A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 40

Төрийн ордон,Улаанбаатар хот

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчилж, холбогдох журмыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан батлах;

2/ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгуулж байх;

3/хоршооны шинэчилсэн бүртгэлийг Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор багтаан зохион байгуулах;

4/хуульд заасан хоршооны нягтлан бодох бүртгэлийн онцлогийг тусгасан журам, зааврыг боловсруулж батлах, сурталчлах ажлыг зохион байгуулах;

5/хоршооны хууль, эрх зүйн зохицуулалт, татварын орчны талаарх танилцуулга, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;

6/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх;

7/"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тэргүүн ээлжид шийдвэрлэх;

8/Монгол Улсад хоршооллын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хоршоог сурталчлах, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх аяныг улсын хэмжээнд өрнүүлж, ойн арга хэмжээг зохион байгуулах;

9/2022 оныг "Хоршооны хөгжлийг дэмжих жил" болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авах.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР