A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Санхүүгийн зохицуулах хорооны

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн

165 дугаар тогтоолын хавсралт

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ХААЛТТАЙ ӨРИЙН

БИЧГИЙГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ноос банк бус санхүүгийн байгууллага /цаашид "ББСБ" гэх/-ын хаалттай өрийн бичиг /цаашид "өрийн бичиг" гэх/ гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, түүнийг бүртгэх, бүртгэхээс татгалзах, хасах, хаалттай өрийн бичиг гаргасан ББСБ-ын эрх үүргийг тодорхойлох, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ХОЁР. ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧИГ ГАРГАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1.Өрийн бичиг гаргах ББСБ нь дараах шаардлагыг хангасан байна;

2.1.1.Хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолын 1-т заасан банк бус санхүүгийн үйл ажиллагааг шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан байх;

2.1.2.Хорооноос тогтоосон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 4 улирал дараалан бүрэн хангаж, санхүү, төлбөрийн чадварын хувьд өрийн бичгийг гаргах боломжтой байх;

2.1.3.зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын хувьд нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нь өмнөх улирлын салбарын дунджаас ихгүй байх;

2.1.4.банк санхүүгийн байгууллага, итгэлцлийн үйлчилгээ, хоёрдогч өглөг, төслийн зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлсэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

2.1.5.актив, пассивын зохистой удирдлагыг хэрэгжүүлдэг байх;

2.1.6.хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байх;

2.1.7.Хорооноос газар дээрх шалгалтад хамрагдсан бол хангалттай болон түүнээс дээш үнэлгээ авч, шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангасан байх.

2.2.Өрийн бичиг нь гуравдагч этгээдийн гаргасан баталгаатай байж болно.

2.3.ББСБ-аас гаргах өрийн бичгийн хугацаа 18 сараас ихгүй байна.

2.4.Өрийн бичиг гаргаж байгаа ББСБ, түүний холбогдох этгээд болон бусад аливаа этгээдээр дамжуулан цахим сүлжээ, мэдээллийн сувгаар мэдээлэл түгээж, аливаа байдлаар нийтэд сурталчлахыг хориглоно.

2.5.ББСБ нь өрийн бичиг гаргахтай холбогдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, холбогдох бусад журам, зааварт заасан арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

2.6.Өрийн бичиг гаргах ББСБ нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

2.6.1.хүсэлт тавьсан албан бичиг;

2.6.2.дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчийн хурал/-ийн шийдвэр, тэмдэглэл;

2.6.3.өрийн бичгийн танилцуулга;

2.6.4.өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний төсөл;

2.6.5.Хорооноос шаардсан бусад.

2.7.Энэ журмын 2.6.3-т заасан өрийн бичгийн танилцуулга нь дараах мэдээллийг агуулсан байна.

2.7.1.оноосон нэр;

2.7.2.регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар;

2.7.3.хаяг байршил, холбоо барих утас, цахим хаяг;

2.7.4.өрийн бичгийн нэрлэсэн үнэ, тоо хэмжээ, нийт дүн;

2.7.5.өрийн бичгээр татан төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах эдийн засгийн үндэслэл бүхий үр ашгийн тооцоо;

2.7.6.өрийн бичгийн хүү, хугацаа, төрөл;

2.7.7.өрийн бичгийн үндсэн дүн, хүү төлөгдөх нөхцөл;

2.7.8.өрийн бичгийн гаргах болон дуусах огноо;

2.7.9.өрийн бичгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгааны талаарх мэдээлэл.

2.8.Хороо ББСБ-д өрийн бичиг гаргахыг зөвшөөрч бүртгэсэн нь тухайн өрийн бичгээс үүсэх аливаа үр дагавар, эрсдэлийг хүлээх үндэслэл болохгүй.

ГУРАВ. ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ, ХАСАХ

3.1.ББСБ нь энэ журмын 2.1-т заасан нөхцөл шаардлагыг хангаж, 2.6-д заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд хүсэлт, холбогдох баримт бичгийг 30 хоногийн дотор хянаж, бүртгэх асуудлыг Хороо шийдвэрлэнэ.

3.2.Өрийн бичиг гаргасан ББСБ нь өмнөх өрийн бичгийн хугацаа дуусгавар болоогүй байхад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн өрийн бичиг нэмж гаргаж болох ба өрийн бичиг нэмж гаргах асуудлыг энэхүү журмын 3.1-д заасан хугацаанд Хороо шийдвэрлэнэ.

3.3.Дараах үндэслэлээр ББСБ-аас гаргах өрийн бичгийг бүртгэхээс татгалзаж, энэ тухай хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ:

3.3.1.энэ журмын 2.1-т заасан нөхцөл шаардлагыг хангаагүй;

3.3.2.баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, ашигласан, санхүүгийн тайланг алдаатай тайлагнасан нь тогтоогдсон;

3.3.3.хууль тогтоомжид заасан бусад.

3.4.Дараах үндэслэлээр өрийн бичгийн арилжаалаагүй үлдэгдлийг арилжихыг зогсоож, бүртгэлээс хасна:

3.4.1.өрийн бичгийн үлдэгдлийг Хорооны шийдвэрт заасан хугацаанд бүрэн арилжаалаагүй;

3.4.2.энэхүү журмын 2.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон;

3.4.3.хаалттай өрийн бичиг гаргаснаас хойших хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, санхүү төлбөрийн чадварт хүндрэл үүссэн нь Хорооноос хийсэн газар дээрх хяналт шалгалтаар тогтоогдсон;

3.4.4.хаалттай өрийн бичгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон;

3.4.5.хаалттай өрийн бичгээр татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй нь тогтоогдсон;

3.4.6.энэ журамд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй болсон;

3.4.7.хууль тогтоомжид заасан бусад.

3.5.Энэ журмын 3.4-д заасан өрийн бичгийн арилжаалаагүй үлдэгдлийг бүртгэлээс хасах асуудлыг Хороо шийдвэрлэнэ.

3.6.Хороо ББСБ-аас гаргах өрийн бичгийг бүртгэхээс татгалзах, энэ журмын 3.4.1-д зааснаас бусад үндэслэлээр хасах шийдвэр гаргаснаас хойш 3 сарын дотор хүсэлтийг хүлээж авахгүй.

ДӨРӨВ. ӨРИЙН БИЧИГ ГАРГАСАН ББСБ-Д ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1.Өрийн бичиг гаргасан ББСБ нь дараах арга хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана:

4.1.1.мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд зарцуулах;

4.1.2.гэрээ байгуулахаас өмнө өрийн бичиг эзэмших этгээдэд гэрээний агуулга, зүйл заалт, хүү тооцох аргачлал, эргэн төлөгдөх нөхцөлийг тайлбарлах;

4.1.3.өрийн бичиг эзэмших этгээдэд өөрийн үйл ажиллагааны талаар худал, ташаа мэдээлэл өгөхгүй байх;

4.1.4.гэрээгээр тохирсон хугацаанд өрийн бичгийн хүү, үндсэн төлбөрийг төлөх;

4.1.5.өрийн бичиг эзэмшигчийг шаардлагатай үнэн зөв мэдээллээр тухай бүр хангах;

4.1.6.өрийн бичиг эзэмшигчийн нууцыг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;

4.1.7.энэ журмын нэгдүгээр хавсралтаар батлагдсан сарын мэдээг дараа сарын 10-ны дотор Хороонд цахимаар ирүүлэх.

4.2.Өрийн бичиг гаргагч ББСБ нь өрийн бичиг эзэмшигч бүрээр дараах хувийн хэргийг бүрдүүлж, хадгална:

4.2.1.өрийн бичиг эзэмшигчийн талаарх мэдээлэл;

4.2.2.өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний хувь /шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, холбогдох бусад гэрээ, хэлцэл/;

4.2.3.өрийн бичгийн төлбөр тооцоотой холбоотой ажил гүйлгээ хийгдсэнийг нотлох санхүүгийн баримтууд;

4.2.4.холбогдох бусад баримт бичиг.

ТАВ. ӨРИЙН БИЧИГ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

5.1.Энэ журмын 3.1-т заасан шийдвэрийг үндэслэн өрийн бичиг гаргах ББСБ нь өрийн бичиг эзэмшигчтэй өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулна.

5.2.Энэ журмын 5.1-д заасан өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээнд дараах зүйлийг тусгасан байвал зохино:

5.2.1.ББСБ-ын нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, албан ёсны хаяг байршил, холбоо барих утас, цахим хаяг;

5.2.2.худалдан авагч нь иргэн бол иргэний овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утас, цахим хаяг;

5.2.3.худалдан авагч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, албан ёсны хаяг байршил, холбоо барих утас, цахим хаяг, тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утас;

5.2.4.өрийн бичгийн гаргасан дүн, хүүгийн хэмжээ, хугацаа, зориулалт, бүрэн болон хэсэгчлэн эргэн төлөгдөх нөхцөл, хэлбэр;

5.2.5.өрийн бичиг нь баталгаатай бол энэ талаарх мэдээлэл;

5.2.6.өрийн бичиг гаргагч болон эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага;

5.2.7.өрийн бичгийн гэрээнд заасан хугацаанаас өмнө эргүүлэн худалдан авах нөхцөл, шаардлага;

5.2.8.өрийн бичиг эзэмшигч этгээд нь гуравдагч этгээдэд өрийн бичгээ худалдах зэргээр эзэмших эрхээ шилжүүлэх, өвлүүлэх талаарх зохицуулалт;

5.2.9.гэрээ хүчин төгөлдөр болон дуусгавар болох нөхцөл;

5.2.10.хууль тогтоомжид заасан бусад.

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---о0о---