- Нүүр
- Эрх зүйн акт
- ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, АЧИЖ БУУЛГАХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны
өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалын хавсралт
ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ,
АЧИЖ БУУЛГАХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
1.1.Энэ журмаар төмөр замын тээвэрт аюултай ачааг хүлээн авах, тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах, олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. Энэхүү журам нь Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр /цаашид "ОУАХХ" гэх/, түүний Хавсралт 2-оор батлагдсан "Аюултай ачаа тээвэрлэх дүрэм", Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад холбогдох хууль, эрх зүйн актыг мөрдлөг болгоно.
1.2.Энэхүү журмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалахад оролцогч оролцогч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.3.Аюултай ачаанд хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй, төмөр замаар тээвэрлэх, ачилт буулгалт хийх болон хадгалалтын үед төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад ачааг гэмтээх, тэсэрч, дэлбэрэх, гал гарахад хүргэж болзошгүй бодис, эд зүйлс, бүтээгдэхүүнийг хамааруулна.
1.4.Ачааны уялдуулсан нэрсийн жагсаалт буюу "ГНГ" нь /Гармонизированная номенклатура грузов/ нь Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийг ашиглагч эсхүл олон улсын ачааны харилцаанд оролцогч ТЗХАБ-ын гишүүн-орнуудын олон улсын ачааны харилцаан дахь ачааг кодлох, тайлбарлахад ашиглагдах бөгөөд Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Олон улсын конвенцид үндэслэн боловсруулсан.
1.5.Аюултай ачааг ОУАХХ-ийн Хавсралт 2-т заасны дагуу аюулын шинж чанараар нь дараах байдлаар ангилна. Үүнд:
- 1-р ангилал: Тэсрэх бодис,
- 2-р ангилал: Хий,
- 3-р ангилал: Галын аюултай шингэн,
- 4.1-р ангилал: Галын аюултай хатуу бодис, өөрөө урвалд орох бодис, тэсрэх чадварыг бууруулсан хатуу бодис,
- 4.2-р ангилал: Өөрөө шатагч бодис,
- 4.3-р ангилал: Устай харилцан үйлчлэх үед галын аюултай хий ялгаруулдаг бодис,
- 5.1-р ангилал: Исэлдүүлэгч бодис,
- 5.2-р ангилал: Органик хэт исэл,
- 6.1-р ангилал: Хортой бодис,
- 6.2-р ангилал: Халдвартай бодис,
- 7-р ангилал: Цацраг идэвхт бодис,
- 8-р ангилал: Идэмхий /зэврүүлэгч/ бодис,
- 9-р ангилал: Бусад аюултай бодис ба бүтээгдэхүүн.
1.5.1.Аюултай ачааны ангилал тус бүрийг ОУАХХ-ийн Хавсралт 2-т заасны дагуу дэд ангилал, бүлгүүдэд хуваана.
1.5.2.Тухайн бодисыг тодорхой нэг ангилал, бүлэг, хэсэгт хамааруулахдаа ОУАХХ-ийн Хавсралт 2-ыг баримтална.
1.6.ОУАХХ-ийн Хавсралт 2-т ороогүй боловч химийн шинж, аюултай байдлаараа нэрсийн жагсаалтын аль нэг аюултай ачаатай адил төстэй ачааг ачаа илгээгчийн тээврийн бичиг баримтад заасан нөхцөлүүдээр тээвэрлэнэ.
1.7.ОУАХХ-ийн Хавсралт 2-ын аюултай ачааны нэрсийн жагсаалтад дурдсан ачаатай адилтгаж болохгүй аюултай ачааг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр тээвэрлэнэ.
1.8.Аюултай ачаа тээвэрлэсэн вагон чингэлэг, хайрцаг, сав, баглаа боодлыг цэвэрлэж ариутгасан тохиолдолд энгийн ачаа тээвэрлэх нөхцөл, горимоор тээвэрлэнэ.
1.9.Аюултай ачааг тусгай вагон, чингэлэгт байрлуулах, бэхлэх техникийн нөхцлийг ачаа илгээгч боловсруулж, тээвэрлэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тээвэрлэгч батална.
1.10.Аюултай ачаа ачих, буулгах, хадгалах, олгох зэрэг тусгай зөвшөөрөл, шаардлагыг хангасан, тоног төхөөрөмж, агуулах, талбайтай өртөөний харьяа дагнасан хэрэглээний салбар замаар аюултай ачааг тээвэрт хүлээн авч, хүлээлгэн өгнө.
1.11.Шилжүүлэн ачилттай харилцаанд аюултай ачааг тээвэрлэгчийн эзэмшлийн нийтийн хэрэгцээний зам талбайд тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн шууд хяналтын дор аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэнэ.
Хоёр. Аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авах
2.1. Аюултай ачааг тээвэрлэх захиалга ирүүлэх
2.1.1.Аюултай ачаа илгээгч нь Химийн хорт болон аюултай бодисын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Цөмийн энергийн тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн актад заасан нөхцөл, шаардлагыг хангасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.
2.1.2.Aчаа илгээгч нь аюултай ачааг тээвэрлэх захиалгыг Төмөр замаар ачаа тээвэрлэх журамд заасан хугацаанд тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад ирүүлнэ. Аюултай ачааг вагон, чингэлгээр тээвэрлэнэ.
2.1.3.Төмөр замаар тээвэрлүүлэх аюултай ачааны захиалгыг ачааны тухай дараах баримт бичгийн хамт ирүүлнэ. Үүнд:
- Аюултай ачаа импортлох, экспортлох, худалдах, хил дамжуулан тээвэрлэх, хадгалах болон ашиглах зөвшөөрөл,
- Тээвэрлэх ачааны нэр, тодорхойлолт, ачааны ГНГ /ачааны уялдуулсан нэрсийн жагсаалт/ код,
- НҮБ-аас олгосон аюултай ачааны дугаар, ослын карт
- Тээврийн хэрэгслийн төрөл,
- Ачааны нэг байрын жин, нийт жин,
- Ачааны сав, баглааны төрөл, стандарт, техникийн нөхцөл,
- Хүлээн авах улс, илгээх, хүрэх болон дамжин өнгөрөх хилийн өртөөдийг заасан байх,
- Илгээгч ба хүлээн авагчийн нэр хаяг,
- Лабораторийн шинжилгээний дүн.
2.1.4.Ачаа илгээгч нь захиалгын хамт аюултай ачааны талаар дээрх баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд тээвэрлэгчийн эрх бүхий байгууллага нь захиалгыг хүлээн авахгүй.
2.1.5.Аюултай ачааг олон улсын харилцаанд тээвэрлэхэд ачааны нэр төрөл, хэмжээ, тээвэрлэх хугацааг ОУАХХ-ийн дагуу тээвэрлэгчид урьдчилан зөвшилцсөн байна.
