A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Жагсаалт батлах тухай /Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай/
Бүлэг: 1979

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн албан татвараас 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлөх импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг 1 дүгээр хавсралт, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 197 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН