- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 155
Улаанбаатар хот
ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авто замын болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын "Чингис хаан", Монгол-Хятадын хилийн авто замын "Замын-Үүд", Монгол-Оросын хилийн авто замын "Алтанбулаг" боомтоос бусад боомтод 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 177, 184 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Хилийн авто замын Цагааннуур, Боршоо боомтыг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлж, ачаа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга) нарт даалгасугай.
3. Хилийн зарим боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгаж, зарим боомтын ажиллах цагийн хуваарийг өөрчилсөнтэй холбогдуулан Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т тус тус даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолын 3 дахь заалт, "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл" гэснийг "6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал" гэж тус тус өөрчилсүгэй.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