2.1.6.Тээвэрлэгч нь хилийн өртөөнд аюултай ачааг хүлээн авахдаа ачааны нэр, төрөл, тоо хэмжээ тохирч байгаа эсэхэд зохих эрх бүхий байгууллагуудтай хамтран хяналт тавих үүрэгтэй.
2.2.Тээврийн бичиг баримт бүрдүүлэх
2.2.1.Ачаа илгээгч нь тээврийн бичиг баримтын "ачааны нэр" гэсэн хүснэгтэд:
- Аюулын код ба НҮБ-аас олгосон аюултай ачааны дугаар,
- ОУАХХ-ийн Хавсралт 2-т заасан ачааны нэр, ГНГ код,
- Тухайн ачааны ангилал, баглааны төрөл, ослын картын дугаар, халхлалт, тэсрэх, исэлдэгч, хортой гэх мэт тэмдэглэлийг хийнэ.
Жишээ нь: 50/ НҮБ 1942, аммони нитрат, ГНГ 31023090, ангилал 5.1, III, ОК 509, халхлалт 0-0-1, исэлдүүлэгч.
2.2.2.Аюултай ачааг тээвэрлэхтэй холбоотой мэдээллийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй.
2.2.3.Аюултай ачааны нэрийг химийн бодис, эмийн бүтээгдэхүүн гэх мэт ерөнхий нэрээр зааж болохгүй.
2.2.4.ОУАХХ-ийн Хавсралт 2-т заасны дагуу аюултай ачааны бичиг баримтад нэг вагон болон чингэлэгт хамтатган ачихыг зөвшөөрсөн ачааны нэр, төрөл, жин, байрын тоог тус бүрд нь заасан байна.
2.2.5.Ачааг тээвэрлэлтэд хүлээн авсан болон шилжүүлэн ачсан өртөөнд тээвэрлэгчийн холбогдох ажилтан ачааг дагалдах тээврийн бичиг баримт дээр ачааг халхлах томьёолсон тэмдэглэлийг заасан байна. Мөн тээврийн бичиг баримтын ачааны нэр хүснэгтэд тэсрэх ачаа /хортой, идэмхий гэх мэт/ гэсэн улаан өнгийн тэмдэглэгээг хийнэ.
2.2.6.Ачаа илгээх өртөө нь илгээгчээс ослын картыг хоёр хувь авч, нэг хувийг тээврийн бичиг баримтад хавсаргаж, хоёр дахь хувийг эрх бүхий байгууллагаас томилогдсон, аюултай ачааг дагалдан хамгаалах үүрэгтэй этгээдэд хүлээлгэж өгнө.
2.2.7.Тээвэрлэгч нь тээвэрлэж байгаа аюултай ачааны тухай мэдээллийг аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий байгууллагуудад өгнө.
2.2.8.Чингэлгийг хоосон буцаахдаа тээврийн бичиг баримтын зохих хүснэгтэд ачаа илгээгч нь "чингэлэг хоосон... (тээвэрлэсэн ачааны нэр бичих)-ийг, цэвэрлэсэн, угаасан, аюулгүй" гэж бичнэ.
2.3.Ачааны байр ба вагон, чингэлгийн тэмдэглэл
2.3.1.Илгээгч нь аюултай ачаанд ачааны байр тус бүрт тэмдэглэл хийхээс гадна аюултай ачааны төрөл, аюулын зэргийг харуулсан тэмдгийг тавьсан байна. Үүнд:
- аюулын тэмдэг ОУАХХ-ийн Хавсралт 2-ын дагуу;
- ачааны нэр /хавсралт 2-т заасан нэрсийн жагсаалтын дагуу бичих бөгөөд 1 вагонд олон төрлийн бодис ачсан бол бараа бүрт тавина/;
- ангиллын зэрэг;
- тухайн ачаанд олгосон НҮБ-ын дугаар.
2.3.2.Аюулын тэмдэг нь ОУАХХ-ийн Хавсралт 2-ын 5.2.2.2.2 дахь заалт, MNS 5029:2011 "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг" стандартад нийцсэн байна.
2.3.3.Аюултай ачааны ослын карт нь:
- 1-6, 8, 9–р ангиллын аюултай ачааны НҮБ-ийн дугаар эсвэл 1-р ангиллын аюултай ачааны жиших дугаар;
- аюултай ачааны нэр;
- аюулын зэрэг /хортой байдлын зэрэг/;
- ангиллын шифр;
- ачааны шинж чанар болон аюулын төрөл;
- ослын үед авч хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээ, ачаа урсах, асгарах, цоорох үед болон галын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
- аюулыг саармагжуулах болон нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламжийн заавар;
- хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах зааврыг тус тус агуулна.
2.3.4.Ослын картын дугаар нь аюулын тэмдгийн дотор түүний дүрсний доод талд байрлах бөгөөд 3 оронтой тооноос бүрдэнэ. Жишээ:
Зураг 1.Энэ аюулын тэмдэг нь 2–р ангиллын аюултай шатамхай хий байх бөгөөд 206 номерийн ослын карттай /Ж: бутан/ ачаа байна гэсэн үг.
Мөн вагонд ачааны аюулын код болон НҮБ-ын дугаарыг бичсэн тэмдгийг тавина. Дэвсгэр өнгө нь ягаан өнгөтэй 40 см-ээс ихгүй урттай 30 см-ээс ихгүй өргөнтэй тэгш өнцөгт байх ба, тооны өндөр нь 10 см-ээс ихгүй байна. Аюулын код нь 2 буюу 3 оронтой байна.
Зураг 2.33 код нь хялбар шатах шингэн, 1088 гэсэн НҮБ-ын дугаартай ацеталь гэдэг бодис байна.
2.4. Аюултай ачааг хүлээн авах, хүлээлгэн өгөх
2.4.1.Аюултай ачааг хүлээн авах ба олгох үйл ажиллагааг зохих зөвшөөрөл бүхий дагнасан болон тээвэрлэгчийн эзэмшлийн нийтийн хэрэглээний зам талбай, агуулахад гүйцэтгэнэ.
2.4.2.Аюултай ачааг нийтийн хэрэглээний зам талбайд "вагоноос-чингэлэгт", "чингэлгээс-вагонд" гэсэн аргачлалаар олгох, шилжүүлэн ачихдаа зөвхөн тээвэрлүүлэгчийн шийдвэрээр тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн хяналтад гүйцэтгэнэ.
2.4.3.Аюултай ачааг нийтийн хэрэглээний зам талбайд чингэлгээс чингэлэгт шилжүүлэн ачихгүй.
2.4.4.Ачаа хүлээн авагч нь өөрийн хаягаар ирсэн аюултай ачааг хүлээн авахаас татгалзах эрхгүй.
2.5.Аюултай ачааг дагалдан хүргэгчтэй тээвэрлэх
2.5.1.ОУАХХ-ийн Хавсралт 2-ын 7.2.9-д заасан аюултай ачааг тээвэрлүүлэгчийн ачаа дагалдан хүргэгчтэй тээвэрлэнэ. Энэхүү ачааг дагалдан хүргэгчгүйгээр тээвэрлэлтэд хүлээн авахгүй.
2.5.2.Ачаа дагалдан хүргэгч нь ачаа илгээгчийн баталсан ачаа хүргэх тусгай журмыг мөрдөж, уг ачааныхаа чанар, үзүүлэх анхны тусламж, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг мэдэж байхаас гадна бүх замын туршид аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдаж байгаад хяналт тавина.
2.5.3.Ачаа илгээгч нь ачаа дагалдан хүргэгч бүрийг хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас, эм, багажны бүрдэл, гал унтраах болон хорт хийн баг, бусад туслах материалаар хангана.
2.5.4.Тээвэрлэх явцад вагонд эвдрэл, гэмтэл гарвал галт тэрэгний бүрэлдэхүүнээс салгаж тусгай заасан зам дээр тавьж, харуул хамгаалалтад өгөх, хэрэв дагалдан хүргэгчтэй бол тэдгээрийн хамгаалалтад өгнө. Хэд хэдэн вагонд нэг дагалдан хүргэгч байгаа бол тэдгээр вагоныг бүлгээр нь салгана. Вагоны эвдрэл, гэмтлийг дагалдан хүргэгчийн хяналт дор засварлана.
2.5.5.Дагалдан хүргэгч шаардлагатай аюултай ачаа дагалдан хүргэгчгүй тээвэрлэгдэж буй нөхцөл илэрсэн тохиолдолд тээвэрлүүлэгчийн эрх бүхий ажилтан - ачаа илгээгч болон хүлээн авагчийн төлөөлөгчийг иртэл тухайн өртөөнд вагоныг саатуулна.
2.5.6.Энэ журмын 2.5.5-д заасан тохиолдолд тээвэрлэгч нь ачаа илгээгч болон хүлээн авагчид мэдэгдэнэ.
2.5.7.Ачаа илгээгч болон хүлээн авагч нь ачааг дагалдан явах эрх бүхий ажилтныг яаралтай тухайн өртөөнд ирүүлнэ.
2.5.8.Аюултай ачааг тээвэрлэх үед ачаа нь өртөөнд тээвэрлэгчийн хамгаалалтад байна.
2.6.Аюултай ачаанаас суларсан савыг буцаах
2.6.1.Аюултай ачаанаас суларсан савыг дотор, гадна талыг нь цэвэрлэж, хоргүй болгосны дараа аюулын тэмдгийг авч аюулгүй ачааны нэг адил тээвэрлэх бөгөөд ачаа илгээгч нь "ачааны нэр" гэсэн хүснэгтэд тээвэрлэсэн ачааны нэр,. . (тээвэрлэсэн ачааны нэрийг бичнэ. "савыг буцаав", . "цэвэрлэсэн, аюулгүй" гэж тэмдэглэнэ.)
2.6.2.Тусгай болон түрээслэгдсэн вагоноор ачигдаж ирсэн аюултай ачаанаас суларсан савыг, уг вагоноор буцаана.
ГУРАВ.Аюултай ачааны хайрцаг сав, баглаа боодол
3.1.Аюултай ачааны хайрцаг сав, баглаа боодол
3.1.1.Ачаа илгээгч нь аюултай ачааг тухайн барааны стандарт, техникийн нөхцөлд тохирсон сав, баглаа боодолтой тээвэрлүүлнэ.
3.1.2.Аюултай ачааны сав баглаа нь бат бөх, бүрэн бүтэн, ачаа нь асгарч гоожихооргүй, ачааг тээвэрлэх үед бүрэн бүтэн байдал болон тээвэрлэлтийн үед аюулгүй байдлыг хангасан байна. Сав баглаа боодлын материал нь агуулж байгаа зүйлдээ хөдөлгөөнгүй наалдсан байна.
3.1.3.Сав баглааны гадаргуу дээр асгарсан, гоожсон шинж тэмдэг бүхий ачааны байрыг тээвэрлэлтэд хүлээн авахгүй.
3.1.4.Түргэн шатах, хортой, идэмхий, зэврүүлэгч, хий ба уур, халах үедээ дэлбэрэх аюултай ба агаар болон устай харилцан үйлчлэх үед аюултай, мөн исэлдэгч шинж чанартай ачаануудын савыг сайтар битүүмжилсэн /агаар, ус, уур үл нэвтрэх/ байна.
3.1.5.Энэхүү журмын 3.1.2, 3.1.4-т заасан шаардлага хангаагүй ачааг тээвэрлэлтэд хүлээн авахгүй.
3.1.6.Шилэн савтай хортой ачааг бат бөх хайрцаг /мод, төмөр, хуванцар/-т үл шатах, шингээх чанартай материалаар жийрэглэж хийнэ.
Жижгээр савлах ачааг үелээтэй цаасан хайрцагт хийж аюулгүй ачааны нэг адил тээвэрлэнэ.
Хайрцаг нь хяналтын туузтай, жийргэвчтэй, тусгаарлагчтай, зөөлөвчтэй байна. Хайрцагны хана нь дотор нь хийсэн банк, шилнээс 5 см өндөр байна.
Жижгээр шилэнд савласан аюултай ачааг тагтай модон хайрцагт хөдөлгөөнгүй байрлуулна.
3.1.7.Металл болон хуванцар саванд хийсэн аюултай ачааг давхар модон хайрцаг буюу торхонд хийнэ.
3.1.8.Ачсан ачаа нэг бүрийн нэр, жинг тээврийн бичиг баримтад зааж өгнө. Хүснэгт 1-т заасны дагуу зөвшөөрөгдсөн аюултай ачааг хамтад нь ачиж болно.
3.1.9.Нэг чингэлэгт хамт тээвэрлэхэд зөвшөөрөгдсөн аюултай ачаа нь битүү вагоноор тээвэрлэх ачаатай адил баглаа боодолтой байна.
3.1.10.Вагон илгээлтээр шингэн аюултай ачааг тээвэрлэх үед ачаа илгээгч ачааны байрын 1-ээс доошгүй хувьтай тэнцэх хоосон савыг ачаа гэмтэх тохиолдолд хэрэглэхээр нөөцөлж ачна.
