- Нүүр
- Эрх зүйн акт
- ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖТЭЙ ЦАР ТАХЛЫН ХҮРЭЭГ ТОГТООХТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ СОЛИЛЦОХ ЖУРАМ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Харилцаа холбооны зохицуулах
хорооны дарга нарын 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн
А/143, А/103 дугаар хамтарсан тушаалын хавсралт
ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГА,
АЖ АХУЙН НЭГЖТЭЙ ЦАР ТАХЛЫН ХҮРЭЭГ ТОГТООХТОЙ ХОЛБООТОЙ
МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ СОЛИЛЦОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/-ын үед Засгийн газар, Улсын онцгой комисс, Улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын гамшгаас хамгаалах алба, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгж /цаашид "төрийн болон бусад байгууллага" гэх/-тэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах харилцааг зохицуулахад оршино.
1.2.Мэдээ, мэдээллийг шуурхай солилцоход коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмаас гадна дор дурдсан зарчмыг баримтална:
1.2.1.хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх;
1.2.2.хувь хүний нууцыг чанд хадгалах;
1.2.3.хувийн хэвшлийн оролцоог хангах;
1.2.4.тоон мэдээ, мэдээллийг хуульд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй байх;
1.2.5.шуурхай, үнэн зөв байх.
1.3.Энэхүү журмыг коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаанд дагаж мөрдөнө.
Хоёр.Мэдээлэл солилцох систем
2.1.Төрийн болон бусад байгууллага хооронд тоон мэдээ, мэдээлэл солилцоход хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл солилцох системээр дамжуулна.
2.2.Олон төрлийн боломжит мэдээ, мэдээлэлтэй бүх төрлийн мэдээллийн сангийн эх үүсвэртэй холбогдох боломжтой, нийтийн түлхүүрийн дэд бүтэцтэй холбогдсон, байгууллага хооронд цахим мэдээлэл солилцох зориулалт бүхий, хадгалалт, аюулгүй байдлыг хангасан мэдээлэл солилцох систем байна.
2.3.Мэдээллийн санг бүрдүүлж байгаа холбогдох байгууллагууд мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцаж тогтоосон хугацаанд шинэчилж байна.
2.4.Энэ журмын 2.2-д заасан мэдээлэл солилцох системийг Улсын онцгой комиссын шуурхай штаб зохион байгуулах бөгөөд ашиглалт үйлчилгээг хариуцаж ажиллана.
2.5.Мэдээлэл солилцох системээр дамжих цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, журмаар зохицуулах.
Гурав. Мэдээ, мэдээллийг ашиглах, солилцох
3.1.Мэдээллийн санг цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, Засгийн газар, Улсын онцгой комисс, иргэд олон нийтийг үнэн зөв бодит мэдээллээр хангах, эрдэм шинжилгээ судалгааны зорилгоор ашиглана.
Дөрөв.Мэдээ, мэдээлэл солилцох системд холбогдох талуудын үүрэг
4.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээлэл солилцох, ашиглах талаар холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
4.2.Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээлэл солилцох систем дэх төрийн болон бусад байгууллагын цахим мэдээллийн нэр төрөл, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлах талаар Улсын онцгой комисстой хамтран ажиллана.
4.3.Цагдаагийн байгууллага нь эрх бүхий албан тушаалтан, байгууллагад шаардлагатай тохиолдолд мэдээлэл солилцохтой холбоотой санал, хүсэлт хүргүүлнэ.
4.4.Цагдаагийн байгууллага нь худал тоон мэдээ, мэдээлэл түгээх, иргэдийг төөрөгдүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, түгээсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалган шийдвэрлэнэ.
4.5.Төрийн болон бусад байгууллага бүр тоон мэдээ, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах бөгөөд хариуцах албан тушаалтан томилж ажиллуулна.
4.6.Төрийн болон бусад байгууллага мэдээллийн сангийн холбогдох стандарт аюулгүй байдлыг хангах талаарх заавар, шаардлагыг мөрдөнө.
4.7.Төрийн болон бусад байгууллага мэдээллийн санг тогтмол шинэчлэх, баяжилт хийх, санд тоон мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд тухай бүр үнэн зөв оруулж, онцлог тоон мэдээллийг шуурхай солилцоно.
Тав.Бусад
5.1.Тоон мэдээ, мэдээллийг энэ журамд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад ашиглуулах, шилжүүлэхийг хориглоно.
5.2.Мэдээлэл солилцох үйл ажиллагаанд цугларсан тоон мэдээллийг архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжид зааснаар хадгална.
5.3.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A