиолдолд бие даан шийдвэр гаргахгүй ба хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 213 дугаар зүйлд зааснаар уулзалтын арга хэмжээг зохион байгуулах;

3.2.5.5.хорих анги, цагдан хорих байранд 3.2.5, 3.2.6-д заасныг хангах бүхий л ажил, арга хэмжээг зохион явуулсан боловч хамгаалалтын арга хэмжээний шаардлагыг хангаагүй эсхүл биелүүлэх боломжгүй тохиолдолд энэ журмын 1.5-д заасныг хэрэгжүүлж ажиллах;

3.2.5.6.хамгаалуулагчид хорих ангийн дотоод журамд заасан зөвшөөрөгдсөн эд зүйлийг хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэгч байгууллагын алба хагчийг байлцуулан үзлэг, эд үйлд нэгжлэг хийж оруулах ба бусад хориотой эд зүйлсийг эргэлт, уулзалтаар болон алба хаагчдаар дамжуулан оруулахгүй байх;

3.2.5.7.хамгаалалтын арга хэмжээ авагдсан хамгаалуулагчийн өрөө, байранд прокурорын зөвшөөрөлтэйгээс бусад хүмүүс, хорих ангийн алба хаагчдыг оруулахгүй байх;

3.2.6.нэгдсэн эмнэлэг, хорих ангийн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хэрэгжүүлэх хамгаалалтын арга хэмжээнд дараах нөхцөл байдлыг харгалзан ажиллана:

3.2.6.1.хорих анги, цагдан хорих байрны эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлэх хамгаалалтын арга хэмжээний явцад хамгаалуулагчийг тусгаарлах;

3.2.6.2.хамгаалуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн туслалцаа, эмчилгээнд хамруулах явцад үүссэн баримт бичиг, өвчтөний түүхийг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагад хуулбарлан өгөх;

3.2.6.3.хорих байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн хамгаалуулагчийн эмнэлгийн тусламж авах хүсэлтийн дагуу цаг алдалгүй, эрүүл мэндийн туслалцаа үзүүлж, шаардлагатай оношилгоо, эмчилгээнд хамруулах;

3.2.7.хамгаалуулагчийг хорих байгууллагын нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд эрх, үүрэг бүхий эмнэлгийн эмч, ажилтнаас бусад хүмүүсийг зөвхөн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын зөвшөөрлийн дагуу уулзуулах;

3.2.8.хорих байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн хамгаалуулагчийн эрүүл ахуй, хоол хүнсний боловсруулалт, амт чанарт өдөр бүр хяналт тавьж, хоолны дээжийг холбогдох журам, зааврын дагуу хадгалах, устгах;

3.2.9.хамгаалуулагчийг хорих анги, цагдан хорих байранд хүлээн авах, шилжүүлэх, эмнэлгийн тусламж авах зайлшгүй шаардлагын улмаас эмнэлгийн байгууллагад шилжүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор түр хугацаагаар гарах, ирэх, хамгаалалт хэрэгжиж эхлэх дуусах, суллагдах тохиолдол бүрт тухайн хорих байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн үзлэг /шарх, сорви, гэмтэл, сэтгэц, биеийн жин, өндөр гэх мэт/ хийж, өвчлөлийн талаар асууж, эрүүл мэндийн байдлыг тодорхойлон, эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэж, хувийн хэрэгт хавсаргана.

3.3.Хамгаалуулагчийн аюулгүй байдал, эрсдлийн түвшинг тогтоох зорилгоор нийгмийн ажилтан аюулын зэргийн үнэлгээг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийн өмнө авна.

Дөрөв.Хамгаалуулагчийн эрх, үүрэг

4.1.Хамгаалуулагч дор дурсан эрх эдэлнэ:

4.1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу туслалцаа авах;

4.1.2.хамгаалалтын арга хэмжээний талаар санал, хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтанд уламжлуулж шийдвэрлүүлэх;

4.1.3.хамгаалалтын арга хэмжээний болон өөрийн аюулгүй байдлын талаар мэдээллээр хангагдах.

4.2.Хамгаалуулагч дор дурсан үүрэг хүлээнэ:

4.2.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/183 тушаалаар баталсан "Хорих ангийн дотоод журам", мөн сайдын 2014 оны А/209 дүгээр тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг хорих анги болон цагдан хорих байранд хоригдож байгаа хамгаалуулагч дагаж мөрдөх;

4.2.2.хамгаалалтын арга хэмжээний шаардлага, арга хэмжээ, зөвлөмж, алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

4.2.3.хамгаалуулагч өөрт нь ямар нэгэн аюул заналхийлэл учирсан, учирч болзошгүй нөхцөл байдлын талаар мэдсэн даруйд хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэх.

Тав. Бусад зүйл

5.1.Хамгаалуулагч нь хорих ангийн дотоод журам, хорих ангийн даргын баталсан цагийн хуваарийг дагаж мөрдөөгүй, уг журамд заасан заалтыг зөрчсөн, түүнчлэн дагаж мөрдөхөөр заасан холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд хамгаалалтын арга хэмжээ цуцлагдах үндэслэл болно.                      

5.2.Хамгаалалтын арга хэмжээний үйл ажиллагааны үр дүнг үндэслэн алба хаагчдыг урамшуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж болно.

5.3.Хамгаалуулагч болон хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэгч, хамтран хэрэгжүүлэгч байгууллага, алба хаагч, хүн нь  төрийн байгууллага, алба хаагч, хувь хүний нууцад хамаарах мэдээ, мэдээллийг нийтэд задруулахгүй байх үүргийг хүлээнэ.

5.4.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---