3.1.11.Шингэн аюултай ачааны стандарт, техникийн нөхцөлөөр тогтоосон нормд нь хүртэл дүүргэсэн байна. Жишээ нь: хүхэрт нүүрс төрөгч 90% хүртэл, ацетальдегид, ацетон, пентан, этилийн эфир, бензол 93 % хүртэл, бусад ачааг 95% хүртэл тус тус дүүргэвэл зохино.
3.1.12.Цаасан уут ба хатуу цаасан хайрцагт савлагдсан аюултай ачааг вагон илгээлтээр сэлгэн ачих үед ачаа илгээгч нь нөөц болгон 10-аас доошгүй цаасан уут буюу 5-аас доошгүй хатуу цаасан хайрцгийг сав баглаа гэмтэх нөхцөлд хэрэглэх зорилгоор вагон бүрд ачна.
3.1.13.Аюулын тэмдгийг хайрцаг, уутны 3 гадаргуу дээр /хажуу, нүүр, дээд тал/, торхоны ёроол, хажуу талд мөн сав, баглаа боодолтой ачааны хажуу болон нүүрэн талд, бусад тохиолдолд, /баллон г.м/ хайрцаг савны вагонд байрлуулах үед сайн үзэгдэх тохиромжтой газарт байрлуулна.
3.1.14.Аюулын тэмдэг нь ачааны үндсэн аюулыг агуулсан, тохирох анги, дэд ангийг харуулсан үндсэн тэмдэг, ачааны нэмэлт аюулыг харуулсан нэмэлт тэмдэг гэж хуваагдана.
3.1.15.Хэрэв ачаа нь хэд хэдэн төрлийн аюулын шинжийг агуулж байвал ачаа илгээгч аюул тус бүрийн тохирох тэмдгийг тавина. Дэд ангиллын дугаарыг зөвхөн үндсэн аюулын тэмдэгт тавина.
3.1.16.Нэг вагон, чингэлэгт хамтатган тээвэрлэхийг зөвшөөрсөн төрөл бүрийн ангиллын аюултай ачааг хамт ачихад ачаа бүрт тохирох аюулын тэмдгийг тавина.
3.1.17.Багцалж тээвэрлэж буй ачаануудын аюулын тэмдэг харагдахгүй байвал гадна талын ерөнхий багцанд аюулын тэмдгийг харагдахуйцаар тавина.
3.1.18.Аюулын тэмдгийг цаас, картоноор хийсэн байвал саванд нь цавуугаар наана. Даавуугаар хийгдсэн бол оёно.
Хуванцар, төмөр, шахмал хавтангаар хийсэн бол эрэг, хадаасаар хадах ба өөр аргаар тогтоох боломжгүй бол төмөр утсаар /баллон г.м ачаанд/ тогтооно.
Шууд саванд нь тэмдэг тавих бол савны өнгөнөөс өөр өнгийн будгаар цоолбороор тавина.
3.1.19.Аюултай ачааг вагон, чингэлэгт ачих үед ачаа илгээгч, шилжүүлэн ачилт гүйцэтгэх үед тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан нь ачааны аюулын тэмдгийг вагоны хаалга бүрийн голд, чингэлгийн хаалга, хана, дээвэрт, хайрцаг сав баглааны тод үзэгдэх газарт байрлуулна.
3.1.20.Ачаа хүлээн авагч нь ачааг буулгаж вагоныг цэвэрлэн, аюулгүй болгосны дараа вагон, чингэлгээс аюулын тэмдгийг авсан байна.
3.2.Аюултай ачаа ачиж тээвэрлэх вагон, чингэлэгт тавих шаардлага
3.2.1.Аюултай ачаа тээвэрлэх тусгай вагон, чингэлэг нь стандарт, техникийн нөхцөлд тохирсон, тээвэрлэх явцад барааны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахуйц байна.
3.2.2.Вагон, чингэлэг нь аюултай ачаа тээвэрлэхэд тэнцэх эсэхийг ачаа илгээгч тодорхойлно.
3.2.3.Аюултай ачаа тээвэрлэх вагон, чингэлгийн төрөл зүйлийг ОУАХХ-ийн Хавсралт 2-ийн нэрсийн жагсаалтад заасан байна.
3.2.4.Аюултай ачааг тээвэрлэх вагон, чингэлэгт ачаа илгээгч ОУАХХ-ийн Хавсралт 2-ын аюултай ачааны нэрсийн жагсаалтад заасан, тухайн ачааны аюулын байдалд тохирсон тусгай тэмдэг тавина.
3.2.5.Аюултай ачааг ачихаар тавигдсан вагон, чингэлэг нь урьд тээвэрлэсэн ачааны үлдэгдлээс бүрэн цэвэрлэгдсэн байна.
3.2.6.Стандартын шаардлага хангасан вагонд аюултай ачааг ачих бөгөөд вагоныг техникийн талаар тэнцэх эсэхийг тээвэрлэгчийн вагон хариуцсан ажилтнууд шийдвэрлэнэ.
3.2.7.Аюултай ачааг буулгасны дараа тээвэрлүүлэгч нь вагон, чингэлэгт үзлэг хийж ачааны үлдэгдэл болон хогийг аюулгүй байдлыг ханган цэвэрлэн, хорт хийг аюулгүй болгон, аюулын тэмдгийг вагон буюу чингэлгээс авна.
3.2.8.Вагон, чингэлэг илгээлтээр хортой, идэмхий /эхүүн үнэртэй/ бодис ачсан тохиолдолд ачаа хүлээн авагч нь ачааг буулгасны дараа өөрийн хүч хэрэгслээр ачааны үлдэгдлийг цэвэрлэх, халуун усаар сайтар угаах буюу шаардлагатай тохиолдолд ариутгана.
3.2.9.Ачаа хүлээн авагч нь вагон, чингэлгийг хоргүй болсон, хүн, мал амьтан, бусад ачаа ачиж болох тухай эрх бүхий байгууллагын магадлагааг тээвэрлэгчид гаргаж өгнө. Үүний дараа тухайн вагон, чингэлгийг тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагын ажилтан үзэж шалгана.
3.2.10.Аюултай ачаатай ирсэн вагон, чингэлгийг ачаа хүлээн авагч ачааг буулгаж, вагон, чингэлгийг цэвэрлэж ариутгасны дараа тус вагон, чингэлгийн хаалга нээлхийг бүрэн хааж, бүх тоноглол, түгжих төхөөрөмжийг ломбодож, тээврийн бичиг баримттайгаар эзэн замд нь буцаана.
Вагон, чингэлгийг цэвэрлэж ариутгах, аюулгүй болгох бүх үйл ажиллагааг тээвэрлүүлэгч өөрийн хүч, хэрэгслээр хийж, аюулын тэмдгийг авна. Тээвэрлүүлэгч вагон, чингэлгийг өөрийн хүч хэрэгслээр угааж ариутгаагүй тохиолдолд тэдгээрийн цэвэрлэгээ ариутгалын зардлыг тээвэрлэгчид төлнө.
3.2.11.Аюултай бодисыг хэд хэдэн эгнээгээр нь давхарлахдаа ОУАХХ-ийн Хавсралт 2-т зааснаар байрлуулна.
3.3.Аюултай ачааг хүлээн авах, хүлээлгэн өгөх
3.3.1.Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана.
3.3.2.Олон улсад зарлах аюултай ачаанд нээлттэй өртөөдийн жагсаалтыг төмөр замын байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөж Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
3.3.3.Нутгийн захиргааны байгууллага төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах үйл ажиллагаанд нээхийг зөвшилцөөгүй тохиолдолд тухайн өртөө аюултай ачаанд хаалттай байна.
3.3.4.Аюултай ачаанд нээлттэй өртөө нь аюултай ачаатай вагон, аюултай ачааны буулгалтаас суларсан вагоныг зогсоох тусгай зориулалтын замтай байна.
3.3.5.Аюултай ачааг тээвэрт хүлээн авах болон хүлээлгэн өгөхдөө тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн шууд хяналтын дор аюулгүй байдлыг ханган гүйцэтгэнэ.
3.3.6.Аюултай ачааг хүлээн авах үед ачааны байрын тэмдэглэл, хайрцаг сав, баглаа боодол энэхүү журмын 3.1-д нийцэхгүй, илгээгчийн заасан жингээс зөрүүтэй байх тохиолдолд энэ тухай ерөнхий маягтын акт үйлдэж тээвэрлэлтэд хүлээж авахгүй.
3.3.7.Аюултай ачаа бүхий вагоныг ачаа хүлээн авагч энэ журмын 3.3.1-д заасны дагуу хүлээн авна.
Дөрөв.Аюултай ачаатай вагоныг байрлуулах болон сэлгээний ажил
4.1.Тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан нь аюултай ачаа ачсан вагонд сэлгээ хийхийн өмнө уг вагоныг дагалдан яваа дагалдан хүргэгч, харуул хамгаалалтын ажилтанд тухайн вагонд сэлгээ хийх тухай сэлгээний ажлын заавар, вагонтой ажиллах талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
4.2.Аюултай ачаатай вагонуудыг зогсоох зам, бусад вагоноос тусгаарлах, бэхлэх журмыг өртөөний техник захирамжийн актад зааж өгнө.
Дагалдан хүргэгч, харуул хамгаалалтын ажилтаны зорчиж буй вагоныг тэдний дагалдан яваа вагонтой зэргэлдээ замд 50 метрээс холгүй зайнд тавина.
4.3.Өртөөний ачих буулгах замд аюултай ачаатай вагоныг байрлуулж, бэхлэх нормыг техник захирамжийн актаар тогтоож өгнө.
4.4.Аюултай ачаатай вагон бүрэлдэхүүнд нь орсон галт тэрэгний биечилсэн хуудсан дээр тээврийн бичиг баримтыг үндэслэн зохих хүснэгтэд тэмдэглэл хийнэ.
4.5.Аюултай ачааг ачиж буулгах, зөөвөрлөх, шилжүүлэн ачих, вагонд засвар хийх, дугуй, тэргэнцэр солих зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажиллах зааврыг тухайн өртөөний техник захирамжийн актад хавсарган, тээвэрлэгчийн эрх бүхий удирдах албан тушаалтнаар батлуулна.
4.6.Аюултай ачаатай вагонд холбогдох журамд заасны дагуу халхлалт хийнэ.
4.7.Аюултай ачаатай вагоныг хүчтэй мөргүүлэхгүй, довоос буулгахгүй.
4.8.Аюултай ачаанд нээлттэй өртөөнд аюултай ачаатай вагоныг түр хугацаагаар зогсоох замыг гол замаас тусдаа галын аюулгүй байдлыг хангасан байдлаар төлөвлөнө.
Тав.Аюултай ачааны тээвэрлэлтэд тавигдах шаардлагууд
5.1.Ачаа илгээх өртөө ба ачих буулгах ажил гүйцэтгэсэн албан тушаалтан, аюултай ачаа ачсан вагоны тоо, дугаарыг тээвэрлэгчийн холбогдох ажилтанд мэдэгдэх үүрэгтэй.
5.2.Ачаа илгээгч нь аюултай ачааг тээвэрлэх үед ачилт хийгдсэн өртөөнөөс, хүрэх өртөө хүртэлх, мөн дамжин өнгөрөх замын маршрут болон ачааны талаарх тодорхой мэдээлэл /ачааны илгээгч, хүлээн авагч, төрөл, хэмжээ, галт тэрэг, вагоны дугаар, түр зогсох өртөө г.м/-ийг тухайн орон нутгийн тагнуулын байгууллага, шаардлагатай тохиолдолд онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагуудад урьдчилан мэдэгдэж, тэдгээрийн хяналтад тээвэрлэнэ.
5.3.Аюултай ачааг хүн, мал амьтан болон бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхгүй.
5.4.Аюултай ачаанаас суларсан хоосон цистернийг тээвэрлэхэд ОУАХХ-ийн 2-р хавсралтын 4.3.2.4-р зүйлийг баримтална.
5.5.Аюултай ачааны сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан, эсхүл үрэгдсэн тохиолдолд цагдаа, тагнуулын болон онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэж, тээвэрлэлтийг зогсооно.
5.6.Аюултай ачаатай вагоныг галт тэрэгний бүрэлдэхүүнээс салгах тохиолдолд өртөөний техник захирамжийн актад заасан зам дээр байрлуулж, замыг зохих журмын дагуу хамгаалсан байна.
5.7.Аюултай ачаатай вагоныг өртөөний хүлээн авах, явуулах зам дээр технологит горимд заасан хугацаанаас 6 цагаас илүү хугацаагаар зогсоохгүй.
5.8.Аюултай ачаатай вагоныг байгалийн гэрэл дутагдалтай үед шалгах зорилгоор зөвхөн тэсрэлтийн аюулгүй хийцтэй /НОБ-300, НЧБ-300, РП-200 маягийн гэх мэт/ гэрэлтүүлэг ашиглана.
5.9.Аюултай ачаатай галт тэрэгний зүтгүүр нь дөл, оч хаяхаас хамгаалах, гал унтраах хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгсэл, бусад шаардлагатай төхөөрөмжтэй байна.
5.10.Аюултай ачааг хамтад нь тээвэрлэх
5.10.1.Нэг вагон буюу чингэлэгт хамт ачихыг хориглосон аюултай ачаануудыг хамтад нь ачиж болохгүй.
5.10.2.Нэг вагон буюу чингэлэгт хамт ачиж болох ачааг доорх хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 1. Нэг вагонд хамт ачиж болох ачаа.
Аюулын тэмдгийн дугаар | 1 | 1.4 | 1.5 | 1.6 | 2.1, 2.2, 2.3 | 3 | 4.1 | 4.1+1 | 4.2 | 4.3 | 5.1 | 5.2 | 5.2+1 | 6.1 | 6.2 | 7А, 7В, 7С | 8 | 9 |
1 | ОУАХХ-ийн Хавсралт 2-ын 7.5.2.2 дэх хэсгийг харах |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| б) | |||
1.4 | а) | а) | а) |
| а) | а) |
| а) |
| а) | а) | а) | а) | а), б), в) | ||||
1.5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| б) | ||||
1.6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| б) | ||||
2.1, 2.2, 2.3 |
| а) |
|
| + |
|
|
|
| + |
|
|
| + | + |
| + | + |
3 |
| а) |
|
|
| + | + |
|
| + |
|
|
| + | + | + | + | + |
4.1 |
| а) |
|
|
| + | + | + | + | + |
|
|
| + | + | + | + | + |
4.1+1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.2 |
| а) |
|
|
|
| + |
| + | + |
|
|
| + | + | + | + | + |
4.3 |
| а) |
|
| + | + | + |
| + | + |
|
|
| + | + | + | + | + |
5.1 |
|
|
|
|
|
|
|
|
|
| + |
|
|
|
|
|
|
|
5.2 |
| а) |
|
|
|
|
|
|
|
|
| + | + |
|
|
|
|
|
5.2+1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| + | + |
|
|
|
|
|
6.1 |
| а) |
|
| + | + | + |
| + | + |
|
|
| + | + | + | + | + |
6.2 |
| а) |
|
| + | + | + |
| + | + |
|
|
| + | + | + | + | + |
7А, 7В, 7С |
| а) |
|
|
| + | + |
| + | + |
|
|
| + | + | + | + | + |
8 |
| а) |
|
| + | + | + |
| + | + |
|
|
| + | + | + | + | + |
9 | б) | а), б), в) | б) | б) | + | + | + |
| + | + |
|
|
| + | + | + | + | + |
Тайлбар:
"+" хамт ачихыг зөвшөөрсөн
"а" 1.4s ангиллын кодтой ачаатай хамт ачихыг зөвшөөрсөн.
"б" 1-р ангийн ачаа ба 9-р ангийн аврах хэрэгслийг /НҮБ-2990, 3072, 3268/ хамт ачиж болно.
"в" 1.4-р дэд ангийн G бүлэгт хамаарах /НҮБ-0503/ төхөөрөмжийг 9-р ангийн НҮБ-3268 дугаартай ачаатай хамт ачихыг зөвшөөрнө.
Зургаа.Аюултай ачааг ачих, буулгах ба вагонд үзлэг хийх
6.1.Аюултай ачааг ачаа илгээгч ба хүлээн авагчийн эзэмшлийн, зохих зөвшөөрөл бүхий салбар зам дээр ачиж буулгана.
6.2.Аюултай ачааг ачих, буулгах болон шилжүүлэн ачихдаа аль болох гар ажиллагаанаас татгалзаж, ачилт, буулгалтын машин механизмыг ашиглана.
6.3.Аюултай ачааг Монгол Улсын тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн шаардлагыг хангасан барилга байгууламжид ачиж буулгана.
6.4.Аюултай ачааг ачиж буулгах газар нь цахилгаан гэрлээр тоноглогдсон, галаас хамгаалах хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгаан гэрлээр тоноглогдоогүй үед ачилт буулгалтын ажиллагааг хоногийн гэрэлтэй үед гүйцэтгэнэ.
Тэсрэх ба онцгой хортой ачааг ачиж буулгах ажиллагааг хоногийн гэрэлтэй үед гүйцэтгэнэ.
6.5.Аюултай ачаа ачих буулгах, шилжүүлэн ачих газар нь Нутгийн өөрөө удирдах байгууллага /Нутгийн захиргааны байгууллага/-аас аюултай ачааны зориулалтаар олгогдсон байх ба бусад объектоос дараах зайд алслагдсан байх шаардлагатай:
- орон сууц, үйлдвэрийн барилга, ачааны агуулах, шингэн ачаа хадгалах газраас 125 м-ээс доошгүй зайтай;
- бусад аюултай шингэн ачаа ачиж буулгах газраас 200 м-ээс доошгүй зайтай;
- өртөөний гол замаас 125 м-ээс доошгүй зайтай байвал зохино.
6.6.Тэсрэх ачааг ачихын өмнө тээвэрлүүлэгч эсвэл түүнийг эрх бүхий этгээд нь вагон ба чингэлгийн хаалга, нээлхий бусад хэсгийн нүх сүвийг галд тэсвэртэй материалаар сайтар битүүмжилнэ.
Тээвэрлүүлэгч нь аюултай ачааг ачсан битүү вагоны дээд ба хажуугийн нээлхийг дотор талаас нь бэхлэнэ.
6.7.Аюултай ачаа тээвэрлэх вагоныг зөвхөн хоосон үед нь техникийн үзлэгт оруулна.
6.8.Техникийн ба ачаа тээврийн үзлэгт ороогүй болон тэнцэхгүй вагоныг аюултай ачааны ачилтад тавихгүй.
Химийн хортой болон тэсрэх, цацраг идэвхт ачаанаас суларсан вагоныг хоргүйжүүлсэн тухай ачаа хүлээн авагч өртөөний холбогдох ажилтанд мэдэгдэнэ.
6.9.Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай ачаа хүлээн авагчид нэн даруй мэдэгдэх бөгөөд галт тэрэгний үзлэгийн технологт цагаас хойш 6 цагийн дотор тэргүүн ээлжинд тавьж өгөх үүрэгтэй.
6.10.Аюултай ачааг вагон чингэлэгт ачих үед шаардлагатай бол тээвэрлэлтйн явцад шилжин өнхрөх, унахаас хамгаалсан нэмэлт бэхэлгээ хийнэ.
Ачааны бэхэлгээг ачаа илгээгч түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүч хэрэгслээр, гүйцэтгэнэ.
6.11.Онцгой хортой ба тэсрэх аюултай ачааг төмөр замын зурвас газар оруулах зөвшөөрлийг тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагаас урьдчилан авсан байх ба зөвшөөрөлд заасан хугацаанаас өмнө ирүүлсэн ачаатай тээврийн хэрэгслийг өртөө ба шилжүүлэн ачих ангид хүлээн авахгүй.
6.12.Ачаа илгээгч нь аюултай ачааг вагонд ачих үед дараах нөхцөлийг хангана:
- вагонд ачааны байруудыг жигд, хооронд нь зайгүй байрлуулах;
- хайрцагтай ачааны таг, торхтой ачааны бөглөөг дээш харуулах;
- сум, зэвсгийг стандарт журмын дагуу ачих;
- механик нөлөөнд мэдрэмтгий ачааг хамгийн сүүлд тогтвортой ачиж, буулгахад хялбар газарт байрлуулах;
- ачаатай вагоны нэг гол дээр ирэх даралт тээвэрлэлтийн туршид тогтоосон хэмжээнээс ихгүй байх.
6.13.Өртөө ба ачих буулгах ажил эрхэлсэн тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагын дарга нь аюултай ачааг хугацаанд нь ачиж, буулгаж зөөвөрлөсөн эсэхэд хяналт тавьж ажиллана.
6.14.Онцгой хортой ба тэсрэх, цацраг идэвхт ангилалд хамаарах аюултай ачааг ачиж буулгах, шилжүүлэн ачих ажиллагаа дууссанаас хойш 6 цагийн дотор өртөөнд вагоноо хүлээлгэж өгнө.
6.15.Галт тэрэгний диспетчер нь аюултай ачаатай бүрэлдэхүүн ирэх мэдээг өртөөний жижүүрт тушаалаар өгнө. Тушаалд галт тэрэгний дугаар, ирэх цаг, минут, хүлээн авах замын талаар тусгана.
Тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан нь хүлээн авагчид ачааны талаар мэдэгдэж зохих дэвтэрт мэдэгдсэн хугацаа, мэдээг хүлээн авсан этгээдийн нэр, албан тушаалыг тэмдэглэнэ.
6.16.Аюултай ачааг дагалдан хүргэгчгүй тээвэрлэж буй үед хүлээн авагчид олгох хүртэл тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагын хамгаалалтын ажилтан хамгаална.
6.17.Аюултай ачаа хүлээн авагч нь дараах үүрэгтэй:
- өөрийн хаягаар ирэх ачааны тухай мэдээллийг бүрэн авсан байх, тээвэрлэгчийн холбогдох ажилтантай байнгын холбоотой байх;
- ачааг буулгах агуулах, зам талбайг урьдчилж бэлдэх,
- ачааг тогтоосон хугацаанд нь буулгаж, вагон, чингэлгийг цэвэрлэж аюулгүй болгох;
- ачаа хүлээн авагч өөрийн нэр дээр ирсэн аюултай ачааг хүлээн авахаас татгалзах эрхгүй.
- ирсэн ачааг гэрээнд заасан хугацаанд саадгүй хүлээн авах.
6.18.Аюултай ачаатай вагоны, ачиж буулгах хугацааг салбар зам ашиглах гэрээнд заасан байна.
6.19.Өртөөний дарга нь тэсрэх, шахсан шингэрүүлсэн хий зэрэг аюултай ачааг ямар нэг шалтгаанаар /тухайн хүлээн авагч байхгүй, салбар зам гэмтэлтэй, бичиг баримтгүй г.м/ хүлээн авагчид олгож чадахгүй тохиолдолд илгээсэн тээвэрлэгчид мэдэгдэж, ачааг хүлээлгэн өгөх асуудлыг шийдвэрлүүлнэ.
6.20.Хүлээн авагч нь аюултай ачааг байгалийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүлээн аваагүй тохиолдолд тээвэрлэгч өртөөний техник захирамжийн актад заасан зориулалтын зам дээр тавьж тээвэрлэгчийн эрх бүхий ажилтны хамгаалалтад өгнө.
6.21.Аюултай ачаа илгээгч ба ачаа хүлээн авагч нь өөрийн эзэмшлийн салбар замын багтаамж, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хадгалах савны багтаамжид тохируулан ачаа хүрэх өртөөнд ирүүлнэ.
Долоо.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
7.1.Аюултай ачаатай харьцах үеийн аюулгүй ажиллагаа
7.1.1.Аюултай ачаатай вагонд сэлгээний ажил хийх хүмүүст тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан нь Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу "анхааруулах хуудас" олгоно.
7.1.2.Аюултай ачааг ачиж буулгах болон сэлгээний ажил хийх хүмүүст хөдөлмөр хамгааллын болон галын аюулгүйн зааварчилгаа, ослын карт зэргийг ажил эхлэхийн өмнө танилцуулж, техник хэрэгслэл, хамгаалах хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгана.
7.1.3.Ачих буулгах машин механизмын тоноглол бүрэн бүтэн, ачаа нурж унахаас хамгаалагдсан байна.
7.1.4.Химийн хортой ба тэсрэх аюултай ачааг нуруун дээрээ болон мөрлөж зөөвөрлөхгүй.
Шилэн савтай аюултай ачааг зөвхөн тусгай тэргэнцэр дээр тавьж зөөвөрлөнө.
7.1.5.Мөстсөн, хальтирч гулсах гадаргууг элсээр хучна.
7.1.6.Аюултай ачаа асгарч, гоожсон газрыг хамгаалж ариутгана.
7.1.7.Аюултай ачааны үлдэгдлийг цэвэрлэх хүмүүс нь зориулалтын хамгаалалтын хувцастай байна.
7.1.8.Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд аюултай ачааны үлдэгдлийг хоргүйжүүлэх ажиллагааг тээвэрлүүлэгч хариуцан мэргэжлийн байгууллагын хүч, хэрэгслээр гүйцэтгэнэ.
7.1.9.Аюултай ачааг ачиж буулгах үед галын аюулгүйн дүрмийг мөрдөж ажиллана.
7.1.10.Аюултай, хортой ачаатай вагон, чингэлгийг ачих, буулгахын өмнө хаалга нээлхийг нээж 30 минутаас багагүй хугацаагаар агааржуулсны дараа ачилт буулгалтын ажлыг гүйцэтгэнэ.
7.1.11.Аюултай ачааг гараар ачиж, буулгах болон шилжүүлэн ачихдаа мөр, нуруун дээрээ үүрэх эсхүл урдаа барих, түүнчлэн шидэх болон чирэхийг зөвшөөрөхгүй.
7.2.Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
7.2.1.Аюултай ачааны онцлогт тохирсон зайлшгүй шаардах ослын картанд заагдсан эд зүйлс /хамгаалах хэрэгсэл, гал унтраагуур гэх мэт/ ачаа илгээгч, хүлээн авагч хангаж өгөх үүрэгтэй.
7.2.2.Аюултай ачаа ачсан вагонтой ажиллах үед /техникийн үйлчилгээ, вагон засвар, ачиж буулгах болон сэлгээний үед/ дор дурдсан үйлдлийг зөвшөөрөхгүй.
- Гэрэлтүүлгэд ил галыг ашиглах /бамбар, дэн, лаа шүдэнз, хамгаалалтгүй улайсдаг гэрэл г.м/ мөн түүнчлэн керосинон дэн ашиглах. Гэрэлтүүлэгт зөвхөн эвдрэлгүй аккумуляторын болон цахилгаан дэнлүү хэрэглэнэ.
- Засвар үйлчилгээний ажилд шатаж буй бамбар, олс ашиглах, хий болон тогоор гагнах.
- Аюултай ачаа ачсан вагонуудын дотор талд цахилгаан болон аккумуляторын зайтай чийдэн ашиглах.
- Аюултай ачаатай вагонуудыг ачиж буулгах, зөөвөрлөх ажил хийж байгаа газраас 100 метрийн дотор тамхи татах, ил задгай гал гаргах.
Тэсэрч дэлбэрэх ачааг ачиж буулгах ажиллагаанд оролцож буй хүмүүс биедээ шүдэнз, асаагуур г.м тамхины хэрэгсэлтэй байж болохгүй. Үүнд ажил удирдагч хяналт тавина.
Ачиж буулгахыг хүлээж буй авто машинуудыг жолоочгүйгээр түр хугацаагаар орхихгүй бөгөөд ачиж буулгах талбайгаас 25 метрээс багагүй зайнд холдуулж хөдөлгүүрийг унтраасан байх ёстой.
Аюултай ачаатай хөдлөх бүрэлдэхүүний ойролцоо хүмүүс цугларах, их хэмжээний ачаа бөөгнөрүүлэх болон ачих буулгах үед гадны хүн байлгахыг зөвшөөрөхгүй.
7.2.3.Тэсэрч дэлбэрэх ачааг ачих машинууд нь эвдрэл гэмтэлгүй аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх ёстой.
Шингэн түлшээр ажилладаг автомашин, авто ачигчууд нь оч баригчтай, тусгай шиттэй (хамгаалалттай), гал унтраагчтай байна. Оч баригчгүй шатаах болон оч үүсгэж асдаг, бензиний банк нь цоорхой, деталууд нь бат бөх биш гэх мэт эвдрэл гэмтэлтэй автомашин, авто ачигчийг ачиж буулгах ажиллагаанд ашиглаж болохгүй.
Ачиж буулгах ажиллагаанд ашиглах цахилгаан кранууд нь найдвартай газардуулагчтай байна.
7.3.Осол гарсан нөхцөлд ажиллах тухай
7.3.1.Аюултай ачааны осол, хордлого гарсан тохиолдолд өртөөний жижүүр энэ тухай галт тэрэгний диспетчер, тээвэрлэгчийн болон тухайн орон нутгийн захиргаа, аймаг сумын засаг даргын дэргэдэх Онцгой байдлын газарт шуурхай мэдэгдэнэ.
7.3.2.Тээвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтан нь ачаа илгээгч ба хүлээн авагчийн төлөөлөгчид яаралтай мэдэгдэж холбогдох байгууллагын ажилтнууд оролцсон ослын баг, бүрэлдэхүүн нь хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулна.
7.3.3.Тээвэрлэгч нь аюултай ачааны ослын тухай мэдээг хүлээн авч холбогдох Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Онцгой байдлын Ерөнхий газар, шаардлагатай бол эмнэлэгт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
7.3.4.Осол гарсан тохиолдолд ачааг дагалдаж буй этгээд нь хүмүүсийн амь нас, хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг болзошгүй аюулаас сэргийлэх, ослын газарт дүгнэлт хийж зайлшгүй авах арга хэмжээг авах зааврыг өртөөний жижүүр, машинч зэрэг хүмүүст өгөх үүрэгтэй.
7.3.5.Аюултай ачаа асгарч гоожсон тохиолдолд тээвэрлэгч нь тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, эмнэлэг болон тагнуулын байгууллагад мэдэгдэж ослын бүсийг хамгаалалтад авч тусгаарлана.
7.3.6.Аюултай ачаатай галт тэргэнд /тэсрэх, химийн хортой, шахсан шингэрүүлсэн хий г.м/ осол гарсан нөхцөлд Онцгой байдлын Ерөнхий газар нь холбогдох мэргэжлийн ангиудыг бэлэн байдалд оруулна. Ослын үед ослыг арилгах ажиллагааг удирдах ажилтан нь тухайн ачааны ослын картад заасны дагуу ажиллах үүрэгтэй. Үүнд:
- хөдлөх бүрэлдэхүүнийг аюулгүй зайд байрлуулах;
- аюултай бүсийг тогтоож, цагдаагийн байгууллагад мэдэгдэн хүн, амьтны аюулгүй байдлыг ханган ослын бүсийг тусгаарлах,
- усны эх үүсвэр, хөрсийг бохирдуулахгүй байх, хорыг саармагжуулах арга хэмжээг авах,
- хувийн хамгаалах хэрэгсэлтэй эсэхэд хяналт тавих,
- осолдогч нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах.
7.3.7.Төмөр замын сэргээн босгох галт тэрэг осол гарсан нөхцөлд ажиллах журмын дагуу ажиллана. Шаардлагатай бол эмнэлгийн бригадыг дагалдуулан явуулна.
Гал гарсан тохиолдолд барилга байгууламж, тоног төхөөрөмжид гал тархахааргүй газарт галт тэргийг зогсооно. Зүтгүүрийн бригад болон ачаа хүргэж яваа хүмүүс нь тэсрэх аюултай ачаатай вагоныг салгаж шатаж байгаа вагоноос 300 м-ээс доошгүй зайд холдуулна. Тасалж орхисон вагонуудыг салгахаас өмнө ивүүрээр найдвартай бэхэлсэн байна.
7.3.8.Вагон чингэлэг замаас гарсан бол аюулгүй газарт шилжүүлж сав баглааны бүрэн бүтэн байдлыг өртөөний даргаар ахлуулсан комисс шалгаж цаашид тээвэрлэх боломжтой эсэхийг тогтооно.
7.3.9.Химийн хортой ба тэсрэх ангилалд хамаарах аюултай ачааг өртөөний зам дээр байрлах хугацаанд харуул хамгаалалтанд авна.
7.3.10.Цацраг идэвхт материал тээвэрлэх үед Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан "Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм"-ийг мөрдөнө.
Найм.Аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журамд тавих хяналт
8.1.Журмын биелэлтэд тавих хяналтыг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтын нэгж болон холбогдох эрх бүхий байгууллагууд хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэнэ.
Ес.Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
9.1.Энэхүү журмыг зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
--оОо--
Текст томруулах
A
A
A